Засгийн газраас Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулж, нийт хувьцааных нь 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр, 10 хувийг иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдахаар болсон. Тэгвэл олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргах, хөрөнгө оруулалт татахад гадаадын нэр хүндтэй зуучлагч банк гол хөшүүрэг нь болдог.
Олон улсын зах зээл дээр хувьцаа гаргаж, хөрөнгө татсан тэргүүн туршлагыг бид "Энержи ресурс"-аас харсан. Тус компанийнхан Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO буюу анхдагч хувьцаагаа санал болгож, амжилттай арилжаалж чадсанаар хэдхэн хоногийн дотор 650 сая ам.доллар босгосон. Харин "Энержи ресурс"-ыг хувьцаагаа гаргахад нь олон улсад нэр хүндтэй "JP morgan" групп зуучилжээ.
Зуучлагч байгууллага нэр хүндтэй, найдвартай байсан учир "Энержи ресурс"-ын хувьцаа өндөр үнээр богино хугацаанд борлогдсон хэрэг. Тэгвэл Тавантолгойн ордод IPO хийхэд хэн зуучлах вэ.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс IPO зуучлагч банкийг шалгаруулах тендерийг олон улсад нээлттэй зарласан. Тавантолгойн хувьцааг олон улсад гаргахад дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын банкууд саналаа ирүүлжээ.
Нийт 16 хөрөнгө оруулалтын банк буюу IPO зуучлагч байгууллага тендерт материалаа өгсөн байгаа. Үүнээс Засгийн газрын шаардлагыг хангасан 3-4 банкийг сонгох юм байна. Тендерт оролцсон Хөрөнгө оруулалтын банкуудын төлөөлөгчидтэй "ЭрдэнэсТавантолгой" компанийнхан ганцаарчилсан уулзалт хийж дууссан. Тэд санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулснаар IPO зөвлөх банк тодрох юм.
"Эрдэнэс Тавантолгой"-д IPO хийхэд 16 хөрөнгө оруулалтын банк саналаа ирүүлснийг дээр дурьдсан. Тэдгээрийн дунд олон улсад нэр хүндтэй "Goldman Sachs", "JP morgan", "Bank of America lyrch", "ING", "Morgan Stanley", "BarclaysCapital" зэрэг хөрөнгө оруулалтын банкууд өрсөлдөж байна. Үндсэндээ тендерт оролцогчид хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийд эхний 20-д багтах нэр хүнд бүхий томоохон банкууд байгаа юм.
Тухайлбал, UBS буюу Швейцарийн банкны нэгдэл нь 2006 оноос хойш дэлхийн хэмжээнд хийсэн IPO үзүүлэлтээрээ салбартаа жил дараалан тэргүүлсэн гэх эерэг мэдээ байна. Цаашлаад Morgan Stanley, Goldman Sachs, JP Morgan, Bank of America Merrill Lynch, Gredit Suisse, Deutsche bank, CITI, China China international болон Nomura зэрэг компани IРО чиглэлээр шилдэгт тооцогддог аж.
Өрсөлдөгчид бүгдээр энэ салбарт шилдэгт тооцогдож буй. Шилдгүүд дотроос шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах үүрэг Засгийн газарт оногдож байна. Хувьцааг олон улсад зуучлах компанийн нэр энэ зунаас өмнө тодорно хэмээн албаны эх сурвалжууд хэлж байна.
Засгийн газрын зүгээс 1-1.5 жилд багтаан Тавантолгойн IPO гарах ёстой гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Олон улсын жишгээр IPO хийхэд 2-2.5 жил шаардагддаг аж. Үүнийг хэтэрхий урт хугацаа хэмээн Засгийн газар үзэж байна.
Тавантолгойд IPO зуучлагч банкаар ажиллах сонирхолтой хөрөнгө оруулалтын банкууд дээрх шаардлагыг биелүүлж чадна хэмээн итгэлтэйгээр хэлж байгаа гэсэн. Хэрвээ Хөрөнгө оруулалтын банкууд хэлсэндээ хүрч, Засгийн газрын шаардлагыг биелүүлбэл, Тавантолгойн хувьцаа хамгийн ихдээ 1.5 жилийн дараа олон улсын хөрөнгийн бирж дээр худалдаалагдаж эхлэх нь. Тэр үед Тавантолгойн ордын үнэлгээ, хувьцааны ханш эрс өсч, хөрөнгө оруулалт улам найдвартай болно.
Түүнчлэн Монголын ард түмэнд Тавантолгойгоос ирэх хувь, хишгийн хэмжээ нэмэгдэх учиртай билээ. Гэхдээ эхний ээлжинд Тавантолгойн ордын хувьцааг олон улсад зуучлах үүргийг "хэн" хүлээх вэ гэдэг асуултад хариулах ёстой. Энэ асуултын хариу удахгүй тодорч, Тавантолгойн IPO аль болох богино хугацаанд амжилттай олон улсын зах зээл дээр гарна гэж найдъя.
No comments:
Post a Comment