2011/02/14

2011 оноос өмнө төрсөн бүх хүн хувьцаа эзэмшинэ

Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Хадгаламж Өмчлөх Эрх бүртгэлийн албаны менежер Ц.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны арван хувийг иргэдэд өгнө гэж байгаа. Иргэд энэ хувьцааг эзэмшиж, данс нээлгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэд хувьцаа хүртэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлэх иргэний шинэчилсэн бүртгэлд орсон иргэдийн нэрсийн жагсаалтын дагуу манай компани иргэн бүрт хуваарилах хувьцааны тоогоор хувьцааны бичилтийг хийх юм. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 46 брокер дилерийн компани ажиллаж байгаа. Эдгээр компаниас сонголтоо хийж дансаа нээлгэх боломжтой.

-Өмнө нь өмч хувьчлалын үеэр нэрийн данстай болсон иргэдийн зарим нь энэ тухайгаа мэдэхгүй яваа. Тэд данс болон хувьцаатай байгаа эсэхээ хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Манай компанийн Олон нийттэй харилцах алба харилцагч хүлээн авч хувьцааны талаарх зохих зөвөлгөөг өгдөг. Иргэд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж, данс болон хувьцаатай эсэхээ шүүлгэж болно.

-Өмч хувьчлалын үеэр олгосон цэнхэр, ягаан тасалбараа авдрандаа хадгалж буй иргэд байна. Эрхийн бичгийг одоо ашиглах боломжтой юу?

-Тухайн үед баталгаажуулаагүй байгаа бол дээрх тасалбарууд хүчингүй. Харин тасалбараа өмнө нь баталгаажуулаад ямар компанийн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэхгүй байгаа бол манай компани дээр ирж тодруулж болно.

-Данс нээлгэхэд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Данс нээлгэхэд заавал брокер, дилерийн компаниар зуучлуулна. 16 наснаас дээш иргэд иргэний үнэмлэх, 16 наснаас доош бол төрсөний гэрчилгээ, эцэг эх болон, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхтэйгээ очиж данс нээлгэх гэрээ байгуулж дансаа нээлгэх боломжтой.

-Иргэд брокер дилерийн компаниар дамжуулалгүйгээр өөрийн данс дахь мэдээллийг үзэж болох уу?

-Боломжтой, дансаа нээлгэсэний дараа манай компани дээр ирж интернет дансны эрх нээлгэх шаардлагатай. Онлайнаар харилцагч өөрийн дансны талаархи мэдээ, мэдээлэл авах гурван төрлийн үйлчилгээ байдаг. Бүтэн жилийн хугацаатайгаар гурван үйлчилгээг цогцоор нь авахад 8000 төгрөгийн үнэтэй. Заавал гурван үйлчилгээг сонгох албагүй, аль нэгийг нь авч үйлчлүүлж болно.

-Брокер, дилерийн компаниар дамжуулж хувьцаагаа зарсан иргэд мөнгөө хаанаас авах вэ?

-Тухайн хувьцаа эзэмшигч нь өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компанидаа очиж, мөнгө хүссэн өргөдөлөө бичиж өгнө. Тухайн баримтыг үндэслэн манайх төвлөрсөн хадгаламж дахь харилцагчийн данснаас түүний банкин дахь нэрийн данс руу мөнгийг нь шилжүүлдэг.

No comments:

Post a Comment