2011/11/18

Хяналтгүй болгож байгаад халааслах арга гэв


Гавьяат  эдийн засагч Н.Дашзэвэг, “Монгол” дээд сургуулийн багш К.Аксолтан нар УИХ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаархи шийдвэрээ өөрчлөх гэж буйг эсэргүүцэж буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд аж ахуйн нэгжид өгөхөөр шийдсэн 10 хувийг иргэдэд нэмж өгөх нь буруу шийдвэр хэмээн үзэж байгаа бөгөөд ингэснээр Тавантолгойн хувьцаа ямар ч үнэ цэнэгүй болно хэмээн мэдэгдэв. Дээрх тогтоолыг өөрчлөх гээд байгаа УИХ-ын гишүүдийг их хэмжээний авлига авсан байж магадгүй хэмээн хардаж байгаа аж. Тиймээс гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгээс яагаад ингэж хардаж байгааг, мөн иргэдэд ”Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 20 хувийг үнэгүй өгөхийн эсэргүүцээд байгааг сонирхсон юм.


-“Эрдэнэс Тавантолгой” компа­нийн  нийт хувьцааны арван хувийг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарахаа больж, иргэдэд 20 хувийг нь үнэ төлбөргүй эзэмшүүлэх болсныг та эсэргүүцэж байгаа юм байна, тийм үү?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах, 29 хүртэлх хувийг дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулах тухай заалт бий. Гэтэл Я.Батсуурь, Б.Батбаяр нарын нэр бүхий гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, иргэдийн эзэмших хувийг 20 хувь болгох санал гаргасныг УИХ дахь хоёр намын бүлгүүд дэмжсэн шийдвэр гаргаад байна. Үүнд л их харамсч байна даа. Үнэгүй юм үнэгүй л байдаг.Манай улстөрчид эдийн засагчид, олон нийтийнхээ санаа бодлыг сонсолгүйгээр дураараа шийдвэр гардаг. УИХ өөрс­дийнхөө мэдэхгүй, чадахгүй байгаа зүйл дээр эрдэмтдээсээ тусламж, дэмжлэг авч, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй байна. Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуйн нэгжийнхээ ачааллыг багасгаж, тэдэнд урам өгөх үүднээс шударга боломж олгох ёстой.  Иргэн бүртээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг үнэ төлбөргүй өгнө гэдэг бол шударга хуваарилалт. Харин аж ахуйн нэгжүүддээ нэрлэсэн үнээр нь10 хувийг нь зарна гэдэг шударга боломж олгож байгаа хэрэг гэдгийг УИХ ойлгох ёстой.

-Үндэсний аж ахуйн нэгж нэрээр  хэт цөөхөн буюу  хүн л завших гээд байгаа юм биш үү. Тиймээс гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн хувьцааны 10 хувийг иргэдэд тараачихсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа юм билээ?

-Улстөрчдийн ирэх оны сонгуулийн нэг шоу болоод байна. Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үнэгүй олгох нэрээр эрх­баригчид “Эрдэнэс Тавантолгой”-гоос идэж уухын нэр шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” компанид өнөөдөр маш их мөнгө хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг дотоодынхоо аж ахуйн нэгжээс босгох бүрэн боломжтой байхад яагаад бүх иргэдэд үнэгүй тараах гээд байгааг ойлгохгүй байна. Үүнээс бол дэлхийн хөрөнгийн зах зээл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үнэ цэнэ унаж магадгүй.  Хувьцааг үнэтэй байлгахын тулд  аж ахуйн нэгжүүддээ 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь зарах нь зөв. Хэрвээ үндэсний компаниуддаа боломж олговол гадны компаниудтай өрсөлдөх чадвар манай компаниудад бий болж, улмаар цаашид гадаадын компаниудыг орлон ажиллах, уул уурхай болон металлургийн салбарт томоохон төслүүдийг хэрэгүүлэх боломжтой болох юм. “Эрдэнэс Тавант­олгой” компанид өнөөдөр  ямар ч хяналт алга. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний  үнэ өдрөөс өдөрт өсөөд байхад бид хятадуудад 70-хан ам.доллараар коксжих нүүрсээ зарж байна. Дэлхийн зах зээлийн ханшнаас даруй 200 ам.доллараар бага байна шүү дээ. Үүний цаана ямар нэгэн авлига байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Иргэдэд  “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй өгнө гэдэг шийдвэр таалагдаж байгаа. Цөөнх нь олонхийнхоо шийдвэрийг дагадаг гэдэг. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө иргэдээс зах зээлийн үнээр нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авах нь шударга байх?

-Иргэдэд таалагдаж байж болно. Эдийн засгийн хөгжил, “Эрдэнэс Тавантолгой “компанийг бодвол энэ шийдвэр маш буруу. Хэрвээ аж ахуйн нэгжүүдэд арван хувийг нь нэрлэсэн үнээр нь зарвал “Эрдэнэс Тавантолгой”-н орлого зарлага, үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх болно. Харин иргэдэд үнэ төлбөр­гүй 20 хувийг тараавал дарга нар хожно уу гэхээс иргэд хожихгүй.

No comments:

Post a Comment