2011/02/15

Засгийн газар Тавантолгойд улайрч байна

22
Уламжлал ёсоор даваа гаригт Төрийн ордонд ажлын хэсэг болон, бүлгийн хуралдаанууд болж, мөн бараг “уламжлал” ёсоор хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Тавантолгойн гэх асуудал торойж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ энэ асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцсээр “хэлэлцэхийг дэмжив” гэсэн шийдвэр гаргасан парламентчид одоо “жинхнээсээ” Тавантолгойн орд газрын ашиглалтын гэрээний төсөлтэй танилцана. Хөрөнгө оруулагчаа сонгоогүй байгаа болохоор түүнтэй хийх гэрээний төсөл гэж юу байв гэж, улстөрчид л Тавантолгойн асуудлуудыг хэлэлцэж байна гэж “дэвээд” байгаа болохоос биш. Үнэндээ бол гэрээний төслийг хууль тогтоогчид нарийвчлан хэлэлцэх бус ерөнхий чиглэлтэй нь танилцаад Засгийн газарт гэрээ хийх эрхийг нь өгчихнө. Харин эрхэм гишүүд одоо бол төсөөлөл төдий бүрхэг байгаа төсөлтэй нь “танилцаад” Оюутолгойн ашиглалтын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа ажиллаж байсан ёсоор Засгийн газарт хөрөнгө оруулагчаа сонгож, гэрээгээ нарийвчлах эрхийг нь “загнаж загнаж” өгөөд найр наадамдаа, нутаг хошуу руугаа мордоцгооно. /Оюутолгойн гэрээг хийхдээ “Цаг хугацаанд шахагдаад, та нарт итгээд гэрээ хийх эрхийг олгочихлоо шүү” гэж Засгийн газрыг баахан загнаж байсан шүү дээ/. Засгийн газар хөрөнгө оруулагчаа шалгаруулах сонгон шалгаруулалтаа хийж, сонирхогчидтой гэрээ хэлцэл хийж байна гэсээр бас хэсэг хугацааг “авна” гэдэг нь ерөнхийдөө тодорхой болж байна. Ингээд асуудлаа дахин УИХ-даа танилцуулан оруулж ирэхэд, ихэнх томоохон асуудлуудын шийдэл хөшигний цаана гарчихсан байдаг ёсоор, эрхэм гишүүд телевизийн камерын өмнө баахан жүжиглэж, кнопоо дарах юм байгаа биз дээ. Гэхдээ сонирхогчидтой гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулагчдаа тодруулах, дараа нь гэрээний нөхцлүүдээ ярилцах зэрэгт хэдий хугацаа шаардагдахыг одоо тааж хэлэхэд хэцүү. Лав л Оюутолгой шиг зургаан жил зууралдахгүй гэдэгт найдацгаая.

 Дээр дурдсан хөрөнгө оруулагчийг тодруулах гэсэн хамгийн гол асуудал өнөөдрийн анхаарлын гол цэг болох нь тодорхой. Үүнд Засгийн газар болохоор хоёр хүртэл хөрөнгө оруулагчийг тодруулна. Гэхдээ “тэд” нь Монгол компанитай эвссэн консорциум байвал зүгээр гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Анх Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард гаргасан ерөнхий чиглэлдээ 5-7 хөрөнгө оруулагч байж болох юм гэсэн байр суурьтай байсан бол эдүгээ 1-2 хөрөнгө оруулагч сонгоно гэж байгаа. Үүнийг ч ордыг хэдэн хэсэгт хувааж байснаас бүхэл цулаар нь байлгавал хөрөнгө босгоход ч, ашиглахад ч илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Харин хамгийн чухал буюу хөрөнгө оруулагчаа сонгоход “но” байгааг судлаачид анхааруулж байна. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний эхний төсөлд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс судалгаа хийсэн байна. Тус форумын  мэргэжилтэн Н.Дорждарийн хийсэн судалгаанд гэрээний анхны төсөлд тулгуурлан ордыг эзэмшигч “Эрдэнэс МГЛ”-ын нөхцөл байдал, татварын орчин, үйл ажиллагааг зогсооход гарах хүчин зүйл гээд олон зүйлийг авч үзсэн байна. Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээндээ одоо хараахан тодроогүй байгаа хөрөнгө оруулагчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татварыг нь тогтворжуулж /суурийг тогтвортой хэмжээнд тогтооно/, татварын хууль тогтоомж илүү таатай нөхцөл бүрдвэл эдлэх эрхтэй, хэрвээ татварын нөхцөл хатуурвал түүнээс хамгаалж байхаар заасан байна. Харин лизенцийг эзэмшигч Эрдэнэс “МГЛ” хөрөнгө оруулагчтайгаа адилхан ашиг хүртэж, ашгийн төлөө зүтгэх ёстой байтлаа хяналтын үүрэг давхар гүйцэтгэхээр байгаа нь судлаачийг гайхашруулжээ. Нэгэнт ашгийн төлөө цуг зүтгэж байгаа болохоор хяналтын үүргээ сулруулж болохыг сая АНУ-ын “Бритиш Петролиум” компани зардлаа хэмнэх гэснээсээ үүдэн асар их хэмжээний газрын тос Атлантын далай руу алдчихаад байгаа жишээг татсан байна. Энэ мэтчилэн анхаарууштай олон асуудал байгаа юм байна. Хамгийн гол анхаарал татам, бас эрсдэлтэй нь хөрөнгө оруулагчаа шалгаруулаагүй байж, Хөрөнгө оруулалтын гэрээ бариад гүйгээд байгаатайгаа адил хөрөнгө оруулагчаа сонгосныхоо дараа хөрөнгө оруулалтын хэмжээ, урьдчилгаа төлбөр зэргээ хэлэлцээр хийж тохирно гэж байгаа нь. Баахан шалгуур тавьж байгаад нэгэнт хөрөнгө оруулагчаа сонгочихоод дараа нь мөнгө төгрөгөө ярихаар хөрөнгө оруулагч хэр чих зөөлөнтэй байх вэ? Тэр тусмаа одоогийн байдлаар үй түмэн шалгуур тавьж байгаад нэг хөрөнгө оруулагчийг сонгочихоод түүнтэйгээ хэлэлцээр хийнэ гэхээр давуу тал манай Засгийн газарт бус хөрөнгө оруулагчдад илүү харагдана. Нэгэнт оператороор ажиллахаар сонгогдчихсон компани юу гэж л манай Засгийн газрын тэдэн сая ам.доллар өг гэх мэтийн тулгалтыг “за” гээд хүлээгээд авах вэ дээ. Монголын уран сайхны нэг кинон дээр Хатанбаатар Магсаржав хятадуудтай хэлэлцээр хийх гэтэл Цахиур Төмөр адууг нь хурааж авчирчихаад “Морьтой хүмүүстэй ярьснаас явган хүнтэй ярьсан нь дээр юм уу л гэж бодлоо” гэдэг. Харин манай Засгийн газар энэ тохиолдолд адуугаа хашаанд аваачиж хураачихаад хэлэлцээр хийж гэж байгаатай агаар нэгэн болчихож байгаа шиг санагдах юм. Бас олон шалгуураар хөрөнгө оруулагчийг сонгох тусам шалгарсан компани өндөр үнэ төлөхгүй байх магадлалтай гэж үзсэн байна. Нэгэнт өч төчнөөн шалгуураар хөрөнгө оруулагчаар шалгарчихсан, “ялалтын пайз”-ыг нь гардуулчихсан байгаа компани дахин давхар “үнэ” төлөхийг хүсэх вэ дээ?   Нэг ийм “хар, цагаан”-тай төслийг Засгийн газар УИХ-д оруулж ирчихээд, эрхэм гишүүдийн айраг, наадмаа санагалзах сэтгэлтэй нь цуг тулган хүлээлгэж байна. Засгийн газрынхны үг, үйлдлээс ойрын хугацаанд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрхээ авах гэж улайран чармайж байгааг харж болно. Тэд алдаа, оноотой зүйл байгаа ч эрхээ авчихаад гэрээ хэлцлийн шатанд засч залруулна гэсэн үгийг хамгийн түрүүнд УИХ-ын чуулганы танхимд хадаана гэдгийг тааж цөхөх зүйлгүй. Уг нь парламентаасаа эрхээ авчихаад дараагийнхаа ажлыг үргэлжлүүлдэг жишиг байдаг, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг ч ингэж хийж байсан. Гэтэл Оюутолгой бол хөрөнгө оруулагч, нөөц, технологийн шийдэл нь тодорхой, зургаан жил тал талаас нь мэрж, зулгааж, гоочилсон “асуудал” байсан. Гэтэл хөрөнгө оруулагч нь ч тодорхойгүй, төсөл нь түүхийгээрээ Тавантолгойн асуудлыг Засгийн газар яагаад ойрын хугацаанд шийднэ гэж “баатартлаад” байгаа юм бол оо?   

No comments:

Post a Comment