2011/02/18

Д.Ачит-Эрдэнэ: Хэт яарах нь Тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж мэднэ


Д.Ачит-Эрдэнэ: Хэт яарах нь Тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж мэднэ
MICC хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнийг "Ярилцах танхим "-даа урилаа.

-Уул уурхайн салбарт өрнөж байгаа цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье гэж бодож байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн IPO-г хариуцах зорилготой дэлхийн нэр хүндтэй банкууд Засгийн газарт саналаа илэрхийллээ. Үүнтэй холбоотойгоор манайхны дунд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг яарч гаргах нь үнэгүйдүүлэж аюултай гэх санал ч гарах болж. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг гаргах гэж нэг их яарах хэрэггүй болов уу. Анхнаасаа менежментийн багийг сайн бүрдүүлж, ордыг ашиглалтад оруулсныхаа дараа хувьцаа гаргавал "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа илүү үнэд хүрч чадна. Наад зах нь, "ММС" буюу "Энержи ресурс" компанийн хувьцаа яагаад үнэд хүрч чадсан бэ гэхээр, сайн оператор компани сонгож, нөөцөө олон улсын стандартын дагуу батлуулсан. Мөн "гадны том" хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигчээр нь бүртгүүлж, үйл ажиллагаа нь жигдэрсэнд байгаа. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д их хэмжээний нөөц л байгаа. Харин менежментийн баг, операторын баг нь тодорхойгүй. Олборлолтоо ч эхлээгүй. Нэг ёсондоо хувьцаа гаргахад бэлэн болоогүй байна. Тиймээс зөвхөн нөөцөн дээр үндэслээд хувьцаа гаргах нь хувьцааны үнэлгээнд сөрөг нөлөөтэй. Харин үйл ажиллагаагаа жигдрүүлсний дараа хувьцаа гаргавал одоо гаргах хувьцаанаас хэд дахин өндрөөр үнэлж, тэр хэрээр илүү ашиг өгч болох юм.

-Операторын эрхийн төлөө Герман болон Австралийн хоёр компани өрсөлдөж байгаа. Тэгвэл IРО хийх гэж буй ордод операторын үүрэг гүйцэтгэх компанийг сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Оператор компани IPO хийхэд маш чухал нөлөөтэй. Дэлхийд данстай, нэр хүнд бүхий компанийг оператороор сонгосон тохиолдолд хөрөнгө оруулагчдад олборлох эрсдэл байхгүй юм байна гэсэн итгэл төрүүлж, эргэлзээгүй болгодог. Монголчууд энэ тал дээр туршлагагүй. Олон улсын хөрөнгийн биржид IPO хийсэн компаниудыг харахад ихэвчлэн алдартай компаниудыг оператораар сонгосон байдаг. Тиймээс хамгийн нэр хүндтэй, туршлагатай компанийг нь л сонгох хэрэгтэй болов уу.

-"Эрдэнэс Тавантолгой"-н орд дэлхийд томоохонд тооцогдох учир хөрөнгө оруулалтын нэг банк дангаар хариуцах боломжгүй гэсэн дүгнэлт бий. Энэ талаарх таны бодол?
-Том IPO хийхэд гурав, дөрвөн банк сонгох тохиолдол бий. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийж, хоёр тэрбум доллар босгосон нэгэн компани долоон хөрөнгө оруулалтын банкийг хамтад нь сонгосон байх жишээтэй. Гэхдээ олон банк сонгох тусам банкуудад менежмент хийхэд, удирдахад хэцүү байдаг сургамж байдаг. Тэгэхээр хамгийн тохиромжтой тоо бол 2-3 банк сонгох л юм.

-Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд хуваарилахаар болсон. Энэ амьдрал дээр бодитоор хэрэгжих боломжтой юу?
-Энэ тогтоолоор бол хувьцааг эзэмшиж байсан хүн нас барсан тохиолдолд өвлүүлэхгүй гэсэн байгаа. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид нас барахад хувьцааны тоо багасна гэсэн үг. Мөн шинээр төрсөн хүүхдэд хувьцаа олголоо гэхэд хувьцааны хэмжээ нэмэгдэнэ. Ингэхээр нөгөө байх ёстой 10 хувь чинь хэлбэлзэж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр 10 хувиасаа илүү гарах, дутах асуудал үүснэ биз дээ. Хуулиар хувьцаат компанийн хувьд дээрх шиг асуудал гарах ёсгүй гэж заасан байдаг. Хувьцаат компанийн хувь эзэмшигчдийн хувийн хэмжээг тодорхой заасан байх ёстой. Тэгэхээр хамгийн зөв арга бол "Хүний хөгжлийн сан"-д тэр 10 хувьтай тэнцэх эрхийг өгч, зөвхөн түүнийхээ ногдол ашгийг нь иргэддээ хувааж олгох нь зөв хувилбар юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл энэхүү хувьцааг шилжүүлж, өвлүүлж, зарж болохгүй гээд байгаа шүү дээ.

-Мөн нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилна гэж байгаа?

-Гол нь 2010 оны зургадугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Монгол Улсад татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд хувьцааг тэгш хуваарилна гэсэн байсан. Тэгээд манайд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуй нэгжээс 30 орчим мянга нь дээрх болзлыг хангах байх гэсэн тооцоо хийсэн байсан. Тэгэхээр 30 мянган компани маш их баялгийг маш хямд үнээр авах боломжтой гэсэн үг. Олон компанитай хүн л үүнээс хожих байх. Их татвар төлдөг том компаниуд болон жижиг компаниуд ижил тэгш эрхтэй байна гэдэгт том компаниудын эзэд тийм ч дуртай биш байгаа. Уг нь нөгөө 10 хувийг нь тэртэй тэргүй үнэгүй авчихсан юм чинь энэ 10 хувиа бүх хүмүүст хямд үнээр худалдаж авах боломж олгох хэрэгтэйгээр зохицуулсан бол компаниуд нь ахиухан хувьцаа авах л байсан байлгүй. Яг манайхтай төстэй байдалд байсан Ганийн Засгийн газар "Ашанти" гэдэг том ордыг хувьчлахдаа Ганийн иргэдэд 20 хувийг нь хямдралтай үнээр хувьчлан авах боломж олгосон жишиг бий. Харин үүнийхээ дараа Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж байсан юм билээ. Гэхдээ энэ бол шинэ зүйл биш л дээ.

-Нийт хувьцааны 30 хувиар хөрөнгө оруулалт босгоно гэж байгаа нь боломжтой хувилбар уу?

-Мэдээж энэ бол "Эрдэнэс Таван-толгой" ХК-д хөрөнгө оруулалт босгоход хангалттай хэмжээ гэж бодож байна. Хувьцааны 30 хувиар үйл ажиллагаагаа явуулахад хүрэлцэх хэмжээний хөрөнгө босгож чадна.

-"Эрдэнэс Тавантолгой"-гоос хальж алтны acуудал руу анхаарлаа хандуулъя. Энэ оноос эхлэн  гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тэглэгдсэн. Гэсэн ч урт нэртэй хууль гэгчээс болж алтны салбарынхан эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Ер нь алтны салбарт сэргэх боломж хэр харагдаж байна вэ?
-Монголд алтны шороон орд их ашиглаж байсан. Олон улсын туршлагаас харахад шороон ордыг ашигладаггүй. Энэ нь байгаль орчинд хортой гэж үздэг юм билээ. Тиймээс хөрөнгө оруулалт их шаарддаг ч алтны үндсэн ордыг л ашигладаг. Үндсэн ордын хайгуулын ажилд ихээхэн зардал шаарддаг учир манай улсын хувьд алтны үндсэн орд нэг их илрээгүй байгаа. Одоогоор Бороогийн алтны болон Гачууртын орд л илэрсэн байгаа юм уу даа. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой сүүлийн гурван жилд алт, зэсийн хайгуулын ажил үндсэндээ зогссон. Харин энэ хууль гарахаас өмнө жилд 100 сая ам.долларыг зөвхөн алт, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулдаг байсан тооцоо бий. Гэхдээ энэ оноос эхлэн алт, зэсийн төслүүдэд хайгуулын зориулалттай хөрөнгө оруулалт орж ирж байна. Магадгүй дахиад том орд нээгдэж. алтны эрин үе ирэх байх.

-Алт, зэсийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэх бодит жишээ байна уу?

-"Вояаж ресурс" гэдэг компани Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаад эрчимтэй хайгуул хийж байна. Манайхтай хамтарч ажилладаг "Ориго партнерс" компани, Английн хөрөнгө оруулалтын сантай хамтран алт, зэсийн төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Мөн урьд нь энэ чиглэлд  хайгуулын ажил хийж байсан "Эрдэнэ ресурс" гэдэг компани энэ жилээс алт, зэсийн хайгуулын ажлаа эхлүүлж, өрөмдлөг хийх тухайгаа зарласан. Харамсалтай нь манайд идэвхтэй хайгуул хийж байсан тав, зургаан компани Филлипин, Индонез руу эргэж ирэхээргүйгээр явсан.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын оронд өсөн нэмэгдэх роялтийн татварыг нэмсэнд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Энэ татвар бол гэнэтийн гэдэг нэрэндээ зохицсон манайхаас өөр хаана ч байхгүй татвар байсан. Өсөн нэмэгдэх роялтийн татвар бол хаа ч байдаг л татвар. Хамгийн гол нь уул уурхайн салбарынхантайгаа зөвшилцөж байж татвараа, хуулиа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Ер нь татвар тодорхой, тогтвортой байх ёстой. Ингэвэл хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг их хийнэ. Энэ нь ирээдүйд олох ашиг харж байдаг хөрөнгө оруулагчдад ч ашигтай, уул уурхайгаа түшиглэж мөнгө олох гэж байгаа манай улсад ч ашигтай. Түүнээс биш гэнэт л нэг татвар гаргаж ирээд байх юм бол уул уурхайн салбар хөгжихгүй. Тухайлбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татвараар дамжуулан "Эрдэнэт"-ээс л ашиг олсон болохоос цаашид үйл ажиллагаа нь эхэлж, төсөвт үр өгөөжөө өгөх байсан ордуудын хувь заяаг буруу тийш эргүүлсэн шүү дээ.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх хэрээр монголчууд ашиг хүртэх эрхтэй нь зүй ёсны хэрэг. Гэтэл бодит байдалд асуудал улам бүр хүндэрч байна?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголд ашиг авчраагүй биш авчирсан. Харин тэр ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр цацаж инфляци болгочихоод байна. Ашгийг нь тэгш хуваарилахад хэцүү байгаа болохоор ашиггүй мэт харагдаад байгаа юм. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт уул уурхайн салбарынханд илүү мэдрэгдэж байгаа. Гэхдээ энэ их ашигт зохицуулалт хийхээр Тогтворжуулалтын сан байгуулж байгааг зөв шийдвэр гэж бодож байгаа. Мөн бусад салбарыг түлхүү дэмжиж, халамжийг хавтгайруулахгүй, зөвхөн халамж хэрэгтэй байгаа хүмүүст нь л хүргэх хэрэгтэй. Тэгэхгүй бол инфляци ядуусын халаасыг тэмтэрч, баячуудын халаасыг дүүргэж байна шүү дээ.

-Дээрх асуудлаас үүдэлтэй "голланд өвчин" манайд тулгамдсан асуудал болж хувираад байгаа. Тиймээс Засгийн газраас бусад салбарыг дэмжих арга хэмжээ авч байгаа ч үр дунд хүрэхгүй байна. Манайд "голланд өвчнөөс" сэргийлэх боломж бий юү?
-Уул уурхайгаас бусад салбарыг дэмжихээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд дөнгөж эхлэл төдий байгаа болохоор үр дүнгээ хараахан өгөхгүй байж болох юм. 2007-2008 оны хооронд уул уурхайн салбараас олсон их хөрөнгийг "цацсан" нь үнэн. Харин одооны хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг чухал асуудал болоод байна. Мэдээж, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл бий болгоход зарцуулах хэрэгтэй. Үүний тулд ч зарим нэг ажлуудыг эхлүүлээд байна. Гэхдээ манайхыг "голланд өвчин"-д нэрвэгдсэн гэж хэлж болохгүй.

-Монгол Улс "Хан ресурс"-ын уран олборлох лицензийг цуцалснаар арбитрын шүүхэд дуудагдаад байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг гаргасан. Үүнд ураныг стратегийн чухал ач холбогдолтой гэдэг утгаар нь бусад ашигт малтмалаас тусад нь авч үзнэ гэсэн байдаг л даа. Хуулийн дагуу зөвхөн төрийн өмчийн оролцоотой компаниуд л ураны салбарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болчихсон байгаа юм. Тэгэхээр гадны компаниуд Монголын ураны салбарт нэг их халдаж чадахгүй байдалд хүрсэн. Тиймээс ОХУ, Францын төрийн өмчит компаниуд энэ салбарт хамтрахаар болсон. Харин "Хан ресурс"-ын хувьд тоогүй юм болсон л доо. Учир нь тухайн компанийг "Хөрөнгө оруул, оруул" гэж хөрөнгө оруулуулсан. Тухайн үед "Хан ресурс" компани нэг бүр нь таван ам.долларын үнэтэй хувьцаа гаргаж, маш их хөрөнгө босгож чадсан байдаг. Харин манайхыг Цөмийн энергийн тухай хууль гаргасны дараа лиценз нь цуцлагдахад хүрэхэд тухайн компанийн нэг ширхэг хувьцааны үнэ 25 цент болтлоо буурсан. Тиймээс алдагдлаа нөхөхийн тулд Монгол Улсаас 300 сая ам.доллар нэхэмжлэн арбитрын шүүхэд дуудсан. Гэхдээ Монгол Улс тусгаар тогтносон улс учир бие даасан хууль гаргаж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй.

-Монголын томоохон компаниудын дунд судалгаа хийсэн гэж байсан. Монголын хөрөнгийн биржид хийсэн судалгаагаар ямар дүгнэлт гарч байна?
-Монголын хөрөнгийн бирж бол дэлхийн хамгийн жижиг биржуүдийн нэг. Гэхдээ сүүлийн үед хувьцаанууд нь өсөлттэй гарч байгаа. Ер нь бол компаниудын хувьцаа төвлөрчихсөн, өдрийн арилжаа нь бага гэсэн үзүүлэлттэй гарсан байгаа. Мөн есдүгээр сараас дөрөвдүгээр cap хүртэл бүртгэлтэй хувьцаанууд нь бууралттай гардаг цикл ажиглагдсаныг судалгаагаар тогтоосон. Энэ нь дөрөвдүгээр сараас бүх ажил эхэлдэгтэй холбоотой болов уу. Хүмүүс ажил эхлэх үед мөнгөө татаж, хэрэглээд, зогссон үед нь хувьцаа худалдаж авах замаар өсгөдөг тогтлын л дагуу.

-Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн менежментийг хариуцахаар болсон. Харилцан ашигтай хамтран ажиллахын тулд юуг анхаарах ёстой вэ?
-Хөрөнгийн бирж хууль дүрмээ л өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал хэдэн жилийн өмнө "Айвенхо майнз" компанийн хувьцааг Канад, Монголын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргахаар ажилласан боловч хууль, эрх зүйн зөрчилдөөнөөс болж чадаагүй. Тиймээс энэ тал дээр хам-гийн түрүүнд зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэж чадвал Монголын хөрөнгийн бирж хөгжиж чадна.

-Хамгийн сүүлчийн асуулт маань дахиад л "Эрдэнэс Таван-толгой"-той холбоотой болчихлоо. "Эрдэнэс МГЛ" компанийнхан "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг хэрхэн олгох тал дээр танайхаас зөвлөгөө авсан гэж сонссон. Тэдэнд дээрх зөвлөгөөг өгсөн үү?
-Энэ бол манай харилцагч компанийн нууц учир мэдээлэх боломжгүй.

No comments:

Post a Comment