2011/11/03

“Эрдэнэс тавантолгой” авто зам тавина


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр өмнө говь дахь бүтээн байгуулалтын ажилд тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл сонсч, дөрвөн чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар болж, тогтоолуудыг баталсан байна.

Нэгдүгээрт, Тавантолгойн ордод олборлолт эхэлж, Оюутолгойд бүтээн байгуулалтын ажил өрнөж буй ч цахилгаан эрчим хүчний дутагдалтай байгаа гэнэ. Оюутолгой компанийнхны хувьд урд хөршийнхнөөс цахилгаан гуйж яваа. Иймд Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих, энэ ажлыг “Эрдэнэс тавантолгой” компани хариуцаж гүйцэтгэх ёстой гэж үзжээ. Ингэхдээ Концессын гэрээгээр гүйцэтгүүлээд улмаар төр буцаан өөрийн мэдэлд буцаан авах боломжтой гэж үзсэн юм байна. Мөн Оюутолгойн ордод үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж цахилгаан станц барих шийдвэрийг гаргажээ. Гэхдээ тус станцын хувьд хэрэглэх нүүрсээ Тавантолгойгоос авах ёстой гэдгийг энэхүү тогтоолд онцлон зааж өгсөн байна.

Хоёр дахь асуудал нь авто замтай холбогдож буй юм. Хэдийгээр “Энержи ресурс” компани нь Ухаа худгаас хил хүртэл авто зам тавьсан ч Тавантолгойн ордын нүүрсийг тээвэрлэхэд хүчин чадлын хувьд хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компани Тавантолгойн ордоос хил хүртэл хүнд даацын машин тээвэрлэлт хийх боломжтой хатуу хучилттай авто зам тавих үүргийг өнөөдрийн хуралдаанаас хүлээжээ. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанийн тавьсан авто замтай зэрэгцүүлэн  дахин авто зам  тавих аж. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд цахилгаан станц барих, мөн авто зам барих гэсэн дэд бүтцийн чанартай хоёр том ажлыг нугалах үүрэг хүлээсэн нь нэг ёсны Монгол Улсын иргэн бүрт хүртээхээр болсон 536 ширхэг хувьцаан дээр +1 ширхэг давуу эрхийн хувьцааг үнэд хүргэх гэсэн Засгийн газрын хүчин чармайлт аж. Тодруулж хэлбэл, удахгүй “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргана. Энэ үед дэд бүтцийн нөхцлүүдээ хангачихсан байх нь хувьцаа олон улсын зах зээлд үнэд хүрэх нэг том суурь болно гэж үзсэнтэй холбоотой юм байна.

Гурав дахь асуудал нь устай холбогджээ. Оюутолгой, Тавантолгойн ордуудыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр цагт өмнийн говь усны гачаалд орж болзошгүй байгаа. Энэ эрсдлийг урьдаас харж төлөвлөх шаардлагатай гэж үзэн судалгааны ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн өнөөдрийн хуралдаанаас үзжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд Орхон, Сэлэнгээс усны хоолой татан өмнийн говийн усны хомсдлыг шийдэх ямар гарц байгааг энэхүү судалгааныхаа хүрээнд гаргаж ирэх аж.

Дөрөв дэх нь Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын төлөвлөлт юм байна. Эдгээр боомтын хүчин чадлын төлөвлөгөөг 2011 онд багтаан гаргах үүргийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хүлээжээ. Учир нь боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж  байж Оюутолгой, Тавантолгойгоос олборлох бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд цаг хугацаа алдахгүй гаргана.

Мөн Өмнийн говьд бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай холбоотойгоор Ханбогд, Цогтцэций, Гурвантэс зэрэг сумдад хэдий хэмжээний хүн суурьших. Хотжилт ямар байдлаар бий болох вэ гэдгийг төлөвлөх ёстой гэж үзсэн байна. Сумд ямар байдлаар хөгжих ёстой вэ гэдгийг 2012 оны зургадугаар сард багтаан оруулж ирэх ёстой гэж үзжээ. Энэ асуудлыг мөн л сайд Х.Баттулга хүлээжээ.

Мэдээллийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд өглөө.

No comments:

Post a Comment