Засагт хамтарсан хоёр намын бүлэг УИХ-аас хэлэлцэж баталсан "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" 39 дүгээр тогтоолын "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны арван хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах тухай заалтыг цуцлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн тухай мэдээлэл гаргасныг "Монгол-999" нэгдэл, аж ахуй нэгжийн удирдлагууд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Зөвлөлдөх уулзалтаар үндэсний аж ахуй нэгжүүд түүний дотор хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засагг ямар үүрэг гүйцэтгэж байгааг хэд хэдэн зүйлээр дүгнэж, УИХ өмнө гаргасан тогтоолоо сайжруулах бус эргэж буцсан шийдвэр гаргасан тохиолдолд ямар сөрөг нөхцөл байдал үүсэхийг хэлэлцэж гарц хайсан юм.
Эцэст нь УИХ-ын гишүүдээс ард түмэнд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдах заалтыг хэвээр үлдээж, Монголын ард түмэнд 24, Үндэсний аж ахуй нэгжүүдэд 10 хувь гэсэн шийдвэр гаргахыг шаардлаа.
Ганц Тавантолгой ч биш Монголын байгалийн баялгаар эрх мэдэл бүхий цөөн хүн тоглож байгааг иргэд буруушаан шүүмжилдэг. Тэгвэл өнөөдөр ард түмэн, аж ахуй нэгжүүд хамтран тэдний эсрэг тэмцэхэд бэлэн, газрын баялгийг эзэмшихэд эдийн засгийн ч, үзэл бодлын ч эргэлт хийх ёстой гэсэн уур амьсгал нийгэмд ноёрхож байгаа нь эрх баригчдад сэрэмжлүүлэг болох биз.
Зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогчдын байр, суурийг сонирхлоо.
"Монгол-999"-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Амарбат: ЭРХ БАРЬЖ БАЙГАА ХЭДЭН ХҮН МОНГОЛЫН БАЯЛГААР ТОГЛОЖ БАЙНА
-Гол асуудал нь Монголчууд газрын баялгийнхаа эзэд болцгооё гэж байгаа. Бүх юмны утга учир тэр. Өнөөдөр ард түмэн газрын баялгаа эзэмших ёстой гэсэн хоосон лоозон байгаа болохоос яг эзэмшсэн юм алга. Тиймээс энэ асуудлыг хувиараа бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд босгож ирсэн. УИХ үүнийг соргогоор хүлээж авч 2010 оны долдугаар сарын 7-нд түүхэн шийдвэр гаргасан. Тэр нь 39 дүгээр тогтоол.
Түүнийг хэрэгжүүлэх үүднээс хоёр оны зааг дээр хувьцаа эзэмшигчдийн болон Хөрөнгийн биржийн асуудлыг гарган тавьж, ажил өрнөж байтал тодорхой бизнесийн бүлэглэлүүдийн захиалгаар нэг Баагий болиулъя, ингэж болохгүй гэсэн юм яриад байгаа. Өөрөө бизнесээс гарч ирчихээд бизнесийн төлөөллийн саналыг эсэргүүцнэ гэдэг байж боломгүй. Ард түмэнд өгч болно, түүнийг ерөөсөө эсэргүүцэхгүй.
Тэгвэл бид газрын баялагтай, газартай холбоотой бизнес хийж байгаа компанийн хувьцааных нь 20 хувийг Монголын ард түмэнд эзэмшүүлж болох учиртай. Эцсийн бүлэгт тэр баялгийг хэн бүтээсэн юм бэ, байгаль дэлхий. Өвөг дээдэс маань тэр газрыг авч үлдээд бидэнд өвлүүлсэн. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа хэдэн хүн тоглож байна. Үүний эсрэг хувийн хэвшил, иргэд нийтээрээ тэмцэх ёстой. Бизнес эрхэлж байгаа хүмүүс өнөөдөр бүх эрсдэлийг үүрч, түрээс, татвараа төлж, ажилчдынхаа цалинг тавьж байгаа чирэгчид.
Гэтэл тэднийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ, юу нь болохгүй болчихоод хувийн хэвшлийнхэнд сонин байдлаар хандаад байгаа юм бэ. Энэ нөхцөл байдалд яагаад гэдэг асуулт тавигдаж таарна. Үүний төлөө бид босч тэмцэх ёстой. Эцсийн бүлэгт бүх зүйлийн утга учир нийгмийн зөвшилцөлд байх учиртай.
-Нэг Баагий гэж та хэнийг хэлж байна?
-Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Тэр бол "молекул" Батбаяр. Тэр нөхөр л бүхнийг шийдэх гээд яваад байгаа. "Аж ахуй нэгжийн нэгээс нь булааж авчихаад нөгөөд өгнө гэж юу яриад байгаа юм бэ. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байна" гэж хэлсэн өөрийнх нь үгийг та нар сонссон байх.
"Монгол 999 үндэсний нэгдэл" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхбат:
-Засгийн газраас 2700 орчим иргэний мэдэлд 23 мянган үндэсний компани байгаа гэх тооцоог гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ. Мөн Тавантолгойн хувьцааны талаар ямар бодолтой байна?
-"Монгол 999 үндэсний нэгдэл" компанид хувь нийлүүлсэн 2000 орчим компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн хувьцаа эзэмшигчдийн тоо 48 мянга болдог. Мөн "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв"-өөс гаргасан мэдээгээр 357 мянган иргэн компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн судалгаа бий.
Тавантолгойн асуудалд иргэд, аж ахуйн нэгжүүдийг ялгаж үзэж болохгүй. Компаниуд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 10 хувийг худалдаж авснаар тэнд хяналт бий болно. 2.8 сая хүн нэг компанийг хянана гэдэг хэцүү. Түүний оронд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад татвар төлж байгаа компаниуд хяналт тавихад амархан. Эрдэнэтэд хахууль, шахааны бизнес яаж хөгжсөн билээ. Тавантолгой түүнтэй л адил болно.
Түүний оронд бид хувьцаагаар хийсэн хөрөнгө оруулалтдаа илүү хариуцлагатай хандана. Бидний тооцоолсноор Тавантолгойн 10 хувь нь 70-100 тэрбум төгрөг болж байгаа. Тэр мөнгөөр Хонконг эсвэл Английн бирж дээр хувьцаа гаргах анхан шатны хөрөнгө босчихно. Бид өнгөрсөн жилээс Тавантолгойд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж хүсэлт гаргахад хариу өгөөгүй. Тэгсэн атлаа Хятадын компаниас 250 сая ам.долларын зээл авчихсан нь төр Монголчуудаасаа илүү гадаадынхныг дэмждэгийн илрэл.
No comments:
Post a Comment