2011/02/16

Г.Батхүү: Тавантолгойгоос иргэн бүрт 300 сая орчим төгрөг ногдоно байх


Г.Батхүү: Тавантолгойгоос иргэн бүрт 300 сая орчим төгрөг ногдоно байх
Монголчууд бид тун удахгүй Тавантолгой гэх стратегийн ач холбогдол бүхий ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааг нь дэлхийн зах зээлд гаргах гэж байна.

Энэ алхмыг бид хэрхэн зөв хийхээс эх орны минь ирээдүй шууд хамаарах болоод байгаа билээ. Монгол хүн бүрийн анхаарлын төвд байгаа энэ асуудлын талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-Энэ долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой"-н стратегийн хөрөнгө оруулагч болох компанийн сорил уулзалтууд болж байна. Таныхаар эдгээр байгууллагуудын алийг нь арай илүү санал тавина гэж харж байгаа вэ. Тийм зүйл бий юу. Ер нь энэ сорил уулзалтын талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Их л том том тоо хэлсэн саналууд ирж байгаа байх. Яг ямар санал ирүүлж байгаа талаар тоймтой мэдээлэл алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийг л авч байна шүү дээ.

-Стратегийн хөрөнгө оруулагч гээд л яригдаад байна. Энэ компани "Эрдэнэс Тавантолгой"-н ирээдүйд   хийх бүтээн байгуулалт, татвар татаас гээд л бүх асуудалд нь оролцоно гээд байгаа. Тэгэхээр энэ компанид "Эрдэнэс Тавантолгой"-н жилийн цэвэр ашгаас хэчнээн хувь ногдох юм бэ? 

-Бүтээн байгуулалтад орж ирж байгаа хөрөнгийг бүгдийг нь шууд зарцуулахгүй тодорхой хэмжээний хөрөнгийг дараагийн хөрөнгө оруулалт, технологи, техникийн шинэчлэлдээ байгууллагын ашиг болгож авч үлдэх зүйлийг ярьж байна л гэж би ойлгож байгаа.

-Энэ стратегийн хөрөнгө оруулагч цэвэр ашгийн хэчнээн хувийг хүртэх юм бэ?

-Тэр гэрээнд тусгасан хувиараа л хүртэж, үүнийг нь Монгол Улсын Засгийн газар олгоно шүү дээ. Түүнээс биш тэр хүмүүс өөрсдөө хувиарлаад илүү, дутуу авах боломж байхгүй. Зөвхөн манай улсын Засгийн газраас гадна олон улсын аудит, банк, санхүүгийн байгууллага, зээл олгогчдын зүгээс том том хяналтууд тавигдах учраас ямар нэгэн хууль бус үйлдэл гарах боломжгүй гэж ойлгож байгаа.

-Зүүн цанхид орон нутгийн Тавантолгой мөн Япон Монголын хамтарсан нэг компани лиценз эзэмшдэг шүү дээ. Одоогийн бидний ойлгож байгаагаар Тавантолгойн ордыг бүхлээр нь "Эрдэнэс Тавантолгой" гэх энэ төрийн өмчид компани л эзэмших ёстой юм биш үү. Тэгэхээр энэ хоёр компанийн лицензийн асуудлыг яах юм бэ?

-Орон нутгийн жижиг Тавантолгой гээд байгаа чинь угаасаа л улсын өмч шүү дээ. Хувийн өмч биш. Орон нутгийн үйлдвэрийн газар гэж хууль байдаг. Энэ газар ашгаа тухайн орон нутагтаа өгдөг. Өнгөрсөн жил ч бил үү Өмнөговь аймгийнхан чинь орон нутгийн Тавантолгойн ашгаасаа 50, 50 мянган төгрөг авч байсан. Тэд орон нутгийн өмчид үйлдвэрийн газар ямар замаар явдаг түүгээрээ л цаашид явна. 

Харин тэр Да Шү Кү бил үү тэрийг мэдэхгүй байна. Нэгэнт л лиценз нь байгаа юм чинь мэдээж тэр орон нутгийн л юм байгаа байх. Гадны хүнд лицензийг нь өгчихнө энэ тэр гэсэн юм байхгүй байлгүй дээ. Зүгээр хамтран үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй. Орон нутгийн өмчит үйлдвэр гээд байгаа жижиг Тавантолгой үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ техник технологи хэрэглэх шаардлагатай байгаа бол гадаадын чадалтай компаниудтай хамтрах нь хуулиар нээлттэй байгаа шүү дээ. Тэд нарыг оператор компани болгоод ажиллуулж ч болно. 

Харин цаагуураа буруу юм хийж байгаа бол хууль хяналтынхан ажлаа хийнэ биз. Гэхдээ Да Шү Кү гээд байгаа энэ компанийн талаар нарийн мэдээлэл алга. Тэнд хуулийн дагуу лиценз олгогдсон эсэхийг бид эргэж харах шаардлагатай байж ч мэдэх юм.

-"Эрдэнэс Тавакголгой" компанийн хэчнээн хувийг хаана хаана ямар байдлаар эзэмших нь тодорхой болчихлоо. Эдгээрийн дотроос иргэн бүрт олгогдох 10 хувийн хувьцааг ямар байдлаар тараах нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Ер нь нэг иргэнд хэчнээн хэмжээний хувьцаа ногдох бол. Иргэд өнөөгийн ханшаар хэчнээн төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй болж байгаа юм бэ?

-Одоо нийт хувьцааныхаа 10 хувийг ард иргэддээ өгнө. Үүнээс гадна дахиад арван хувийг дотоодынхоо хөрөнгийн биржүүдээр нэрлэсэн үнээр аж ахуй нэгжүүдээ зарна. Ингээд тооцохоор Тавантолгойд асар их мөнгө эргэлдэнэ. Тавантолгойн 10 хувийн хэсгийг ард иргэддээ хуваагаад өглөө гэхээр нийтдээ 550 орчим ширхэг хувьцаа нэг иргэнд ногдоно. Тэгэхээр энэ хувьцааг одоо Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа "Энержи ресурс" компанийн ханштай харьцуул ан тооцоолоод үзэхээр нэг иргэнд 300 сая төгрөг ногдож байгаа. Энэ хувьцааны үнэ цаашид улам өснө.

-Тавантолгойг дэлхийн зах зээлд гарган, эдийн засгийн эргэлтэд оруулах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн сүүлийн хурлаар ярьсан. Стратегийн ач холбогдол бүхий энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа алхам нь Үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх болов уу?

-Стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалтын асуудлууд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний эдийн засгийн асуудал мөн. Тиймээс бид энэ асуудлыг илүү нухацтай авч үзэх ёстой. Харин сүүлд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр буюу гуравхан хүн ширээ тойрч зөвлөлддөг энэ уулзалт дээр юу гэж ярьсан талаархи мэдээлэл надад алга. Мэдээж тэндээс нэг дүгнэлт гарна. Тэр зөвлөмжийг нь УИХ хэлэлцэх байх. Тэр үед энэ асуудал ил болох биз.

-Саяхан орон нутгийн Таванголгойн хувьцааны нэгж үнэ хөрөнгийн зах зээл дээр нэг сая төгрөгт хүрсэн. Энэ хөөрөгдлийг зарим хүмүүс Засгийн газар эргүүлээд Орон нутгийн Тавантолгойн хувьцааг худалдаж авна гэсэн яриа байгаа болохоор ингэж өссөн гэж байна. Үнэхээр Засгийн газар дээр ийм зүйл яригдсан болов уу?

-Ер нь хувьцаа Засгийн газарт байна уу хаана байх нь чухал биш. Хамгийн гол нь Монголдоо л байх ёстой гэж би үзэж байгаа. Энэ хувьцаа Монголын өмч байх ёстой. Ер нь Тавантолгойн хувьцааны үнэ өсөх нь маш зөв асуудал. Тэртэй тэргүй энэ компанийн хувьцаа дэлхийн зах зээл дээр ч өсч байна. Дотооддоо хэрвээ энэ хувьцааны үнийг өсгөөд ард түмэн юм уу эсвэл Засгийн газар авч байгаа бол бодлого нь зөв явж байгаагийн шинж гэж хэлэх байна.

-Засгийн газраас ийм шийдвэр гаргах магадлал байгаа болов уу. Үүнийг тандаж байгаа цөөнгүй тооны хүн байгаа байх?

-Яг ямар зүйл Засгийн газар дээр яригдаж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ үгүй биз дээ. Одоогоор орон нутгийн Тавантолгойн хувьцааг худалдаж авах шийдвэр гарсан гэсэн албан ёсны шийдвэр лав гараагүй.

-"Эрдэнэс Тавантолгой" захирлаар Монгол хүн томилж болно гэж байгаа. Ерөнхийдөө хүмүүс олон улсын жишгийг харахаар гадны хүн томилох гээд байх шиг байна. Гэтэл нөгөө талд манайд чадалтай боловсон хүчин байгаа. Тиймээс Монгол хүнд хариуцуулаад үзэх хэрэгтэй гэсэн хүмүүс ч байна. Таны хувьд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Ер нь дэлхий нийтийн туршлага байдаг шүү дээ. Манайх шиг буурай орнууд янз бүрийн томоохон ордуудаа ашиглалтад оруулах гэж байгаа, цаашдаа үүнээсээ ашиг орлого олъё, үүнийгээ зөв менежментээр явуулъя гэж байгаа бол ерөөсөө энэ чиглэлийн туршлагатай гадаадын том мэргэжилтнүүдээр удирдуулдаг. Гадаадын хүн удирдана гэхээр л манайхан хамаг байдаг юмыг нь гадагшаа зөөчих юм шиг санаад байх юм. Дэлхий нийтийн бизнесийн алтан дүрэм гэж зүйл байна шүү дээ. 

Тэр хүн цаашдаа Монголоос өөр улс оронтой харилцана. Үр хойч нь ч цаашдаа амьдарна. Тиймээс яаж амьдрах ёстой вэ гэдгээ мэдэж байгаа. Өнөөгийн бидний бодож байгаа юм биш шүү дээ. Тэр бизнесийн удирдлага, менежмент хийж өгдөг хүмүүс чинь тусгай хууль, ном дүрэмтэй, тухайн улсынхаа хууль дүрэмд захирагдана гэсэн бичигдээгүй, хууль тангарагтай хүмүүс байдаг. Тэгэхээр хамгийн сайн менежментийн баг л энэ ордуудыг удирдаж байж босгож ирнэ.

-Таны ярьсан шаардлагад хүрэх Монголын боловсон хүчин, менежментийн баг одоогоор байхгүй гэж үзэж байна гэсэн үг үү?

-Заавал Монгол хүн удирдах ёстой гээд нэг ч ийм том уурхай удирдаж үзээгүй нөхөр аваад ирвэл хэцүү л байх. Энэ ордыг удирдах хүн гадаадаас яаж хөрөнгө оруулж ирэх вэ. Яаж дэлхийн зах зээл дээр энэ ордыг гаргах вэ гэх мэтийн олон асуудалтай тулгарна. Энэ асуудал чинь мань мэтийн бодож байгаа шиг зүйл биш юм билээ. Тэгэхээр энд гадаадын хүн удирдвал сүйдлээд хаячихна, Монгол хун удирдвал мандуулна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь чадвартай хүн байх ёстой. Түүнээс энэ хүн нь Монгол байна уу, ази, европ байна уу хамаагүй. Хамгийн гол нь энэ тал дээр чадвартай, туршлагатай, стратегийн ордыг аваад явчих хүн байгаасай л гэж бодож байна. Хэн байх нь сонин биш.

No comments:

Post a Comment