2011/02/25

”Эрдэнэс тавантолгой”-д англичууд одтой байгаа гэнэ



Монголын төр байгалийн баялгаасаа иргэн бүртээ хувь хүртээх 

ажлыг олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкуудтай
 хамтран хийхээр хэлэлцээрийн ширээнд суугаад багагүй 
хугацаа өнгөрч байна. Дэлхийн санхүүгийн акулууд ч “Бага чулуугаар 
их чулуу хөдөлгөх” энэ том боломжийн төлөө ид өрсөлдөж байгаа
 билээ. Уг нь холбогдох албаныхны мэдээлж байснаар 
“Эрдэнэс Тавантолгой”-н хамтрагч хэн бэ гэдэг нь өдгөө 
тодорхой болчихсон байх учиртай. Гэвч сонгон шалгаруулалтыг 
хариуцаж буй эрхмүүд “Олон улсын зах зээлээс бидний босгох гэж 
буй мөнгө хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэх учраас IPO 
хийх банкийг сонгохдоо маш хариуцлагатай хандаж байна” гэхээс 
өөр ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Дээр, дооргүй 
асар асар их мөнгөний тухай ярьж байгаа болохоор 
“Эрдэнэс Тавантолгой”-н хамтрагч яг хэзээ тодорхой болж, иргэд 
хувьцаагаа хэзээ албан ёсоор эзэмшиж, үр ашгийг нь хүртэх вэ гэсэн асуултыг
 бараг л амтай болгон асууж буй. Харин эдгээр асуултад Төрийн өмчийн хорооны 
дарга Д.Сугар болон “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш нар 
“Сонгон шалгаруулалтын хороо хамтрах банкаа сонголоо ч Засгийн газар эцсийн 
шийдвэрийг гаргана. Тиймээс хэзээ гэдгийг бид хэлэх боломжгүй” хэмээн хариулж 
байна. Үнэхээр ч “Яарвал даарна” гэдэгчлэн монголчуудын хувь заяанд бодитой
 өөрчлөлт авчрах энэ том ажлыг хийхдээ хөнгөн хуумгай хандах эрх тэдэнд 
байхгүй. Хэт яарах нь Тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж болзошгүй гэсэн 
анхааруулгыг хөрөнгийн зах зээлд туршлагатай зарим байгууллага, эдийн засагч 
байнга хэлсээр байгаа юм. Гэхдээ сонгон шалгаруулалтын хороо хашир хандаж
 байгаа нь энэ гээд цаг алдалгүй урьдчилсан байдлаар ерөнхий “шигшилт”-ээ 
хийгээд амжжээ. Ямартай ч Монголын төртэй хамтран ажиллах саналаа ирүүлээд 
буй нэр хүнд бүхий 16 банкнаас финалын шатанд 4-6 банк тунаж үлдэх нь тодорхой
 болоод байгаа. Үүнээс хамгийн эцсийн шигшилтийг хийж, гурав юм уу, дөрвөн 
банктай хамтран ажиллах гэрээ байгуулна. Тэгвэл эцсийн шатанд ямар, ямар
 банк үлдсэн бэ гэдгийг одоохондоо нууцалж байна. Гэхдээ дараах нэр бүхий банкууд 
тунаж үлдсэн байх боломжтой гэдгийг зарим эх сурвалж хэлсэн юм.Монголын талд хамгийн 
ашигтай санал тавьж, мөн Монголын төлөөлөгчдийн итгэлийг хамгийн их хүлээж байгаа 
нь Английн банкууд болох HSBC, Standard Chartered bank, Barclays Capital гурав гэнэ. 
Үүн дээр АНУ-ын Morgan Stanley, JP Morgan хоёр үлдсэн байх магадлал өндөр. 
Ялангуяа JP Morgan-ы хувьд олон улсын бирж дээр Mongolian mining corporation-ы IPO-г 
амжилттай хийсэн гэдэг утгаараа монголчуудын итгэлийг аль хэдийнэ хүлээсэн юм. 
Мөн Morgan Stanley-д ч нэлээд шаанс бий аж. Энэ мэтээр боломжийн гэгдэж буй банкны 
тоо тогтоосон хязгаараас давсан тул дээр нэрийг нь дурьдсан Английн гурван банкны 
аль нэг нь хасагдахаас аргагүйд хүрнэ. Ингээд эцсийн дүндээ Английн хоёр, АНУ-ын 
хоёр банк Монголын баялгийг дэлхийн зах зээлд үнэд хүргэх ажлыг хийх эрх авах 
бололтой. Гэхдээ хамтран ажиллах банкны тоо гурав, эсвэл дөрөв байх уу гэдгийг 
Засгийн газар эцэслэн шийдэх учиртай.Бусад банкны хувьд боломж бололцоо 
их байсан ч сонгон шалгаруулалтын явцад янз бүрийн сенсаци дэгдээх замаар 
хүчтэй өрсөлдөгчдөдөө “бэлэг” барьж байв. Тухайлбал, “Morgan Stanley 
өөрийн банкинд ажилладаг Б.Баттүшигийг хэлэлцээрийн ширээнд суулгахаар 
Монгол руу явуулах гэж байна. Б.Баттүшиг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хүү 
учраас ашиг сонирхлын зөрчилтэй” гэх сонирхолтой мэдээлэл яах аргагүй 
сонгон шалгаруулалтад нөлөөлөх гэсэн аль нэг банкны срюприз байсан 
гэхэд болно. Тэгээд ч уг мэдээллийг Б.Баттүшиг болон холбогдох хүмүүс албан
 ёсоор няцаасан билээ.Эцсийн шатанд Английн банкууд үлдсэн байх магадлалтай 
гэгдэж байгаа нь Лондоны Хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийг удирдах 
эрх авсантай холбоотой хэмээн тайлбарлах хүн ч байна. Монголын төр нэгэнт
 англичуудтай хамтарч хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр шийдсэн болохоор
 энэ нь хамгийн оновчтой шийдэл байж ч болох юм. Харин энэхүү том боломжийн
 төлөө өрсөлдсөн зарим банкны хувьд Монголд урьд нь үйл ажиллагаа явуулж байхдаа
 гаргасан “хар мөр” ихээхэн саад болсон аж. Жишээ нь, Goldman Sachs-ынхан 
шалгаруулалтын эцсийн шатанд үлдэхийн төлөө маш их хүчин чармайлт гаргасан
 ч урьд нь “Анод” банк, Олон овоот ордтой холбоотой маргаан үүсгэж, 
Монголын төртэй багагүй тэрсэлдээд авсан болохоор яаж ч болохгүй
 “жийгдсэн” аж. Мөн хоёр жилийн өмнө АНУ-ын Үнэт цаас, Биржийн
 хороо тус банкийг дэлхийн эдийн засгийн хямралд буруутган дэд
 ерөнхийлөгч Фабрис Туррег нь шүүхэд өгч байсан удаатай. 
Тухайн үед Goldman Sachs-ыг хувьцааны ханшийг нэг өдрийн 
дотор 10 гаруй хувиар огцом унагаж, зах зээлийн үнэлгээг 
12 тэрбум ам.доллараар бууруулсан нь дэлхийн эдийн засгийн хямралд
 нөлөөлөх ноцтой шалтгаан болсон хэмээн үзэж байв. Энэ мэтчилэн дэлхийд 
нэр хүндтэй гэгддэг ч алдаа, онооны аль алиныг гаргадаг том банкууд 
монголчуудтай хамтрахын төлөө хүч үзсэн “тулаан” ерөнхийдөө шувтарч байна. Тун удахгүй бид шалгаруулалтын албан ёсны дүнтэй танилцана.  

No comments:

Post a Comment