2011/02/25

Э.Ганбат: Хугацаа байгаа тул иргэд хувьцааны дансаа нээлгэх гэж яарах шаардлагагүй

Э.Ганбат: Хугацаа байгаа тул иргэд хувьцааны дансаа нээлгэх гэж яарах шаардлагагүй
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Иргэд хувьцааны дансаа нээлгээд эхэлчихлээ. Харин танай хороо болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс иргэдийг дансаа яаралтай нээлгэ гэж уриалсан мэдээлэл бараг гарсангүй?
-"Эрдэнэс Тавантолгой" хувьцааг компанийн хувьцааг энэ оны эхний хагаст багтаан олгоно гэж үзсэн. Үүнээс болж өнөөдөр брокер дилерийн компаниуд дээр данс нээлгэх иргэдийн бужигнаан үүсч байна. Уг нь ингэж бужигнах шаардлагагүй. Иргэд хувьцаа эзэмшигч болохын тулд юун түрүүнд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Тэр бүртгэлийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв авч иргэдэд данс нээж өгөх ёстой юм. Харин брокертой хэзээ гэрээ байгуулах вэ гэхээр хувьцаагаа дансандаа хийгээд арилжих үед л хэрэгтэй.

Одоо бол үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид бүртгүүлээд улмаар нийтэд арилжаалах хоёрдогч зах зээл нээгдэх хүртэл хугацаанд бусдад худалдах боломж нь хаалттай байлгах талаар ярьж байгаа шүү дээ. Гэхдээ иргэн өөрийн хөрөнгөөр өөр компанийн хувьцаа авч арилжаанд оролцохыг хүсч байгаа бол брокерийн компанид данс нээлгэх нь зөв. Харин яг одоо "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эзэмшихийн төлөө яарч брокерийн компанид данс нээлгэх шаардлага байхгүй. Яагаад гэхээр иргэд хувьцаагаа өнөөдөр авлаа гэхэд маргааш нь зарж болохгүй шүү дээ.

-Тийм л дээ. Гэхдээ иргэдийн зүгээс ямар брокерийн компанийг сонгох вэ гэсэн асуултыг их тавьж байна?
-Брокер нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон шалгуурт нийцсэн байх ёстой. Ажилтантай, ажилтан нь мэргэшсэн, дүрмийн сангийн хөрөнгө нь хуульд заасан хэмжээнд хүрсэн, өөрийн эргэлтийн хөрөнгийн зохистой харьцаа, санхүүгийн чадавхийн хувьд шаардлага хангасан байх ёстой. Тэр шаардлагыг хангасан брокерийн компанийг иргэд сонгох нь зөв. Энэ компаниудын талаар манай хорооноос мэдээлэл авч болно. Танилцуулга, ажилтан, захирлын тухай мэдээлэл, холбоо барих хаяг, компанийн оршин байгаа газар зэрэг бүх мэдээллийг ирэх долоо хоногтоо багтаан цахим хуудсандаа тавина. Одоо ч энэ компаниудын санхүүгийн чадавхийн талаарх мэдээллийг манай цахим хуудасаас харж болно.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг орон нутгийн өмчид "Тавантолгой"-н хувьцааны өсөлттэй адилтгаж үзэх, хувьцаа нэг бүр нь сая төгрөгт хангалттай хүрнэ гэх таамаглал яваад байна. Ийм тооцоолол байж болох уу?
-Тооцооллын хувьд шууд ийм байх ёстой гэх нь буруу. Яагаад гэхээр "Тавантолгой" хувьцаат компанийн нөөц "Эрдэнэс Тавантолгой"-н нөөц, гаргах хувьцааны тоо ширхэг нь тэс өөр шүү дээ. "Эрдэнэс Тавантолгой" гэхэд 15 тэрбум ширхэг хувьцааг гаргана. Тэгэхээр цөөн хувьцаа гаргасан юм чинь үнэ нь өсөх, олон хувьцаа гаргасан нь хувьцааных нь үнэ өсөхгүй байж болох тохиргооны зүйлс бий.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг тараах ажлыг энэ оны эхний хагаст багтаан хийнэ. Мэргэжлийн хүний хувьд танд энэ тал дээр ямар нэг болгоомжлол төрж байна уу?
-Ерөнхийдөө "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмчлөлд байгаа орд бол асар өндөр өртөгтэй. Бидний зүгээс дээшээ тавиад байгаа санал бол тус компанийг олон улсын зах зээлд гараад шаардлагатай хөрөнгөө татаж бүртгэлээ хийлгэсний дараа иргэдэд үнэгүй өмчлүүлсэн хувьцааг олон улсын зах зээлийн ханшаар зарах эрхийг нь нээгээч гэсэн байр суурьтай байгаа. Тэр болтол иргэдийн өмчлөлд хэвээр байлгаач гэсэн саналтай байна. Тэгэхгүй бол угаасаа жижиг зах зээлд үнэ ханшийн өсөлт нь бага байж таарна. Тэгэхээр иргэд маань олон улсын зах зээлийн үнээр хувьцаагаа зарах боломжоо алдана. Олон улсын захад бүртгүүлж ханш тогтоогүй байхад хямд үнээр зарчихвал иргэдийн авах өгөөж багасна шүү дээ. Тийм ч учраас иргэдийн өмчлөлд хувьцааг үнэ төлбөргүй өгчихөөд хоёр дахь зах зээлд нээх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Ялангуяа   энэ   компанийн   хувьцаа олон улсын зах зээл дээр бүртгэх хугацаанд хязгаарлах нь зүйтэй. Тэр хугацаанд иргэд ногдол ашгаа авах, хуралд оролцох эрхээ эдлээд явах боломжтой.

-Харин IРО хийх банкаа сонгоогүй байгаа. Бас ганцхан жилийн хугацаанд IРО хийхийг манай тал хүссэн. Энэ талаар дүгнэлт хэлэхгүй юү?

-Нэг жилийн хугацаа бол боломжтой. Жишиг хугацаа нь хоёр жил байдаг. Бэлтгэл ажил, техник эдийн засгийн үнэлгээ хийгээд явах зэрэг практик талын ажлууд бий. Нэлээд шахуу ажиллах шаардлагатай болж байна.

-Тэгэхээр бид олон улсын зах зээл дээр хувьцаа маань хэд хүрэх нь үү гэдгийг л хүлээх үлдэж байна уу?

-Тийм.

-Ерөнхий зүйл асууя. Үнэт цаасны зэх зээлийн тухайд манай улс 20 жилийн туршлагатай. Одоо энэ эгзэгтэй үед та бүхэнд ч Брокер дилерийн компаниудад ч хуримтлуулсан туршлага гээд асуудал гарах уу?
-Үнэт цаасны зах зээлийг үүсгэн байгуул сан түүхэн 20 жилийн шийдэл бол яах аргагүй зөв зүйтэй алхам байсан. Түүний ачаар бид өнөөдөр энэ эдийн засгийн тэлэлтийн үед хөрөнгийн захыг ашиглах хэмжээнд хүрсэн. Цаашид үүнийгээ өргөжүүлж чадахаар ч түвшинд ирлээ. Яахав хөрөнгийн зах үүсгэн байгуулах арга хэлбэрийн хувьд үнэт цаасны захыг өмч хувьчлал дээр тулгуурлаж байгуулсан. Гэхдээ энэ зах бол жижиглэнгийн зах байсан учраас зарим нэг асуудлыг үүсгэсэн.

-Ямар асуудал?

-Эдийн засгийн хувьд их хэмжээний мөнгөн хуримтлал бүхий сангууд байгаагүй. Тэр бүтэц нь бий болоогүй байснаас болоод энэ салбар эдийн засагт гүйцэтгэх байсан чиг үүргээ хүлээж байсан л түвшинд хүргэж чадаагүй. Гэхдээ энэ бол энэ захын буруу биш. Ерөөсөө манай эдийн засгийн нөхцөл байдал ямар байсантай нь холбоотой. 1990, 2007 оны банкны салбарын хямралын үед юу ажиглагдсан гэхээр ерөөсөө мөнгөгүй болсон байсан. Санхүүгийн салбар ч иргэд ч мөнгөгүй байлаа. Санхүүгийн салбарт байгаа хуримтлал нь маш бага хэмжээтэй байсан болохоор урт хугацааны эх үүсвэр болж чадаагүй. Харин өнөөдөр банкны салбар маань нэг их наядын хуримтлалтай болчихож, даатгалын салбар ч хөгжиж байна. Өсөлт ажиглагдаж байна.

-Харин одоо Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нэлээд нааштайгаар эргэж байгаа байх аа?

-Тийм. Бидний зүгээс тодорхой хугацаанд нь хуулийн төслийг боловсруулсан. Үүнээс гадна олон хууль байна шүү дээ. Үнэт цаасны тухай хуулийг гэхэд л шинэчлэхээр ажиллаж байна.

No comments:

Post a Comment