2011/02/16

Брокерийн пүүсүүд моодонд орох цаг


Брокерийн пүүсүүд моодонд орох цаг
Тавантолгой гэж хэвлийдээ "хар алт" нуусан газрын хэвлийг дорвитой хөндөх цаг ойртсоор байна. Тэр их "хар алт"-ыг олборлож, экспортлохоор төр "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгууллаа. Энэ компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг Монгол хүн бүрт тэнцүү хувааж түгээнэ.

Нэг Монгол хүн 550 орчим ширхэг хувьцааны эзэн болохыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар удаа дараа мэдэгдсэн. Нэг хувьцааны үнэлгээ хэдэн төгрөг байхыг толгойтой бүхэн дотроо таамаглаж сууна. 

Олон хүний тойм тооцоо нэгж хувьцаа нь анхны үнэлгээг 2000 орчим төгрөгт хэлбэлзүүлж байгаа юм. Энэ үнэн тооцоо байж гэмээнэ Монгол хүн бүр сая орчим төгрөгийн хөрөнгөтэй болох нь. 

Нэг иргэнд хувьцаа тараахад хамгийн гол үүрэгтэй оролцох байгууллагууд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцүүд. Бэлэн мөнгө биш, хөрөнгө тараах гэж байгаа юм чинь хөрөнгийн зах зээл гол дүрд тоглох нь мэдээж. 

Хувьцаа хуваарилах ажлыг хөрөнгийн зах зээлийн нэг дэд бүтэц болох Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ажиллуулна. Энэ байгууллага иргэн бүрт 1.5 тэрбум хувьцааг нь тэнцүү хуваагаад хадгалж хамгаалах юм. 

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг тараагаад хэсэг хугацаанд "lock up" хийнэ гэж ярьж байгаа. Та хувьцаагаа аваад тогтоосон хугацаанд арилжаалахгүй гэсэн үг. Засгийн газрын тогтоосон хугацаа дуусмагц та хувьцаа худалдах, бэлэглэх, өвлүүлэх эрхтэй болно. Тэр цагт хөрөнгийн зах зээлийн бас нэг дэд бүтэц болох брокер дилерийн пүүсүүд ёстой моодонд орно доо. 

Манайх 46 брокерийн пүүстэй. Одоо Монголд хувьцаа эзэмших данстай 450 мянган хүн бий. "Эрдэнэс Тавантолгой"-нхоо хувьцааг эргэлтэд оруулахын тулд 2.3 сая хүн данс нээлгэх шаардлага тулгарна. Дансгүй хүн бүр данс нээлгэвэл дунджаар нэг пүүст 50 мянга орчим хувьцаа эзэмшигч оногдоно. 

Брокерийн пүүсүүд хувь хүнтэй данс нээх гэрээ хийхдээ 5000 мянган төгрөгийн шимтгэл авдаг. Тэгвэл нэг пүүс зөвхөн хувь хүний данс нээх хураамжаас дунджаар 250 сая төгрөгийн орлого олох нь. 

Мөн УИХ үндэсний аж ахуйн нэгж бүрт "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдахаар тогтоосон. Төрийн өмчийн хороо 43 мянган үндэсний аж ахуйн нэгж байгаа гэсэн судалгаа гаргажээ. Эдгээрийн зөвхөн 800 орчим нь хувьцаа эзэмшигчийн данстай. 42 мянга гаруй компани данс нээлгэх шаардлагатай болж байна. Брокерийн пүүсүүд аж ахуйн нэгжтэй данс нээх гэрээ хийхдээ 50 мянган төгрөгийн хураамж авдаг. Дахид дундажлаад үзье. Нэг пүүс аж ахуйн нэгжийн данс нээгээд 45 сая төгрөг олох нь байна. 

Зөвхөн данс нээхэд ийм ашиг олж байна. Нэг аж ахуйн нэгж 20 сая орчим сая төгрөгөөр "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг худалдаж авах тооцоо гаргасан. 43 мянган аж ахуйн нэгжээс нийт 860 тэрбум төгрөг гарах нь. 

Энэ арилжааг брокерийн пүүс л зуучилж явуулах эрхтэй. Брокерийн пүүсүүд арилжаа хийсний хөлсөнд хоёр хувийг шимтгэж авна гэж бодъё. Тэгвэл брокерийн пүүсүүд 17.2 тэрбум төгрөг олох нь. Нэг пүүст дунджаар 374 сая төгрөг оногдож байна. Ингээд нэг брокерийн пүүс зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас 700 сая төгрөгийн олох нь тодорхой боллоо. Цаашлаад бүгд хувьцаа эзэмшигч болсон Монголчууд арилжаанд оролцоод эхэлбэл брокерийн пүүсүүд шимтгэлээр баяжих нь ээ. 

Хувь хүмүүсээс гадна манай хөрөнгийн зах зээлд гадаадын дансаараа дүүрэн мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангууд ороод ирчихсэн урдуураа улаан хөлтийг гаргахгүй худалдаж авч эхэллээ. Тэд хэдэн тэрбумаар хэмжигдэх арилжааг нэг өдөр хийж байна. 'Тавантолгойн" ордыг ашиглах болсноор төр хөрөнгийн зах зээлд оролцогчдын менежментийг мөн уран хийж өглөө. Брокерийн пүүс моодонд орох цагийг мэдэрсэн нөхдүүд хөрөнгөө оруулаад эхэлсэн сурагтай.

No comments:

Post a Comment