2011/11/24

Тавантолгойгоор талцаж байгаад завсарлав



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Д.Одбаяр нарын өргөн мэдүүлсэн, мөн гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны долдугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын агуулга нэгтэй хоёр төслийн  хэлэлцэх эсэхийг ярилцаж байгаад завсарлалаа.

Хоёр тогтоолын төсөл хоёулаа “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ хэмээн 39 дүгээр тогтоолд заасан байсан дээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар мөн тогтоолд заасан хувьцааны 10 хувийг нэмж үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн утгыг агуулжээ. Ингэснээр Монгол Улсын 2,7 сая иргэн “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн үг юм. Чуулганы хуралдаан дээр гишүүд өмнөх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр баримталж байсан эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлж байлаа.  Гишүүн Д.Тэрбишдагва “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж, мөн 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30 болон түүнээс өмнө байгуулагдаж, татвараа байнга төлж явсан Монгол Улсын үндэсний аж ахуйнуудад нэрлэсэн үнээр борлуулна гэсэн  УИХ-ын 39 дүгээр тогтоолыг өөрчлөх шаардлагагүй гэсэн бол гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт нар аж ахуйн нэгжүүдэд борлуулах хувьцааны 10 хувийг хэвээр үлдээх байр суурьтай байв.

Гишүүн Д.Одбаярын тайлбарласнаар 10 хувийг эзэмшүүлснээр иргэн бүрт Тавантолгойн 536 ширхэг хувьцаа ногдож буй. Харин аж ахуйн нэгжүүдэд дунджаар 28123 ширхэг хувьцаа борлогдох аж. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг урьдчилсан байдлаар 300-1000 төгрөг гэжээ. Ингэснээр байгалийн баялгийг тэгш бус хүртээх байдал үүсч байна. Үндсэн хуульд хүнийг нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээгээр ялгаварлаж болохгүй гэж заасныг үүгээр зөрчиж байна гэж Д.Одбаяр гишүүн хэлж байв. Гишүүдийн ярьснаар хувьцаа худалдан авах болзолд нийцсэн нийт аж ахуйн нэгжийн 88,02 хувь нь үйл ажиллагаа бараг эрхэлдэггүй, алдагдалтай, 10 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой компаниуд байгаа юм байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30 болон түүнээс өмнө байгуулагдаж, татвараа байнга төлж явсан Монгол Улсын үндэсний аж ахуйнуудад нэрлэсэн үнээр борлуулна гэж заасан нь хамрагдах аж ахуйн нэгжийн тоог эрс буурулж байгааг төсөл санаачлагчид хэлж байлаа. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид ногдох хувьцааны зөрүү асар холдож байгаа ажээ. Аж ахуйн нэгжид иргэдээс 53 дахин их хувьцаа ногдож байгаа юм байна. Судалгаагаар 35 хүртэл аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэг цөөхөн хүн байгаа бөгөөд тэдэнд маш их хувьцааг худалдан авах   боломж нээгдэхээр байгааг 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан гишүүд хэлж байлаа. Олон аж ахуйн нэгжид хувьцааны оролцоотой хүн жирийн иргэнээс 157-1836 дахин, бүр 2780 дахин их хувьцааг эзэмшиж болохоор байгаа тооцоо гарчээ. Ихэнх аж ахуйн нэгж хоёр дахь зах зээлд хувьцаагаа борлуулах сонирхолтой. Ингэснээр нэгж хувьцааны үнэ унах магадлал их байгааг анхаарууллаа. Иймд аж ахуйн нэгжүүдэд борлуулах 10 хувийг иргэдэд нэмж эзэмшүүлэх төслийг Д.Одбаяр, Я.Батсуурь нарын гишүүд санаачилжээ. Я.Батсуурь гишүүн “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 10 хувийг 2700 хүнд борлуулж байснаас 2,7 сая хүндээ эзэмшүүлье гэж байлаа.

Энэ үеэр гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол мал” зэрэг хөтөлбөрт малчдыг бизнес эрхлэгч, ажил олгогч гэж заасан тул тэднийг аж ахуйн нэгжид хамааруулан хувьцаа худалдан авах бололцоогоор хангаж болох юм гэсэн санал гаргаж байлаа. Ийнхүү гишүүд Тавантолгойн хувьцаагаар талцан мэтгэлцэж байгаад цайны цаг болсон тул 15.00 цаг хүртэл завсарлав. Үдээс хойш гишүүд Засгийн газрын цагаар Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар  Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.

No comments:

Post a Comment