Монголчууд нүүрсээ зарна. Ийм нэгэн зарлал дэлхий нийтийн чихийг дэлдсээр багагүй хугацаа өнгөрлөө. Ямар хэлбэр, ямар өртгөөр зарах нь хөрөнгө оруулагч болон уул уурхайн томоохон компаниудын анхаарлын төвд байсаар ирсэн нь мэдээж юм. Монгол Улс уул уурхайн салбарын идэвхтэй тоглогч болж, сайн боловсруулагч байж чадах уу! гэсэн асуулт дагалдсан нь ойлгомжтой. Харамсалтай нь Засгийн газар ердөө л нүүрсний наймаачны төвшинд асуудлыг ярьсаар ирэв.
Нүүрсээ хэрхэн боловсруулж, яаж нэмүү өртөг шингээн, хэрхэн үр өгөөжийг нь авч үлдэх вэ гэхээсээ илүү хамгийн өндөр урьдчилгаа төлсөн хөрөнгө оруулагч компанид алд цэнхэр хадагтайгаа Тавантолгойгоо өргөн барихад бэлэн байна. Тавантолгой бол Монголын ирээдүй. Үсрэнгүй хөгжилд ойрын хугацаанд хүрч болох гарц. Бас загас барьж сурах том аргачлал, боломж. Үүний тулд дотооддоо боловсруулж, байгаа баялгаа бүрэн утгаар нь ашиглахыг гол зорилгоо болгох нь зүй ёсны хэрэг юм.
Төмөр замын бодлого ч бас Тавантолгойн үр өгөөжид тулгуурлан баталсан бичиг баримт гэж хэлж болно. Гэвч өнөөдрийн байдлаар яарвал даардаг бушуу туулайн замаар Засгийн газар алхаад байна. Урьдчилгаа төлбөрөөр хөрөнгө оруулагч компаниудад босго тавихаас өөр шалгуур үндсэндээ алга. Хэрэв урьдчилгаа төлбөрөө өгчихвөл Тавантолгойг буулган нүүлгээд явахыг зөвшөөрөх шинжтэй. Гэтэл Монголын эдийн засаг үүнээс илүүг шаардаж байна. Өнөөдрийн уушгинаас маргаашийн өөхийг илүүд үзэх ухаан Монголын төрд байх учиртай.
Эдийн засагч, судлаачид, бизнесийн салбарынхан "Эх орны хишиг" нэрээр бэлэн мөнгө тараахыг шүүмжилсээр ирсэн. Гэвч Тавантолгой сонгуулийн амлалтын золиос болчихоод байна. Уг орд газарт хөрөнгө оруулах сонирхлоо гадаад, дотоодын 15 компани ирүүлсэн. Тэдний гурав нь үндэсний компани. МАК, Сигнум индастрил, Авто тээврийн нэгдэл хэмээх гурван компани үндэсний эрх ашгийг төлөөлөн орон орны компаниудтай өрсөлдөж байна. Гадаад, дотоод байх нь чухал биш үнэн хэрэгтээ тэдний хэн нь Монголын төлөө саналаа боловсруулан ирүүлснийг шүүн тунгаах нь чухал.
Тавантолгойг дэлхий сонирхож байгаа хэмээн өнөөдөр бид хөөрөлхөж сууна. Хөөрсөн сэтгэлийн хөөс бууж, нүүрсээ хамгийн хямдхан буюу түүхий эд байдлаар нь ачуулсны дараа Монголд юу үлдэх вэ? Нүүрсийг боловсруулан 21 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орчин үеийн технологийн талаар бид юу мэдэх билээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор уг нь дэлхийд гайхуулах үйлдвэр болох учиртай. Түүхий эд буюу нүүрс нь байна. Боловсруулах үйлдвэрээ л бариад авчихвал алтан дээр суусан гуйлгачин хочноосоо салахад ойрхон.
Энэ бүх боломж, хөгжлийн гарцыг үл тоон, урьдчилгаа төлбөр, нүүрс угаах үйлдвэр төдийд хууртагдаад үлдвэл сандайлсан алт ч үгүй гуйлгачин болж хоцорно. Хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн 15 компанийн чухам аль нь бидэнд нүүрсээ алт болгож өндөр үнэд хүргэх боломж амласныг ил тод зарлан хэлэлцэх нь зүйтэй мэт санагдана. "Нүүрсийг чинь угаая, тэгээд зөөе" гэсэн санал өнөөдрийн байдлаар чамлалттай сонсогдож байгааг нуух юм алга. "Боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор баръя, тэгээд Тавантолгойн нүүрсийг хог ч үлдээлгүй, утаа ч гаргалгүй боловсруулаад, нэмүү өртөг шингээгээд экспортлоё" гэсэн саналд харин толгой дохиж болж байна.
Учир нь төрийн бодлого, төмөр замын чиглэл чухам үүнийг л чиглэж буй. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ч үүнийг шаардсаар ирэв. Буугаад мордсон айлчны богцонд хамаг байдгаа хийж өгөөд тогоондоо сүүгүй, хүүхдүүддээ тараггүй, гараараа даллан инээсээр үлддэг монгол маягийн зочломтгой занг одоо цагт тэнэг хэмээн орчуулах болсон. Тэгвэл бидэнд юу хэрэгтэй вэ? Ажлын байр, тогтвортой цалин, сурч боловсрох боломж уул уурхайн хөгжлөөс дараагийн аж үйлдвэрийн хөгжилд хүрэх гарц, хамгийн гол нь туршлага хэрэгтэй.
Энэ бүхнийг сар бүрийн 21 мянган төгрөгөөр арилжиж болно гэж үү? Тэгвэл энэ ард түмнийг хэтэрхий басамжилсан хэрэг болно. Өөрөөр хэлбэл нүүрсийг чинь угаах төдий болоод ачаад, аваад явъя, өөрийнхөө оронд аваачиж боловсруулаад, өөрийн иргэдээ ажилтай, цалинтай болгомоор байна хэмээн нааш харж инээн, цааш харж ярвайн байгаад хэлж буй тааруухан саналаас татгалзах зориг Монголын төрд байх учиртай.
Тавантолгойн нүүрсийг угтуулан урд хөршийнхөн "Ганц мод" хэмээх газар боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн мэдээ бий. Гэтэл бид саваа ч бэлдээгүй байж саалиа түгээх, зарах тухай ярьж байна. Монгол хүн саваа эхлээд бэлддэг. Сүү саалиа боловсруулж, тараг, ааруул, аарц, өрөм, бяслаг болгохын тулд ихээхэн багтаамжтай сав хэрэгтэй. Түүхий сүү литр нь 600 төгрөг. Харин ааруул болговол 4500 төгрөгийн үнэ хүрнэ. Тараг бүрээд зарвал 1500 төгрөг болж арвижна. Энэ мэтээр литр сүүний үнийг хэд дахин нугалж олох боломжийг нүүдэлчин малчид мэдэхийн сайнаар мэднэ. Нүүрс ч мөн ялгаагүй юм. Нэг тонн нүүрсний үнэ дунджаар 28-30 ам.доллар байгаа.
Боловсруулах тусам үнэ хүрч, 250-750 ам.доллар хүртэл өсөх сайхан ирээдүй бий. Үүний хэрээр олон хүн ажилтай, цалинтай болж, зүүн бүс нутагт аж үйлдвэрийн хувьсгал хийгдэх юм. Яг ийм алтан саналыг сонгон шалгаруулалтанд оролцож буй компаниуд ирүүлсэн гэж найдъя. Монголын төр түүнийг нь олж харж, үнэлнэ гэж хүлээе.
No comments:
Post a Comment