2011/11/25

Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд эзэмшүүлэх саналыг хэлэлцэхээр болов


Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд эзэмшүүлэх саналыг хэлэлцэхээр болов
“Алаагүй баавгайн арьсыг 10 хуваав” гэгчээр Тавантолгойн хувьцааны хэдэн хувийг ард түмэнд,  тэдийг нь аж ахуйн нэгжүүдэд гэж талцаж суусаар байтал ард түмэн үнэндээ залхаж байх шиг.

Эхлээд энэ сэдэв  их сонирхолтой байв. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг эрчимтэйгээр ярьж эхэлсэн 2008 оноос л манай иргэд өнөө маргаашгүй хувьцаа эзэмшиж саятан болох нь хэмээн баярлаж байв. Гэвч иргэн тус бүрт 536 ширхэг хувьцаа олгох үндэслэлийг гаргаж ирэхийн тулд хоёр жил өнгөрч, энэ хувьцааг тараах эзэмшүүлэх тухай яригдаад дахиад нэг жилийг ардаа орхижээ.

Сонгууль дуусаад л хувьцаа эзэмшээд ашгаа хүртээд эхэлнэ хэмээн иргэдийг хөөрөгдүүлсэн улстөрчид өнөөдрийг хүртэл хувьцааны хэд хэдэн хувийг хэнд өгөх вэ гэдэг дээрээ тогтож чадаагүй л маргалдсаар байна.

Уг нь УИХ өнгөрсөн онд 39-р тогтоол гаргаж иргэдэд 10 хувь, аж ахуйн нэгжүүдэд 10 хувь, 30 хүртэл хувийг хөрөнгийн зах зээлд арилжиж, 50 хувийг төр өөрийн мэдэлдээ байлгахаар тогтсон ч энэ зарчмыг өөрчлөх саналтай байгаагаа зарим гишүүн УИХ-д уламжилж компаниудад өгөх 10 хувийг ард түмэнд нэмж өгвөл яасан юм гэж санаачилсан.

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй юм байна гэж үзэж холбогдох байнгын хороонд нь шилжүүллээ.

Сонгууль дөхөж Тавантолгойгоор дахин яаж шоу хийж болох вэ гэж толгойгоо гашилгаж санаачилсан энэхүү тогтоолын төсөл дэмжигдлээ ч үнэхээр бодит байдлаар иргэдэд хэзээнээс ашгаа хүртээх вэ гэдэг л одоо сонгогчдод илүү сонин биз.

2011/11/24

Тавантолгойгоор талцсан асуудлаа үргэлжлүүлж байна



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны  долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай гишүүн Я.Батсуурь нар, гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн тогтоолын хоёр төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх явцад гишүүд талцаж асуух, санал хэлэх гишүүн олон байсан тул энэ долоо хоногт үргэлжлүүлэхээр хойшлуулсан юм.

“Эрдэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж, мөн 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах тухай 39 дүгээр тогтоолд заасан юм. Харин гишүүн Я.Батсуурь нар, мөн гишүүн Д.Одбаяр нар нэг ижил утгатай тогтоолын төсөл санаачилсан бөгөөд аж ахуйн нэгжүүдэд борлуулах 10 хувийг иргэдийн 10 хувь дээр нэмж үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр төсөлд заагаад байгаа. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр хувьцааны 20 хувийг үнэгүй эзэмших эрхтэй болно. Гэвч үүн дээр гишүүдийн санал зөрөлдөж байгаа юм. Тухайлбал, өнөөдрийн хуралдаан дээр гишүүн З.Энхболд шинээр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэвээр мөрдөх нь зүйтэй гэлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тавантолгойн асуудлаар мэтгэлцээн үргэлжлэв



Засгийн газрын цагаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүллээ. Түүгээр үдээс өмнө эхэлсэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны долдугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн гишүүд асуулт хариулт явуулав.

“Эрдэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар 39 дүгээр тогтоолд тусгасан 10 хувийг нэмж иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх талаар гишүүдийн дунд мэтгэлцээн боллоо. Гишүүн Ц.Батбаяр “Хувьцаа өгнө гэж иргэдэд цонхны цаанаас чихэр долоолгож шоу хийх нь утгагүй” гэсэн бол гишүүн Д.Хаянхярваа “Тавантолгойн хувьцааг 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбартай зүйрлэж цонхны цаанаас чихэр долоолгох гэж байна гэж хэлж болохгүй” гээд Тавантолгой жинхэнэ утгаараа ашиглалтад ороод ирэхэд иргэд хувьцаа гэдгийн үнэ цэнийг мэдрэх болно гэж байлаа. Гишүүн С.Эрдэнэ “Монголын төр уул уурхай үүсээгүй байхад хэний нуруун дээр явсан юм. Хувийн хэвшлийн нуруун дээр явсан биз дээ. Уулын буга хараад унасан морио хаяв гэж аж ахуйн нэгжүүдэд борлуулах хувьцааг яагаад болиулах гээд байгаа юм. Өмнөх 39 дүгээр тогтоол хэвээрээ байх ёстой. Аж ахуйн нэгжүүд юугаараа цалингаа нэмэх юм. Төрийн 150-160 мянган албан хаагчийн цалинг нэмэх гэж байна. Үүний хүндийг хувийн хэвшил үүрнэ. Дээр нь олон хүн тэжээж байна. Яагаад Тавантолгойн аравхан хувийг Монголын аж ахуйн нэгжүүд хувааж авч болдоггүй юм. Хэний лобби яваад байгаа вэ. Үүнд гайхаж байна” гэлээ.

Гишүүн Я.Батсуурь “Халамжийг хавтгайруулсан шигээ хувьцааг хавтгайруулж таарахгүй. Уул уурхай, бусад том компаниуд л хувьцаа авна. Жижиг нь авч чадахгүй. Амьдрал баян учраас жилийн өмнөх 39 дүгээр тогтоолыг өөрчлөх шаардлага гарч байна. Үүний ард лобби байхгүй” гэлээ. Гишүүн Х.Жекей “Ямар нэг аж ахуйн нэгжийг гадуурхах, бодлогын хувьд дэмжихгүй байх зорилго агуулаагүй. Аж ахуйн нэгжүүдэд 400-гаад мянган хүн ажилладаг юм байна. За сайндаа 800 мянган хүн. Тиймээс 2,7 сая хүнд хувьцааны 20 хувийг эзэмшүүлье. Түүн дотор тэр 800 мянган хүн ч орно гэж үзээд төсөл санаачилсан. Нэг талыг барьж ярих нь сайн хэрэг биш. Тиймээс хэлэлцэх эсэхээ шийдээд ажлын хэсэг гаргаад ярилцъя гэж гишүүдэд уриалмаар байна” гэлээ. Я.Батсурь гишүүн 2300 аж ахуйн нэгж бий. Хувьцаагаа авсан захирлууд ажилтнууддаа хувьцаанаасаа өгөхгүй. Нэг захирал нэг хоёроос эхлээд 35 аж ахуйн нэгж удирдаж байна. Тиймээс хувьцааны 10 хувь цөөн хүнд очино. Ингэснээс 2,7 сая хүндээ хувааж эзэмшүүлэх нь дээр гэсэн юм. Р.Гончигдорж гишүүн аж ахуйн нэгжүүд олон хүн тэжээж байгаа биш, харин олон хүний хүч хөдөлмөр дээр аж ахуйн нэгжүүд тогтдог. Тавантолгойн хувьцаа тараах эхний гараан дээр иргэддээ тэнцүү нөхцөл өгөх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байлаа.

Гишүүд ийнхүү байр сууриа хуваалцсаар ажлын цаг дууссанаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Тавантолгойгоор талцаж байгаад завсарлав



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Д.Одбаяр нарын өргөн мэдүүлсэн, мөн гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны долдугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын агуулга нэгтэй хоёр төслийн  хэлэлцэх эсэхийг ярилцаж байгаад завсарлалаа.

Хоёр тогтоолын төсөл хоёулаа “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ хэмээн 39 дүгээр тогтоолд заасан байсан дээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар мөн тогтоолд заасан хувьцааны 10 хувийг нэмж үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн утгыг агуулжээ. Ингэснээр Монгол Улсын 2,7 сая иргэн “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн үг юм. Чуулганы хуралдаан дээр гишүүд өмнөх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр баримталж байсан эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлж байлаа.  Гишүүн Д.Тэрбишдагва “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж, мөн 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30 болон түүнээс өмнө байгуулагдаж, татвараа байнга төлж явсан Монгол Улсын үндэсний аж ахуйнуудад нэрлэсэн үнээр борлуулна гэсэн  УИХ-ын 39 дүгээр тогтоолыг өөрчлөх шаардлагагүй гэсэн бол гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт нар аж ахуйн нэгжүүдэд борлуулах хувьцааны 10 хувийг хэвээр үлдээх байр суурьтай байв.

Гишүүн Д.Одбаярын тайлбарласнаар 10 хувийг эзэмшүүлснээр иргэн бүрт Тавантолгойн 536 ширхэг хувьцаа ногдож буй. Харин аж ахуйн нэгжүүдэд дунджаар 28123 ширхэг хувьцаа борлогдох аж. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг урьдчилсан байдлаар 300-1000 төгрөг гэжээ. Ингэснээр байгалийн баялгийг тэгш бус хүртээх байдал үүсч байна. Үндсэн хуульд хүнийг нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээгээр ялгаварлаж болохгүй гэж заасныг үүгээр зөрчиж байна гэж Д.Одбаяр гишүүн хэлж байв. Гишүүдийн ярьснаар хувьцаа худалдан авах болзолд нийцсэн нийт аж ахуйн нэгжийн 88,02 хувь нь үйл ажиллагаа бараг эрхэлдэггүй, алдагдалтай, 10 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой компаниуд байгаа юм байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30 болон түүнээс өмнө байгуулагдаж, татвараа байнга төлж явсан Монгол Улсын үндэсний аж ахуйнуудад нэрлэсэн үнээр борлуулна гэж заасан нь хамрагдах аж ахуйн нэгжийн тоог эрс буурулж байгааг төсөл санаачлагчид хэлж байлаа. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид ногдох хувьцааны зөрүү асар холдож байгаа ажээ. Аж ахуйн нэгжид иргэдээс 53 дахин их хувьцаа ногдож байгаа юм байна. Судалгаагаар 35 хүртэл аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэг цөөхөн хүн байгаа бөгөөд тэдэнд маш их хувьцааг худалдан авах   боломж нээгдэхээр байгааг 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан гишүүд хэлж байлаа. Олон аж ахуйн нэгжид хувьцааны оролцоотой хүн жирийн иргэнээс 157-1836 дахин, бүр 2780 дахин их хувьцааг эзэмшиж болохоор байгаа тооцоо гарчээ. Ихэнх аж ахуйн нэгж хоёр дахь зах зээлд хувьцаагаа борлуулах сонирхолтой. Ингэснээр нэгж хувьцааны үнэ унах магадлал их байгааг анхаарууллаа. Иймд аж ахуйн нэгжүүдэд борлуулах 10 хувийг иргэдэд нэмж эзэмшүүлэх төслийг Д.Одбаяр, Я.Батсуурь нарын гишүүд санаачилжээ. Я.Батсуурь гишүүн “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 10 хувийг 2700 хүнд борлуулж байснаас 2,7 сая хүндээ эзэмшүүлье гэж байлаа.

Энэ үеэр гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол мал” зэрэг хөтөлбөрт малчдыг бизнес эрхлэгч, ажил олгогч гэж заасан тул тэднийг аж ахуйн нэгжид хамааруулан хувьцаа худалдан авах бололцоогоор хангаж болох юм гэсэн санал гаргаж байлаа. Ийнхүү гишүүд Тавантолгойн хувьцаагаар талцан мэтгэлцэж байгаад цайны цаг болсон тул 15.00 цаг хүртэл завсарлав. Үдээс хойш гишүүд Засгийн газрын цагаар Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар  Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.

Ерөнхий сайдыг егөөдсөний шалтгаан



Тавантолгойн ордын хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах тухай жил гаруйн өмнө батлагдсан УИХ-ын тогтоолын холбогдох заалт хэрэгжихгүй байсаар “нүд анихад” хүрээд байгаа юм. Учир нь аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийг иргэдэд үнэгүй тараах хэлбэрээр хуваарилах нь зүйтэй гэж үзэх хандлага хүч түрсээр өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асуудлаар хууль санаачлан парламентад өргөн барьчихлаа.

Үүнтэй зэрэгцээд аж ахуйн нэгжүүд Тавантолгойн хувьцааг худалдан авах сонирхлоо хамгаалж, байр сууриа хэвлэлээр дамжуулан илэрхийлж байна. Дотоодын компаниудын Тавантолгой орд дахь сонирхлын нэгдэл “Монгол 999”-өөс захиалгатай PR ажиллагааны гол мэссэж нь “хувьцааг аж ахуй нэгжүүдэд худалдах ёстой” гэдэг ятгалга юм. Өөрөөр хэлбэл, компаниудад худалдахаар тооцоолж байсан хувьцааг иргэдэд ижил хэмжээгээр тараах шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Улмаар эрх мэдэл бүхий хүмүүст нөлөөлөх, байр суурь, шийдвэрийг нь өөрсдийнхөө талд эргүүлэх үүднээс хувь хүмүүст шахалт үзүүлэхийг зорьж байна. Өнөөдрийн өдөр тутам зарим хэвлэлүүдэд “Монгол-999” нэгдлийн захиалга Ерөнхий сайдад чиглэсэн “шахалт” нийтлэгджээ.

“Ж.Оджаргалыг Ерөнхий сайд болгоё” гарчигтай тэрхүү егөөдөл Ерөнхий сайд С.Батболдыг хувийн хэвшлийнхнийг нүд үзүүрлэсэнд буруутгахын хамт үндэсний компаниудаас нэгийг нь, тодруулбал МCS-ийг онцлон эрх ашгийг нь хамгаалдаг хэмээн дайруулжээ.

Таван толгойн хувьцааг хэнд өгөх вэ?


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хоёр үндсэн байр суурийг баримталж маргаж байсан ба Тавантолгойн нүүрсний ордын хувьцааны 10 хувь дээр нэмж 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зүйтэй, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдахыг хэвээр үлдээх нь зүйтэй гэдэг байв. Ингээд голлох санааг хүргэе


Д.Тэрбишдагва:
Жилийн өмнө биш одоо ярьж байгаагийнх нь шалтгаан юу юм бэ. Ард түмэнд таалагдах гэж байгаа юм уу. Сонгууль дөхөөд ингэж байгаа юм уу.


Я.Батсуурь:
“Таван­тол­­гойн хувьцаа үнэд ороод ирэхээр талхны цехтэй иргэн хувьцааны ашгаа хүртээд бизнесээ хийхгүй бай­далд хүрч болзошгүй учраас аж ахуйн нэгжүү­дийн хувьцааг иргэдэд тараах төсөл санаачилсан.


Батж.Батбаяр:
Жин­хэнэ баялаг бүтээг­чид бол иргэд. Иргэдээрээ дамжиж улс орон, аж ахуйн нэгжүүд хөгжинө.  Энэ бол мөнгө тараах бус баялаг хуваах хэл­бэр юм. Компанийн эзэд иргэдээс хувьцаа худал­даж авах эрх нь нээлттэй. Яахаараа ард иргэд хувьцаа эзэмшиж болдоггүй, аж ахуйн нэгжийн захирлууд болохоор хувьцаа эзэмшиж болдог юм бэ. Дан ганц компанийн захирлууд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг баялаг болгож чаддаг, жирийн иргэд болгож чадахгүй гэсэн ойлголтоор хандах нь буруу. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа 7000 ам.долларт хүрнэ гэж байна, олон улсын хөрөнгийн бирж дээр. Тэгвэл иргэд 7000 ам.долларт хүрэх хувьцааг 70000 ам.доллар, бүр 700 мянган ам.долларт хүргэг л дээ.

С.Бямбацогт: Ир­гэд дор хаяж 7000 ам.дол­­ларын хувьцаа эзэмших тооцоо гарсан байсан. Өнөөдөр өдрийн 20 мянган төгрөгөөр барилгын ажил хийх хүн олдохгүй байна. Төрөөс бэлэн мөнгө авдаг, эсвэл төрийн байгууллагад орохоор хөөцөлдөөд явдаг хүмүүс л олшир­лоо. Ийм байхад хувьцаа нэмж эзэмшүүлнэ гэж байгаа буруу.


Г.Батхүү:
Таван­тол­­гойн хувьцаанаас ард иргэддээ нэмж тараана гэдэг нь ААН-үүдийг дэм­жихгүй байгаадаа биш. ААН-үүд давуу эр­хээр авна гэдгийг дэм­жинэ гэхээр багш, эмч нар гээд л нийгмийн өөр бүлгүүдийн эрх ашиг хөн­дөг­дөх гээд байна.


Р.Буд:
Эдийн зас­гийн ихэнх ачааг хувийн хэвш­лийнхэн л үүрч байгаа. Аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олго­но гэснээс хойш тат­ва­рын орлого эрс нэмэгд­сэн. Тэгэхээр аж ахуйн нэгжүүддээ таван ху­вийг ч болтугай олгож болохгүй юу.


Н.Батбаяр:
Эрсдэл хүлээж ААН байгуулан, ажлын байр бий болгож байгаа хүмүүст яагаад нэрлэсэн үнээр нь зарж болохгүй гэж. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас ард иргэдэд нэмж 10 хувийг үнэгүй эзэмшүүлнэ гэсэн энэ шийдвэрээс чинь болж Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлгээ нь хоёр дахин буурах болно шүү Жилийн өмнө аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцаа олгох гэж байхад бүгд дэмжсэн.

2011/11/18

Хяналтгүй болгож байгаад халааслах арга гэв


Гавьяат  эдийн засагч Н.Дашзэвэг, “Монгол” дээд сургуулийн багш К.Аксолтан нар УИХ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаархи шийдвэрээ өөрчлөх гэж буйг эсэргүүцэж буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд аж ахуйн нэгжид өгөхөөр шийдсэн 10 хувийг иргэдэд нэмж өгөх нь буруу шийдвэр хэмээн үзэж байгаа бөгөөд ингэснээр Тавантолгойн хувьцаа ямар ч үнэ цэнэгүй болно хэмээн мэдэгдэв. Дээрх тогтоолыг өөрчлөх гээд байгаа УИХ-ын гишүүдийг их хэмжээний авлига авсан байж магадгүй хэмээн хардаж байгаа аж. Тиймээс гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгээс яагаад ингэж хардаж байгааг, мөн иргэдэд ”Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 20 хувийг үнэгүй өгөхийн эсэргүүцээд байгааг сонирхсон юм.


-“Эрдэнэс Тавантолгой” компа­нийн  нийт хувьцааны арван хувийг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарахаа больж, иргэдэд 20 хувийг нь үнэ төлбөргүй эзэмшүүлэх болсныг та эсэргүүцэж байгаа юм байна, тийм үү?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах, 29 хүртэлх хувийг дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулах тухай заалт бий. Гэтэл Я.Батсуурь, Б.Батбаяр нарын нэр бүхий гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, иргэдийн эзэмших хувийг 20 хувь болгох санал гаргасныг УИХ дахь хоёр намын бүлгүүд дэмжсэн шийдвэр гаргаад байна. Үүнд л их харамсч байна даа. Үнэгүй юм үнэгүй л байдаг.Манай улстөрчид эдийн засагчид, олон нийтийнхээ санаа бодлыг сонсолгүйгээр дураараа шийдвэр гардаг. УИХ өөрс­дийнхөө мэдэхгүй, чадахгүй байгаа зүйл дээр эрдэмтдээсээ тусламж, дэмжлэг авч, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй байна. Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуйн нэгжийнхээ ачааллыг багасгаж, тэдэнд урам өгөх үүднээс шударга боломж олгох ёстой.  Иргэн бүртээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг үнэ төлбөргүй өгнө гэдэг бол шударга хуваарилалт. Харин аж ахуйн нэгжүүддээ нэрлэсэн үнээр нь10 хувийг нь зарна гэдэг шударга боломж олгож байгаа хэрэг гэдгийг УИХ ойлгох ёстой.

-Үндэсний аж ахуйн нэгж нэрээр  хэт цөөхөн буюу  хүн л завших гээд байгаа юм биш үү. Тиймээс гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн хувьцааны 10 хувийг иргэдэд тараачихсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа юм билээ?

-Улстөрчдийн ирэх оны сонгуулийн нэг шоу болоод байна. Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үнэгүй олгох нэрээр эрх­баригчид “Эрдэнэс Тавантолгой”-гоос идэж уухын нэр шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” компанид өнөөдөр маш их мөнгө хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг дотоодынхоо аж ахуйн нэгжээс босгох бүрэн боломжтой байхад яагаад бүх иргэдэд үнэгүй тараах гээд байгааг ойлгохгүй байна. Үүнээс бол дэлхийн хөрөнгийн зах зээл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үнэ цэнэ унаж магадгүй.  Хувьцааг үнэтэй байлгахын тулд  аж ахуйн нэгжүүддээ 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь зарах нь зөв. Хэрвээ үндэсний компаниуддаа боломж олговол гадны компаниудтай өрсөлдөх чадвар манай компаниудад бий болж, улмаар цаашид гадаадын компаниудыг орлон ажиллах, уул уурхай болон металлургийн салбарт томоохон төслүүдийг хэрэгүүлэх боломжтой болох юм. “Эрдэнэс Тавант­олгой” компанид өнөөдөр  ямар ч хяналт алга. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний  үнэ өдрөөс өдөрт өсөөд байхад бид хятадуудад 70-хан ам.доллараар коксжих нүүрсээ зарж байна. Дэлхийн зах зээлийн ханшнаас даруй 200 ам.доллараар бага байна шүү дээ. Үүний цаана ямар нэгэн авлига байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Иргэдэд  “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй өгнө гэдэг шийдвэр таалагдаж байгаа. Цөөнх нь олонхийнхоо шийдвэрийг дагадаг гэдэг. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө иргэдээс зах зээлийн үнээр нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авах нь шударга байх?

-Иргэдэд таалагдаж байж болно. Эдийн засгийн хөгжил, “Эрдэнэс Тавантолгой “компанийг бодвол энэ шийдвэр маш буруу. Хэрвээ аж ахуйн нэгжүүдэд арван хувийг нь нэрлэсэн үнээр нь зарвал “Эрдэнэс Тавантолгой”-н орлого зарлага, үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх болно. Харин иргэдэд үнэ төлбөр­гүй 20 хувийг тараавал дарга нар хожно уу гэхээс иргэд хожихгүй.

Тавантолгойд талуудын сонирхлыг тэнцвэржүүлнэ


Тавантолгой төслийг  Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлөөс Засгийн газарт буцааснаас хойш уг төсөл нэг л нам гүмхэн болчихоод байна. Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.   Өнгөрсөн оноос олны анхаарлыг татаж, багагүй хэл ам дагуулаад байгаа энэхүү төслийн хүрээнд Тавантолгой ордыг хоёр хувааж, хоёр тендер зарласны нэг нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах хөрөнгө оруулагчийг тодруулах явдал байв. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс Цанхийн зүүн хэсгээс илүү баруун хэсэгт хэнийг  ялагчаар тодруулах, хэн хэн хэдэн хувь эзэмших вэ гэдгийг ярьсаар нилээд хугацааг үдлээ. Хэдийгээр энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй ч гэлээ Хятад, АНУ, ОХУ, Япон, БНСУ Тавантолгойд хувь эзэмших нь нэгэнтээ тодорхой болоод байна. Засгийн газраас томилсон ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайдын хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал Тавантолгой дахь ОХУ-ын хувийг өсгөж, Хятад, АНУ, Монголын эзэмших хувь багасгах гэнэ. Учир нь, Засгийн газрын томилсон ажлын хэсгийн алдсан хариуцлагаа эргэн засахын тулд ийм хувилбарыг сонгосон бололтой. Долоон сарын турш хэлэлцээрийн ширээний ард зургаан оролцогчтой “зууралдсан”-ы эцэст өнгөрсөн долдугаар сард Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдыг ажлын хэсгийнхэн тодруулсан. Тэд Тавантолгойн Цанхийн баруун хэсэг үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчаар Хятад, АНУ, ОХУ-ыг тодруулснаа зарласан нь Япон, Өмнөд Солонгосын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Өөрөөр хэлбэл, Тавантолгой дахь Хятадын хувь 40, АНУ-ынх 24, Орос, Монголын хамтарсан хувь 36 гэсэн хувилбар нь төслийг дахин нягтлах, эргэн харах, оролцогчидтой хэлэлцээрийн ширээний ард буцаад суухаас өөр аргагүй байдалд ажлын хэсгийхнийг оруулсан юм. Тавантолгойн төсөл өнөөдрийн байдлаар таг “нойрсчихоогүй” бололтой юм билээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайдын ярьснаар  Япон, Солонгос хоёр “Оросын төмөр замын нэгдэл”-тэй хамтарч байгаа эсэхийг нягталж байгаа аж.  Ажлын хэсгийнхний зүгээс Орос, Япон, Солонгост хандаж, хэн нь гэрээ хэлэлцээрт орох, хэн бусдыгаа төлөөлөх, тэд дотроо ямар хувь эзэмшиж байгаагаа тодорхой болго гэсэн үүрэг өгсөн байна. Мөн энэ удаад хувиа бага гэж голох, эргэж буцах асуудал байхгүй шүү гэдгийг ч “Оросын төмөр замын нэгдэл”-д анхааруулсан гэх.

ОХУ-ын хувь нэмэгдэж, Монгол, Хятад, АНУ-ынх багасна

Эх сурвалжаас авсан мэдээгээр бол Хятад, АНУ, Монголын эзэмших хувь тодорхой хэмжээгээр багасч, ОХУ-аар ахлуулсан Япон-Солонгосын хамтарсан нэгдлийн эзэмших хувь өсөх юм байна.  Өмнөх хувилбар болох Хятадын 40, АНУ-ын 24, Монголын 18 хувь багасч, Оросын 18 хувийг нэмэхээр хэлэлцэж эхэлжээ.

Тавантолгой дахь стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил тун удаашралтай байгааг шүүмжлэх хүмүүс ч байдаг.  Анх 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Цанхийн баруун хэсэгт  стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийг зарласанаас хойш  ерөнхийдөө бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэхүү тендерийн эхний шалгаруулалтад нийтдээ 15 оролцогч саналаа ирүүлснээс Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг зургаан оролцогчийг дараагийн шатны хэлэлцээрийн ширээнд урьсан бий. Эдгээр зургаан оролцогчийн нэгдэх нь АНУ-ын “Пибоди Энержи”, хоёр дахь нь БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум,  гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл,  дөрөв дэх нь Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, тав дахь нь Бразилийн “Вале”, зургаа дахь нь Люксембургийн “АрсэлорМитал” байв.

Харин дараагийн шатны хэлэл­цээрийг бүтэн зургаан сарын турш өрнүүлсний эцэст Тавантолгойд хэн, хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг тодруулснаа ажлын хэсгийнхэн өнгөр­сөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан. Гэсэн хэдий ч уг төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эргүүлэн буцаас­наар ажлын хэсгийнхэн ахиад л талуудтай хэлэлцээрийн ширээ­ний ард нүүр тулаад байгаа юм. Н.Алтанхуяг сайд “Өмнө нь Хятадын талд танай хувь 40 байна гээд хэлчихсэн. Тохирсон, ярьсан зүйл ийм л байсан. Одоо буцаагаад буулгана гэдэг хүнд” байгааг учирласнаас харахад Хятадын Тавантолгой дахь оролцоог буулгахгүй байх магадлал өндөр байна. Харин Монгол, АНУ-ын эзэмших, ялангуяа монголчуудын эзэмших хувь нэлээд багасч магадгүй гэсэн хардлага байгаа юм. Ажлын хэсгийнхний зүгээс Тавантолгойд Хятадын хувь оролцоог их байлгах санаархал өндөр байгаа юм билээ. Учир нь, Тавантолгойгоос олборлосон нүүрс Хятадын том зах зээл рүү нийлүүлэх учраас тэдэнд найрсаг хандах хэрэгтэй гэсэн байр суурийг монголчууд баримталж байна. Харин Монгол Улсын эзэмших хувийг багасгаж, үүний зөрүүг татвар, хураамжаас олж болно хэмээн ажлын хэсгийнхэн тооцож байгаа бололтой. АНУ-ын “Пибоди Энержи”-гийн хувийг багасгах бас л хүнд байгаа гэнэ лээ. Ажлын туршлагатай, өндөр технологитой энэ компанитай өмнө нь тохирсон хувиа багасгах бас л асуудалтай байгаа аж. Тиймээс ч энэ удаагийн хэлэлцээр өмнөхөөсөө маш хүнд төвөгтэй нөхцөл байдал дунд өрнөж байгаа гэсэн.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхгийг өгөх үү

УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд ийн шийдвэрлээд байгаа. Аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны арван хувийг иргэдэд өгөх нь шударга хуваарилалт болно гэсэн байр суурьтай байгаагаа эрх баригч намууд илэрхийлж буй. Монгол Улсын Их хурал 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Тавантолгой ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолыг  гаргасан. Энэ тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцаа 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах, 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарах, үлдсэн 30 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болсон. 

УИХ дахь МАН болон Ардчил­сан намын гаргасан  шийдвэрийг үндэс­ний аж ахуйн нэгжүүд тэр тусмаа “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн багагүй эсэргүүцэж, хэвлэлүүдээр нэлээд гомдол тавьж байгаа нь худлаа биш. Монгол Улсад 70 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Үүний  27 мянга нь улсад татвараа төлдөг бөгөөд тэдгээрийн цаана 2700  бизнесмен байгаа учраас үндэсний үйлдвэрээ дэмжсэн явдал болохгүй хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүд илэр­хийлж, өмнө нь  гаргасан 39 дүгээр тогтоолоо өөрчлөхөөр шийдээд байгаа юм. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 39, 40 дүгээр тогтоолоо хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардсан. Тавантолгойн төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцаагдах болсон гол шалтгаан нь 39, 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явдал. Энэ асуудалд ҮАБЗ ялах уу, УИХ ялах уу гэдэг өнөөдөр хамгийн сонирхолтой сэдэв болоод байна.

Цанхийн зүүн хэсгээс дөрвөн сая тонн нүүрс олборлоно

Тавантолгойн орд нь нийтдээ 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Бортолгой, Цанхийн баруун, зүүн, Ухаахудаг, зүүн хэсэг гэсэн таван хэсгээс бүрддэг. Цанхийн баруун, зүүн хоёр ордын нөөц нь хэмжээгээрээ ойролцоо хэмээн судлаачид хэлж байна. Стратегийн хөрөнгө оруулагч үйл ажиллагаа явуулах Цанхийн ордын баруун хэсгийн нөөц нь тодорхой болсон бөгөөд уг орд нь 1.7 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй ажээ. Үүний 800 сая орчим нь коксжих нүүрс юм. Тавантолгойн ордын нийт нөөцийнх нь 1.8 тэрбум тонн нь гангийн үйлдвэрийн гол түүхий эд болох коксжих нүүрс юм. Нийт коксжих нүрснийх нь бараг тал хувь нь стратегийн хөрөнгө оруулалтаар ашиглах Цанхийн ордын баруун хэсэгт ногдож байна. Тийм болохоор энэ хэсэг нь эдийн засгийн хувьд хамгийн өндөр үнэлгээтэй хэсэг нь  гэнэ.

Өнгөрсөн арванхоёдугаар сарын 23-нд зарласан Цанхийн ордын зүүн хэсэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлогчийг сонгох тендерийн ялагчид  энэ оны найм­дугаар сард тодорсон бий. Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг Австралийн “Macmahon”, ХБНГУ-ын “BBM Operta” компани хамтран олборлох болсныг “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш зарласан юм. Зүүн Цанхиас энэ жил­дээ  нэг сая тонн нүүрс экспортод гар­гах бөгөөд ирэх жилээс үүнийгээ дөрвөн сая тоннд хүргэж цаашдаа нэмэгдүүлэх аж.

Орж ирэх мөнгөө нүүрс угаах үйлдвэр, усны нөөц хайгуул судал­гааны ажилд зарцуулахаар төлөв­­л­өсөн байна. Зүүн Цанхиас олборлосон нүүрсээ “Чалко” ком­панид зарахаар гэрээ байгуулсан бө­гөөд үүний урьдчилгаа болгож 250 сая ам.долларыг Монгол Улсын Зас­гийн газар аваад эх орны хишиг болгон иргэддээ тарааж байгаа билээ. Уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ нүүрсээ “Чалко” компанид 100 хувь өгч тус компани манай  нүүрсийг цаашаа Япон, Солонгост  зарах гэсэн. Үүнийг маш муу наймаа бол­сон хэмээн эсэргүүцэх хүмүүс ч бий.

Ийнхүү Монгол Улсын ирээ­дүйн хөгжил, эдийн засгийн өсөл­төд томоохон нөлөө үзүүлэх Таван­толгойн ордод талуудын сонир­­хлыг тэнцвэржүүлэхийн тулд ажлын хэс­гийн­хэн ажиллаад л байдаг, ажиллаад л байна даа

Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ.

10.00 цагаас:

1.     "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА танилцуулна.
  •  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.

2.   "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.

3.     "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.БАТСУУРЬ танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

4.  "Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн 2011 оны орлого, зарлагын тухай"  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ГАНТӨМӨР танилцуулна.

5.  "Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ танилцуулна.
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
 6.   "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР танилцуулна.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.АЛТАЙ танилцуулна.
 7.  "Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын  Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.
15.00 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний тухай.

2.6 сая иргэний Тавантолгойн хувьцааг бүртгэжээ


УИХ-аас баталсан тогтоолын дагуу Засгийн газраас Монгол Улсын иргэн бүртээ “Эрдэнэс тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Энэ дагуу Монголын хөрөнгийн биржийн дэргэдэх Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2.798507 иргэний мэдээллийг авч, иргэн бүрийн нэрээр 536 ширхэг хувьцааг бүртгэлжүүлэх ажлыг хийсэн байна. Ингэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалтыг авч байршуулжээ. Тус газраас өгсөн мэдээллээр энэ оны арваннэгдүгээр сарын 15-ний өдрийн байдлаар 2.673186 иргэний 1.432827696 ширхэг хувьцааны бүртгэлийг хийжээ. Үүнээс насанд хүрсэн иргэн 1.813603 бол насанд хүрээгүй нь 859583 иргэн аж. Мөн арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 353858 иргэн Төвлөрсөн хадгаламжийн дансанд “Эрдэнэс тавантолгой” компанийн дансаа нээлгэсэн юм байна.

Энэхүү мэдээллийг өнөөдөр тус газраас сэтгүүлчдэд өглөө.

Тавантолгойн хувьцааны асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болов

Тавантолгойн хувьцааны асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болов
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах, 29 хүртэлх хувийг дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулахаар заасан байдаг.

Харин нэр бүхий гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, иргэдийн эзэмших хувийг 20 хувь болгох санал гарч Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байна.

Өнөөдрийн чуулганаар энэхүү асуудлыг хэлэлцэх шаардлага байна уу гэсэн горимын саналыг С.Эрдэнэ гишүүн гаргасан ч гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр Тавантолгойн хувьцааны асуудлыг хэлэлцэхээр боллоо.

С.Эрдэнэ гишүүний үзэж буйгаар, Монголын төр хувийн аж ахуйн нэгжүүдийг дандаа татвараар дарамтлах зүйлийг хийдэг. Ганц удаа компаниудаа дэмжих тогтоол гаргаснаа өөрчлөх хэрэг байна уу гэсэн юм.

39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах гол үзэл баримтлал нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, баялгийг тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзсэнээ гишүүд хэлж байгаа.

Монгол улсад 2010 оны зургаадугаар сарын байдлаар Монгол улсад 57 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байснаас тал гаруй нь тайлан өгч татвар төлдөггүй, 1-2 хүнтэй ажилладаг бол үлдсэн 23 мянга орчим компани нь 2700 иргэний эзэмшилд бий гэсэн судалгаа гарчээ. Дээрх 2700 орчим иргэн дунд 1-2 компанитай нь ч байхад 50-60 компанитай хүн ч байгаа аж.

2011/11/15

“Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийг иргэдэд өгөх эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ


“Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийг иргэдэд өгөх эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өглөө хуралдаж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Я.Батсуурь нарын нэр бүхий гишүүд болон Одбаяр нарын нэр бүхий гишүүд 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай тусдаа тогтоолын төсөл өргөн барьсныг хамтатган хэлэлцсэн юм. 

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах, 29 хүртэлх хувийг дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулахаар заасан байдаг. Харин дээрх нэр бүхий гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, иргэдийн эзэмших хувийг 20 хувь болгох саналтай байгаа аж. Энэхүү тогтоолын төслийг Засгийн газар болон УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжсэн болохоор Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. 

Тогтоолын төсөл санаачилсан нэр бүхий гишүүд өөрсдийнхөө ямар үндэслэлээр 39 дүгээр тогтоолыг өөрчлөх болсноо танилцуулсан. Гол үзэл баримтлал нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, баялгийг тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзсэнээ гишүүд хэлж байв. Монгол улсад 2010 оны 6-р сарын байдлаар Монгол улсад 57 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байснаас тал гаруй нь тайлан өгч татвар төлдөггүй, 1-2 хүнтэй ажилладаг бол үлдсэн 23 мянга орчим компани нь 2700 иргэний эзэмшилд бий гэсэн судалгаа гарчээ. Дээрх 2700 орчим иргэн дунд 1-2 компанитай нь ч байхад 50-60 компанитай хүн ч байгаа юм. 

Мөн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг зарах нь Монголын эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хараат болох зам руу орно хэмээн гишүүд үзжээ. Өнөөдөр Монгол улс эдийн засгаа уул уурхайн салбараас аль болох хараат байлгаж, бусад салбаруудыг дэмжихээр яригдаж байгаа энэ үед жижиг том гэлтгүй бүх компаниудад хувьцаа зарвал жижиг компаниуд бизнесээ орхиод уул уурхайн салбар руу орох боломжийг бүрдүүлээд өгчихнө хэмээн тогтоолын төсөл санаачилсан гишүүд үзжээ. Тийм болохоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн аж ахуйн нэгжүүдэд зарах хувьцааг 2700 компанийн эзэнд биш 2,7 сая иргэндээ өгье хэмээн тогтоолын төсөл санаачилсан Я.Батсуурь гишүүн хэлсэн. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн олон талаар дэмжиж байгаа болохоор заавал уул уурхайтай холбох гээд байх шаардлагагүй. Ноос ноолуурын салбарт 300 тэрбум төгрөг өгсөн гээд төрөөс зээл, тусламж, баталгаа, татварын хөнгөлөлт чөлөөлөлт гээд олон талаар хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа шүү гэдгийг Батж.Батбаяр гишүүн хэлж байв. 

Харин энэхүү тогтоолын төслийг эсэргүүцэж байгаа гишүүд ч цөөнгүй байсан юм. Тухайлбал Д.Тэрбишдагва, Н.Батбаяр, С.Бямбацогт, Р.Буд зэрэг гишүүн өнгөрсөн жил 39 дүгээр тогтоолыг баталж байхад гараа өргөн дэмжчихээд одоо гэнэт ямар шалтгаанаар шийдвэрээсээ ухраад байгааг асуусан. УИХ-ын гишүүн Р.Буд “Монголын төр өчнөөн судалж шинжилж байж гаргасан шийдвэрээ байнга эргэж буцдаг тийм уймраа чавганц шиг болчихлоо. Энэ нь хууль эрхзүйн орчны тогтворгүй байдлыг бий болгож, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа шүү” хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бид 39 дүгээр тогтоолыг батлахдаа тэгш хуваарилалт, тэгш боломжийг өгсөн. Одоо өөрчлөх юм бол тэгш боломжийг нь үгүй хийгээд тэгш хуваарилалт болгочихно. Өнөөдөр өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай барилгын ажил голсон хэрнээ амьдар хэцүү байна, төр бидний тэжээх ёстой гэж ярьж байгаа хүн олон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг өгөх юм бол ийм хүний тоо цаашид улам л нэмэгдэж, бэлэнчлэх сэтгэлгээг улам гүнзгийрүүлэх болно. Австралийн уугуул иргэд яг ингэж газрын баялгийн хувь хүртэж суусаар өнөөдөр мөхөж байгаа шүү дээ” гэв. Дээрх гишүүд Монгол улсын эдийн засаг, ДНБ-ийн ихэнх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа болохоор тэдэнд өсч өргөжих боломж олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. 

Үүнээс гадна гишүүдийн хамгийн их сонирхож байсан асуудал бол хувааж өгөх гээд байгаа хувьцааны үнэ байв. ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар дээрх асуултад “Зөвлөх банкуудтайгаа энэ тал дээр их ярьж байгаа. Одоогоор нэрлэсэн үнэ нь хэд байх вэ гэдэг тодорхой болоогүй байна. Ямар ч байсан хөрөнгө оруулалтын банкууд ямар үнийн санал боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах байх. Ямар ч байсан дотоод болоод гадаадын хөрөнгийн бирж дээр 29 хувиа зараад 3 тэрбум орчим ам.доллар босгоно гэж тооцоолж байгаа” хэмээн хариулсан юм.

Тавантолгойн хувьцаа талцуулж байна



Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотойгоор УИХ 2010 оны долдугаар сард тогтоол баталж, “Эрдэнэс МГЛ” компанийн харьяа “Эрдэнэс тавантолгой” компанийг байгуулан Монгол Улсын нийт иргэдэд 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалах шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалах нь шударга бус хуваарилалт бий болгох болж буй учраас дахин нийт иргэддээ 10 хувийн хувьцаа эзэмшүүлэх нь илүү ончтой шийдэл болно хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр, Батж.Батбаяр, Д.Хаянхярваа нар үзэж, хуулийн төсөл санаачилсныг Засгийн газар дэмжсэн. Энэ асуудал УИХ дахь хоёр намын бүлгээр мөн хэлэлцэгдээд дэмжлэг хүлээсэн бөгөөд одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Эл асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт  “Иргэдэд нэмж “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас нэмж 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгоно гэж үзэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд иргэн бүрт 21 мянган төгрөг тарааснаас болж нэг өдөр 15000-20000 төгрөгөөр барилгын ажил хийчих хүн олдохгүй болжээ.  Болж өгвөл зүгээр сууж байгаад мөнгө авчих санаатай иргэн олон болсны зэрэгцээ мөн төрийн албанд ажилд орох сонирхолтой иргэдийн тоог өсгөжээ. Тиймээс төр дахиад Тавантолгойн хувьцаанаас иргэдэд үнэ төлбөргүй олгоно гэвэл ДНБ-ийн 80 хувийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжид хэн ажиллах болж байна вэ. Үүнд нэг тоймтой хариулт өгөөч гэлээ.

Дээрх асуултад хуулийн төсөл санаачилсан гишүүд хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь: -Бидний хувьд судалгаа хийж үзсэн. Монгол Улсад өнөөдөр 57 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс тэдний 80 хувь нь алдагдалтай ажилладаг. Ингээд ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь ердөө 2700 хүний гарт төвлөрч байна. Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг 2700 хүнд өгөх үү, 2.7 сая иргэндээ тэгш хуваарилах нь зөв үү гэдэг сонголтын өмнө ирж байгаа. Эцсийн дүндээ аж ахуйн нэгжүүдэд иргэд ажиллаж баялаг бүтээдэг. Хэрвээ аж ахуйн нэгжүүдэд дээрх хувьцааг олгоно гэвэл эзэд л авна. Тэр компанид ажиллаж байгаа ажиллагсдад энэ хувьцаа хуваарилагдахгүй. Тийм учраас иргэн бүртээ олгох нь зөв алхам болж байгаа гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Батж.Батбаяр: -Хэрвээ та бүхэн ард иргэдэд хувьцаа тараах нь буруу юм гэж бодоод бидний судалгаанд итгэхгүй байгаа бол ард түмнээс асуу. Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс тавантолгой” компанийн 5000 хувьцаа өгөх үү, аль эсвэл ард, иргэдэд 536 ширхэг хувьцаа хуваарилах нь зөв байна уу гэдгийг асуухгүй юу. Энд ингэж талцаж суухаар. Ер нь УИХ-ын гишүүд та бүхэн их сонин сонин юм ярьж байна. Яахаараа ард иргэд хувьцаа эзэмшиж болдоггүй, аж ахуйн нэгжийн захирлууд болохоор хувьцаа эзэмшиж болдог юм бэ. Дан ганц компанийн захирлууд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг баялаг болгож чаддаг, жирийн иргэд болгож чадахгүй гэсэн ойлголтоор хандах нь буруу. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа 7000 ам.долларт хүрнэ гэж байна, олон улсын хөрөнгийн бирж дээр. Тэгвэл иргэд 7000 ам.долларт хүрэх хувьцааг 70000 ам.доллар, бүр 700 мянган ам.долларт хүргэг л дээ. Энэ хувьцаа чинь бэлэн мөнгө тараахаас өөр зүйл гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаярын хувьд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалах ёстой байсан. Аж ахуйн нэгжүүдэд хувьцаа арилжаалахыг дэмжиж гар өргөн кноп дарсөн гишүүд одоо огт өөр юм яриад сууж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Ер нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас ард иргэдэд нэмж 10 хувийг үнэгүй эзэмшүүлнэ гэсэн энэ шийдвэрээс чинь болж Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлгээ нь хоёр дахин буурах болно шүү гэсэн юм.

Үүнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар санал нийлэхгүй байгаагаа мэдэгдлээ. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг ард иргэд эзэмшихээр хувьцааных нь үнэ хоёр дахин буураад, аж ахуйн нэгж эзэмшихээр үнэ нь өсөөд байдаг гэсэн ойлголт байж болохгүй. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү хувьцааг худалдан авах эрх нээлттэй. Хэрвээ иргэд хувьцаагаа зарна гэвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжүүд авах боломжийг нээж өгсөн байгаа гэсэн юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Тавантолгойн зарим асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана.

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


- “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

- “Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн 2011 оны орлого, зарлагын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

- Бусад.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:


- Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт;

- Бусад.

3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт;

- Цахим үнэмлэхний тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын танилцуулга сонсох;
- Бусад.

4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.

Тавантолгойн хувьцаанаас ард түмэнд 24, Үндэсний аж ахуйн нэгжүүдэд арван хувь олгохыг шаардлаа

Тавантолгойн хувьцаанаас ард түмэнд 24, Үндэсний аж ахуйн нэгжүүдэд арван хувь олгохыг шаардлаа
Тавантолгойн хувьцааны асуудлаар аж ахуй нэгжүүдийн зөвлөлдөх уулзалт МХАҮТ-д өчигдөр боллоо.

Засагт хамтарсан хоёр намын бүлэг УИХ-аас хэлэлцэж баталсан "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" 39 дүгээр тогтоолын "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны арван хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах тухай заалтыг цуцлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн тухай мэдээлэл гаргасныг "Монгол-999" нэгдэл, аж ахуй нэгжийн удирдлагууд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтаар үндэсний аж ахуй нэгжүүд түүний дотор хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засагг ямар үүрэг гүйцэтгэж байгааг хэд хэдэн зүйлээр дүгнэж, УИХ өмнө гаргасан тогтоолоо сайжруулах бус эргэж буцсан шийдвэр гаргасан тохиолдолд ямар сөрөг нөхцөл байдал үүсэхийг хэлэлцэж гарц хайсан юм.

Эцэст нь УИХ-ын гишүүдээс ард түмэнд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдах заалтыг хэвээр үлдээж, Монголын ард түмэнд 24, Үндэсний аж ахуй нэгжүүдэд 10 хувь гэсэн шийдвэр гаргахыг шаардлаа.

Ганц Тавантолгой ч биш Монголын байгалийн баялгаар эрх мэдэл бүхий цөөн хүн тоглож байгааг иргэд буруушаан шүүмжилдэг. Тэгвэл өнөөдөр ард түмэн, аж ахуй нэгжүүд хамтран тэдний эсрэг тэмцэхэд бэлэн, газрын баялгийг эзэмшихэд эдийн засгийн ч, үзэл бодлын ч эргэлт хийх ёстой гэсэн уур амьсгал нийгэмд ноёрхож байгаа нь эрх баригчдад сэрэмжлүүлэг болох биз.

Зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогчдын байр, суурийг сонирхлоо.

"Монгол-999"-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Амарбат:
ЭРХ БАРЬЖ БАЙГАА ХЭДЭН ХҮН МОНГОЛЫН БАЯЛГААР ТОГЛОЖ БАЙНА

-Гол асуудал нь Монголчууд газрын баялгийнхаа эзэд болцгооё гэж байгаа. Бүх юмны утга учир тэр. Өнөөдөр ард түмэн газрын баялгаа эзэмших ёстой гэсэн хоосон лоозон байгаа болохоос яг эзэмшсэн юм алга. Тиймээс энэ асуудлыг хувиараа бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд босгож ирсэн. УИХ үүнийг соргогоор хүлээж авч 2010 оны долдугаар сарын 7-нд түүхэн шийдвэр гаргасан. Тэр нь 39 дүгээр тогтоол.

Түүнийг хэрэгжүүлэх үүднээс хоёр оны зааг дээр хувьцаа эзэмшигчдийн болон Хөрөнгийн биржийн асуудлыг гарган тавьж, ажил өрнөж байтал тодорхой бизнесийн бүлэглэлүүдийн захиалгаар нэг Баагий болиулъя, ингэж болохгүй гэсэн юм яриад байгаа. Өөрөө бизнесээс гарч ирчихээд бизнесийн төлөөллийн саналыг эсэргүүцнэ гэдэг байж боломгүй. Ард түмэнд өгч болно, түүнийг ерөөсөө эсэргүүцэхгүй.

Тэгвэл бид газрын баялагтай, газартай холбоотой бизнес хийж байгаа компанийн хувьцааных нь 20 хувийг Монголын ард түмэнд эзэмшүүлж болох учиртай. Эцсийн бүлэгт тэр баялгийг хэн бүтээсэн юм бэ, байгаль дэлхий. Өвөг дээдэс маань тэр газрыг авч үлдээд бидэнд өвлүүлсэн. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа хэдэн хүн тоглож байна. Үүний эсрэг хувийн хэвшил, иргэд нийтээрээ тэмцэх ёстой. Бизнес эрхэлж байгаа хүмүүс өнөөдөр бүх эрсдэлийг үүрч, түрээс, татвараа төлж, ажилчдынхаа цалинг тавьж байгаа чирэгчид.

Гэтэл тэднийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ, юу нь болохгүй болчихоод хувийн хэвшлийнхэнд сонин байдлаар хандаад байгаа юм бэ. Энэ нөхцөл байдалд яагаад гэдэг асуулт тавигдаж таарна. Үүний төлөө бид босч тэмцэх ёстой. Эцсийн бүлэгт бүх зүйлийн утга учир нийгмийн зөвшилцөлд байх учиртай.

-Нэг Баагий гэж та хэнийг хэлж байна?
-Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Тэр бол "молекул" Батбаяр. Тэр нөхөр л бүхнийг шийдэх гээд яваад байгаа. "Аж ахуй нэгжийн нэгээс нь булааж авчихаад нөгөөд өгнө гэж юу яриад байгаа юм бэ. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байна" гэж хэлсэн өөрийнх нь үгийг та нар сонссон байх.

"Монгол 999 үндэсний нэгдэл" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхбат:


-Засгийн газраас 2700 орчим иргэний мэдэлд 23 мянган үндэсний компани байгаа гэх тооцоог гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ. Мөн Тавантолгойн хувьцааны талаар ямар бодолтой байна?
-"Монгол 999 үндэсний нэгдэл" компанид хувь нийлүүлсэн 2000 орчим компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн хувьцаа эзэмшигчдийн тоо 48 мянга болдог. Мөн "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв"-өөс гаргасан мэдээгээр 357 мянган иргэн компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн судалгаа бий.

Тавантолгойн асуудалд иргэд, аж ахуйн нэгжүүдийг ялгаж үзэж болохгүй. Компаниуд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 10 хувийг худалдаж авснаар тэнд хяналт бий болно. 2.8 сая хүн нэг компанийг хянана гэдэг хэцүү. Түүний оронд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад татвар төлж байгаа компаниуд хяналт тавихад амархан. Эрдэнэтэд хахууль, шахааны бизнес яаж хөгжсөн билээ. Тавантолгой түүнтэй л адил болно.

Түүний оронд бид хувьцаагаар хийсэн хөрөнгө оруулалтдаа илүү хариуцлагатай хандана. Бидний тооцоолсноор Тавантолгойн 10 хувь нь 70-100 тэрбум төгрөг болж байгаа. Тэр мөнгөөр Хонконг эсвэл Английн бирж дээр хувьцаа гаргах анхан шатны хөрөнгө босчихно. Бид өнгөрсөн жилээс Тавантолгойд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж хүсэлт гаргахад хариу өгөөгүй. Тэгсэн атлаа Хятадын компаниас 250 сая ам.долларын зээл авчихсан нь төр Монголчуудаасаа илүү гадаадынхныг дэмждэгийн илрэл.

2011/11/10

Тавантолгойн хувьцааг Лондонгийн биржид гаргана



Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр тус бүр гарган арилжаалах шийдвэр гаргалаа. Ингэснээр Тавантолгойн хувьцааг үнэ цэнэтэй болгох алхам бүрдэнэ хэмээн үзэж байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, зарим асуултад хариулт өглөө. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж борлуулах боломжтой байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Их Британид бүртгэлтэй “Эрдэнэс тавантолгой пи эль си” компани байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр манай Тавантолгойн орд газар үнэд хүрэх, хувьцаа нь ихээхэн эрэлттэй байх бололцоо бүрдэнэ. УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс тавантолгой”-н компанийн хувьцаанаас тодорхой хувь эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэр нь Тавантолгойн хувьцааг хамгийн өндөр үнэлгээнд хүргэж болох хувилбараар шийдэж байгаа нь энэ юм” гэлээ.
-Шийдвэрээ гаргачихлаа, харин ажил хэзээнээс эхлэх вэ?
-Цаг хугацаа ер нь тулчихсан байгаа. Дээрх биржүүдэд хувьцааг гаргахаар зөвхөн бүртгэлийн ажил гурваас дөрвөн сар үргэлжилнэ. Тэгэхээр Засгийн газрын хувьд Лондонгийн биржид Тавантолгойн ордын хувьцааг бүртгүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах болж байгаа.
-“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны нэгж хувьцааны үнэ хэд байх вэ. Ард иргэд хэдий хэмжээний үнэ цэнэтэй хувьцаа эзэмших болсноо мэдмээр байна гэж өнгөрсөн хугацаанд нэлээд сураг тавьж ирлээ?
-Одоохондоо үнэлгээг хийж амжаагүй байна. Ойрын хугацаанд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
-Хэд байх боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Урьдчилсан байдлаар одоогоор УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар 29 хувь гэж байгаа. Түүгээр тооцохоор гурван тэрбум ам.доллар орчим болох тооцоо гарч байгаа.

Хишиг, хувьцааны аль нь үнэтэй вэ?



Байзаарай, хувьцаа гэж юу билээ?
 Энэ долоо хоногт УИХ, Засгийн газрын гаргах эн тэргүүний шийдлийн нэг нь Тавантолгойн хувьцааг хэрхэн хуваарилах асуудал бололтой.

Эх орны хишиг 1,5 сая төгрөгөө өгөхийн хамт, 2,2 сая хүнд Тавантолгойн хувьцааг өгөх эсэх нь олон нийтэд тодорхой бус байна. Анх иргэн бүрт 536 хувьцаа өгнө гэсэн бол энэ нь одоо УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн хэлснээр 1047 болж өссөн бололтой. Гэхдээ тоог чанарт шилжүүлбэл ямар хариулт гарах бол.

Учрыг дэлгэхээс өмнө хувьцаа гэж чухам юу болох, ялангуяа хувьцааны талаар цухас дурдъя. Дэлхийн хамгийн баян хүн, одоо АНУ-ын эдийн засгийн сахиулсан тэнгэр нь болоод байгаа Уорн Баффет энэ л зах зээл дээр дөрөөлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Хувьцаа худалдаж аваад, үнэ хүрэхэд нь зарж болдог. Тэрээр багаасаа хэрсүүжсэн гэдэг.

Жижиг Тавантолгойн хувьцааны ханш 2008 онд Монголын хөрөнгийн биржид 105 төгрөгөөр арилжигдаж эхлээд, өнгөрсөн онд нэг сая 400 мянган тегрөг хүрсэн билээ. Хамгийн багаар бодоход ханш нь 10 мянга дахин өссөн байна. Хот, хөдөөнийнхөн хөрөнгийн биржийн ягаан байшингийн гадна хэдэн өдөр дарааллаж, энэ хувьцааг өөрийн болгох гэж шуугилдаж байсныг уншигчид санаж байгаа биз.

"Баянгол" 2009 онд 16 мянган төгрөгийн ханштай байсан бол өчигдрийн байдлаар бараг гурав дахин өсч 39 мянган төгрөгт хүрсэн байх юм. Аргагүй л аазгай хөдөлгөсөн, хэтэвчээ бариад хөрөнгийн биржид дугаарламаар сайхан мэдээ байгаа биз.

Байзаарай, бас учир бий. Олон нийтэд нээлттэй, алдагдалтай эвлэрдэггүй, бусдын юмаар хүүдэгнэдэггүй компанийн хувьцаа л авсан эзнээ хуурахгүй. Хатуу дүрэмтэй энэ зах зээлд алдах эрх нь компанид, хохирол нь иргэдийн нуруунд буудгаас болгоомжлохыг хаа сайгүй л сануулдаг. Эх орны хишиг ирэх оны зургадугаар сар хүртэл тараагдаж дуусах учиртай. Хувьцааг иргэн бүрт өгөх гээд байгаа нь сонгуульд тэсч үлдэх гэсэн улстөрчдийн тохироо ч байж мэдэх. Тэглээ гээд үр ашигтай, авсан, өгсөндөө өлзийтэй бол ярих юм алга. Эсвэл тараах мөнгө нь хүрэхээ байгаад оронд нь Тавантолгойгоороо дэнчин тавьж байж ч болзошгүй. Эдийн засагчид ч ийн хардаж буйгаа нуусангүй.

Д.Сугар: "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааны үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ


Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн гуравдугаар сард ийн хэлж байлаа. Харин Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-иин дарга Б.Баярсайхан өнгөрсөн сард "Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой компаний хувьцааны нэрлэсэн үнэ гэж гараагүй байгаа. Ер нь нэрлэсэн үнэ компани хэр зэрэг үйл ажиллагаа явуулж байна вэ, хэр сайн байгаагаас хамаарч үнэ нь өндөр байх уу бага байх уу гэдэг нь шийдэгдэнэ" гэсэн юм.

Гэтэл "Иргэний хувьцаа" төрийн бус байгууллага нэг хүн хэдэн төгрөгийн хувьцаа эзэмших боломжтойг тооцоолжээ. Энэ тооцоогоор 13 мянган ам.долларын хувьцаа эзэмших боломжтой аж.

Лондоны хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн гүйцэтгэх захирал Максим Кондратжукс: Тавантолгойд олон асуудал тулгарч байна


"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг арилжаалах ажлыг Лондоны металлын бирж эхлүүлэхээр болсон. "Тавантолгойн ордод өнөөдрийн байдлаар олон асуудал тулгарч байна. УИХ-аар Үнэт цаасны тухай хуулийг баталсны дараа бид энэ талаар ярьж болох юм. Бид хуулийг л хүлээж байгаа учраас цаг хугацаа гэдэг хүнд асуудал болоод байна" гэж Лондоны хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн гүйцэтгэх захирал Максим Кондратжукс манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Олон нийтэд төр, засгаас өгч буй мэдээлэл ердөө л энэ. Гэтэл дэлхий дахин шинэ хямралтай нүүр тулж байна. Зэс, алтны ханш уруудаж буйг Дэлхийн банк мэдээллээ. Хувьцаа бус металл худалдан авах гэсэн гадаадынхны түгшүүр манай эдийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Гадаадын биржүүдэд Тавантолгойн хувьцаа үнэ хүрч байж л сая Монголчуудад ашгаа өгнө. Гэтэл Монголын Засгийн газар төсвийн алдагдалд баригдаж, мөнгө тараахаас өөрийг хийхээ больсныг олон улсын байгууллагууд хэлдэг. Энэ тохиолдолд эх орны хишиг, хувьцааны аль нь үнэтэй болж таарах вэ?

2011/11/03

“Эрдэнэс тавантолгой” авто зам тавина


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр өмнө говь дахь бүтээн байгуулалтын ажилд тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл сонсч, дөрвөн чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар болж, тогтоолуудыг баталсан байна.

Нэгдүгээрт, Тавантолгойн ордод олборлолт эхэлж, Оюутолгойд бүтээн байгуулалтын ажил өрнөж буй ч цахилгаан эрчим хүчний дутагдалтай байгаа гэнэ. Оюутолгой компанийнхны хувьд урд хөршийнхнөөс цахилгаан гуйж яваа. Иймд Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих, энэ ажлыг “Эрдэнэс тавантолгой” компани хариуцаж гүйцэтгэх ёстой гэж үзжээ. Ингэхдээ Концессын гэрээгээр гүйцэтгүүлээд улмаар төр буцаан өөрийн мэдэлд буцаан авах боломжтой гэж үзсэн юм байна. Мөн Оюутолгойн ордод үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж цахилгаан станц барих шийдвэрийг гаргажээ. Гэхдээ тус станцын хувьд хэрэглэх нүүрсээ Тавантолгойгоос авах ёстой гэдгийг энэхүү тогтоолд онцлон зааж өгсөн байна.

Хоёр дахь асуудал нь авто замтай холбогдож буй юм. Хэдийгээр “Энержи ресурс” компани нь Ухаа худгаас хил хүртэл авто зам тавьсан ч Тавантолгойн ордын нүүрсийг тээвэрлэхэд хүчин чадлын хувьд хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компани Тавантолгойн ордоос хил хүртэл хүнд даацын машин тээвэрлэлт хийх боломжтой хатуу хучилттай авто зам тавих үүргийг өнөөдрийн хуралдаанаас хүлээжээ. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанийн тавьсан авто замтай зэрэгцүүлэн  дахин авто зам  тавих аж. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд цахилгаан станц барих, мөн авто зам барих гэсэн дэд бүтцийн чанартай хоёр том ажлыг нугалах үүрэг хүлээсэн нь нэг ёсны Монгол Улсын иргэн бүрт хүртээхээр болсон 536 ширхэг хувьцаан дээр +1 ширхэг давуу эрхийн хувьцааг үнэд хүргэх гэсэн Засгийн газрын хүчин чармайлт аж. Тодруулж хэлбэл, удахгүй “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргана. Энэ үед дэд бүтцийн нөхцлүүдээ хангачихсан байх нь хувьцаа олон улсын зах зээлд үнэд хүрэх нэг том суурь болно гэж үзсэнтэй холбоотой юм байна.

Гурав дахь асуудал нь устай холбогджээ. Оюутолгой, Тавантолгойн ордуудыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр цагт өмнийн говь усны гачаалд орж болзошгүй байгаа. Энэ эрсдлийг урьдаас харж төлөвлөх шаардлагатай гэж үзэн судалгааны ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн өнөөдрийн хуралдаанаас үзжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд Орхон, Сэлэнгээс усны хоолой татан өмнийн говийн усны хомсдлыг шийдэх ямар гарц байгааг энэхүү судалгааныхаа хүрээнд гаргаж ирэх аж.

Дөрөв дэх нь Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын төлөвлөлт юм байна. Эдгээр боомтын хүчин чадлын төлөвлөгөөг 2011 онд багтаан гаргах үүргийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хүлээжээ. Учир нь боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж  байж Оюутолгой, Тавантолгойгоос олборлох бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд цаг хугацаа алдахгүй гаргана.

Мөн Өмнийн говьд бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай холбоотойгоор Ханбогд, Цогтцэций, Гурвантэс зэрэг сумдад хэдий хэмжээний хүн суурьших. Хотжилт ямар байдлаар бий болох вэ гэдгийг төлөвлөх ёстой гэж үзсэн байна. Сумд ямар байдлаар хөгжих ёстой вэ гэдгийг 2012 оны зургадугаар сард багтаан оруулж ирэх ёстой гэж үзжээ. Энэ асуудлыг мөн л сайд Х.Баттулга хүлээжээ.

Мэдээллийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд өглөө.

2011/11/01

“Тавантолгой”-н ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ 60 гаруй хүний 50000 гаруй хувьцааг хууль бусаар өөрийн болгосон нь тогтоогджээ

Left Banner
Монгол Улсын иргэн бүр стратегийн чухал орд болох Тавантолгойгоос эрх тэгш, ижил хувь хүртэхээр болсон. Харамсалтай нь хувь хишиг хүртэх асуудал яригдаж эхэлсэн цагаас л завшигчид амар заяа үзэлгүй аль хэдийнэ бусармаг үйлдлээ хэрэгжүүлээд эхэлсэн байх юм.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга буюу "Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер дилерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэмшигчдийн нэр хаяг, регистрийн дугаарын нэг тоо, нэг үсгийг өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан түүний хууль бус ажиллагаа шалгалтаар тогтоогдоод байгаа аж. Түүний энэхүү хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо ч хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд “Ажнай инвест” брокер дилерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэдээлсэн гэжээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс Д.Бат-Эрдэнийн увайгүй үйлдэл нь дээрх заалтыг зөрчсөн болохыг тогтоожээ.
Мөн тус компани нь “Марал инвест” компаниар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан “Тавантолгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. Тодруулбал, “Марал инвест” брокер дилерийн компанийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Тавантолгой” ХХК-ийн 15.756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат-Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь дээрх хоёр компанийн брокер, дилерүүд хуйвалдан иргэдийн хөрөнгийг хууль бусаар цөөн иргэдийн өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа юм. Тэд бүр нас барсан хүнийг хүртэл амьдруулжээ. Иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг нас барснаас нь хойш үйлдсэн болохыг тогтоосон аж.
Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй баячуудын луйвардаж олсон мөнгө хоолойгоор нь түвэггүйхэн гэгч хоол болж давдаг нь гайхмаар. Гэвч “Нүгэл нүдээрээ” гэдэг. Хулгай, луйвар, булхай хэзээ нэгэн цагт илэрдэг л дээ.

“Зүүн Цанхийн хөрөнгө оруулалт тасалдаж магадгүй" гэжээ


"Ройтерс" агентлаг "Монголын холбогдох албаны хүн Тавантолгойн хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалт удахгүй дуусна гэдгийг баталлаа" хэмээн онцолжээ.
Хонконгод болсон "Монголын хөрөнгө оруулалтын чуулган"-ы үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар дурьдаж, ирэх арваннэгдүгээр сард хэлэлцээрийг хийж эхэлнэ хэмээн мэдээлсэн байна. Тэрбээр энэ асуудлыг ойрын гурван сарын дотор шийдвэрлэхгүй бол Тавантолгойн ордын үйл ажиллагаанд бүхэлд нь нөлөөлж болзошгүй байгааг сануулсан байна. 
Олон улсын хөрөнгө оруулагч компаниудыг Тавантолгойн баруун Цанхийн стратегийн түншээр сонгох ажил хойшилж байгаагаас болоод зүүн Цанхийн хөрөнгө оруулалт ч саатахад хүрээд байгаа юм. Энэ тухай "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож магадгүй байгаа Грэм Хэнког мөн "Ройтерс" агентлагт ярьжээ. Түүнээс гадна тэрбээр "Тавантолгойн зүүн Цанхийн IPO-г олон улсын аль Хөрөнгийн бирж дээр хэдийнээс гаргах вэ гэдгийг товлоогүй байгаа" гэсэн байна.
Одоогийн байдлаар Тавантолгойн баруун Цанхийн IРО-ийн менежментийг хийхээр “Голдман Сакс”, “Дойчэ банк”, “BNP Paribas”, “Macquarie” банк сонгогдоод байгаа. Эдгээр банкны төлөөлөгчдийн зарим нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн зах зээлийн нийт үнэлгээ 15 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн үзэж байгаа юм. Харин албаны хүмүүс IPO хийх банкуудын тоог хоёроор нэмж магадгүй тухай мэдээлсэн билээ. 
"Wall street journal" сонинд "UBS" банкны үйл ажиллагаа хүндхэн байдалд орсон тухай саяхан мэдээлэхдээ "Тус банк коксжсон нүүрсний асар их нөөцтэй Тавантолгойн IPO-г амжилттай гаргах эсэх нь эргэлзээтэй байна" хэмээн онцолсон юм. 
Ямартай ч Тавантолгойн баруун Цанхийн хөрөнгө оруулагчдыг сонгох ажил удааширч байгаа нь гадны хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа аж. Тэд "Монголын эрх баригчид гол донор орон болох Япон, Өмнөд Солонгосын компаниудыг сонгохын тулд ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулалтын явцыг удаашруулж байна" хэмээн дүгнэх болж. Харин энэ бүхэн нь зүүн Цанхийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол.
Хятадын "Чайналко" компанийн төлөөлөгчид саяхан гаргасан мэдэгдэлдээ ойрын гурван жилийн дотор Тавантолгойгоос 45 сая тонн коксжсон нүүрс худалдаж авна хэмээн дурьдсан. Энэ бол өнгөрсөн долоодугаар сард "Эрдэнэс МГЛ" компанитай байгуулсан гэрээн дээр үндэслэж гаргасан тооцоо хэмээн тэд тайлбарлажээ. Харин Тавантолгойн зүүн Цанхийн ордыг эзэмшдэг хугацаатай борлуулалтын гэрээг үзэглэсэн юм. Монголын тал "Чайналко"-оос урьдчилгаа төлбөр 250 сая ам.доллар авч, үүнийгээ төлж дуусах хүртэл нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдахаар болоод байгаа. 
"Чайналко" компани ч үүнийг ашиглаж, нүүрсний худалдан авалтаа нэмэх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Гэхдээ зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 10 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн тооцож буй зүүн Цанхийн хөрөнгө оруулалт баруун Цанхиас болоод саатах гэж байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хонконгод болсон "Монголын хөрөнгө оруулалтын чуулган"-д оролцох үеэрээ хэлжээ. 
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр тэрбээр Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгох асуудал удааширч, ирэх оны сонгуулийн дараах үе хүртэл хойшилж магадгүй тухай сануулсан байна.
Ямартай ч удахгүй болох сонгуулийн дуулианаар Монголын улс төр, эдийн засгийн орчин тогтворгүй болж байгаа тухай шинжээчид онцлох болсныг "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Тэд ийм дүгнэлт гаргахад нөлөөлсөн зүйл бол яах аргагүй Оюутолгойн гэрээ юм.

БАЯРЛАН ГОМДСОН АМЕРИК, ХЯТАД “ХУРИМЫН ЗАР” ТҮГЭЭЖ МЭДНЭ



Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн ордын Баруун Цанхийн хэсэгт хөрөнгө оруулах стратегийн түншүүдэд оноосон хувь эзэмшлийн талаар дахин хэ лэлцээ хийж эхлээд байгаа. Өмнө нь явуулсан сонгон шалгаруулалтын дүнд Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах олон улсын консорциумаас БНХАУ-ын “Шинхуа” групп 40, АНУ-ын “Пибоди” 24, Орос, Монголын хамтарсан консорциум 36 хувийг (18:18) хамтран эзэмшихээр болсныг дэлхий дахинд зарласан билээ. Япон, БНСУ-ын компаниуд манай талд ойшоож үзэх олигтой санал хэлээгүйгээсээ хувь эзэмшилгүй хоцорч, Баруун Цанхиас шахагдаад байв. Харин Монгол Улсын ҮАБЗ Засгийн газарт Баруун Цанхийн хэлэлцээг дахин эхлүүлэх зөв лөмж өгсөн нь орос “ээжтэй” Япон, Солонгосын компаниудад Тавантолгой төсөлд оролцох боломж байлаа.
ГЭДИЙГСЭД БӨХИЙХ БОЛОВ
Ажлын хэсэг Америк, Хятад, Орос, Япон, Солонгос гэсэн таван том улсын компаниудтай дахиад л тулав. Унасан бөхөд шалтаг мунддаггүйчлэн “Монголын Засгийн газар тендерийг шударга бусаар явууллаа” хэмээн Япон, Солонгосын компаниуд “уйлж” зуссан бол, Кремль хэвлэлийн шүүм жээр “бөм бөгдөж” намаржсан билээ. Япон, Солон госын компаниуд Оросын тал ын баг цад багтан Баруун Цанхийн хэлэл цээнд оролцсоор ирсэн. Тэдний илэрхийлж байсан байр суурь Ажлын хэсгийнхний анхаарлыг татаж чадааг үй учраас орос “ээжийн” бүл 18 хувьтай хоцроод байлаа. “Монголын Засгийн газар хувиа чамласных нь тоолонгоор нэмж олгоод байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Хамгийн гол нь Монголд ашигтай юу хийх гээд байгаа юм, тэр саналыг нь судалж байж л шийднэ. Оросоор ахлуулсан нэгдэлд Монголын тал 18 хувиасаа тодорхой хувийг өгөх хувилбар байж болох байх. Ажлын хэсэг хэлэлцээний үеэр Монгол Улсын ашиг сонирхлыг хатуу тулгаж байгаа.
Америкийн “Пибоди”-гийн 24 хувь, Хятадын “Шинхуа Энержи”- гийн 40 хувиас ч хасагдаж болно. Аль нэг талын хувийг нэмэхийн тулд үл дэж байгаа хувь хэмжээнүүдээс ха саж шил жүүлэх л арга байдаг биз дээ” хэмээн Тэргүүн Шадар сайд, Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг манай сонинд өгс өн ярилцлагадаа хэлсэн. Энэ удаа 18 хувиа чамласан Орос хийгээд “ээжийнхээ” хувиас хүртэж чадахгүйд хүрсэн Япон, Солонгосын компаниудад нэмж оноох хувь хэмжээний талаар хэлэлцэж буй бөгөөд “Оросын төмөр зам” нэгтгэл, Япон, Солонгосын “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни”, “Корес” группүүд “Монголын хүн ам цөөн уч раас то моохон үйлдвэр барьж байгуулахад бэрхшээлтэй” хэмээн гэдийсэн хатуу байр сууринаасаа буцаж эхэлсэн байна. Тэд коксын үйлдвэр, цахилгаан станц байгуулахад техник, технологийн тусламж үзүүлэхээ илэрхийлж, урьдчилж төлөх төлбөрийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг ч зөв шөө- рөх болжээ. Оросын хувьд төмөр замд оруулахаар санал болгосон хөрөнгөө нэмэхээр амалж байгаа аж. Ийнхүү Орос тэргүүтэй Япон, Солонгосын ком паниудын нэг дэлд оноосон 18 хувийг нэмэх магадлал бий болоод байна. Хувьтай болохоор мачийж бай гаа компаниуд шинэ хэлэлцээнд ирэхдээ овоо дуулгавартай болсон нь сайшаалтай. “Өгнө өгнө, өгөлгүй яах вэ” хэмээн мишээн бөхийх болсон аж.
ЯЛАГСАД УУРЛАВ
Баруун Цанхийн хэлэлцээ эргэж буцсанаараа өмнөхөөсөө ч ярвигтай уур амьсгалд өрнөж байна. Хувиа нэмүүлэхээр хэлэлцээг дахин эхлүүлж чадсан тал урам зориг дүүрэн байдаг юм байж. Харин өмнөх хэлэлцээний дүнд хамгийн өндөр хувь авсандаа сэтгэл хангалуун байсан талууд өдгөө гомдол тунирхлаар Монголын Засгийн газрыг булах болжээ. “ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгт гэлээр ахлуулсан Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” ком паниуд, БНСУ-ын “Корес” групп зэ рэг 11 компанийн нэгдэл”-ийнхэн өмнөх хэлэлцээний үеэр Монголын Засгийн газартай хэлэлцээ хийхдээ ярьж тохирсноосоо эргэж буцан хуйс гануур аашилж буйд 40 хувийн квот атгаад байсан БНХАУ-ын “Шинхуа”, 24 хувийн эрх олсноо үл чамлан олзуурхаж асан АНУ-ын “Пибоди” групп тун таагүй хандаж байгаа аж. Одоогийн байдлаар Хятад, Америкийн тал тус бүр 40, 24 хувиасаа Орос, Япон, Солонгосын талд шилжүүлэхгүй гэсэн байр сууриа Засгийн газрын Ажлын хэсэгт шийдэмгий илэрхийлж байгааг эх сурвалж өгүүллээ. Тэд “баярлан гомдоосонд” ууртай байгаа аж.
Засгийн газар өмнөх хэлэлцээний үеэр Хятад, Орос, Америкийн талтай урагш болон зүүн тийш төмөр зам тавихаар талууд тохиролцоонд хүрсэн, 600 мегаваттын цахилгаан станц, нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцсоноо хэлэлцээний гол үр дүн хэмээн онцолж байв. Хөрөнгө оруулагчид Монгол Улсад 500 сая ам.долларыг буцалтгүйгээр олгож, нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болсон бөгөөд Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна лиценз эзэм шигч “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан бор луулалтын орлогоос таван хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохи ролцсондоо Ажлын хэсэг баахан олзуурхаж байсан. Хэдийгээр энэ удаагийн хэлэлцээ ярвигтай нөхцөлд өрнөж буй боловч өмнө нь ярвайж байсан талуудын Тавантолгой дахь идэв хийг сэргээсэн, Монголын талын ашиг сонирхолд илүү нийцсэн нөхц өлд өрнөх болов. Заримыг нь уурлуулан байж, хэлэл ц ээний дүнгээс буцаж байгаа нэгэн шалтгаан юу гэвэл, хувьцааны ханшийн бодлого аж. Эдгээр та ван улсын компанийн аль аль нь санх үүгийн ертөнц дэх нэр хүндээрээ Таван толгой төслийг дэлхийн зах зээлд таниулах боломжтой. 2012 оны эхний улиралд олон улсын хөрөнгийн биржүүдэд Тавантолгойн хувьцааг гар гах бөгөөд Монголын иргэн бүрт ирэх 536 ширхэг үнэ ханшид эдгээр компанийн нэр хүнд нөлөөлөх юм.
ХЯТАД АМЕРИКТАЙ “ГЭРЛЭЖ” МАГАДГҮЙ
Эдгээр таван улсын компаниуд ахиухан хувь оролцоо олохоор хүч мэдэн өрсөлдөж буй Баруун Цанхийн хэсэгт хамгийн багаар бодоход 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ердөө 10 орчим хувь оршиж буй юм. Гэвч “ердөө” гэж чамлахааргүй нүүрсний арвин баялаг энд бий. Хог нь хүртэл мөнгө болох ийм л орд. Тиймээс коксжих нүүрсээ л онилоод байлгүй, эрчим хүчний гэгддэг хүрэн нүүрсээ борлуулахын тулд Ажлын хэсэг Хятадад “найр тавихаас” аргагүйд хүрч 40 хувь оноосон гэж тайлбарладаг. Хятадын тал өмнөд дэх аварга зах зээл төдийгүй дамжин өнгөрөх боомт, Тавантолгойн эрчим хүчний нүүрсний гол худалдан авагч болж таарна. Оросын хувьд коксжих нүүрсэнд горилж буйгаас биш, тэдэнд манайхаас хүрэн нүүрс авах ямар ч сонирхол байхгүй нь ойлгомжтой. Баруун Цанхийн хэсэгт хөрөнгө оруулах олон улсын консорциумд ашиглалтын лиценз олгогдохг үйгээрээ онцлог.
Хөрөнгө оруулагчид Баруун Цанхи дахь бүх хөрөнгө оруулалтыг хариуцах бөгөөд 15 жилээр хоёр удаа буюу нийт 30 жилийн туршид олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг явуулах эрхтэй. Ингэхдээ нийт хугацаанд 600-900 сая тонн нүүрс олборлох квот яригдаж буй юм. Харин одоо Хятадад оноосон 40 хувиас Оросын бүл рүү шилжих нөхцөл бодитой болбол өмнөд хөрш хэрхэх бол? Хэдийгээр хятадууд одоо шилжүүлэхгүй хэмээн гүрийж буй боловч энэ нь Монголын Засгийн газрын толгой мэдэн гаргах шийдвэр юм. Тэд оросуудыг бодвол дургүйцлээ нууж чаддаг тулдаа дэлхийн хэвлэлүүдийг шуугиулахгүй байх шиг.
Америкийн талд ч Хятадынх тай адил хувиа шилжүүлэх зовлон нүүрлээд байгаа юм. Эдгээр хоёр тал Баруун Цанхийн хэлэлцээ эхлэхээс өмнө нэг консорциум болж оролцохоо мэдэгдэж байсан шүү дээ. Тэгэхээр шинэ хэлэлцээгээр хувь хэмжээнээсээ хасуулсан тохиолдолд “Шинхуа энержи”, “Пибоди” хоёр энэ төсөлд хүчээ нэгтгэж ч мэдэх юм. Ерөөс Баруун Цанхийн хэлэлцээ эргэж буцахыг урьдчилан төсөөлж, “Шинхуа энержи”, “Пибоди” нэгдэх байснаа болиод аль болох ахиу хувь горилон тусдаа оролцсон байж болох. Одоо үргэлжилж байгаа хэлэлцээний дүн гарсны дараа Засгийн газрын шийдэх хамгийн чухал асуудал бол эдгээр таван талын аль компани нь нүүрсээ олборлох вэ гэдгийг шийдэх явдал юм. Хүчин чадал, туршлага зэргийг харгалзан үзвэл, мөн л “Пибоди Энержи”, “Шин хуа Энержи” хоёрын нэг байх магад лалтай. Эсвэл тэр үед эдгээр хоёр компани хэдийн нэгдсэн байх хувилбар бий

Монгол Австралийн нүүрсний зах зээлийг булаав


Хятад руу нийлүүлж буй коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээрээ Монгол улс Австралийн емнө оржээ. Энэ оны эхний найман сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний нийт импортын 43 хувийг Монгол улс хангасан байна. Хятадын коксжих нүүрсний импорт 2011 оны эхний найман сарын хугацаанд 26.49 сая тоннд хүрчээ.

Харин Австрали улс үүний 21 хувийг нийлүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үед уг үзүүлэлт 37 хувь байсантай харьцуулахад нэлээд буурсан аж. Хятадын Монголоос коксжих нүүрсээ импортлох сонирхолтой байгааг судлаачид хямд үнэтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Гишүүд Тавантолгой, Ухаахудагийг тандлаа



УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүд Засгийн газрын мэдээлэл сонслоо. Энэ удаа эрхэм гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг "Энержи ресурс" ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаарх асуулгын хариуг сонссон юм. Ерөнхий сайд С.Батболд АНУ руу Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд оролцохоор явсан тул Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсан юм.

Д.Зоригт сайдын мэдээлснээр Засгийн газраас 2007 оны арванхоёрдугаар сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилон ажиллуулж, тус ажлын хэсэг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлыг дөрвөн сарын турш олон хувилбараар хэлэлцжээ. Ингээд “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан зургаан лицензээс таван лицензийг төр өөртөө шилжүүлэн авч, Тавантолгойн нүүрсний ордоос тусдаа орд болох Ухаахудаг ордод ашигт малтмалын ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэн, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал н.Лхагвадорж нар 2008 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан байна. Ухаахудагийн ордын тусгай зөвшөөрлийн талбайд ноогдох нөөц нь Тавантолгойн нийт нөөцийн дөрвөн хувьтай тэнцэж байжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордод төрийн эзэмшил 50 хүртэл хувьтай байж болно гэж зааснаас илүү хувийг төр өөртөө авч үлдсэн нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн асуудал болсон хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хэлэв.

Тавантолгой ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор баталжээ. Тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагаа явуулж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компанийн хэлбэрээр байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг зааж өгчээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дүрэмд уг компани 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заасан байна. Монгол Улсын иргэдэд эхний ээлжинд хувцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн, татвар төлж буй аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр борлуулах, хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж, ордыг ашиглахад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлыг тогтоолд заажээ.

Стратегийн ач холбогдол бүхий ураны Дорнод, Мардай, Гурванбулагийн ордуудыг ашиглах асуудлыг Цөмийн энергийн хуулиар хэрэгжүүлэх юм байна. Уг хуулийг батлахаас өмнө ураны орд эзэмшүүлснийг шилжүүлэн шинэчлэн бүртгэж байгаа юм байна. Асгатын мөнгө, Цагаансуваргын ордуудын асуудлыг Ашигт малтмалын хуулийн дагуу зохицуулж байгаа гэж сайд хэллээ.  

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Тавантолгойн ордоос Ухаа худаг хэдэн хувийг эзэмшиж байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Ингэхдээ “Энержи ресурс” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр Ухаа худгийн 20 хувиар хувьцаа гаргаж, 700 сая ам.доллар босгосон байгаа. Түүгээр тооцохоор Ухаа худаг 3.5-4 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Том тавантолгойн ордыг үнэлсэн Дэлхийн банкны судалгаа бий. Тус банк Том тавантолгой бол 15 тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн. Ухаа худгийн үнэлгээ дөрвөн тэрбум болж байна гэдэг нь үндсэндээ дөрөв биш, 40 хувийг “Энержи ресурс”-т өгчихсөн юм биш үү гэж үзэхэд хүргэж байна. Хоёрдугаарт, нөхөн олговорт яагаад заавал Ухаа худгийг өгсөн бэ” гэлээ.

Энэ асуултын хариуд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Ирээдүйд олох ашгийг өнөөдрөөр тооцож гаргадаг аргачлал бий. Тэр хүрээнд гаргасан тооцооллууд. Том тавантолгойгоос олборлох олборлолт жилдээ 15 сая тонн, цаашид 20 сая тоннд хүргэнэ. Ухаа худгийнх мөн жилийнх нь олборлолт 15 сая тонн байгаа. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийн нөөц маш их учраас олборлолт урт хугацаанд явна, харин Ухаа худгийнх дуусна гэж ойлгох хэрэгтэй. Харин Том тавантолгойгоос яагаад заавал Ухаа худгийг салгаж “Энержи ресурс”-д өгсөн бэ гэдэг нь тусгаарласан салангид хэсэг байсан учраас өгсөн” юм гэлээ.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Гүндалай
Тавантолгой ордыг хэд хуваачихаад байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн тоо гарч байгаагаас бүр төөрчихөөд байгаа аж. Мөн тэрбээр монголчууд өөрсдөө яагаад Тавантолгойн Зүүн цанхийн ордод олборлолт явуулж болохгүй гадаадынхны дунд тендэр зарлаад байгааг сонирхов. Учир нь орон нутгийн өмчит Тавантолгой компани, “Энержи ресурс”, “Эрдэнэс МГЛ” компаниуд нүүрс олборлон бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаад байхад ямар шалтгаанаар Зүүн цанхид гадаадын компани хэрэгтэй болчихоод буйд шалтгаан хэрэгтэй гэж үзсэн юм.

Ашигт малтмалын газрын даргын тайлбараар бол Тавантолгой орд дээр долоон лиценз байдаг. Нэг лицензийг нь орон нутгийн өмчит Тавантолгой, хоёр дахь лицензийг “Энержи ресурс”,  үлдэж байгаа таван лиценз нь “Эрдэнэс МГЛ” компанид хамаарна. Нөөцийн хувьд авч үзвэл тогтоогдсон нь “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэл дэх талбайд 600 сая тонн нүүрс, “Энержи ресурс”- т хамаарах Ухаа худгийнх 411 сая тонн нүүрс, орон нутгийн өмчит жижиг Тавантолгойнх 110 сая тоннын нүүрсний нөөцтэй аж.

Харин Тавантолгойн ордын Зүүн цанхид яагаад заавал гадаадын оператор компани оруулж ирэх гээд байна вэ гэдэг нь нэг талаар монголчуудын хувьд тэднээс суралцах зүйл олон байгаатай холбоотой. Нөгөө талаас дээр нэр дурдсан компаниудын хувьд тэр дундаа орон нутгийн өмчит Тавантолгойн  хувьд гол төлөв хятадууд ажилладаг. Экскваторын жолоочоосоо эхлээд бүгд хятадууд байдаг. Өөрөөр хэлбэл, хятадуудаар ухуулж, ачуулаад эзэмшигчид нь зөвхөн нүүрсний гэрээгээ хийж мөнгөө халаасалдаг байна. “Эрдэнэс МГЛ” компанийг том Тавантолгойд олборлолт явуулахдаа гадаадын компанитай гэрээ байгуулж ажилла гэсэн үүргийг УИХ-аас даалгасан. Энэ хүрээндээ ажил явж байгаа. Долоон жилийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Цаашдаа гэрээ дуусахад монголчууд өөрсдөө бие даан олборлолт явуулдаг болсон байх ёстой. МАК компанийн хувьд Нарийн сухайт дээр бие даан олборлолт явуулж байгаа юм байна. Нэг ёсондоо цаашид монголчууд том Тавантолгойн орд дээрээ бие даан олборлолт явуулахад ирэх долоон жилийн хугацаанд суралцах шаардлагатай болж буй нь энэхүү асуулгын үеэр хөндөгдсөн юм.


Зарим гишүүний тавьсан асуулт, сайдын өгсөн хариултаас дурдвал,

Гишүүн Ц.Шинэбаяр: -Өнөөдөр А лиценз 1207 ширхэг байна. Үүнийг 21 аймагт хуваавал нэг аймагт 60 уурхай, 60 лиценз ногдож байна. Гэтэл 60 уурхай, 60 лицензтэй аймгууд хөгжихгүй байна.  Ард түмэн, аймагт орлого нь очихгүй цөөн тооны хүний гарт очиж байна. Ухаахудагийн хувьцаанаас Хонконгийн бирж дээр зарсан тохиолдол гарсныг Хонконгийн хэвлэлүүд мэдээлсэн байсан. Төр, яам үүнийг анхаарсан уу?

Сайд Д.Зоригт: -Уурхай, лицензээс аймгууд ашиг олдог уу гэвэл Монгол Улсын 12 аймаг улсын төсвөөс татаас авахаа больж төсөвт мөнгө өгөх боломжтой болж байна. Уул уурхайгаар өөрөө өөрийгөө аваад явдаг аймгуудтай боллоо. Өмнөговь аймаг 65 сая төгрөг өгч байна. Говь-Алтайд төмрийн хүдэр ашиглаж байна. Эх орон, ард түмэн яриад шударга хүн болоод байвал улс орон хөгжихгүй. Хорин жил ярьснаараа бол бид одоо диваажинд амьдарч байгаа. “Энержи ресурс”-ээс 14 компаниас Петровис, Шунхлай, MCS-ээс бусад нь гарсан гэлээ. Харин Хонконгийн бирж дээр хувьцаа зарсан талаар дурдсангүй.

Гишүүн Д.Оюунхорол: -Төр нэг бол хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг. Нөгөө талаасаа хувийн хэвшлийнхнийг хамгийн муу менежер, олигархи, харамч, луйварчин гэдэг. Монголын төр 20 жилд хувийн хэвшлийг дэмжсэнгүй. Гэтэл хувийн хэвшлийнхэн өөрөө өөртөө мөнгө олж, ДНБ-ний 80 хувийг гүйцэтгэдэг болсон. Төр энэ олон замбараагүй лицензийг цэгцлэх тал дээр анхаарах уу?

Сайд Д.Зоригт: -Наймааны хэрэгсэл болоод байсан лицензийг цэгцэлж байна. Нийт 7000 гаруй лицензээс 3000 гаруй лиценз үлдээд байгаа.

Гишүүн Батж.Батбаяр: -Тавантолгойг төр авсан нь зөв байсан уу.Төр авсан 96 хувь өнөөдөр яаж ажиллаж байна. Нөгөө дөрвөн хувь яаж ажиллаж байна Төр одоо ард түмэнд өгнө гэж хурааж авсан юмаа өөр компанид өгнө гээд байна. Социализмын үе шиг нэгээс нь хураагаад, түүнийгээ  нөгөөд нь зарж болох уу. Төр эзэмшинэ гэж авчихаад нөгөөд зарах гэдэг нь юу вэ. Стратегийн орд гэж дээрэм байна. Стратеги гээд хамгийн их мөнгө олох зүйлийг төр хурааж авч бизнес хийнэ гэсэн үг биш шүү.

Сайд Д.Зоригт:
-Бид үйл ажиллагааг хуулийн дагуу хийж байгаа. Ашигт малтмалын хуулийн дагуу төр ордыг авсан. УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаална гэж заасан. 96 хувь яаж ажиллаж байна гэвэл энэ жил л гэхэд “Эрдэнэс-МГЛ” компани хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөг орууллаа. Эндээс иргэд хүний хөгжлийн мөнгөө авч байна. УИХ-ын тогтоолоор Тавантолгойн 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдана гэсэн. Нэр бүхий гишүүд энэ худалдана гэж заасан 10 хувийг ард түмэнд нэмж өгье гэснийг Засгийн газар дэмжиж санал өгөөд байгаа гэлээ. 

Засгийн газрын мэдээлэл сонсох цагийн төгсгөлд эрхэм гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа дагуу суудлаасаа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Тавантолгойг Ерөнхий сайд С.Батболд нар эзэмшиж байсан. Өнөөдөр Тавантолгойг хадгалж байгаад эх оронч санаачилга, сэтгэлээрээ буцаагаад өгчихсөн юм шиг зүйлийг хэлж байна. Гэтэл Монгол орны газар нутаг дээр байгаа ашигт малтмал, уул уурхай энэ бүх юм бол төрийн болоод ард түмний өмч. Тэр утгаараа үүнийг бид хуулийн хүрээнд зөв ойлгож, зөв ярих нь зүйтэй. Хэн нэг хүн өөрөө тарьж ургуулаад, бий болгоод, түүнийгээ төрд үнэгүй өгчихсөн юм шиг байдлаар ярих юм бол тэр хамгийн ухвар мөчид, хийсвэр ойлголт гэж ойлгож байгаа. Тавантолгойн асуудлыг бид удаа дараа тавьсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний сайд Тавантолгойн асуудалд тун хариуцлагагүй хандаж ирсэн. Сая ч гэсэн асуулгын хариуд өгсөн хариулт маш бүрхэг, бөөрөнхийлсөн, асуудлынхаа голыг олоогүй, амь аргацаасан байдлаар хариулсан нь харамсалтай.

Энэ орд Монголын ард түмний баялаг. Өнөөдөр бид Оюутолгойг үндсэндээ тавиад туучихсан. Ард түмэнд очиж болох цорын ганц баялаг бол Тавантолгой. Үүнийг тавиад туух уу, УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу ард түмний гар дээр  хувь хишиг хүртээх үү гэдэг аминд тулаад байна. Өнөөдөр энэ ордын өрөм, сор болсон хэсгийг таслаад дөрөв, тавхан гэр бүлийн өмч болгоод өгчихсөн. Нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий ордыг өгчихсөн байгаа. Үлдсэн 60 хувийг 2,7 сая монгол хүн хувааж, хувилж хүртэх юм байна л даа. Ийм байдлаар увайгүй дээрэм хийдгээ боливол яасан юм бэ. Засгийн газар энэ хууль бус үйлдлээ таслан зогсоовол яасан юм бэ гэсэн шаардлагыг би хэлэх гэсэн юм. Тавантолгой бол хэн нэг эрх мэдэлтний халаасны өмч биш, энэ бол Монголын ард түмэнд өвөг дээдсээс өвлүүлсэн өв баялаг юм. Энэ баялгийг дөрөв, тавхан гэр бүл, хэдхэн эрх мэдэлтний мэдэлд өгч, тоглуулж, Монголын ард түмний хувь хишиг хүртэх эрхийг хааж боогдуулж, бууруулах эрх хэнд ч байхгүй. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа, ашигт малтмал, уул уурхай, Монгол орны газрын баялагтай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдэж чадахгүй байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд огцрох ёстой. Асуудлыг хянаж, хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа Ерөнхий сайд өөрөө ч хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

Үүгээр Засгийн газарт гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсч дууссан юм.