2011/11/01

Тавантолгойд монголчууд олборлолт хийнэ



Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гүндалай Тавантолгойн ордыг хэд хуваачихаад байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн тоо гарч байгаагаас бүр төөрчихөөд байгаа аж. Мөн тэрбээр монголчууд өөрсдөө яагаад Тавантолгойн Зүүн цанхийн ордод олборлолт явуулж болохгүй гадаадынхны дунд тендэр зарлаад байгааг сонирхов. Учир нь орон нутгийн өмчит Тавантолгой компани, “Энержи ресурс”, “Эрдэнэс МГЛ” компаниуд нүүрс олборлон, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаад байхад ямар шалтгаанаар Зүүн цанхид гадаадын компани хэрэгтэй болчихоод буйд шалтгаан хэрэгтэй гэж үзсэн юм.

Ашигт малтмалын газрын даргын тайлбараар бол Тавантолгой орд дээр долоон лиценз байдаг. Нэг лицензийг нь орон нутгийн өмчит Тавантолгой, хоёр дахь лицензийг “Энержи ресурс”,  үлдэж байгаа таван лиценз нь “Эрдэнэс МГЛ” компанид хамаарна. Нөөцийн хувьд авч үзвэл тогтоогдсон нь “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэл дэх талбайд 600 сая тонн нүүрс, “Энержи ресурс”- т хамаарах Ухаа худгийнх 411 сая тонн нүүрс, орон нутгийн өмчит жижиг Тавантолгойнх 110 сая тоннын нүүрсний нөөцтэй аж.

Харин Тавантолгойн ордын Зүүн цанхид яагаад заавал гадаадын оператор компани оруулж ирэх гээд байна вэ гэдэг нь нэг талаар монголчуудын хувьд тэднээс суралцах зүйл олон байгаатай холбоотой. Нөгөө талаас дээр нэр дурдсан компаниудын хувьд тэр дундаа орон нутгийн өмчит Тавантолгойн  хувьд гол төлөв хятадууд ажилладаг. Экскваторын жолоочоосоо эхлээд бүгд хятадууд байдаг. Өөрөөр хэлбэл, хятадуудаар ухуулж, ачуулаад эзэмшигчид нь зөвхөн нүүрсний гэрээгээ хийж мөнгөө халаасалдаг байна. “Эрдэнэс МГЛ” компанийг том Тавантолгойд олборлолт явуулахдаа гадаадын компанитай гэрээ байгуулж ажилла гэсэн үүргийг УИХ-аас даалгасан. Энэ хүрээндээ ажил явж байгаа. Долоон жилийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Цаашдаа гэрээ дуусахад монголчууд өөрсдөө бие даан олборлолт явуулдаг болсон байх ёстой. МАК компанийн хувьд Нарийн сухайт дээр бие даан олборлолт явуулж байгаа юм байна. Нэг ёсны цаашид монголчууд том Тавантолгойн орд дээрээ бие даан олборлолт явуулахад ирэх долоон жилийн хугацаанд суралцах шаардлагатай болж буй зэрэг нь энэхүү асуулгын үеэр хөндөгдлөө.

No comments:

Post a Comment