2011/02/15

”Тавантолгойчид” Монгол руу хошуурч байна


УИХ-ын чуулган завсарлаж, Монголын улс төр амарлаа гэж олон хүн эндүү бодож байж мэднэ. Тэгвэл яг одоо л бүх зүйл эхэлж байна. Учир нь энэ удаагийн хаврын чуулган Тавантолгойн талаар эхний том шийдвэрийг гаргаснаараа онцлогтой. Тиймээс ч энэ өдрүүдэд Монголд ОХУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, БНСУ-ын зочид төлөөлөгчид ирээд байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн сонгон шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн консорциумууд төрийн төлөөллөө илгээж эхэлж буй нь энэ болов уу. Чуулган завсарламагц БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн,  Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Жон Жан Сон тэргүүтэй төлөөлөгчид ирсэн. Ноён Жон Жан Сон Монголын улстөрчдийг сайн мэднэ. Урьд нь Монгол-Солонгосын бүлгийн даргаар олон жил ажилласан Ж.Наранцацралт агсныг таалал төгсөхөд эмгэнэл илэрхийлэхийн тулд зорьж ирж байсан нь түүнийг хүн чанартай улстөрч төдийгүй нөхөрлөлдөө тууштай эр гэдгийг  харуулсан. Тэрбээр энэ удаад хуучин нөхөдтэйгээ уулзаж, үүссэн нөхцөл байдлын  хүрээнд гуравдагч хөршдөө хэрхэн хандахыг нь харах гэж ирсэн нь энэ болов уу. Энэ өдрүүдэд УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн урилгаар БНХАУ-ын Өвөр монголын Өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны даргаар саяхан томилогдсон Ху Чунь Хуа нар айлчилж буй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан бөгөөд энэ удаа Тавантолгойн асуудлаар баримталж буй Монгол төрийн бодлоготой танилцсан анхны эрхэм боллоо. Ийнхүү олон жил хөрсөндөө нуусан үүцийнхээ ачаар Монгол Улс их гүрнүүдийн анхаарлын  төвд дахин орж эхлэв.

ОРОСУУД МОНГОЛД ДЕСАНТ БУУЛГАЛАА

ОХУ-ын  Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.П.Горбатов, Засгийн газар хоорондын комиссын Оросын талын зарим төлөөлөл өнгөрсөн баасан гарагт Монголд ирээд байна. Энэ удаа оросууд ямар зорилгоор ирснийг Гадаад харилцааны яамны холбогдох албаныхан л мэдэж байгаа болов уу. Учир нь Засгийн газар хоорондын комиссын ажлын хэсгийн зарим гишүүн ч мэдээгүй байгаа ажээ. Тавантолгойн талаарх Монголын төрийн баримтлах байр суурь тодорхой болонгуут ийнхүү хойд хөршийнхөн ирсэн нь “Монголыг сонирхох эсэх”-ээ шийдэх гэсэн эцсийн алхам болов уу гэж таамаглах хүн ч цөөнгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар тэд Тавантолгойн хөрөнгө оруулалтад амжилт олохгүй ч гэсэн төмөр замаас зууралдах нь тодорхой юм. “Сталины хөшөөтэй хамтдаа өтөлж буй” гэх 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудал хэтэрхий удааширч байгаагийн гол буруутан нь оросууд гэдгийг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг билээ. Дараагийн гол асуудал нь оросууд саяхан Белорусстай хийгээр дайтсан шигээ манайхтай уранаар дайтах магадлалтай. “Дорнод уран”-ын эзэмшил хувийг нэмэгдүүлэх зорилгын цаана зөвхөн шунал биш, хийж буй ажлынхаа алдаа оноо, ашиг, эрсдэлээ ч бүрэн хариуцах гэсэн эрмэлзэл буй гэж тэд хэлэх дуртай. Харин Канадын “Хан ресурс” компани уг асуудлаар Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөөд байгаа нь төлөвлөөгүй хурцадмал нөхцөл байдлыг буй болгосон. Үүнд Монголын гуравдагч хөрш АНУ ямар нэг байдлаар нөлөөлбөл ёстой л тэдний хэлээд байгаачлан Монголоос сонирхох юм үлдэхгүй биз ээ. Нөгөөтэйгүүр энэ удаад “Эрдэнэт”-ийн хувьчлалын талаар лав ярихгүй байх гэж ажиглагчид үзэж байгаа. Яг энэ асуудлыг өнөөдөр хөндөх сонирхол, шаардлага аль аль талд байхгүй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллөөс үүдэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын зам дардан болж магадгүй гэсэн горьдлого төрж байна. Энэ удаад хэлэх үгтэй, хийсэн ажилтай болохоор айлчлалын зорилго ч тодорхой.

“ХАДНЫ ЗАВСАР” ХАВЧУУЛАГДСАН МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК

Хойд хөршийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа дараагийн сэжиг нь Монголын улстөрчид хятадуудтай ажил ярьж шийдэхдээ илүү хурдтай ханддаг гэнэ. Учир нь Азийнхан авлигын арга замаар зоогийн ширээний ард ажлаа бүтээхдээ гаргууд. Харин оросууд уламжлалт ёсоор асуудлыг зарчмын дагуу буюу  хуралдааны шийдвэрээр ажил хэрэг болгох гэдэг хэмээн тайлбарлах юм билээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн зургадугаар сарын 16-ны өдөр Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөх уулзалт Москва хотноо болсон. Үүнд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч,  “Нэгдсэн Орос” намын дээд зөвлөлийн байнгын хорооны гишүүн Александр Жуков, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Гуандун мужийн хорооны нарийн бичгийн дарга Ван Ян нар оролцож, найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн харилцан ашигтай хамтран ажиллана хэмээцгээж байсан. Энэ талаар мэдээлэл сайтай байсан монголчуудын хувьд үүнийг “Монголыг хувааж идэх зөвшилцөл боллоо” хэмээн дүгнэх нь ч цөөнгүй байсан юм. Түүнчлэн наадмаар буюу энэ сарын 13-нд ОХУ-ын Ерөнхийлөгч  Д.А.Медведев, Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеев нар Ц.Элбэгдоржид яг ижилхэн үгтэй баярын мэндчилгээ ирүүлсэн. Тодруулбал, уг мэндчилгээнд ноднин өдийд гарын үсэг зурсан баримт бичгүүд стратеги түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэж байна хэмээн онцолсон байлаа. Дараа нь энэ сарын 21-22-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеевийн урилгаар тус мужид айлчилсан юм. А.В.Гордеев олон жилийн турш Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын ахлагчаар ажиллаж ирсэн. Эдүгээ худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, техникийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчөөр ажиллаж буй. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Монголын талын ахлагч байсан Д.Тэрбишдагва АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар солигдсон. Иймд нөхцөл байдал өөрчлөгдсөн тухайн цаг мөчид Элчин сайдтай хэл амаа ололцохыг чухалчилсан болов уу. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан шинэ түлхцийг яаравчлуулахын тулд  барьцаа лавшруулж  эхэлсэн нь лавтай.

ШИНЭ СААД ТОТГОРУУД

ОХУ, Монголын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд байна гэж хоёр тал шүүмжилдэг. Гэвч үнэн хэрэгтээ жижиг бизнесмэнүүдийн хувьд харин ч харилцаа идэвхтэй үргэлжилж буй нь тодорхой билээ. Энэ эерэг талыг дагаж сөрөг үзэгдлүүд саад тотгор учруулсаар байгаа. Тухайлбал, “Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэргээр манай улсын Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа. Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд мэдүүлсэн ч заргаа алдан өрөнд унасан түүний балаг хоёр улсын харилцаанд онцгой нөлөө үзүүлээгүй ч сэв суулгахад жижигдээгүй гэж хэлж болно. Энэ дуулиан намдаагүй байтал ОХУ-ын “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов мөн л Мөрдөн байцаах газарт шалгагдаж буй тухай мэдээлэл газар авч эхэллээ. Монгол иргэдийн хадгаламжийн мөнгийг өөрийн орны иргэнд барьцаагүй зээлийн хэлбэрээр олгосон тэрбээр эдүгээ тун хүнд байдалд байгаа ч энэ нь манай иргэдэд огтхон ч хамаагүй, хадгалуулсан мөнгөө олж авах нь л чухал билээ. Энэ бүхэн ОХУ-ыг бизнесийн салбарт “гоё харагдуулахгүй” байгаа нь үнэн. Гэвч нүүгээд холдох аргагүй хоёр хөршийн хувьд эв эеэр зохицуулахаас өөр аргагүй нь ойлгомжтой. Түүнчлэн хэрэв Монголын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахад хүрвэл төмөр замыг даргалж буй Оросын талын төлөөлөл С.И. Морозовын асуудлыг хөндөх нь дамжиггүй. Хэдийгээр олон жилийн туршид энэ албан тушаалыг Оросын удирдагчид дотны хүмүүстээ шагнал болгон бэлэглэсээр ирсэн ч эгзэгтэй цаг мөчид биеийн тамирын багш арай л чамлалттай байгаа гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Буриадын “Мясопром” компанийг дампууруулсан түүнийг А.В.Гордеевтэй махны бизнест дөрөө харшуулж явсан хэтэвч нэгтэй нөхөд хэмээдэг юм билээ.  Ерөнхийдөө В.Путины хүн хэмээдэг ч үнэн хэрэгтээ монголчуудын хуучин танил А.В.Гордеев Урал мужийн амбан захирагч болохдоо “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат компанийн захирлын албыг В.И.Якунинд “шилжүүлсэн” гэдэг. Хэрэв хоёр улсын Төрийн тэргүүнүүд уулзан учрах аваас хамтарсан байгууллагуудын асуудлыг заавал хөндөх тул чансаатай хүнээ явуулах болов уу гэсэн горьдлого тээсэн хүн ч цөөнгүй байна.

No comments:

Post a Comment