2011/02/14

Тавантолгойд хувьцаа эзэмших үү?



Монгол Улс дэлхийд данстай Тавантолгойн нүүрсний ордоо ашиглаж, нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргахын 10 хувийг нь ард түмэндээ өгнө. Ерээд оны өмч хувьчлал шиг ягаан, ногоон тасалбар шиг өнгөтэй цаас хэвлэгдэж иргэдийн гар дээр очихгүй, энд тэндхийн хэдэн объектыг хувааж идэх эрх өгөхгүйгээрээ энэ хувьцаа ялгаатай. Үүнийг Монголын төр иргэдээ өмчтэй байх нэгэн зэрэг гарааг олгож буй хоёр дахь үйл явдал гэж нэрлэмээр. Малчин, ажилчин, жолооч, банкир эдийн засагч болон найман настай балчраас 80 настай буурай хүртэл хэнийг ч үл ялган энэ хувьцааг өгнө.

Хувьцааг эзэмшигч нь үндсэндээ хоёр хэлбэрээр ашиглах боломжтой. Хувьцаагаа зарж нэг удаа их мөнгө олох, эсвэл жил бүр ногдол ашиг хүртэх гэсэн хоёр янзаар үр шимийг нь үзэж болох юм. Манай хөрөнгийн бирж дээрх компаниуд төдийлөн ашигтай ажиллаж ногдол ашиг тараадаггүй болохоор иргэд үүнд тийм ч итгэлтэй байдаггүй юм билээ. Харин сүүлийн үед үнэ өсөхийг нь хүлээж, зарах сонирхолтой хувьцаа эзэмшигчид олшрох болжээ. Юутай ч монголчууд хүссэн хүсээгүй хөрөнгийн захын тухайд мэдлэгтэй болох шаардлага тулгарч байна. Их хөрөнгийн эзэд болсноор хувьцаагаа зарах уу, хадгалах уу гэсэн сонголтын өмнө ирж байна.

БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИ ОДОО Л ТАНД ХЭРЭГТЭЙ

Хувьцааг арилжаанд оруулахад зуучлагч байгууллага маш чухал. Энэ нь их хувьчлалаас болоод нэр хүнд шалан доогуур навс унасан брокер дилерийн компаниуд. Хувьцаа эзэмшигч тэдгээрээр дамжуулж Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д нэрийн дансаа нээлгэснээр арилжаанд оролцох эрхтэй болно. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 48 брокер дилерийн компани байна. Гэхдээ өнөө уулын мод урттай богинотой гэгчлэн тэдний дунд сайн нь ч бий, муу нь ч бий. Найдвартай компани л байхгүй бол таны өмнөөс зараад хувьцааг чинь дамлачих эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй. Өмнө нь ийм алдаа завхрал гарч байсныг бид бүхэн мэднэ, тиймдээ ч өнгөрсөн түүхийн алдааг дахин давтахгүй байхын тулд бас нэгэн анхаарах зүйл энэ юм. Брокер, дилерийн компаниудын нэгдсэн мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн вэб сайтаас авч болно. Таныг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй брокер дилерийн компани таны өмнөөс бүхнийг хийх, танд хэрэгтэй бүх мэдээллийг хүргэдэг байх ёстой. Та аль нэгэн брокер дилерийн компаниар үйлчлүүлэхээр сонгохдоо урьдчилж сайн танилцаж, танд хэдэн хувийн шимтгэлээр үйлчлэх, танд ямар мэдээллийг гаргаж өгөх бололцоотой вэ гэдгийг судлаарай. Арилжааны шимтгэл гэдэг нь танд хувьцаа авч өгөх болон таны хувьцааг зарж өгөх бүрт тухайн мөнгөн дүнгээс авах шимтгэл юм. Жишээлбэл, танд гурван сая төгрөгийн үнийн дүн бүхий ямар нэгэн хувьцаа авч өгөхөд үүний дөрөв хүртэлх хувийг шимтгэл болгож авна. Шимтгэлийн дүнг тухайн компани өөрөө тогтоодог. Ерөнхийдөө брокер дилерийн компаниудын шимтгэлийн дундаж үнэ хоёр хувь гэсэн ханштай байна. Харин шимтгэлийн хамгийн дээд үнэ дөрвөн хувь гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоож хязгаарласан байдаг юм билээ. Түүнчлэн таны хүссэнээр хувьцааг чинь зарвал мөн л үнийн дүнгээс шимтгэлийн хураамж авна. Арилжаа хийгдсэний дараа таны хувьцаа эсвэл мөнгө ҮЦТТТХТ дэх таны нэрийн дансанд орох болно.

ДАНС НЭЭЛГЭХЭД НЭГ ӨДӨР Л ШААРДАГДАНА

ҮЦТТТХТ-д данс нээх ажлыг таны сонгосон брокер дилерийн компани хийнэ. Данс нээлгэхдээ иргэний үнэмлэхтэй байхад л болно. Харин энэ нь тодорхой хэмжээний үнэтэй ба энэ үнийг тухайн компани өөрөө тогтоодог. Мөн нэрийн данс нээлгэх гэрээ байгуулахад гарын үсгийн баталгаажилт заавал хийлгэсэн байх шаардлагатай. Нотариатч энэ баталгааг 1500 төгрөгөөр хийж байна. Гэрээ байгуулсны дараа танд ҮЦТТТХТ дэх дансны дугаар өгнө. Гэрээ байгуулахад нэг их хугацаа шаардагдахгүй ба брокер дилерийн компани ҮЦТТТХТ-д очиж таны материалыг хүргэснээр нэг өдрийн дотор л таны нэрийн данс нээгдэх болно. Энэ дансаараа дамжуулан өөр бусад компанийн хувьцаа авч болох юм. Хэрвээ хөрөнгийн биржээс хувьцаа авахыг хүсвэл та нэрийн дансандаа мөнгө байршуулах ёстой. Энэ мөнгийг нэр бүхий дөрвөн банкаар шилжүүлснээр брокер дилерийн компани таны захиалгаар хувьцаа худалдан авах юм. Хэрвээ та хүсвэл брокер дилерийн компанидаа хандан нэрийн дансан дахь мөнгөн үлдэгдэл болон хувьцааны мэдээллийг онлайнаар үзэж болно.

Одоогийн байдлаар 500 мянга орчим хүний нэрийн данс бий. Мөн тэдгээр нэрийн дансанд ягаан, ногоон тасалбарын үр дүн болсон хувьцаанууд ч бий. Иргэд энд данстай байна уу, хувьцаатай юу гэдгээ шалгуулахын тулд иргэний үнэмлэхтэйгээ Хөрөнгийн биржийн нэгдүгээр давхарт байрлах ҮЦТТТХТ-ийн Олон нийттэй харилцах албаар үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй.

2011 ОНООС ӨМНӨ ТӨРСӨН БҮХ ХҮН ХУВЬЦАА ЭЗЭМШИНЭ

“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Хадгаламж Өмчлөх Эрх бүртгэлийн албаны менежер Ц.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны арван хувийг иргэдэд өгнө гэж байгаа. Иргэд энэ хувьцааг эзэмшиж, данс нээлгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэд хувьцаа хүртэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлэх иргэний шинэчилсэн бүртгэлд орсон иргэдийн  нэрсийн жагсаалтын дагуу  манай компани иргэн бүрт хуваарилах хувьцааны тоогоор хувьцааны бичилтийг хийх юм. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 46 брокер дилерийн компани ажиллаж байгаа. Эдгээр компаниас сонголтоо хийж дансаа нээлгэх боломжтой.

-Өмнө нь өмч хувьчлалын үеэр нэрийн данстай болсон иргэдийн зарим нь энэ тухайгаа мэдэхгүй яваа. Тэд данс болон хувьцаатай байгаа эсэхээ хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Манай компанийн Олон нийттэй харилцах алба харилцагч хүлээн авч хувьцааны талаарх зохих зөвөлгөөг өгдөг. Иргэд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж, данс болон  хувьцаатай эсэхээ шүүлгэж болно.

-Өмч хувьчлалын үеэр олгосон цэнхэр, ягаан тасалбараа авдрандаа хадгалж буй иргэд байна. Эрхийн бичгийг одоо ашиглах боломжтой юу?

-Тухайн үед баталгаажуулаагүй байгаа бол дээрх  тасалбарууд хүчингүй. Харин тасалбараа өмнө нь баталгаажуулаад ямар компанийн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэхгүй байгаа бол манай компани дээр ирж тодруулж болно.

-Данс нээлгэхэд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Данс нээлгэхэд заавал брокер, дилерийн компаниар зуучлуулна. 16 наснаас дээш иргэд  иргэний үнэмлэх, 16 наснаас доош бол төрсөний гэрчилгээ, эцэг эх болон, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхтэйгээ очиж данс нээлгэх гэрээ байгуулж дансаа нээлгэх боломжтой.

-Иргэд брокер дилерийн компаниар дамжуулалгүйгээр өөрийн данс дахь мэдээллийг үзэж болох уу?

-Боломжтой, дансаа нээлгэсэний дараа манай компани дээр ирж  интернет дансны эрх нээлгэх шаардлагатай. Онлайнаар харилцагч өөрийн дансны талаархи мэдээ, мэдээлэл авах гурван төрлийн үйлчилгээ байдаг. Бүтэн жилийн хугацаатайгаар гурван үйлчилгээг цогцоор нь авахад 8000 төгрөгийн үнэтэй. Заавал гурван үйлчилгээг сонгох албагүй, аль нэгийг нь авч үйлчлүүлж болно.

-Брокер, дилерийн компаниар дамжуулж хувьцаагаа зарсан иргэд мөнгөө хаанаас авах вэ?

-Тухайн хувьцаа эзэмшигч нь өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компанидаа очиж, мөнгө хүссэн өргөдөлөө бичиж өгнө. Тухайн баримтыг үндэслэн манайх  төвлөрсөн хадгаламж дахь харилцагчийн данснаас түүний банкин дахь нэрийн данс руу мөнгийг нь шилжүүлдэг.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАНСЫГ ЦЭГЦЭЛНЭ

Тавантолгой компанийн хувьцааг иргэдэд тараах ажлыг Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гүйцэтгэх юм. Үүнтэй холбогдуулан тус төвд нэлээд ажил ундраад байна. Одоогийн байдлаар тус төвд 500 орчим мянган иргэдийн нэрийн данс нээсэн байгаа. Тэдний дунд 15 мянга нь давхардсан байгаа бөгөөд давхардлыг шууд нэгтгэх боломжтой програмаар арилгах юм байна. Энэ ажлыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран гүйцэтгэх бол нас барсан болон харьяатаас гарсан иргэдийн дансыг жагсаалтаас хасах ажлыг Улсын ерөнхий бүртгэлийн газартай хамтран гүйцэтгэх юм байна. Мөн Тавантолгой 15 тэрбум ширхэг хувьцааны 30 хувийг монголын компаниудад нэрлэсэн үнээр худалдахаар төлөвлөсөн байгаа. Юутай ч ҮЦТТТХТ иргэдийн дансны мэдээллийг цэгцлэхээс гадна аж ахуйн нэгжийн дансны бүртгэлийг цэгцлэх  ажил байгаа юм байна. Татан буугдсан компаниудын бүртгэл байдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийг үндэслэн хасах ажээ.

No comments:

Post a Comment