2011/02/18

Цэнхэр, ягаан тасалбартай адил байж болохгүй

Д.Дамба-Очир: "Эрдэнэс тавантолгой"-н хувьцаа цэнхэр, ягаан тасалбартай адил байж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. 

-Тавантолгойн гэрээний төслийг батлах ажлын хэс­гийн ахлагчаар ажиллаж бай­сан хүний хувьд “Эр­дэнэс Тавантолгой” ком­панийн та­лаар асуух зүйл байна. “Эр­дэнэс Та­вантолгой”-н иргэн бүрт олгох хувьцааг иргэд хэ­зээнээс хэрхэн эзэмших вэ?

-УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс Та­вантолгой”-г хувь­цаат компани болгох ёстой. Хувьцаат компани болгоод 10 хувийг нь иргэддээ, 10 хувийг нь аж ахуйн нэгжид хувьцаа маягаар, үлдсэн 30 хувийг нь гадаад, дотоодын Хөрөнгийн бирж дээр арилжаалж хөрөнгө оруулалтын мөнгө босгоно. Харин 50 хувийг нь Засгийн газарт авч хоцорно гэдгээ мэ­дэгдсэн. Энэ тогтоолын төс­лийн дагуу Засгийн га­зар болон “Эрдэнэс МГЛ” ком­панийнхан ажиллаж байна. Саяхан байнгын хороонд Зас­гийн газар мэдээлэл өг­сөн. Эхний улиралд багтаж хувь­цааны асуудлыг шийднэ гэж ярьж байгаа. Энэ хавар хувь­цаа тараах тухай ярьж эхэлнэ. Гэхдээ юун түрүүнд үнэлгээ хийх ёстой. Нөөцөөрөө ч тэр, компанийнхаа үйл ажил­­ла­гаагаар ч тэр “Эр­дэ­нэс Та­вантолгой” дэлхийд дөрөв, тавдугаарт оро­хоор компани болно гэж үзэж байгаа. Тийм ч уч­раас дэлхийд толгой цо­хидог томоохон банкууд сан­хүүжилт хийхээр манайд ирсэн. Мөн олборлолтод орол­цох буюу оператор ком­­паниуд нь дэлхийн уул уур­хайн томоохон компани юм. Бид Тавантолгойн ажлыг гардан хийж байгаа хүмүүс болох Төрийн өмчийн хо­рооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүй­цэт­гэх захирал Б.Энэбиш нарт хэдэн зүйл анхааруулж хэлсэн.

-Юуг тэр вэ?

-Иргэдийн 10 хувийн хувьцаа иргэ­дэд очихоороо зарагдахгүй, бор­луулахааргүй байх ёстой. Ягаан, цэнхэр тасалбартай адилхан байж болохгүй. Ямар ч байсан тодорхой хугацаанд хувьцаагаа борлуулж болохгүй юм. Тиймээс үүнийг давуу эрхийн хувь­цаа гэж нэрлэсэн. Давуу эрхийн хувьцаа гэдэг бол нэг нь нөгөөдөө арил­жаалж, зарж болохгүй, зөвхөн ногдол ашгаа л хүртдэг. Тэгэхээр хоёр сая 700 мянга гаруй хүн амтай манай улсын иргэд 10 хувийн хувьцаанаас эзэмшинэ. Харин хоорондоо зарж борлуулахгүй байна. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүд эхлэлтийн баланс буюу хамгийн бага үнээр хувьцааг худалдаж авна. Том, жижиг нь хамаагүй бүх аж ахуйн нэгжид ижил хэмжээгээр 10 хувийг олгох юм. Жишээ нь 30 мянга ч юм уу 40 мянган хувьцаа нэг аж ахуйн нэгжид очих нь байна шүү дээ. Эдгээр аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэл нь бий болоод, бүтээгдэхүүн борлуулаад ирэх тусам хувьцааны үнэ өснө. Ин­гээд хувьцааны үнэ өсөхөөр Мон­голын аж ахуйн нэгжүүд тэр хэм­жээгээр ногдол ашгаа авдаг юм уу эсвэл хувьцаагаа илүү өндөр үнэтэй болчихоор нь борлуулж ашиг олох нь тэдний асуудал. Би сая онцгой анхаарууллаа. Учир нь эдгээр компани ямар нэг гадаа­дын компанитай хамтарсан байж болохгүй. Зөвхөн үндэсний ком­паниуд байх ёстой. Мөн хөрөнгө оруу­лагч нь гадаадын компани  байж болохгүй. Гэхдээ эдгээр компани татвар төлөн, нийгмийн өмнө ха­риуц­лага хүлээж, үйл ажиллагаа нь жигдхэн явж байсан, компани бай­гуулаад хаячихсан байвал хувьцаа эзэмшихгүй. Мөн өнгөрсөн зургадугаар сарын 30-наас хойш байгуулсан компаниуд хамаарахгүйг анхаарах хэрэгтэй. Харин хууль бат­лахаас өмнө үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хамааралтай юм. Тавьж байгаа шаардлагыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар шалгаруулалтаа зөв явуулах хэрэгтэй. Би тэдний үйл ажил­лагааг сайн ойлгож байна. Монголын аж ахуйн нэгжийг бүгдийг нь цэгцэлж, хэчнээн компаниас хэн, хэнд нь хувьцаа олгох юм гэдгийг тодорхойлж байгаа. Энэ бол их нүсэр ажил. Мөн Монголын бүх иргэнд давхардуулахгүйгээр хувьцаа олгох ажлыг зохион байгуулж байна. Засгийн газрын хамгийн сүүлд хувьцааныхаа зураг, нэгж, загварыг танилцуулсан. Энэ ажил явахгүй биш явж байгаа. Гэхдээ намрын чуулганд Хө­рөнгө оруулалтын гэрээний төслөө оруулж ирэх ёстой байсан. Гэтэл ам­жаагүй. Саяхан л тендер зарлан хөрөнгө оруулалтын 10 гаруй банк, олборлолт явуулах компаниудын хэмжээний жагсаалтыг гаргачихсан бай­гаа юм. Энэ ажлыг түргэтгэж, ирэх хавар Хөрөнгө оруулалтын гэ­рээ­ний төслийг оруулж ирэх шаардлагатай. 

-Дотоодын компаниуд Таван­толгойгоос 10 хувийн хувьцаа эзэм­шинэ. Чухам ямар компани эзэмших шалгуурыг та хэллээ. Харин дотоодын компани гэлтгүй лобби орчих вий гэсэн хардлага байна л даа?

-Гутал зардаг жижиг компани эхлэлтийнх нь хувьцааг худалдаж авах мөнгөгүй байж болно. Тэгвэл том компаниудад нь илүү өндөр үнээр өгөх хэрэгтэй. Түүнээс нь өөрс­дөө ашгаа авч үлдэх хэрэгтэй. Жишээ нь 30 мянган доллараар хувь­цааг нь худалдаж авах гэж байгаа бол томоохон компаниудад 50 мян­ган доллараар зарах нь зүйтэй юм. Жижиг компанийнханд зөв­лөхөд, компаниа зарахгүйгээр өөрс­дөө чадан ядан худалдаж авах хэрэгтэй. Ямар нэгэн лобби орох ёсгүй гэж бодож байна. Харин жижиг компаниудыг цөөхөн хэдэн төг­рөгөөр худалдаж авч байна гэж сонссон. Хэрэв энэ үнэн бол хоёр сая, таван сая төгрөгт компаниа зарах хэрэггүй гэж хэлмээр байна. Ингэж компаниа зарвал маргааш нь амаа барих вий. MCS, эсвэл гутал зардаг жижиг компани хоёулаа л адил­хан аж ахуйн нэгжүүд. Нэгийнх нь хөрөнгийн эргэлт өндөр байж болно. Хуулийнхаа хувьд адилхан л байх ёстой. Хувьцааг ч адилхан олго­но. Засгийн газар энэ талаар алдаатай ажиллах юм бол хариуцлагын асуу­дал ярина. 

-Иргэдийн хувьд хувьцааны та­лаарх мэдлэг дутмаг байна. Хувь­цаа эзэмших иргэдийн данс дав­хард­сан гэж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг хүмүүст хэрхэн ойлгомж­той­гоор зохион байгуулах хэрэгтэй вэ?

-Бүх хүнд зааварчилгаа, зөвлөгөө өгөх ёстой юм. Ийм, ийм материал бүр­дүүлнэ, иргэн бүр данстай бол, түүгээр нь дамжуулж хувьцаагаа олго­но зэрэг зааварчилгааг ажлын хэс­гийнхэн тайлбарлаж өгнө гэж бодож байна. Хамгийн гол нь хүмүүст зөв ойлголт хэрэгтэй. “Хүний хөгжил сан”-гаас мөнгө өгөхийн тулд иргэ­дийн бичиг баримтыг цэгцэлж чад­сан. Хэдий хүмүүст бухимдалтай байсан ч цэгцэлж чадсан нь чухал юм. Хөрөнгө оруулалтыг татахын тулд эхлээд хөлд нь сууж, хэлсэн бүг­дийг нь зөвшөөрч байгаад дараа нь өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. 

-Иргэн бүрт 550 ширхэг хувь­цаа олгоно гэж байгаа. Харин хувь­цааны ханшийг хэрхэн тооцох юм бэ?

-Ханш эхлээд доогуур байна. Цаа­шдаа үйл ажиллагаа нь сайжраад ирэхээр хувьцааны үнэ өсөх юм. Тэр болгонд ногдол ашиг нэмэгдэнэ. Өчигдөр байсан үнээс нэмэгдээд явна. Үүнийхээ дагуу л ногдол ашиг өсч иргэд ашгаа хүртэх юм. Харин хувьцааны ханш уначихвал иргэд ашиг хүртэхгүй гэж ойлгох хэрэгтэй. Тавантолгойгоос ашиг хүр­тэх хугацаа ойрхон байна. 

-Иргэдийн хувьд хэзээнээс ашгаа хүртэх вэ?

-Хүмүүс хувьцаагаа хавраас авч эхэл­нэ. Харин ногдол ашгаа 2013 оноос хүртэж эхэлнэ гэж бодож байна.  

-“Эрдэнэс Тавантолгой” компа­ни гүйцэтгэх захирлаа томилоогүй байна. Гүйцэтгэх захирлаар ажил­луулах хүний хүссэн цалинг өгч чадахгүй байгаагаа захирлын асуу­­дал гацаанд орлоо гэж ярьж, бичиж байна?

-Чадалтай хүн авчрах гэж байгаа бол хүссэн цалинг нь өгөх хэрэгтэй. Дэл­хийд дээгүүрт орох томоохон компани учир чадвартай боловсон хүчин ажиллуулах ёстой. Бас ашиг сонирхлын зөрчилгүй хүн байх нь зөв. Харин хэдэн жилийн дараа мон­­гол хүн захирлаар нь очино шүү дээ. Ийм чадвартай болно. Га­даа­дын чадварлаг мэргэжилтэн манайхан шиг хулгай хийх гэж “Эрдэнэс Та­вантолгой”-н захирлаар очихгүй. Түүний сонирхол нь цалиндаа л байгаа. 

-МАХН өнөөдөр /өчигдөр/ Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдлөө өглөө. МАХН хэмээх нэрийг авснаар танай намд хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?

-Монгол ардын хувьсгалт нам хэмээх задралаар нь авч чадахгүй болов уу гэж бодож байгаа. Хуулиар хаачихсан шүү дээ. Манай нам их хурлаараа шийдэж, хуучин нэрээ сэргээн Ардын нам нэртэй болсон. Хэрвээ тэд Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг авах юм бол Монгол Улсад шүүх засаглал хууль хэрэгжүүлдэггүй юм байна гэдэг нь харагдана. Өөр зүйл байхгүй. МАХН гэдэг нэрийг авчихвал ирэх сонгуулиар манай намын саналыг хувааж таарна. Энэ бол байж болохгүй асуудал. 

-Нөгөө талаар Улсын дээд шүүхэд МАХН буюу Монгол Ардын хувьсгалт нам хэмээх задаргаа бүхий нэр бүртгүүлээгүй байгаа. Тиймээс МАХН гэдэг нэрийг авах хэд, хэдэн үндэслэл ч бий хэмээн мэдэгдсэн шүү дээ?

-Өмнө нь бүртгүүлээгүй гэхэд нэр авдаг байсан юм билээ. Шинээр нам бий болбол өмнөх намын нэр болон өмч хөрөнгийг нь ашиглаж болохгүй гэсэн заалт Улс төрийн намын тухай хуульд байдаг. Ардын намын өмч хөрөнгө болчихсон зүйлийг МАХН эзэмшиж болохгүй. Монголын хүн амын 65-70 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тиймээс эдгээр залуусыг манай нам өөртөө татах хэрэгтэй. Залуусаа дэмжсэн үйл ажиллагаа явуулахын тулд ядаж “хувьсгалт” гэдэг нэрнээсээ салах ёстой юм. Энэ нэрнээс коммунист намын үнэр л үнэртээд байдаг. Хувьсгалт нам гэдэг нэртэй нам дэлхийд гурав л байна. Нэг нь манайх, мөн Ардчилсан Солонгос, Лаосын Хувьсгалт нам л бий. Бид үүнээс л татгалзая гэсэн юм. Иракийн Хувьсгалт нам өөрийнхөө нэрийг авч хаяаад Ардчилсан социалист нам болж байна. Дайнаасаа дөнгөж өндийж байгаа улс орон намынхаа нэрэнд анхаарч байхад бид яагаад болохгүй гэж. Би энэ утгаар нь бодож, ойлгож байгаа. 

-Намын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр өнөөдөр МАХН нэрийг авахаар хичээж бас зүтгэж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Манай намын үе, үеийн дарга нар нэрээ солих гэж оролдож байсан. Тэр үед нь ахмадуудын маань санаа, сэтгэлд нийцэх болов уу яах бол гэж бодож явсаар ирсэн. Харин өнөөдөр нөхцөл нь бүрдсэн юм. Манай намын зүгээс МАХН-д үлдлээ гэж хэлээд явж байгаа нөхдүүдтэй учраа ойлголцох хэрэгтэй. Учир нь намын гишүүн шүү дээ. МАХН гэдэг нэрийг өөр задаргаагаар авч болохыг үгүйсгэхгүй. Бид чинь өөрсдөө МАХН-ын нэрээр л 2008 онд сонгуульд гарч ирсэн. Тиймээс үргэлжлэл нь одоо явж л байна. Ер нь нэр солих бол асуудал биш шүү дээ. 

-Ардын намын гишүүдийг тойрогтоо бус нийслэлд жижүүрлэх маягаар ажиллах үүрэг өгсөн гэсэн. Энэ нь МАХН-тай холбоотой гэж яриад байна л даа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ийм зүйл байхгүй. Хэтэрхий их тоохоор бүгд босч ирээд байх шиг байна. Тэдний үйл ажиллагааг тоогоод байх зүйл байхгүй. Бүгд хуулийн дагуу л явна. Манай намын гишүүд тойрог руугаа явж, ажиллаж байгаа. Намын Удирдах зөвлөл, бүлгээс бидэнд чиглэл өгсөн зүйлгүй. Миний хувьд тойрог руугаа явахаасаа өмнө төлөвлөх, хийх ажил байна. Харин хэсэг нөхөд МАХН гэдэг нэрийг авчих вий гэж айж, эмээн өрөөндөө чагнаад суугаагүй.  

No comments:

Post a Comment