Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, хувьцааг нь дэлхийн зах зээлд гаргах талаар ярьж байгаа. Цаг үеийг нь мэдэрч хувьцаагаа гаргаж чадвал улс орны хөгжилд их нэмэр болно гэж зарим улстөрч үзэж байна. Тавантолгойн хувьцааны унийг хэрхэн тогтоож байгаа нь иргэдийн сонирхлыг татаж эхэлсэн. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас тодрууллаа.
-Тавантолгойн хувьцааны нэгж үнийг тогтоох ажил ямар шатандаа явж байна вэ. Удах болсон шалтгааныг тайлбарлана уу?
-Тавантолгойн хувьцааны үнийг энэ ондоо багтааж тогтооно. Ямар нэг зүйл нууж хаагаад ингэж удаад байгаа юм биш. Хувьцааны үнийг гаргахын тулд эхлээд ордынхоо үнэлгээг тогтоох хэрэгтэй. Олон улсын зах зээлд нэр хүндтэй компаниар үнэлүүлбэл, түүнд итгэж олон улсын зах зээл дээр манай хувьцааг худалдаж авна. Одоо хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж байна. Ирэх долоо хоногийн дундуур улс төрийн өөр шийдвэр гаргачихгүй бол дүнгээ танилцуулах байх. Дараа нь сонгогдсон банкны ажилтнууд ирж, ордоо үнэлээд 15 тэрбум хувьцааны нэгжийн үнэ гарах юм. Тэгээд нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжид зарж, иргэдэд хуваарилах ажлын бэлтгэлийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан гэж амласан. Үүний дараа Засгийн газар хэлэлцээд шийдвэр гармагц нэгдүгээр улирлын сүүлээр, бүр амжихгүй гэвэл наадмаас өмнө иргэддээ тараана гэж баттай хэлье.
-Давуу эрхийн хувьцаа эсвэл энгийн хувьцаа байх гэдэгт гол маргаан үүсээд байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Нэг их маргаан өрнөсөн зүйл байхгүй. Энэ бол хоёр төрлийн хувьцааны тухай асуудал шүү дээ. Хүний хөгжлийн сангаар дамжуулах хувьцаа бий. Үүн дээр давуу эрхийн хувьцааг ярина. Яг "Эрдэнэс Тавантолгой"-н хувьд энгийн хувьцаа юм. Гэхдээ энгийн хувьцаа гээд ор тас хаячихаж байгаа зүйл биш. Бид ягаан эрхийн бичгийн хувьчлалын түүхийг сайн санаж байгаа. Овсгоотой улс нь бөөгнүүлж аваад үлдсэн нь хохирсон явдлыг дахин гаргахгүйн тулд хувьцааны хэлбэрийн тухай ярьж байна. Манай иргэд тэр хувьцааг үнэтэй цэнэтэй эд гэдгийг ойлгоод, эргэлтэд оруулах чадвартай болсны дараа энгийн хувьцаанд хөрвөнө. Иргэдэд тараах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай, зарж болохгүй байна. Харин хөрөнгийн биржээс худалдаж авах бололцоо нь бүрэн нээлттэй. Аж ахуйн нэгжийн хувьд хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэнгүүт хөрвөдөг байна гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой" дэлхийд эхний байранд орох том хувьцаат компанийн нэг болно. Өнөөдрийн байдлаар 10 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
-Хөрөнгө оруулалтын хэдэн банк сонгох вэ. Банкны нэрс тодорсон уу?
-Эхлээд богино жагсаалт үүсгээд тэндээсээ сонгох санал гарч байсан. Явцын дунд шууд сонгох нь дээр гэж үзсэн. Дэлхийн зах зээл дээр 2-4 тэрбум ам.доллар босгох гэж байгаа хэлцэл маш их хүч шаардана. Мэдээж нэг банк байхгүй. 3-4 банкийг сонгох байх. Одоогоор хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил өрнөж байгаа учир хэлж мэдэхгүй байна.
No comments:
Post a Comment