Тавантолгой энэ намрын “халуун” асуудал болно хэмээн олон хүн таамаглаж байгаа.Дэлхийн эрчим хүчний гол түүхий эд болох нүүрсний томд тооцогдох орд хийгээд нүүрсний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдсээр 2030 онд 7.0 тэрбум тоннд хүрнэ гэх судалгаа, уг орд коксжих нүүрсний “мангас”-уудын нэг Хятадтай хил залгаа шахам, Бразилийн Вале, АНУ-ын Пибоди Энержи, БНХАУ-ын Шинхуа Энержи, Японы Мицуи, Иточу, Марубени, Швейцари-Австралийн Экстрата компани, ОХУ-ын Оросын Төмөр зам нийгэмлэг зэрэг нүүрсний “акул”-ууд Тавантолгойд хөрөнгө оруулах, хорших хүслээ илэрхийлсэн, Монголын Улсын Засгийн газар энэхүү ордыг ашиглах саналаа танилцуулаад байгаа гэх мэт хүчин зүйлүүдийг тооцвол дээрх таамаг үнэн.
Гэхдээ Тавантолгойн ордыг ашиглах асуудал нь Парламент, парламентын 76 гишүүн, Засгийн газар, түүний гишүүд, Төрийн тэргүүн-Ерөнхийлөгч, улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн байр байц, нүүр царайг илэрхийлэхээрээ үлэмж ач холбогдолтой юм.
Ордыг ашиглах Засгийн газар , Парламентын шийдлийг хүлээх, хэлцэх нь буруу биш. Харамсалтай нь бид олон зүйлийг тооцохгүй, анзаарахгүй, бүр ор тас орхин, мартаад байна. Түүний нэг нь Ухаа худаг. Ухаа худаг нь Тавантолгойн орд газрын нэг хэсэг бөгөөд гарын таван хурууны нэг нь гэсэн үг. Гэтэл бид эрхий, долоовор, эсхүл чигчийгээ “гээчихээд” бусад дөрвөн хуруугаа “гарын таван хуруу” гэж “дуулаад” байж таарахгүй биз дээ.
“УХАА ХУДАГ” ХААЧСАН БЭ?
Баяр, наадмын өмнө Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Тавантолгойн ордыг ашиглах тухай танилцуулгад, уг ордыг Цанхийн 1-р талбай (1204 сая тн нүүрсний нөөцтэй бөгөөд коксжих нүүрс 65 хувь), Цанхийн 2-р талбай (2224 сая тн, коксжих 49-78 хувь), Бор толгой (392.9 сая тн), Зүүн хэсэг (756 сая тн, коксжих 62.5 хувь) гэж дөрөв хуваагаад тав дахь буюу Ухаа худагийн талбайг ор тас орхигдуулан, ордын газрын зургаас авч хаяжээ. (Зургийг үзнэ үү. Дашрамд тэмдэглэхэд, Цанхийн 2-р талбайд Тавантолгой ХК, Дайцүки ХХК-ийн талбай хамаардаг байна).
Энэ нь Ухаа худагийн нөөц, талбайн хэмжээг шууд харах, харьцуулах боломжийг хязгаарлаж байгаа ч хөндлөнгийн, хараат бус судлаач, шинжээчид Тавантолгойн ордын хамгийн их нөөцтэй талбай гэж тэмдэглэсэн байдаг. Тодруулбал, уг орд газрын нийт талбайн 4 орчим хувийг эзэлдэг Ухаа худагт, Тавантолгойн мэдэгдэж буй нүүрсний нөөцийн тавны нэг болох хорь шахам хувь нь агуулагддаг байна. Далан нэгэн мянган га газрыг хамардаг Тавантолгойг хорин тав хуваасны нэгд нь урвуугаараа бүх нүүрсний хорин хувь нь байгаа гэсэн үг.
Тооцоолж үзье. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хэлснээр Канадын стандартаар 7.0 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний хорин хувь нь 1.4 тэрбум тонн. Энэ бол зөвхөн мэдэгдэж буй нөөцөөр тооцоход шүү дээ. Баабарын, “энэ тоо ашиглалтын явцад нэмэгдэх биз. Бүх нөөцөө тогтоочиж байгаад ашиглаж эхэлдэг мангар юм хаана ч үгүй” гэж бичсэнийг энд сануулахад гэмгүй. Ухаа худаг алга болохын үндсэн шалтгаан нь бага талбай дахь их нөөц юм. Харин Ухаа худагийг нууж буй үйлдэл нь өөрөө хууль бусын дээр эзэмшил нь хууль бус шүү гэдгийг нотлон харуулж буй хэрэг. Өөрөөр тайлбарлах аргагүй байна. Булавч бултайна, даравч далдайна гэх үг бий. Сонирхолтой нь Засгийн газар Тавантолгойн ордын тавны нэгийг “үгүй хийсэн” хувилбараа УИХ-д ичих ч үгүй танилцуулахад эрхэм гишүүд “Ухаа худаг” хаачив гэж асуусангүй. Төрийн тэргүүн маань таван хурууныхаа нэгийг үгүйлсэнгүй. Улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд таг чиг, хэвлэлүүд ч “амаа үдүүлсэн” мэт чив чимээгүй.
Өгүүллийн эхэнд, Тавантолгойн ордын ашиглалтын асуудал нь Парламент, түүний 76 гишүүн, Засгийн газар, түүний 15 гишүүн, Төрийн тэргүүн-Ерөнхийлөгч, улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд, манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүүр царайг илэрхийлнэ гэж хэлсний учир энэ. Энд “үнэн нүүр царай” гэж тодруулах нь зөв ч байх аа даа.
Дахин асууя. 1.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Ухаа худаг хаачсан бэ? 1.4 тэрбум тонн нүүрс гэдэг бол өнөөдөр Хятадад нийлүүлж буй ханшаар тооцвол 35 тэрбум доллар. Харин 35 тэрбум доллар гэдэг нь манай улсын хорин жилийн төсөвтэй дүйцэх, тийм л их мөнгө.
“УХАА ХУДАГ”-ИЙГ ЯАЖ ХУЛГАЙЛАВ?
“Зууны мэдээ” сонины 2008 оны нэгдүгээр сарын 14-ний дугаарт “Энержи ресурс”-ийн өмчлөлд буй ашиглалтын лицензийг хууль бусаар олгожээ” нийтлэлд “…Т.Занашир “Энержи ресурс” компанид 2135 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь “Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 14.9.2 дахь заалтыг зөрчсөнийг Үндэсний Аудитын газар 2007 онд илрүүлсэн байна” гэж бичжээ. Тодруулбал, 2006 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар нөөцөд авсан талбайд “Энержи ресурс” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2006 оны долдугаар сард Геологи уул уурхайн кадастрийн албанд хандсан байх ба албаны мэргэжилтэн Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар нөөцөд бүртгэн авсныг тэмдэглэжээ. Харин тухайн үеийн Кадастрийн албаны дарга Т.Занашир “дээрх талбайг танай компанид олгох боломжтой” гэсэн хариуг “Энержи ресурс”-д өгсөн байна. Ийм утгатай нийтлэл “Өдрийн сонин”-д ч хожим гарсан байх ба Үндэсний аудитын газрын шалгалтын материалаас иш татжээ. “Энержи ресурс”-ын ашиглалтын лиценз авсан үйлдэл нь ийнхүү хууль бусын дээр Ерөнхий сайд С.Баяр Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд авах бодлогоосоо ухран Ухаа худгийн лицензийг “Энержи ресурс”-т үлдээсэн нь ч ёстой л ноцтой, “но”-той асуудал.
Үнэн хэрэгтээ гадныхан Тавантолгойг шимтэн сонирхоогүйгээс бус “Энержи ресурс”-ийнхний санасан үнэнд хүрсэн бол зарчих байсан гэдэгтэй тэнэг л биш бол маргах юмгүй. Зарахаар хэлцэл хийж байгаа гэх мэдээллүүд тухайн үед сонин, хэвлэлээр мэр сэр үзэгдэж л байсан. Харин өнөөдөр зарж чадаагүй нь завшаан болж, 35 тэрбум долларын баялгаар “шагнуулжээ”. Хэрэвзээ манайд хууль үйлчилдэг бол шагнуулах бус загнуулах зэмтэй. Хайгуулын лицензийг найман жил хадгалах нь хууль зөрчсөн үйлдэл биш үү.
Гэтэл … Мэдээж ийм шагнал лиценз “дарсан” болгонд олдохгүй. Эрх мэдэлд ойр, бүр эрх мэдэлд хүрсэн хүмүүсийг л дайрах “аз” юм. Тэгвэл тэд хэн бэ?
“Энержи ресурс” ХХК нь үндэсний хөрөнгөтнүүдийн нэгдэл гэгддэг бөгөөд гол төлөөлөл нь “MCS”, “Шунхлай”, “Петровис”, “Алтай холдинг” юм. Манай хөрөнгөтнүүдэд Америк, Англи, Японы хөрөнгөтнүүдээс үндсэн нэг ялгаа бий. Тэр нь манайхан төрөөс төрсөн хөрөнгөтнүүд (Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тодорхойлсон “төрөөс төрсөн тэрбумтнууд” гэх бүлэгт уг нь хамаарна) бөгөөд энэ нь төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар гүйцэтгэх ажлыг эрх мэдэлтнүүдээр дамжуулан шууд авч гүйцэтгэх, төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр шахах, нийлүүлэх, мөн төрийн өмчийг хямд үнээр хувийн болгох гэх мэт замаар хөлжсөн гэсэн үг юм.
Тухайлбал, “MCS” нь эрх мэдэл бүхий шийдвэр гаргагчидтай тогтоосон хэлхээ сүлбээгээрээ алдартай бөгөөд эрчим хүч, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт төсвийн болон гадаадын зээл тусламжаар гүйцэтгэх ажил үйлчилгээ ихэвчлэн тус компаниар дамждаг. Нэг үе Mongolian Corruption Systems гэж хүртэл нэрлэгдэж байсан.
“Шунхлай” нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн үүсгэн байгуулсан компани бөгөөд 1998-1999 онд Дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа МИАТ зэрэг төрийн өмчит компаниудад шатахуун нийлүүлэх болсноор үлэмж томорсон. “Олигархи гэж Г.Батхүүг хэлнэ…” хэмээн “Улс төрийн сонин”-д бичсэн нь хөдөлшгүй үнэн. “Петровис” нь хатагтай Г.Оюунгэрэлийн үүсгэн байгуулсан компани ба гол хөрөнгө оруулагч нь талийгаач Ш.Отгонбилэг гэдэг. Монголын нефтийн зах зээл дэхь хамгийн том нь байх. Мэдээж тухайн үед төрийн өмчинд байсан “НИК”-ээс хөрөнгөтний гараагаа эхэлсэн, Оюунгэрэл.
“Алтай холдинг” нь одоогийн Ерөнхий сайд С.Батболдын компани гэдгийг хүн бүр мэднэ. С.Батболд, “Энержи ресурс”-ийн Тавантолгой дахь эзэмшлийг төр мэдэлдээ авахаар хэлцэл хийж байх үед хувьцаанаасаа татгалзаж байсан нь эх оронч санаачлага мэт харагдавч үнэн хэрэгтээ “хууль бус лиценз эзэмшиж буйгаа мэдсэн” хэрэг байсан юм. Харин өнөөдөр эргэн харахад хувь оролцооноосоо татгалзсан нь хууран мэхлэлт, “Энержи ресурс”-т хамааралгүй мэт харагдах заль мэх байжээ гэж хэлж болохоор байна.
Тавантолгойн ордоос “Ухаа худаг”-ийн талбайг баллуурдах зүрх зориг, эрх мэдэл гагцхүү Ерөнхий сайдаас, шууд хэлэхэд С.Батболдоос гарна гэдэгтэй маргах юмгүй.
Харин өнөөдөр “Энержи ресурс”-ийн эзэд нуувчинд орж, баруунд боловсорсон залуусыг удирдлагадаа гарган олон түмэнд харагдуулах болсон нь анзааралгүй өнгөрч боломгүй ээлжит арга мэх бөгөөд өндөр боловсрол, мэдлэг, хэлний чадвар, ер нь л давуу тал бүхнээ дан ганц өндөр цалинд оосорлуулж суугаа залууст харамсана. Өндөр хөгжсөн Азийн баруудын жишгээр бол баруунаас технологи “хулгайлах” учиртай тэд маань өөрийнхөө баялгийг хулгайлагчдын гар хөл, хөлсний хүн болж байна.
УХАА ХУДГИЙГ АЛДСАНААР…
Баабараас ишлэе.
“Тавантолгой нь одоо тогтоогдоод байгаагаар 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний дотор коксжих нүүрс нь 1.5 тэрбум тонн ажээ… Байгаа энэ байдлаараа асар том орд. Үүний гол онцлог нь томдоо байгаа аж. Нэг дороос ийм том ордыг ашиглах нь урт удаан хугацаанд бага зардлаар маш ихийг олзворлоно гэсэн үг. Тавантолгойн хамгийн том давуу чанар энэ. Тэгээд ч чанар сайн, дулаан ялгаруулалт нь өндөр. Тавантолгойг арав хуваагаад хаячих юм бол ямар ч үнэ цэнэгүй болно. Аравны нэг шиг нь орд энд тэндгүй, Монголд ч цөөнгүй бий”. Ингэж сануулсаар байтал Засгийн газар Тавантолгойн ордын тавны нэгийг “Энержи ресурс” компанид бэлэглэчихээд, одоо бүр газрын зургаас арчин хаясны цаана юу нуугдана вэ?
Зарим сэтгүүлчдийн мэр, сэр бичээд байдаг, иргэний хөдөлгөөн, мөн цөөн улстөрчийн шүүмжлээд байдаг эрх баригч, шийдвэр гаргагчид хийгээд зарим компани хоорондын зүй бус хэлхээ холбоо, эрх ашиг, мөнгөний эвлэрэл, нэгдэл, хуйвалдаан, авлига, хээл хахуулийн хэрэг Ухаа худагийн цаана сүйтэгнэж байна. Үүнийг яах ёстой вэ.
Эвэртэн тууртан, эрхтэн дархтнуудын ивээлд багтсанаар эд мөнгө, эрдэс баялагт хүрдэг, түүнийхээ хэсгээр “эзэд”-ээ ивээн тэтгэж төрийн эрхэнд хэмжээгүй суулгадаг, энэ чөтгөрийн тойрог ч гэмээр юм уу эргэх холбоог тасар татах цаг болоогүй юу.
Монголчууд, өөрсдийн нийтлэг эрх ашиг, байгалийн баялгаас хувь хүртэх сонирхлыг хангах төрийн бодлогын эдийн засгийн баталгаа нь Тавантолгой байгаасай гэж хүсч буй бол “Энержи ресурс”-ийн зорилго нь хэсэг бүлгийн буюу шийдвэр гаргах түвшний хэсгийнхнийх нь л эрх ашиг, мөнгөний хэрэгцээнээс урган гарсан, иймд энэ хоёр сонирхол үл огтлолцоно. Энэ нөхцөлд хэсэг бүлгийн бус нийт ард түмний эрх ашгийг урьтал болгодог төртэй байх, төртэй болох асуудал эцсийн бүлэгт хөндөгдөнө.
Ухаа худгийг алдсан нь дан ганц 35 тэрбум ногооны нүүрс алдсан төдий хэрэг биш. Мэдээж Тавантолгойн бүлэг ордын үнэ цэнэ унана.Хамгийн гол нь эрх мэдлийн шударга тогтолцоо, бизнесийн шударга өрсөлдөөн, баялгийн шударга хуваарилалт, нийгмийн шударга ёс… гээд шударга бүхнээ алдсаны тэмдэг юм.
Иймд Ухаа худгийг олж авах нь товчдоо шударга ёсны хэмжүүр болно.
No comments:
Post a Comment