2011/02/18

Монголын нүүрс дэлхийг “даллав”

ө
Монголын нүүрс дэлхийг “даллав”
Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ, гангийн үйлдвэрлэл нэмэгдсээр байна. Энэ нь нүүрсний зах зээл тэлэх сайхан боломж болж байгаа юм. Зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 хувийг нүүрсний зах зээл бүрдүүлж байна гэдэг бага биш үзүүлэлт.

Сүүлийн үед ам.долларын ханш сулрах болсноос түүхий эдийн үнэ өсөх хандлагатай болсон. Гэхдээ үүнд зэс, алт тэргүүтэй металлын зах зээл түлхүү хамааралтай юм. Харин нүүрс экспортлогч компаниудын хувьд түүхий эдээ тус улсын дотоодын валютаар үнэлж, олон улсын зах зээлд гаргаж арилжаалж байгаа нь тэдэнд өндөр ашигтай ажиллах боломж олгож байгаа. Нүүрсний нөөц баялаг ихтэй орноор Австрали, Африкийн орнуудыг нэрлэж болно. Харин сүүлийн үед дэлхийд тэргүүлэхүйц нүүрсний нөөцтэй гэх гуншингаар цоллуулах болсон манай улс гадныхны анхаарлыг хамгийн их татаж эхэлсэн билээ.

Өнөөдөр олон улсын шинжээчид манай улсыг "Төв Азийн Кувейт" гэж нэрлэж байна. Ашигт малтмалаар баялаг орон учраас тэр. Гэхдээ тэр дундаа нүүрсний нөөц нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Хэдэн тэрбум тонноор тоологдох нүүрсний ашиглаагүй нөөцтэй Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулах эрх бүхий "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO хувьцааг олон улсын биржүүд дээр гарах эрхийг олж авахын төлөө дэлхийд томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтын банкууд өрсөлдөх болсон. "JP Morgan", "Morgan Stanley", "Macquarie Group Ltd", "Citigroup Inc", "Deutsche Bank AG", "Credit Suisse", "UBS" зэрэг дэлхийн санхүүгийн гигантууд 1.5-5 тэрбум ам.долларын үнийн санал тавьж, тэмцэлдэж байна. Харин тэд чухам яагаад Монголын нүүрсний төлөө амиа тавихаас буцахгүй байгааг энд тайлбарлахыг хичээлээ. 

Манай улсын нүүрсний нийт үйлдвэрлэл одоогоор тэрбум ам.долларт хүрээд байгаа. Статистик мэдээгээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрс олборлолтын хэмжээ 20 сая тоннд хүрсэн юм. Түүний 15 хувийг нь дотоодын үйлдвэрлэл эзэлж байна гэх тооцоог зарим шинжээч гаргасан байдаг. Харин үлдсэн хэсэг нь буюу дийлэнх хувийг нь экспортоор гадагш нь гаргаж байгаа юм. Манай дотоодын хэрэглээ хэтдээ нэг их өсөхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин Тавантолгой тэргүүтэй орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж эхлэх тэр үеэс нүүрсний үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх тооцоо байгаа. 

Тавантолгой, Нарийн сухайтаас гадна Монголын хойд бүс нутгуудад "Профиши Ресурс", "Спайр майнинг" компаниуд нүүрсний томоохон ордууд илрүүлжээ. Бразилийн "Vale" компанийн хөрөнгө оруулалттай "Тэфис майнинг" хүрэн нүүрсний арвин нөөцтэй ордыг эзэмшдэг. Түүнээс гадна Хөшөөтийн нүүрсний ордын төсөл ч бий. "Энержи Ресурс", "Хүннү Коал" зэрэг компаниуд олон улсын Хөрөнгийн бирж дээр IPO-гоо амжилттай гаргасан нь тэдний эзэмшиж буй нүүрсээр баялаг орд газруудтай холбоотой юм. Сайхан ирээдүй харагдаж байгаа биз. Түүнээс манай эдийн засагт гурав орчим тэрбум ам.долларын орлого орж ирнэ гэж шинжээчид үзсэн. Энэ орлогыг олохын тулд нүүрсний экспортоо нэмэгдүүлж, олон улсын зах зээл рүү гаргах нь мэдээж.

Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг нүүрсний томоохон импортлогч орнууд Австралийн нүүрсийг шүтдэг. Олборлогч компаниуд тус улсаас нүүрсээ усан замын тээврээр авчирдаг. Энэ нь хуурай замын тээвэртэй харьцуулахад хэд дахин хямд өртөгтэй. Гэвч далайн боомтоос нэлээд зайтай байрладаг газруудад бол Австралиас ирэх нүүрсний тээврийн хямд зардал нэг их нөлөөлөхгүй юм. Нөгөөтэйгүүр манай улс төв Азийн зүрхэнд байрладаг орон. Борооны улирал гэж байдаггүй. Цунами болно гэж айхгүй. 

Тиймээс уур амьсгалын бүсийн хувьд харьцангуй аятайхан байрлалтай гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр Австралийн Квинслэндэд cap гаруйн хугацаанд орсон үерийн улмаас олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ огцом өссөн. "Рио Тинто", "Эксастра", "ВНР Billiton" зэрэг уул уурхайн гигантууд үйл ажиллагаагаа явуулдаг Квинслэнд мужид байгалийн гамшиг болсны улмаас олон улсад коксжсон нүүрсний үнэ 17 хувиар нэмэгдсэн гэх мэдээ бий. Түүнчлэн тус мужаас далайн боомтууд руу нүүрс тээвэрлэж хүргэхэд ашиглаж байсан төмөр зам эвдэрч, сүйдсэн зэрэг нь ойрын 3-6 сард нүүрсний олборлолтоо хэвийн явуулах боломжгүйд хүргэсэн байх юм. Австралийн нүүрс ингээд л эрсдэлтэй "бүсэд" хамаарагдах болж. 

Манайхаас гадна Индонез, Мозамбек улс нүүрсний асар их нөөцтэй нь тогтоогдсон. Гэтэл тэдгээр улс нь манайхтай нэг адил дэд бүтцийн хөгжил муутай, одоо л дөнгөж бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байгаа. Энэ нь нэг талаараа Монголчуудад боломж байна гэсэн үг юм. Харин нүүрсний үнэ цаашдаа хэрхэх вэ. Коксжсон нүүрсний хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч орон бол Хятад. Гэхдээ тус улс далайн боомтын импортоор хараахан тэргүүлж чадахгүй байна. Хятадаас гадна Энэтхэгийн нүүрсний эрэлт хурдацтай өсч байгаа. Дэлхийн нүүрсний институт болон "Credit Suisse''-ээс гаргасан тооцоогоор тус улсын нүүрсний хэрэглээ 2013 он гэхэд 38 сая тонн болж өсөх юм. Энэ бүхнээс шалтгаалаад энэ онд нэг тонн нүүрс тутамд үнэ нь таван ам.доллараар нэмэгдэх бололтой хэмээн "Credit Suisse''-ийн шинжээчид үзжээ. Гэхдээ оны сүүлээр гангийн үнэ буурах хандлагатай байна.

Тиймээс нүүрсний үнэ ч мөн адил буурна гэх хүлээлт зарим үйлдвэрлэгчдийн дунд байгааг шинжээчид үгүйсгэсэнгүй. Гэхдээ энэ уналт богино хугацаанд үргэлжилнэ. Сүүлийн үед Хятадын төв банк инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ шат дараалан нэмж байгаа. Өөрөөр хэлбэл, тус улс мөнгөний бодлогоо хатууруулж эхэлсэн гэсэн үг. Гэвч дотоодын нийт бүтээгдэхүүн нь жилд 9.4 хувиар өсч байгаа Хятадын хувьд ойрын 3-5 жилд импортоо бууруулж, дэлхийн түүхий эдийн зах зээл дэх үнийг унагах боломжгүй гэдгийг шинжээчид нотолж байна. Үнэндээ АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудтай хийсэн худалдаа нь байнга илүүдэлтэй гардгаас болж тус улс нэлээд шүүмжлүүлдэг. Харин хариуд нь "Манай улс түүхий эдийн импортоороо дэлхийд тэргүүлдэг. 

Тиймээс маш олон оронтой хийсэн худалдаа нь алдагдалтай гарсан" хэмээн онцолдог. Энэ бол оргүй хоосон үг биш. Уул уурхайд түшиглэн хөгжиж буй орнуудын хувьд бэлэн мөнгөөр баян Хятад бол "амттай зууш" л гэсэн үг. Гэхдээ тэд өөрсдийгөө зүгээр нэг ашиглуулчихгүй нь бас ойлгомжтой. Манай улсын хувьд өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Хятадад экспортолсон нүүрсний хэмжээгээрээ Австралийн дараа л орж байсан юм. Өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар Хятад 33.5 сая тонн нүүрс импортолсны 39 хувийг Австралиас авсан. Харин 9.9 сая тонн буюу 30 хувийг манайхаас авчээ. Энэ утгаараа нүүрсний зах зээлд Монголын гол харилцагч нь Хятад болсон хэмээн "Steel Business Briefing''-нд мэдээлж байв. 

Эцэст нь бүгдийг төрд даатгадаг өнөөх л зангаараа үгээ хэлье. Бидэнд хэтэрхий их боломж, нөөц баялаг, ирээдүй байна. Энэ бүхнийг зөв ашиглаж, дэд бүтцээ хөгжүүлж, хэтдээ нэг салбарт түшиглэсэн, нэг салбараас хэт хараат болсон эдийн засгийн тогтолцоог бий болгочихгүйн тулд Монголын төр ур ухаанаа дайчлах шаардлагатай байна.

1 comment:

  1. Ухаан муутай төрд ухаанаа дайчил гэж мянга хэлээд нэмэргүй. Харин луйварчдыг зайлуулж ажил хийдэг, эх орноо гэсэн хүмүүсийг сонгож шинэ төрийг байгуулаад шахаад явбал учиртай байж магад. www.bodonchor.blogspot.com

    ReplyDelete