2011/02/15

Эрх баригчид эвгүй юм их хийж байна

минут
Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах болсонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас энэ талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд гадаад дотоодынхны анхаарлыг татаад байгаа юм.   Энэ талаар “Монгол 999”-ийн ТУЗ-ийн гишүүн, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани /консорциум/-ийг сонгох урьдчилсан шалгаруулалт ид өрнөж байна.  Тодруулбал, Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг та хэрхэн ажиглаж байна вэ?
-Өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд Тавантолгойн орд газрыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг  “Монгол 999” нэгдлийн зүгээс анхааралтай ажиглаж, бас хяналт тавьж байгаа.  Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар УИХ-аас гаргасан тогтоол сайн болсон. Бүр маш сайн тогтоол болсон гэж хэлмээр байна. Уг тогтоолын хамгийн гол чухал хэсэг нь Монгол Улсын бүх иргэдэд хувьцаа эзэмшүүлэх  явдал. Харамсалтай нь УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар, төрийн албан хаагчид, дарга сайд нар дураараа зөрчих хандлага ажиглагдаж байна. Хамгийн наад зах нь гэхэд компаниа байгуулаагүй байж ТУЗ-ын даргыг нь, гүйцэтгэх захирлыг нь томилчих жишээний.   Ер нь бол хууль, тогтоол гаргадаг дээд байгууллагынхаа шийдвэрийг үл ойшоож, гуйвуулж болохгүй биз дээ. Энэ тендерт монгол компани ялна гэдэгт итгэлгүй байгаагаа нуухгүй. Учир нь гурваас доошгүй оронд үйл ажиллагаа явуулж байсан компанийг шалгаруулна гэсэн нөхцөлөөр дотоодын үндэсний үйлдвэрлэгчдээ хааж боочихсон байна лээ. Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консерциумыг шалгаруулах тендерт гадаад дотоодын нийлсэн 15 консерциум  оролцож байгаа юм билээ. Тэдгээрийн гурав нь Монгол компани байсан. Үнэлгээний хорооноос гаргах хураангүй жагсаалтад монгол компани орох болов уу гэдэгт би үнэндээ эргэлзэж байгаа. Шударга хэлэхэд гадаадын, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцсэн компаниудаас  нэг нь тендерт ялах нь тодорхой.
-Гадаадын акулууд Монголд ирлээ гээд манайхан баярлаад байгаа шүү дээ.

Бөөн бөөн мөнгө “халааслах” нь гэж хөөрөөд л?
-Гадаадын тэр компаниуд, дэлхийн томоохон банкууд орж ирлээ гээд Монгол руу “вагон”-оор нь мөнгө ачаад ирэх юм биш шүү дээ. Банкууд гэхэд дэлхийн зах зээлээс манай нэрээр хөрөнгө босгохоор Монгол Улсын Засгийн газраас баталгаа авах гээд л улайраад байгаа хэрэг. Тавантолгойн орд газарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар их мөнгөний, томоохон бизнесийн асуудал яригдаж байгаа нь үнэн. Энэ их мөнгөнөөс амтлах хүсэл гадаадынханд бас их байгаа нь харагдаж байна. Акулууд ирлээ, Монголыг их мөнгөний урсгал чиглэж байна гэж хөөрөхөөсөө илүү асуудалд няхуур хандмаар байна. Өөрсдийнхөө ашиг сонирхлыг дээгүүрт тавимаар байна. Гадныхан Монголыг сонирхож байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар маш ухаалаг шийдвэр гаргаж, зөв бодлого баримтлах ёстой.  Тавантолгойгоос их мөнгө түүх суурийг нь сайн тавих хэрэгтэй байна. Үүний тулд зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. “Монгол 999”-ийн зүгээс монгол  компаниуддаа боломж олгох, зарим хуулийг ойлгомжтой болгох, тоглоомынхоо дүрмийг тодорхой болгохыг төрөөс хүсч байгаа.

-Тухайлбал, ямар хуулийг ойлгомжтой болгох гэж?
-“Эрдэнэс Тавантолгой” компани бол зуун хувь төрийн өмчит компани. Энэ утгаараа Төрийн өмчийн хороонд харьяалагдах ёстой. Харин газрын доорх баялаг бол төрийн нийтийн өмч. Төрийн өмч, төрийн нийтийн өмч бол хоёр өөр ухагдахуун.  Хоёр өөр хуулиар зохицуулагдах ёстой асуудал. Эндээс  хамаг хэрэг мандаад байгаа юм. Учир нь төрийн өмчийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ. Харин төрийн нийтийн өмчийг хэрхэн ашиглах, захиран зарцуулах эрх нь ганцхан УИХ-д байдаг. Төрийн өмчийн хороо Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглахыг мэдэх, шийдэх эрх байхгүй шүү дээ. Тиймээс бидний тавьж буй шаардлага бол эхлээд компани байгуулах хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх, захиран зарцуулах эрхзүйн зохицуулалтыг тодорхой болгох. Цаашлаад явбал хүн болгон хувьцаа эзэмшүүлнэ гээд заачихсан. Компанийн хуулинд бол хувьцаа эзэмшигчдийн оролцоо гэж байдаг.  “Эрдэнэс Тавантолгой” компаниас Монгол Улсын бүх иргэд хувьцаа эзэмшинэ гээд заачихсан мөртлөө тэдний оролцоог бас тэглэчихсэн. Угтаа бол “Эрдэнэс Тавантолгой” 2.7 сая хувь эзэмшигчтэй компани шүү дээ. Тэгэхээр  компанийн дүрэм ямар байх асуудлыг хувь нийлүүлэгчдийг оролцуулж, хамруулж байж нээлттэй хэлэлцүүлж шийдэх ёстой. Одоогийн компанийн хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Энэ мэтээр асуудал их байна. Аль долдугаар сараас л энэ талаар ярьсан. Даанч эрх баригчид бидний тавьсан хүсэлт шаардлагыг хэрэгжүүлэх хэрэггүй гэж үзсэн юм байлгүй.

-Тэгээд яаж шийдэх ёстой байсан гэж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил нэгэнтээ эхэлчихлээ шүү дээ.  Нөгөө галт тэрэг хөдөлчихлөө гэдэг шиг?
-Хөнгөн хуумгай ажил эхлүүлж байснаас асуудлаа цэгцэлж, ойлгомжтой тодорхой болсны дараа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж болно шүү дээ. Дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох асуудал хуулийн дагуу явагддаг. Олон улсын хөрөнгийн бирж дээрээс  хөрөнгө босгох компанийн бүх асуудал хуулийн дагуу окей байх ёстой. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө маш их асуудалтай болохоор эргээд эвгүй байдалд орохгүй гэх газаргүй. Эхлээд газрын баялаг хэний өмч вэ гэсэн асуудал босно. Хоёрдугаарт иргэн бүрт тараах гээд байгаа хувьааны нэрлэсэн үнийг яаж тогтоох вэ гэсэн бас нэгэн асуулт гарч ирж байгаа юм. Баялгийн үнээр нь тогтоох юм уу, компанийн үнээр нь тогтоох юм уу. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй шүү дээ.

-Тэгээд иргэн бүрт тараах хувьцааны нэрлэсэн үнийг яаж тогтоох ёстой юм бол?
-Ёстой бүү мэд. Манай хуулиар бол газрын баялаг үнэгүй шахуу байдаг. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нь ямар өртөгтэй компани  байх нь тодорхойгүй байна. Эхлээд компаниа ном журмын дагуу шийдвэрлээд дараа нь орд газрынхаа үнэлгээг тогтоох ёстой юм шүү дээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Тавантолгойн орд газар 300-400 тэрбум ам.долларын өртөгтэй. Түүний арван хувийг нь иргэд эзэмших юм уу, эсвэл гэсэн бас нэг асуулт байна. Энэ бүх олон асуултад Монголын төр  тодорхой хариулт өгч чадахгүй байна гэдэг их ноцтой асуудал шүү дээ.  Компанийн хувь нийлүүлэгч нар нь тодорхой биш, тэгэхээр энэ компани эрхмэдэлтнүүдийн өвөрт орохгүй гэх баталгаа алга. Монгол Улсад нийтийн өмчийн тухай, зохицуулалт Иргэний хуулиндаа ч байхгүй, төр орон нутгийн өмчийн хуулинд ч байхгүй, өнөөдөр Монголд төрийн нийтийн хамааралтай өмч буюу энэ баялаг эрх мэдэлтнүүдийн өмч болчихоод байгаа юм. Энд ганц Тавантолгойн асуудлыг хөндөөгүй.  Монгол Улс цаана нь стратегийн гэх арван хэдэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Тиймээс эхлэлээ зөв тавья, эхнээсээ шударга явья гээд байгаа хэрэг.

-Тавантолгойгоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотойгоор хүмүүс дансаа нээлгээд эхэлсэн байгаа. Та үүнд хэрхэн хандаж байна вэ?
-Брокер дилерийн компаниуд бүтэн 20 жил унтаа байсны хэрэг одоо л гарна даа.  Энэ алтан боломжийг тэд овжин сэргэлэн ашиглаж чадвал шүү дээ. Өнөөдөр манайд 50 орчим брокер дилерийн компани байдаг юм билээ. Тэд зөвхөн бүртгэл явуулахад л 20-30 сая төгрөг “халаасална”. Арилжаа бүрээс хоёр хувийн шимтгэл авна гэхээр асар их мөнгөний бизнес явагдаж байна гэсэн үг шүү дээ. Хувьцааны хөдөлгөөн бүрээс тэд мөнгө “саана”. Тавантолгойгоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэхтэй холбогдоод зарим брокер дилерийн компаниудыг эрх мэдэлтнүүд худалдан авч байгаа гэх мэдээлэл байгаа. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудад бас брокер дилерийн эрх олгосон. Энэ буруу шүү дээ. Тэнгэр газар, тэмээ ямаа шиг ялгаатай хоёр өөр газрын асуудлыг хольж бантагнуулах хэрэг байхгүй л баймаар санагддаг. Энэ мэтээр эрх баригчид эвгүй юм их хийж байна.

No comments:

Post a Comment