2011/02/14

“Эрдэнэс ТТ”-н танилцуулга үргэлжилж байна


Монгол Улсын 100 хувийн төрийн өмчит “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд хэрхэн амжилттай гаргаж, ямар үнэд хүргэж чадах эсэхээ дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын банкууд энэ өдрүүдэд танилцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангахад олон улсын туршлагатай банк шаардлагатай. Тийм ч учраас энэ тухай нээлттэй тендерийг “Эрдэнэс МГЛ” компани, Төрийн өмчийн хорооны зүгээс олон улсад нээлттэй зарласан. Улмаар нэгдүгээр сарын 31-ний өдөр хаасан тендерт өрсөлдөх хүсэлтээ материалын хамт нийт 16 банк ирүүлсэн юм. Тэд Улаанбаатар хотноо өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн тус тусын санал, боломжоо “Эрдэнэс МГЛ” компанийн төлөөлөлд танилцуулж байгаа. Тодруулбал, эхний өдөр Standard Chartered банк танилцуулгаа хийсэн бол өнгөрсөн баасан гаригт БНХАУ-ын олон улсын банк болон Jeffries, HSBC /HongKong Shanghai Banking Corporation/ банкууд “Эрдэнэс МГЛ” компанийн төлөөлөлтэй уулзсан юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н зөвлөхийн сонгон шалгаруулалтад
хөрөнгө оруулалтын доорх банкууд өрсөлдөж байна.


1.    JP Morgan
2.    Gredit Suisse
3.    Goldman Sachs
4.    Morgan Stanley
5.    Deutsche bank
6.    Barclays Capital
7.    CITI
8.    UBS
9.    Standard Chartered bank
10.  Bank of China international
11.  Jeffries
12.  ING
13.    Bank of America Merrill Lynch
14.    HSBC
15.    Macquarie
16.    BHP Paribas


Оролцогчдыг харахад хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийд эхний 20-д багтах нэр хүнд бүхий томоохон банкууд байгаа юм. Жишээ нь UBS буюу Швейцарийн банкны нэгдэл нь 2006 оноос хойш дэлхийн хэмжээнд хийсэн IPO үзүүлэлтээрээ салбартаа жил дараалан тэргүүлж буй статистик байна. Мөн Ази тивийн компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах үйл явцдаа UBS-ийг хамгийн олноор сонгосон тухай сүүлийн үеийн үзүүлэлт байгаа юм. Цаашлаад IPO чиглэлээр хамгийн амжилттай ажиллаж буй банкны жагсаалтын удаах байруудыг Morgan Stanley, Goldman Sachs, JPMorgan, Bank of America Merrill Lynch, Gredit Suisse, Deutsche bank, CITI, China international Capital corporation болон Nomura нар эзэлдэг. Харин оролцогчдын дундаас JP Morgan нь Ухаа худагийн орд газрыг эзэмшигч буюу MMC /Mongolian Mining corporation/-ийн Хонконгийн хөрөнгийн бирж дэх IPO-г амжилттай зохион байгуулахад зөвлөгөө өгч ажилласнаараа монголчуудын дунд нэлээд танил болсон.

Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн олон улсын биржид гарах ажлыг энэ оны сүүлч гэхэд амжиж зохион байгуулах саналаа Монголын тал уулзалтын үеэр  оролцогчдод хэлж байгаа. IPO хийхэд 1-2 жил гаруй хугацаа зарцуулдаг хэдий ч Хөрөнгө оруулалтын банкууд манай талын саналыг хүлээж авахад бэлэн гэдгээ мөн энэ үеэр дуулгаж байгаа юм. Тендерт оролцогчидтой хийж буй тусгайлсан уулзалт энэ мягмар гаригт /хоёрдугаар сарын 15/ Улаанбаатар хотноо өндөрлөнө. Улмаар сонгон шалгаруулалт явагдаж, энэ зунаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO Зөвлөх банк тодрох юм.

No comments:

Post a Comment