2011/11/01

“Тавантолгой”-н ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ 60 гаруй хүний 50000 гаруй хувьцааг хууль бусаар өөрийн болгосон нь тогтоогджээ

Left Banner
Монгол Улсын иргэн бүр стратегийн чухал орд болох Тавантолгойгоос эрх тэгш, ижил хувь хүртэхээр болсон. Харамсалтай нь хувь хишиг хүртэх асуудал яригдаж эхэлсэн цагаас л завшигчид амар заяа үзэлгүй аль хэдийнэ бусармаг үйлдлээ хэрэгжүүлээд эхэлсэн байх юм.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга буюу "Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер дилерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэмшигчдийн нэр хаяг, регистрийн дугаарын нэг тоо, нэг үсгийг өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан түүний хууль бус ажиллагаа шалгалтаар тогтоогдоод байгаа аж. Түүний энэхүү хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо ч хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд “Ажнай инвест” брокер дилерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэдээлсэн гэжээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс Д.Бат-Эрдэнийн увайгүй үйлдэл нь дээрх заалтыг зөрчсөн болохыг тогтоожээ.
Мөн тус компани нь “Марал инвест” компаниар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан “Тавантолгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. Тодруулбал, “Марал инвест” брокер дилерийн компанийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Тавантолгой” ХХК-ийн 15.756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат-Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь дээрх хоёр компанийн брокер, дилерүүд хуйвалдан иргэдийн хөрөнгийг хууль бусаар цөөн иргэдийн өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа юм. Тэд бүр нас барсан хүнийг хүртэл амьдруулжээ. Иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг нас барснаас нь хойш үйлдсэн болохыг тогтоосон аж.
Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй баячуудын луйвардаж олсон мөнгө хоолойгоор нь түвэггүйхэн гэгч хоол болж давдаг нь гайхмаар. Гэвч “Нүгэл нүдээрээ” гэдэг. Хулгай, луйвар, булхай хэзээ нэгэн цагт илэрдэг л дээ.

No comments:

Post a Comment