2011/02/25

”Эрдэнэс тавантолгой”-д англичууд одтой байгаа гэнэ



Монголын төр байгалийн баялгаасаа иргэн бүртээ хувь хүртээх 

ажлыг олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкуудтай
 хамтран хийхээр хэлэлцээрийн ширээнд суугаад багагүй 
хугацаа өнгөрч байна. Дэлхийн санхүүгийн акулууд ч “Бага чулуугаар 
их чулуу хөдөлгөх” энэ том боломжийн төлөө ид өрсөлдөж байгаа
 билээ. Уг нь холбогдох албаныхны мэдээлж байснаар 
“Эрдэнэс Тавантолгой”-н хамтрагч хэн бэ гэдэг нь өдгөө 
тодорхой болчихсон байх учиртай. Гэвч сонгон шалгаруулалтыг 
хариуцаж буй эрхмүүд “Олон улсын зах зээлээс бидний босгох гэж 
буй мөнгө хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэх учраас IPO 
хийх банкийг сонгохдоо маш хариуцлагатай хандаж байна” гэхээс 
өөр ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Дээр, дооргүй 
асар асар их мөнгөний тухай ярьж байгаа болохоор 
“Эрдэнэс Тавантолгой”-н хамтрагч яг хэзээ тодорхой болж, иргэд 
хувьцаагаа хэзээ албан ёсоор эзэмшиж, үр ашгийг нь хүртэх вэ гэсэн асуултыг
 бараг л амтай болгон асууж буй. Харин эдгээр асуултад Төрийн өмчийн хорооны 
дарга Д.Сугар болон “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш нар 
“Сонгон шалгаруулалтын хороо хамтрах банкаа сонголоо ч Засгийн газар эцсийн 
шийдвэрийг гаргана. Тиймээс хэзээ гэдгийг бид хэлэх боломжгүй” хэмээн хариулж 
байна. Үнэхээр ч “Яарвал даарна” гэдэгчлэн монголчуудын хувь заяанд бодитой
 өөрчлөлт авчрах энэ том ажлыг хийхдээ хөнгөн хуумгай хандах эрх тэдэнд 
байхгүй. Хэт яарах нь Тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж болзошгүй гэсэн 
анхааруулгыг хөрөнгийн зах зээлд туршлагатай зарим байгууллага, эдийн засагч 
байнга хэлсээр байгаа юм. Гэхдээ сонгон шалгаруулалтын хороо хашир хандаж
 байгаа нь энэ гээд цаг алдалгүй урьдчилсан байдлаар ерөнхий “шигшилт”-ээ 
хийгээд амжжээ. Ямартай ч Монголын төртэй хамтран ажиллах саналаа ирүүлээд 
буй нэр хүнд бүхий 16 банкнаас финалын шатанд 4-6 банк тунаж үлдэх нь тодорхой
 болоод байгаа. Үүнээс хамгийн эцсийн шигшилтийг хийж, гурав юм уу, дөрвөн 
банктай хамтран ажиллах гэрээ байгуулна. Тэгвэл эцсийн шатанд ямар, ямар
 банк үлдсэн бэ гэдгийг одоохондоо нууцалж байна. Гэхдээ дараах нэр бүхий банкууд 
тунаж үлдсэн байх боломжтой гэдгийг зарим эх сурвалж хэлсэн юм.Монголын талд хамгийн 
ашигтай санал тавьж, мөн Монголын төлөөлөгчдийн итгэлийг хамгийн их хүлээж байгаа 
нь Английн банкууд болох HSBC, Standard Chartered bank, Barclays Capital гурав гэнэ. 
Үүн дээр АНУ-ын Morgan Stanley, JP Morgan хоёр үлдсэн байх магадлал өндөр. 
Ялангуяа JP Morgan-ы хувьд олон улсын бирж дээр Mongolian mining corporation-ы IPO-г 
амжилттай хийсэн гэдэг утгаараа монголчуудын итгэлийг аль хэдийнэ хүлээсэн юм. 
Мөн Morgan Stanley-д ч нэлээд шаанс бий аж. Энэ мэтээр боломжийн гэгдэж буй банкны 
тоо тогтоосон хязгаараас давсан тул дээр нэрийг нь дурьдсан Английн гурван банкны 
аль нэг нь хасагдахаас аргагүйд хүрнэ. Ингээд эцсийн дүндээ Английн хоёр, АНУ-ын 
хоёр банк Монголын баялгийг дэлхийн зах зээлд үнэд хүргэх ажлыг хийх эрх авах 
бололтой. Гэхдээ хамтран ажиллах банкны тоо гурав, эсвэл дөрөв байх уу гэдгийг 
Засгийн газар эцэслэн шийдэх учиртай.Бусад банкны хувьд боломж бололцоо 
их байсан ч сонгон шалгаруулалтын явцад янз бүрийн сенсаци дэгдээх замаар 
хүчтэй өрсөлдөгчдөдөө “бэлэг” барьж байв. Тухайлбал, “Morgan Stanley 
өөрийн банкинд ажилладаг Б.Баттүшигийг хэлэлцээрийн ширээнд суулгахаар 
Монгол руу явуулах гэж байна. Б.Баттүшиг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хүү 
учраас ашиг сонирхлын зөрчилтэй” гэх сонирхолтой мэдээлэл яах аргагүй 
сонгон шалгаруулалтад нөлөөлөх гэсэн аль нэг банкны срюприз байсан 
гэхэд болно. Тэгээд ч уг мэдээллийг Б.Баттүшиг болон холбогдох хүмүүс албан
 ёсоор няцаасан билээ.Эцсийн шатанд Английн банкууд үлдсэн байх магадлалтай 
гэгдэж байгаа нь Лондоны Хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийг удирдах 
эрх авсантай холбоотой хэмээн тайлбарлах хүн ч байна. Монголын төр нэгэнт
 англичуудтай хамтарч хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр шийдсэн болохоор
 энэ нь хамгийн оновчтой шийдэл байж ч болох юм. Харин энэхүү том боломжийн
 төлөө өрсөлдсөн зарим банкны хувьд Монголд урьд нь үйл ажиллагаа явуулж байхдаа
 гаргасан “хар мөр” ихээхэн саад болсон аж. Жишээ нь, Goldman Sachs-ынхан 
шалгаруулалтын эцсийн шатанд үлдэхийн төлөө маш их хүчин чармайлт гаргасан
 ч урьд нь “Анод” банк, Олон овоот ордтой холбоотой маргаан үүсгэж, 
Монголын төртэй багагүй тэрсэлдээд авсан болохоор яаж ч болохгүй
 “жийгдсэн” аж. Мөн хоёр жилийн өмнө АНУ-ын Үнэт цаас, Биржийн
 хороо тус банкийг дэлхийн эдийн засгийн хямралд буруутган дэд
 ерөнхийлөгч Фабрис Туррег нь шүүхэд өгч байсан удаатай. 
Тухайн үед Goldman Sachs-ыг хувьцааны ханшийг нэг өдрийн 
дотор 10 гаруй хувиар огцом унагаж, зах зээлийн үнэлгээг 
12 тэрбум ам.доллараар бууруулсан нь дэлхийн эдийн засгийн хямралд
 нөлөөлөх ноцтой шалтгаан болсон хэмээн үзэж байв. Энэ мэтчилэн дэлхийд 
нэр хүндтэй гэгддэг ч алдаа, онооны аль алиныг гаргадаг том банкууд 
монголчуудтай хамтрахын төлөө хүч үзсэн “тулаан” ерөнхийдөө шувтарч байна. Тун удахгүй бид шалгаруулалтын албан ёсны дүнтэй танилцана.  

Монголын төр нүүрсний наймаачин болж үлдэх үү?


Монголын төр нүүрсний наймаачин болж үлдэх үү?
-Тавантолгой сонгуулийн амлалтын золиос боллоо-

Монголчууд нүүрсээ зарна. Ийм нэгэн зарлал дэлхий нийтийн чихийг дэлдсээр багагүй хугацаа өнгөрлөө. Ямар хэлбэр, ямар өртгөөр зарах нь хөрөнгө оруулагч болон уул уурхайн томоохон компаниудын анхаарлын төвд байсаар ирсэн нь мэдээж юм. Монгол Улс уул уурхайн салбарын идэвхтэй тоглогч болж, сайн боловсруулагч байж чадах уу! гэсэн асуулт дагалдсан нь ойлгомжтой. Харамсалтай нь Засгийн газар ердөө л нүүрсний наймаачны төвшинд асуудлыг ярьсаар ирэв. 

Нүүрсээ хэрхэн боловсруулж, яаж нэмүү өртөг шингээн, хэрхэн үр өгөөжийг нь авч үлдэх вэ гэхээсээ илүү хамгийн өндөр урьдчилгаа төлсөн хөрөнгө оруулагч компанид алд цэнхэр хадагтайгаа Тавантолгойгоо өргөн барихад бэлэн байна. Тавантолгой бол Монголын ирээдүй. Үсрэнгүй хөгжилд ойрын хугацаанд хүрч болох гарц. Бас загас барьж сурах том аргачлал, боломж. Үүний тулд дотооддоо боловсруулж, байгаа баялгаа бүрэн утгаар нь ашиглахыг гол зорилгоо болгох нь зүй ёсны хэрэг юм. 

Төмөр замын бодлого ч бас Тавантолгойн үр өгөөжид тулгуурлан баталсан бичиг баримт гэж хэлж болно. Гэвч өнөөдрийн байдлаар яарвал даардаг бушуу туулайн замаар Засгийн газар алхаад байна. Урьдчилгаа төлбөрөөр хөрөнгө оруулагч компаниудад босго тавихаас өөр шалгуур үндсэндээ алга. Хэрэв урьдчилгаа төлбөрөө өгчихвөл Тавантолгойг буулган нүүлгээд явахыг зөвшөөрөх шинжтэй. Гэтэл Монголын эдийн засаг үүнээс илүүг шаардаж байна. Өнөөдрийн уушгинаас маргаашийн өөхийг илүүд үзэх ухаан Монголын төрд байх учиртай. 

Эдийн засагч, судлаачид, бизнесийн салбарынхан "Эх орны хишиг" нэрээр бэлэн мөнгө тараахыг шүүмжилсээр ирсэн. Гэвч Тавантолгой сонгуулийн амлалтын золиос болчихоод байна. Уг орд газарт хөрөнгө оруулах сонирхлоо гадаад, дотоодын 15 компани ирүүлсэн. Тэдний гурав нь үндэсний компани. МАК, Сигнум индастрил, Авто тээврийн нэгдэл хэмээх гурван компани үндэсний эрх ашгийг төлөөлөн орон орны компаниудтай өрсөлдөж байна. Гадаад, дотоод байх нь чухал биш үнэн хэрэгтээ тэдний хэн нь Монголын төлөө саналаа боловсруулан ирүүлснийг шүүн тунгаах нь чухал. 

Тавантолгойг дэлхий сонирхож байгаа хэмээн өнөөдөр бид хөөрөлхөж сууна. Хөөрсөн сэтгэлийн хөөс бууж, нүүрсээ хамгийн хямдхан буюу түүхий эд байдлаар нь ачуулсны дараа Монголд юу үлдэх вэ? Нүүрсийг боловсруулан 21 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орчин үеийн технологийн талаар бид юу мэдэх билээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор уг нь дэлхийд гайхуулах үйлдвэр болох учиртай. Түүхий эд буюу нүүрс нь байна. Боловсруулах үйлдвэрээ л бариад авчихвал алтан дээр суусан гуйлгачин хочноосоо салахад ойрхон. 

Энэ бүх боломж, хөгжлийн гарцыг үл тоон, урьдчилгаа төлбөр, нүүрс угаах үйлдвэр төдийд хууртагдаад үлдвэл сандайлсан алт ч үгүй гуйлгачин болж хоцорно. Хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн 15 компанийн чухам аль нь бидэнд нүүрсээ алт болгож өндөр үнэд хүргэх боломж амласныг ил тод зарлан хэлэлцэх нь зүйтэй мэт санагдана. "Нүүрсийг чинь угаая, тэгээд зөөе" гэсэн санал өнөөдрийн байдлаар чамлалттай сонсогдож байгааг нуух юм алга. "Боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор баръя, тэгээд Тавантолгойн нүүрсийг хог ч үлдээлгүй, утаа ч гаргалгүй боловсруулаад, нэмүү өртөг шингээгээд экспортлоё" гэсэн саналд харин толгой дохиж болж байна. 

Учир нь төрийн бодлого, төмөр замын чиглэл чухам үүнийг л чиглэж буй. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ч үүнийг шаардсаар ирэв. Буугаад мордсон айлчны богцонд хамаг байдгаа хийж өгөөд тогоондоо сүүгүй, хүүхдүүддээ тараггүй, гараараа даллан инээсээр үлддэг монгол маягийн зочломтгой занг одоо цагт тэнэг хэмээн орчуулах болсон. Тэгвэл бидэнд юу хэрэгтэй вэ? Ажлын байр, тогтвортой цалин, сурч боловсрох боломж уул уурхайн хөгжлөөс дараагийн аж үйлдвэрийн хөгжилд хүрэх гарц, хамгийн гол нь туршлага хэрэгтэй. 

Энэ бүхнийг сар бүрийн 21 мянган төгрөгөөр арилжиж болно гэж үү? Тэгвэл энэ ард түмнийг хэтэрхий басамжилсан хэрэг болно. Өөрөөр хэлбэл нүүрсийг чинь угаах төдий болоод ачаад, аваад явъя, өөрийнхөө оронд аваачиж боловсруулаад, өөрийн иргэдээ ажилтай, цалинтай болгомоор байна хэмээн нааш харж инээн, цааш харж ярвайн байгаад хэлж буй тааруухан саналаас татгалзах зориг Монголын төрд байх учиртай. 

Тавантолгойн нүүрсийг угтуулан урд хөршийнхөн "Ганц мод" хэмээх газар боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн мэдээ бий. Гэтэл бид саваа ч бэлдээгүй байж саалиа түгээх, зарах тухай ярьж байна. Монгол хүн саваа эхлээд бэлддэг. Сүү саалиа боловсруулж, тараг, ааруул, аарц, өрөм, бяслаг болгохын тулд ихээхэн багтаамжтай сав хэрэгтэй. Түүхий сүү литр нь 600 төгрөг. Харин ааруул болговол 4500 төгрөгийн үнэ хүрнэ. Тараг бүрээд зарвал 1500 төгрөг болж арвижна. Энэ мэтээр литр сүүний үнийг хэд дахин нугалж олох боломжийг нүүдэлчин малчид мэдэхийн сайнаар мэднэ. Нүүрс ч мөн ялгаагүй юм. Нэг тонн нүүрсний үнэ дунджаар 28-30 ам.доллар байгаа.

Боловсруулах тусам үнэ хүрч, 250-750 ам.доллар хүртэл өсөх сайхан ирээдүй бий. Үүний хэрээр олон хүн ажилтай, цалинтай болж, зүүн бүс нутагт аж үйлдвэрийн хувьсгал хийгдэх юм. Яг ийм алтан саналыг сонгон шалгаруулалтанд оролцож буй компаниуд ирүүлсэн гэж найдъя. Монголын төр түүнийг нь олж харж, үнэлнэ гэж хүлээе.

Э.Ганбат: Хугацаа байгаа тул иргэд хувьцааны дансаа нээлгэх гэж яарах шаардлагагүй

Э.Ганбат: Хугацаа байгаа тул иргэд хувьцааны дансаа нээлгэх гэж яарах шаардлагагүй
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Иргэд хувьцааны дансаа нээлгээд эхэлчихлээ. Харин танай хороо болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс иргэдийг дансаа яаралтай нээлгэ гэж уриалсан мэдээлэл бараг гарсангүй?
-"Эрдэнэс Тавантолгой" хувьцааг компанийн хувьцааг энэ оны эхний хагаст багтаан олгоно гэж үзсэн. Үүнээс болж өнөөдөр брокер дилерийн компаниуд дээр данс нээлгэх иргэдийн бужигнаан үүсч байна. Уг нь ингэж бужигнах шаардлагагүй. Иргэд хувьцаа эзэмшигч болохын тулд юун түрүүнд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Тэр бүртгэлийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв авч иргэдэд данс нээж өгөх ёстой юм. Харин брокертой хэзээ гэрээ байгуулах вэ гэхээр хувьцаагаа дансандаа хийгээд арилжих үед л хэрэгтэй.

Одоо бол үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид бүртгүүлээд улмаар нийтэд арилжаалах хоёрдогч зах зээл нээгдэх хүртэл хугацаанд бусдад худалдах боломж нь хаалттай байлгах талаар ярьж байгаа шүү дээ. Гэхдээ иргэн өөрийн хөрөнгөөр өөр компанийн хувьцаа авч арилжаанд оролцохыг хүсч байгаа бол брокерийн компанид данс нээлгэх нь зөв. Харин яг одоо "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эзэмшихийн төлөө яарч брокерийн компанид данс нээлгэх шаардлага байхгүй. Яагаад гэхээр иргэд хувьцаагаа өнөөдөр авлаа гэхэд маргааш нь зарж болохгүй шүү дээ.

-Тийм л дээ. Гэхдээ иргэдийн зүгээс ямар брокерийн компанийг сонгох вэ гэсэн асуултыг их тавьж байна?
-Брокер нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон шалгуурт нийцсэн байх ёстой. Ажилтантай, ажилтан нь мэргэшсэн, дүрмийн сангийн хөрөнгө нь хуульд заасан хэмжээнд хүрсэн, өөрийн эргэлтийн хөрөнгийн зохистой харьцаа, санхүүгийн чадавхийн хувьд шаардлага хангасан байх ёстой. Тэр шаардлагыг хангасан брокерийн компанийг иргэд сонгох нь зөв. Энэ компаниудын талаар манай хорооноос мэдээлэл авч болно. Танилцуулга, ажилтан, захирлын тухай мэдээлэл, холбоо барих хаяг, компанийн оршин байгаа газар зэрэг бүх мэдээллийг ирэх долоо хоногтоо багтаан цахим хуудсандаа тавина. Одоо ч энэ компаниудын санхүүгийн чадавхийн талаарх мэдээллийг манай цахим хуудасаас харж болно.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг орон нутгийн өмчид "Тавантолгой"-н хувьцааны өсөлттэй адилтгаж үзэх, хувьцаа нэг бүр нь сая төгрөгт хангалттай хүрнэ гэх таамаглал яваад байна. Ийм тооцоолол байж болох уу?
-Тооцооллын хувьд шууд ийм байх ёстой гэх нь буруу. Яагаад гэхээр "Тавантолгой" хувьцаат компанийн нөөц "Эрдэнэс Тавантолгой"-н нөөц, гаргах хувьцааны тоо ширхэг нь тэс өөр шүү дээ. "Эрдэнэс Тавантолгой" гэхэд 15 тэрбум ширхэг хувьцааг гаргана. Тэгэхээр цөөн хувьцаа гаргасан юм чинь үнэ нь өсөх, олон хувьцаа гаргасан нь хувьцааных нь үнэ өсөхгүй байж болох тохиргооны зүйлс бий.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг тараах ажлыг энэ оны эхний хагаст багтаан хийнэ. Мэргэжлийн хүний хувьд танд энэ тал дээр ямар нэг болгоомжлол төрж байна уу?
-Ерөнхийдөө "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмчлөлд байгаа орд бол асар өндөр өртөгтэй. Бидний зүгээс дээшээ тавиад байгаа санал бол тус компанийг олон улсын зах зээлд гараад шаардлагатай хөрөнгөө татаж бүртгэлээ хийлгэсний дараа иргэдэд үнэгүй өмчлүүлсэн хувьцааг олон улсын зах зээлийн ханшаар зарах эрхийг нь нээгээч гэсэн байр суурьтай байгаа. Тэр болтол иргэдийн өмчлөлд хэвээр байлгаач гэсэн саналтай байна. Тэгэхгүй бол угаасаа жижиг зах зээлд үнэ ханшийн өсөлт нь бага байж таарна. Тэгэхээр иргэд маань олон улсын зах зээлийн үнээр хувьцаагаа зарах боломжоо алдана. Олон улсын захад бүртгүүлж ханш тогтоогүй байхад хямд үнээр зарчихвал иргэдийн авах өгөөж багасна шүү дээ. Тийм ч учраас иргэдийн өмчлөлд хувьцааг үнэ төлбөргүй өгчихөөд хоёр дахь зах зээлд нээх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Ялангуяа   энэ   компанийн   хувьцаа олон улсын зах зээл дээр бүртгэх хугацаанд хязгаарлах нь зүйтэй. Тэр хугацаанд иргэд ногдол ашгаа авах, хуралд оролцох эрхээ эдлээд явах боломжтой.

-Харин IРО хийх банкаа сонгоогүй байгаа. Бас ганцхан жилийн хугацаанд IРО хийхийг манай тал хүссэн. Энэ талаар дүгнэлт хэлэхгүй юү?

-Нэг жилийн хугацаа бол боломжтой. Жишиг хугацаа нь хоёр жил байдаг. Бэлтгэл ажил, техник эдийн засгийн үнэлгээ хийгээд явах зэрэг практик талын ажлууд бий. Нэлээд шахуу ажиллах шаардлагатай болж байна.

-Тэгэхээр бид олон улсын зах зээл дээр хувьцаа маань хэд хүрэх нь үү гэдгийг л хүлээх үлдэж байна уу?

-Тийм.

-Ерөнхий зүйл асууя. Үнэт цаасны зэх зээлийн тухайд манай улс 20 жилийн туршлагатай. Одоо энэ эгзэгтэй үед та бүхэнд ч Брокер дилерийн компаниудад ч хуримтлуулсан туршлага гээд асуудал гарах уу?
-Үнэт цаасны зах зээлийг үүсгэн байгуул сан түүхэн 20 жилийн шийдэл бол яах аргагүй зөв зүйтэй алхам байсан. Түүний ачаар бид өнөөдөр энэ эдийн засгийн тэлэлтийн үед хөрөнгийн захыг ашиглах хэмжээнд хүрсэн. Цаашид үүнийгээ өргөжүүлж чадахаар ч түвшинд ирлээ. Яахав хөрөнгийн зах үүсгэн байгуулах арга хэлбэрийн хувьд үнэт цаасны захыг өмч хувьчлал дээр тулгуурлаж байгуулсан. Гэхдээ энэ зах бол жижиглэнгийн зах байсан учраас зарим нэг асуудлыг үүсгэсэн.

-Ямар асуудал?

-Эдийн засгийн хувьд их хэмжээний мөнгөн хуримтлал бүхий сангууд байгаагүй. Тэр бүтэц нь бий болоогүй байснаас болоод энэ салбар эдийн засагт гүйцэтгэх байсан чиг үүргээ хүлээж байсан л түвшинд хүргэж чадаагүй. Гэхдээ энэ бол энэ захын буруу биш. Ерөөсөө манай эдийн засгийн нөхцөл байдал ямар байсантай нь холбоотой. 1990, 2007 оны банкны салбарын хямралын үед юу ажиглагдсан гэхээр ерөөсөө мөнгөгүй болсон байсан. Санхүүгийн салбар ч иргэд ч мөнгөгүй байлаа. Санхүүгийн салбарт байгаа хуримтлал нь маш бага хэмжээтэй байсан болохоор урт хугацааны эх үүсвэр болж чадаагүй. Харин өнөөдөр банкны салбар маань нэг их наядын хуримтлалтай болчихож, даатгалын салбар ч хөгжиж байна. Өсөлт ажиглагдаж байна.

-Харин одоо Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нэлээд нааштайгаар эргэж байгаа байх аа?

-Тийм. Бидний зүгээс тодорхой хугацаанд нь хуулийн төслийг боловсруулсан. Үүнээс гадна олон хууль байна шүү дээ. Үнэт цаасны тухай хуулийг гэхэд л шинэчлэхээр ажиллаж байна.

2011/02/24

Дойче Банк, Голдман Сакс Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжих спонсороор тодорлоо


Дойче Банк, Голдман Сакс Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжих спонсороор тодорлоо
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжаалахад зөвлөгөө өгөх, зохион байгуулах банкуудыг өчигдөр орой тодрууллаа. 

Энэ ажлыг зохион байгуулагч спонсороор Германы "Дойче Банк", АНУ-ын “Голдман Сакс" сонгогдсон бол хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцогчоор Францын "БиЭнПи Париба", Австралийн "Маквэари" банк шалгарчээ. 

Шалгарсан банкуудыг удахгүй болох хэлэлцээрт урих болсон байна. Хөрөнгө оруулагч банкуудыг сонгон шалгаруулах ажлын хэсэгт дэлхийд нэр хүнд бүхий 16 банк саналаа ирүүлсэн юм, Тэгэхээр Удирдах зөвлөл, ТӨХ-ны дарга Д.Сугарын хэлснээр "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг энэ оны эхний улиралд багтаан дэлхийн хөрөнгийн зах зээлд арилжих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн нь хэрэгжих боломжтой болж байна. 

Тэд тодорхой хугацааны дараа хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах банкийг нэмж тодруулахыг ч үгүйсгэхгүй байв. 

Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа: Монгол улсын нүүрсний салбарын тэсрэлтийн үе эхэлж байна


Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа: Монгол улсын нүүрсний салбарын тэсрэлтийн үе эхэлж байна
“Coal Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын “Bank of the event” түншээр Монголын шилдэг байгууллагын банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) ажиллаж буй юм. Тус банкны Ерөнхийлөгч, туршлагатай банкир Р.Коппатай Монголын нүүрсний зах зээлийн талаарх дараах яриаг өрнүүллээ. 
  
-Юуны өмнө "Coal Mongolia 2011" чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаа танай хамт олонд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын үйлдвэрлэл эрс өсч, үүнтэй холбоотой гадаад дотоодын хөрөнгө оруулалт ч огцом нэмэгдэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. ХХБ олон улсын хэмжээний, томоохон хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид оролцдог чуулга уулзалтуудад байнга голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн. 

Монголын байгууллагын болон хөрөнгө оруулалтын банкны зах зээлд тэргүүлэгчийн хувьд бид өөрсдийн 20 жилийн турш хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцахын зэрэгцээ Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах байдлыг дэмжих нь маш чухал гэж үздэг. 
 
Монгол улс нүүрсээр баялаг орон, Монголын чанар сайтай нүүрсний асар их нөөц болон дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятадтай хөрш зэргэлдээ орших байршил, Ази тивийн зах зээлийн өсөлт зэрэг нь нийлээд Монгол улсыг дэлхийн нүүрсний зах зээлд стратегийн ач холбогдол бүхий гол үүрэг гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм. Товчоор хэлбэл, Монгол улсын нүүрсний салбарын тэсрэлтийн үе эхэлж байна гэж хэлж болно. 
 
"Coal Mongolia 2011" олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь биднийг Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой олон хөрөнгө оруулагчидтай холбож өгнө гэж найдаж байна.
 
-Монголын  нүүрсний зах зээлийн ирээдүйг ажиглагчид, эдийн засагчид маш том хүлээлттэйгээр төсөөлж байгаа, валютын нөөцийг орлох хүртэлх хэмжээнд хүрнэ ч гэж ярьж байна. Та энэ талаар ямар төсөөлөлтэй байгаагаа хуваалцахгүй юу? 
-Монгол улсын нүүрсний нийт үйлдвэрлэл одоогоор тэрбум ам.долларт хүрээд байгаа. 2010 оны эцсийн статистик мэдээллээр нүүрс олборлолтын хэмжээ 20 сая тоннд хүрсний дийлэнх хувийг нь гадаад улс орнууд руу экспортлож байна. Харин Тавантолгой тэргүүтэй орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж эхлэх тэр үеэс нүүрсний үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх төсөөлөл бий. Тавантолгой, Нарийн сухайтаас гадна Монголын хойд бүс нутгуудад нүүрсний томоохон ордуудыг илрүүлсэн. Тэгэхээр нүүрс бол яалт ч үгүй Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний орлого, ашиг авчирна гэдэг нь тодорхой. 

Гэвч нүүрсээ эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, мөн төрөөс нүүрсний экспортын талаар нэгдсэн бодлоготой байх нь юуны түрүүнд чухал юм. 
 
Цаашлаад, дэлхийн нүүрсний хэрэглээ жилд 7 тэрбум тонн, цаашид ч эрс нэмэгдэх хандлагатай байгаа ба дараагийн 10 жилд Ази дахь нүүрсний импортын хэмжээ 30 хувиар өсч, жилд 850 сая тонн хүртэл нэмэгдэх хандлага нь Монголын хувьд нүүрсний салбарын ирээдүй гэрэлтэй байгаа нь харагдаж байгаа юм.
 
Эдгээр боломжийг ярихын зэрэгцээ саад бэрхшээлийг мөн давхар тооцох хэрэгтэй. Хамгийн нэн тэргүүний бэрхшээл бол тээвэрлэлтийн дэд бүтэц. Үүнийг дагаад цахилгаан эрчим хүч, ус, ажиллах хүч, үнийн бодлого, ханган нийлүүлэгчдийн санхүүжилтын асуудал гээд дурдвал нэлээдгүй бэрхшээл бий.  
     
-Мэргэшсэн банкиртай уулзсаны завшаанд асуухад, ихээхэн хэмжээний валютын урсгалыг манай зах зээл шингээж чадахгүйгээс болж, Монголбанк буцаан татах арга хэмжээ авлаа. Валютын урсгал орж ирэх нь сайн талтай ч төгрөгийн ханшийг чангаруулж, улмаар импортыг дэмжиж байна. Мэдээж энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг бууруулах эрсдэлтэй. Энэ тал дээр Таны бодлыг сонсвол? 
-Монголын зарим төрлийн бараа бүтээгдэхүүнүүд нь экспортлогчдын хувьд хэтэрхий үнэтэй байгаа нь үнэн. Гэхдээ ноолуур гэх мэт зарим бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмж багатай байдаг онцлог шинж чанартай. Хэрэглээний бараа болон барилгын материал үйлдвэрлэгч зарим дотоодын компаниуд импортын бараатай холбоотой хүндрэлтэй тулгарч болох юм. 
 
Байгалийн баялагаар баян орнуудад дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сулрах энэ үзэгдлийг “Голланд өвчин” гэж нэрлэдэг. Монголын Засгийн газар энэхүү болзошгүй хүндрэлээс сэргийлэх үүднээс дээрх орнуудад авч хэрэгжүүлэн, ач тусаа өгсөн  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь дамжиггүй байх. 

Төгрөгийн ханшийн хувьд гэвэл түүнийг чангарахаас үүдэлтэй инфляцийн өсөлтийг зохицуулахад татварын болоод мөнгөний зөв бодлого юу юунаас чухал. Саяхан батлагдсан дунд хугацааны төсвийн болон татварын тогтвортой байдлын хуулийг сайтар мөрдөж чадвал үр өгөөжөө өгөх болно гэдэгт итгэлтэй байна.
 
-Цаашид уул уурхай, нүүрсний салбарт маш олон компани орж үйл ажиллагаа явуулах болно. Тэр хэрээр хөрөнгө оруулалт өснө. Үүнд манай улсын банкны салбар хэр бэлэн байгаа вэ? 
-Тэгэлгүй яахав, хөрөнгө оруулалт одоогийнхоос хэдэн зуу дахин өсөх нь тодорхой. Энэ байдалд Монголын банкны салбар харьцангуй сайн түвшинд бэлтгэгдээд эхэлчихсэн. 

Олон улсад ашиглагддаг экспортын аккредитив, экспортын өмнөх санхүүжилт, факторинг, лизинг, хамтын санхүүжүүлэлт гээд олон үйлчилгээг арилжааны банкууд үзүүлэх бүрэн боломжтой. 

ХХБ-ны хувьд л гэхэд банкны үйлчилгээг олон нийтэд үзүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчидтай хөрөнгийн удирлага, худалдааны санхүүжилт зэрэг олон үйл ажиллагаагаар нягт хамтран ажилладаг. Бид уул уурхайн санхүүжилтээр мэргэшсэн, гадаадын компаниудтай ажиллах түвшинд хүрсэн өргөн их туршлагатай, олон ажилтантай. Түүнчлэн, ХХБ Олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах, энэ чиглэлээр ажилладаг хамтрагчидтайгаа ажиллах боломжоо нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа.     
 
-Манай улсын хөрөнгө оруулалтын орчин хэр таатай байна вэ, хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн түрүүнд тогтвортой байдлыг харгалзан үздэг шүү дээ. Энэ хандлага өнөөдрийн байдлаар ямархуу байдалтай байна гэж Та дүгнэдэг вэ?
-2009 оны 10-р сард зурагдсан Оюутолгойн гэрээ нь олон улсад Монгол улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхийг эрмэлзэж буйг  харуулсан дохио болсон билээ. Түүнчлэн, SouthGobi Resources болон Монголын Уул уурхайн Корпораци Хонгконгийн хөрөнгийн зах дээр хувьцаа гаргасан нь хөрөнгө оруулагчдад улам их найдвар төрүүлсэн явдал болсон. Дараагийн зайлшгүй хийх алхам бол хөрөнгө оруулалтын эрсдэлгүй орчинг бүрдүүлэх үүднээс Монголын Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болгон өөрчлөх явдал юм. 
 
-Та “Coal Mongolia 2011” чуулга уулзалтаас олон үр дүн хүлээж байгаа байх. Энэ талаар тодруулахгүй юу, мөн нүүрсний салбарын өсөлтийг дэмжихэд танай банк ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Энэхүү чуулга уулзалтын зочид төлөөлөгчид, бүх оролцогсод Монголын нүүрсний салбарын хөгжлийн талаар болон уг салбарыг хөгжүүлэхэд зам тээвэр, дэд бүтэц зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ойлголт авна байх гэж найдаж байна. 
 
ХХБ зөвхөн нүүрс олборлогч компаниудад банкны үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, эдгээр компаниудад тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг олон компаниудыг санхүүжүүлж хамтран ажилладаг. Хөрөнгө оруулагчид, олборлогчид, төрийн бодлого тодорхойлогчид нэг дор цуглан, өөрсдийн үзэл бодол, саналаа солилцох боломжийг олгож байгаагаараа энэхүү чуулга уулзалт нь Монголын эдийн засагт төдийгүй, улсын болон хувийн секторын хөгжилд чухал ач холбогдолтой байх болно. 
 

2011/02/22

“Тавантолгой” ХХК-н нэг ширхэг хувьцаа нэг сая дөрвөн зуун мянгад хүрчээ

Тавантолгой" компани байгуулагдсанаар 15 тэрбум хувьцаа гаргаж ард түмэнд 10 хувийн хувьцаа эзэмшүүлж 1,5 тэрбум хувьцаа болно. Хүн амдаа тооцоод үзэхээр нэг хүнд 550 хувьцаа ирэх юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй татвар төлсөн 30 мянган аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах хувьцааны асуудал яригдаж байна.

30 хүртэлх хувийг гадаад, дотоод хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж хөрөнгө босгоно гэж байгаа. "Тавантолгой"-н үнэлгээ өндөрт хүрэх боломжтой гэж эдийн засагчид үзэж байна. "Тавантолгой"-н хувьцааны нэрлэсэн үнийг урьдчилан тогтооход төвөгтэй байгааг тэд нуудаггүй. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах дээр гаргаж худалдахын өмнө бэлтгэл ажил хийгдэх естой. "Тавантолгой" компанийн үнэлгээг Ухаа Худагийг түшиглэн нэрлэсэн үнийг тогтоох боломжтой ажээ. Арилжих хувьцааны тоо хэмжээ зэргээс хамаарч хувьцааны нэрлэсэн үнийг тогтоодог байна.

Нэг хувьцааны урьдчилсан үнэлгээг хийхийн тулд энэ чиглэлийн дадлага туршлагатай хөрөнгө оруулалтын банкийг хөлслөн авч хийлгэхээр болсон. Дэлхийд алдартай 20 компани санал ирүүлжээ. Энэ сардаа багтаж хөрөнгө оруулалтын банкаа сонгоно. Үүний дараа томоохон хөрөнгийн бирж дээр IРО буюу хөрөнгө босгоно. Хурдан хугацаанд хийлээ гэхэд 2011 оны сүүлчээр л хөрөнгө босгох буюу IРО хийж эхлэх юм байна. Одоо олборлолт хийх, гүйцэтгэх компаниа сонгох үлдээд байна. Урьдчилсан сонгон шалгаруулалтаар тунасан гурван компани нэг Австралийн "Лейтон Ази" компани шалгарах давуу тал нөгөө хоёроосоо илүү байгаа талаар ярьж бичиж байна.

Гэрээт олборлогч буюу оператор компани зөвхөн "Тавантолгой"-н уурхайд хөрс хуулж нүүрс гаргаж өгөөд ажлынхаа хөлсөө авах байдлаар ажиллах бол харин "Тавантолгойн" ордод стратегийн хөрөнгө оруулагчид тодорхой хэсэгт бие даан ажиллаж бүтээгдэхүүнээ хуваах зарчмаар хамтран ажиллах юм байна. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагчийн хувьд олборлолт хийгээд борлуулалтад оролцох гэж байгаа учраас сонгон шалгаруулалтын гол хүчин зүйл нь урьдчилгаа төлбөр юм байна. Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийг ойрын хугацаанд Засгийн газар олон улсын нээлттэй тендерээр зарласан.

Хятад руу экспортлох эрчим хүчний нүүрсийг дотоодын компаниудаар авто тээвэрлэлт хийх замаар зөөлгөхөөр шийдвэрлээд байгаа юм байна. Энэ нь дотоодын компаниудыг дэмжиж ажлын байр бий болж хэн хэндээ ашигтай хэмээн Засгийн газар мэдээлэв. Ер нь Тавантолгойн ордоос олсон орлого манай улсын эдийн засгийг сэргээж чадна гээд байгаа. Нүүрсний хувьд экспортын орлого бусад ашигт малтмалыг бодвол илүү өндөр байх нь тодорхой. Иймд манай улсын хувьд жилд 40 орчим сая тонн нүүрс олборлохоор зорьж буй энэ үед одоогийн нүүрс болон зэсийн үнэ хэвээрээ байх тохиолдолд нүүрснээс олох орлого нь зэснээс олох орлогоос хэд дахин их байж болохоор байна.

Уул уурхайн салбараар хэтдээ хэр их ашиг олох талаар Сайн судалж тооцоолох шаардлагатай. Тавантолгойн нүүрсний орд газар хэд хэдэн компани нүүрс олборлож байгаагийн нэг нь "Тавантолгой" хувьцаат компани. Тус компанийн 51 хувь нь орон нутаг буюу Өмнөговь аймгийн мэдэлд байдаг. Бусад хувьцааг нь аж ахуйн нэгж хувь хүмүүс эзэмшдэг. Монголын хөрөнгийн биржид 360 орчим компани бүртгэлтэйгээс хамгийн үнэ цэнэтэй хувьцаа Тавантолгой" юм. Тус компанийн хувьцаа энэ сарын 18-ны байдлаар нэг сая дөрвөн зуун мянган төгрөгөөр борлогджээ.

Дэлхийн шилдэг банкууд Монголын ордыг сонирхож байна

Иргэн бүр Тавантолгойн хувьцаанаас 500 ширхэг хувьцаа авах гэж байгаа. Эрдэнэс -Таватолгой 15 тэрбум ширхэг хувьцаа гаргана. Иргэддээ тараахаас гадна 1,5 тэрбум ширхэг хувьцааг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдана. 29 хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар болсон. Засгийн газар олон улсын үзах зээл дээр энэ үйл ажиллагаа явуулахад дэлхийд нэр хүндтай банкмийг хөлслөхөөр шийдээд буй. Ийнхүү олон улсын тендерийг зарласан. Тендерийг нэгдүгээр сарын 31 –нд хаасан байна. Тендерт 16 банк материалаа ирүүлжээ. Төрийн өмчийн хувьцааг арилжаалахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг дэлхийд эхэнд жагсах шилдэг банкууд хүсч байгаа аж. Касгийн газрын хувьд оролцогч банкуудтай нэгбүрчлэн уулзаж, энэ онд багтаан хувьцаагаа гаргах бодолтой гэсэн байр суурь илэрхийлжээ. JP Morgan, Banc of China international, Goldmen Sach, Credit Suisse, Morgan Stanley, Deutsche banc, UBS, BHP Paribas, Banc of America Merril Lynch  зэрэг банкууд тендерт саналаа ирүүлжээ. JP Morgan-ыг манайхан андахгүй. Дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк. Зээл олгох, зөвлөх, стратегийн төлөвлөгөө боловсруулж өгөх зэрэг санхүүгийн чиглэлээо үйл ажиллагаа явуулдаг. Banc of China international бол Хятадын төрийн өмчийн дөрвөн банкны нэг.  1869 онд байгуулагдсан  Goldmen Sach ч тендерт өрсөлдөж байна. Уол Стрийтийн томоохон хөрөнгө оруулагч. Энэ мэтээр дэлхийн үйл ажиллагаараа танигдсан томоохон банкууд тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр дугаарлаад байна. Монгол жирийн нэг улс биш, монголын ордууд зүгээр л нэг баялгийн нөөцтэй биш гэдгийг энэхүү тенерт оролцогчид баталж байна. Хөрөнгө оруулалтын банкийг шалгаруулах ажил ид өрнөж байгаа аж. Төрийн өмчийн хорооны даргын хэлж байгаагаар ирэх долоо хоногийн дундуур дүн нь гарчих бололтой. Нэг биш 3-4 банкийг сонгож магадгүй байна.  Сонгогдсон банкны ажилтнууд ордоо үнэлж, 15 тэрбум хувьцааны нэгжийн үнийг гаргах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” дэлхийд эхний байранд орох том хувьцаат компанийн нэг болох нь. Одоогийн байдлаар 10 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.

2011/02/21

Ухаа худаг Тавантолгойн ордын газрын зургаас арчигдсан түүх

Тавантолгой энэ намрын “халуун” асуудал болно хэмээн олон хүн таамаглаж байгаа.Дэлхийн эрчим хүчний гол түүхий эд болох нүүрсний томд тооцогдох орд хийгээд нүүрсний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдсээр 2030 онд 7.0 тэрбум тоннд хүрнэ гэх судалгаа, уг орд коксжих нүүрсний “мангас”-уудын нэг Хятадтай хил залгаа шахам, Бразилийн Вале, АНУ-ын Пибоди Энержи, БНХАУ-ын Шинхуа Энержи, Японы Мицуи, Иточу, Марубени, Швейцари-Австралийн Экстрата компани, ОХУ-ын Оросын Төмөр зам нийгэмлэг зэрэг нүүрсний “акул”-ууд Тавантолгойд хөрөнгө оруулах, хорших хүслээ илэрхийлсэн, Монголын Улсын Засгийн газар энэхүү ордыг ашиглах саналаа танилцуулаад байгаа гэх мэт хүчин зүйлүүдийг тооцвол дээрх таамаг үнэн.

Гэхдээ Тавантолгойн ордыг ашиглах асуудал нь Парламент, парламентын 76 гишүүн, Засгийн газар, түүний гишүүд, Төрийн тэргүүн-Ерөнхийлөгч, улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн байр байц, нүүр царайг илэрхийлэхээрээ үлэмж ач холбогдолтой юм.
Ордыг ашиглах Засгийн газар , Парламентын шийдлийг хүлээх, хэлцэх нь буруу биш. Харамсалтай нь бид олон зүйлийг тооцохгүй, анзаарахгүй, бүр ор тас орхин, мартаад байна. Түүний нэг нь Ухаа худаг. Ухаа худаг нь Тавантолгойн орд газрын нэг хэсэг бөгөөд гарын таван хурууны нэг нь гэсэн үг. Гэтэл бид эрхий, долоовор, эсхүл чигчийгээ “гээчихээд” бусад дөрвөн хуруугаа “гарын таван хуруу” гэж “дуулаад” байж таарахгүй биз дээ.


“УХАА ХУДАГ” ХААЧСАН БЭ?


Баяр, наадмын өмнө Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Тавантолгойн ордыг ашиглах тухай танилцуулгад, уг ордыг Цанхийн 1-р талбай (1204 сая тн нүүрсний нөөцтэй бөгөөд коксжих нүүрс 65 хувь), Цанхийн 2-р талбай (2224 сая тн, коксжих 49-78 хувь), Бор толгой (392.9 сая тн), Зүүн хэсэг (756 сая тн, коксжих 62.5 хувь) гэж дөрөв хуваагаад тав дахь буюу Ухаа худагийн талбайг ор тас орхигдуулан, ордын газрын зургаас авч хаяжээ. (Зургийг үзнэ үү. Дашрамд тэмдэглэхэд, Цанхийн 2-р талбайд Тавантолгой ХК, Дайцүки ХХК-ийн талбай хамаардаг байна).

Энэ нь Ухаа худагийн нөөц, талбайн хэмжээг шууд харах, харьцуулах боломжийг хязгаарлаж байгаа ч хөндлөнгийн, хараат бус судлаач, шинжээчид Тавантолгойн ордын хамгийн их нөөцтэй талбай гэж тэмдэглэсэн байдаг. Тодруулбал, уг орд газрын нийт талбайн 4 орчим хувийг эзэлдэг Ухаа худагт, Тавантолгойн мэдэгдэж буй нүүрсний нөөцийн тавны нэг болох хорь шахам хувь нь агуулагддаг байна. Далан нэгэн мянган га газрыг хамардаг Тавантолгойг хорин тав хуваасны нэгд нь урвуугаараа бүх нүүрсний хорин хувь нь байгаа гэсэн үг.

Тооцоолж үзье. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хэлснээр Канадын стандартаар 7.0 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний хорин хувь нь 1.4 тэрбум тонн. Энэ бол зөвхөн мэдэгдэж буй нөөцөөр тооцоход шүү дээ. Баабарын, “энэ тоо ашиглалтын явцад нэмэгдэх биз. Бүх нөөцөө тогтоочиж байгаад ашиглаж эхэлдэг мангар юм хаана ч үгүй” гэж бичсэнийг энд сануулахад гэмгүй. Ухаа худаг алга болохын үндсэн шалтгаан нь бага талбай дахь их нөөц юм. Харин Ухаа худагийг нууж буй үйлдэл нь өөрөө хууль бусын дээр эзэмшил нь хууль бус шүү гэдгийг нотлон харуулж буй хэрэг. Өөрөөр тайлбарлах аргагүй байна. Булавч бултайна, даравч далдайна гэх үг бий. Сонирхолтой нь Засгийн газар Тавантолгойн ордын тавны нэгийг “үгүй хийсэн” хувилбараа УИХ-д ичих ч үгүй танилцуулахад эрхэм гишүүд “Ухаа худаг” хаачив гэж асуусангүй. Төрийн тэргүүн маань таван хурууныхаа нэгийг үгүйлсэнгүй. Улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд таг чиг, хэвлэлүүд ч “амаа үдүүлсэн” мэт чив чимээгүй.

Өгүүллийн эхэнд, Тавантолгойн ордын ашиглалтын асуудал нь Парламент, түүний 76 гишүүн, Засгийн газар, түүний 15 гишүүн, Төрийн тэргүүн-Ерөнхийлөгч, улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд, манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүүр царайг илэрхийлнэ гэж хэлсний учир энэ. Энд “үнэн нүүр царай” гэж тодруулах нь зөв ч байх аа даа.

Дахин асууя. 1.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Ухаа худаг хаачсан бэ? 1.4 тэрбум тонн нүүрс гэдэг бол өнөөдөр Хятадад нийлүүлж буй ханшаар тооцвол 35 тэрбум доллар. Харин 35 тэрбум доллар гэдэг нь манай улсын хорин жилийн төсөвтэй дүйцэх, тийм л их мөнгө.


“УХАА ХУДАГ”-ИЙГ ЯАЖ ХУЛГАЙЛАВ?


“Зууны мэдээ” сонины 2008 оны нэгдүгээр сарын 14-ний дугаарт “Энержи ресурс”-ийн өмчлөлд буй ашиглалтын лицензийг хууль бусаар олгожээ” нийтлэлд “…Т.Занашир “Энержи ресурс” компанид 2135 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь “Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 14.9.2 дахь заалтыг зөрчсөнийг Үндэсний Аудитын газар 2007 онд илрүүлсэн байна” гэж бичжээ. Тодруулбал, 2006 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар нөөцөд авсан талбайд “Энержи ресурс” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2006 оны долдугаар сард Геологи уул уурхайн кадастрийн албанд хандсан байх ба албаны мэргэжилтэн Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар нөөцөд бүртгэн авсныг тэмдэглэжээ. Харин тухайн үеийн Кадастрийн албаны дарга Т.Занашир “дээрх талбайг танай компанид олгох боломжтой” гэсэн хариуг “Энержи ресурс”-д өгсөн байна. Ийм утгатай нийтлэл “Өдрийн сонин”-д ч хожим гарсан байх ба Үндэсний аудитын газрын шалгалтын материалаас иш татжээ. “Энержи ресурс”-ын ашиглалтын лиценз авсан үйлдэл нь ийнхүү хууль бусын дээр Ерөнхий сайд С.Баяр Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд авах бодлогоосоо ухран Ухаа худгийн лицензийг “Энержи ресурс”-т үлдээсэн нь ч ёстой л ноцтой, “но”-той асуудал.

Үнэн хэрэгтээ гадныхан Тавантолгойг шимтэн сонирхоогүйгээс бус “Энержи ресурс”-ийнхний санасан үнэнд хүрсэн бол зарчих байсан гэдэгтэй тэнэг л биш бол маргах юмгүй. Зарахаар хэлцэл хийж байгаа гэх мэдээллүүд тухайн үед сонин, хэвлэлээр мэр сэр үзэгдэж л байсан. Харин өнөөдөр зарж чадаагүй нь завшаан болж, 35 тэрбум долларын баялгаар “шагнуулжээ”. Хэрэвзээ манайд хууль үйлчилдэг бол шагнуулах бус загнуулах зэмтэй. Хайгуулын лицензийг найман жил хадгалах нь хууль зөрчсөн үйлдэл биш үү.

Гэтэл … Мэдээж ийм шагнал лиценз “дарсан” болгонд олдохгүй. Эрх мэдэлд ойр, бүр эрх мэдэлд хүрсэн хүмүүсийг л дайрах “аз” юм. Тэгвэл тэд хэн бэ?
“Энержи ресурс” ХХК нь үндэсний хөрөнгөтнүүдийн нэгдэл гэгддэг бөгөөд гол төлөөлөл нь “MCS”, “Шунхлай”, “Петровис”, “Алтай холдинг” юм. Манай хөрөнгөтнүүдэд Америк, Англи, Японы хөрөнгөтнүүдээс үндсэн нэг ялгаа бий. Тэр нь манайхан төрөөс төрсөн хөрөнгөтнүүд (Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тодорхойлсон “төрөөс төрсөн тэрбумтнууд” гэх бүлэгт уг нь хамаарна) бөгөөд энэ нь төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар гүйцэтгэх ажлыг эрх мэдэлтнүүдээр дамжуулан шууд авч гүйцэтгэх, төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр шахах, нийлүүлэх, мөн төрийн өмчийг хямд үнээр хувийн болгох гэх мэт замаар хөлжсөн гэсэн үг юм.

Тухайлбал, “MCS” нь эрх мэдэл бүхий шийдвэр гаргагчидтай тогтоосон хэлхээ сүлбээгээрээ алдартай бөгөөд эрчим хүч, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт төсвийн болон гадаадын зээл тусламжаар гүйцэтгэх ажил үйлчилгээ ихэвчлэн тус компаниар дамждаг. Нэг үе Mongolian Corruption Systems гэж хүртэл нэрлэгдэж байсан.

“Шунхлай” нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн үүсгэн байгуулсан компани бөгөөд 1998-1999 онд Дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа МИАТ зэрэг төрийн өмчит компаниудад шатахуун нийлүүлэх болсноор үлэмж томорсон. “Олигархи гэж Г.Батхүүг хэлнэ…” хэмээн “Улс төрийн сонин”-д бичсэн нь хөдөлшгүй үнэн. “Петровис” нь хатагтай Г.Оюунгэрэлийн үүсгэн байгуулсан компани ба гол хөрөнгө оруулагч нь талийгаач Ш.Отгонбилэг гэдэг. Монголын нефтийн зах зээл дэхь хамгийн том нь байх. Мэдээж тухайн үед төрийн өмчинд байсан “НИК”-ээс хөрөнгөтний гараагаа эхэлсэн, Оюунгэрэл.

“Алтай холдинг” нь одоогийн Ерөнхий сайд С.Батболдын компани гэдгийг хүн бүр мэднэ. С.Батболд, “Энержи ресурс”-ийн Тавантолгой дахь эзэмшлийг төр мэдэлдээ авахаар хэлцэл хийж байх үед хувьцаанаасаа татгалзаж байсан нь эх оронч санаачлага мэт харагдавч үнэн хэрэгтээ “хууль бус лиценз эзэмшиж буйгаа мэдсэн” хэрэг байсан юм. Харин өнөөдөр эргэн харахад хувь оролцооноосоо татгалзсан нь хууран мэхлэлт, “Энержи ресурс”-т хамааралгүй мэт харагдах заль мэх байжээ гэж хэлж болохоор байна.
Тавантолгойн ордоос “Ухаа худаг”-ийн талбайг баллуурдах зүрх зориг, эрх мэдэл гагцхүү Ерөнхий сайдаас, шууд хэлэхэд С.Батболдоос гарна гэдэгтэй маргах юмгүй.

Харин өнөөдөр “Энержи ресурс”-ийн эзэд нуувчинд орж, баруунд боловсорсон залуусыг удирдлагадаа гарган олон түмэнд харагдуулах болсон нь анзааралгүй өнгөрч боломгүй ээлжит арга мэх бөгөөд өндөр боловсрол, мэдлэг, хэлний чадвар, ер нь л давуу тал бүхнээ дан ганц өндөр цалинд оосорлуулж суугаа залууст харамсана. Өндөр хөгжсөн Азийн баруудын жишгээр бол баруунаас технологи “хулгайлах” учиртай тэд маань өөрийнхөө баялгийг хулгайлагчдын гар хөл, хөлсний хүн болж байна.


УХАА ХУДГИЙГ АЛДСАНААР…

Баабараас ишлэе.

“Тавантолгой нь одоо тогтоогдоод байгаагаар 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний дотор коксжих нүүрс нь 1.5 тэрбум тонн ажээ… Байгаа энэ байдлаараа асар том орд. Үүний гол онцлог нь томдоо байгаа аж. Нэг дороос ийм том ордыг ашиглах нь урт удаан хугацаанд бага зардлаар маш ихийг олзворлоно гэсэн үг. Тавантолгойн хамгийн том давуу чанар энэ. Тэгээд ч чанар сайн, дулаан ялгаруулалт нь өндөр. Тавантолгойг арав хуваагаад хаячих юм бол ямар ч үнэ цэнэгүй болно. Аравны нэг шиг нь орд энд тэндгүй, Монголд ч цөөнгүй бий”. Ингэж сануулсаар байтал Засгийн газар Тавантолгойн ордын тавны нэгийг “Энержи ресурс” компанид бэлэглэчихээд, одоо бүр газрын зургаас арчин хаясны цаана юу нуугдана вэ?
Зарим сэтгүүлчдийн мэр, сэр бичээд байдаг, иргэний хөдөлгөөн, мөн цөөн улстөрчийн шүүмжлээд байдаг эрх баригч, шийдвэр гаргагчид хийгээд зарим компани хоорондын зүй бус хэлхээ холбоо, эрх ашиг, мөнгөний эвлэрэл, нэгдэл, хуйвалдаан, авлига, хээл хахуулийн хэрэг Ухаа худагийн цаана сүйтэгнэж байна. Үүнийг яах ёстой вэ.
Эвэртэн тууртан, эрхтэн дархтнуудын ивээлд багтсанаар эд мөнгө, эрдэс баялагт хүрдэг, түүнийхээ хэсгээр “эзэд”-ээ ивээн тэтгэж төрийн эрхэнд хэмжээгүй суулгадаг, энэ чөтгөрийн тойрог ч гэмээр юм уу эргэх холбоог тасар татах цаг болоогүй юу.

Монголчууд, өөрсдийн нийтлэг эрх ашиг, байгалийн баялгаас хувь хүртэх сонирхлыг хангах төрийн бодлогын эдийн засгийн баталгаа нь Тавантолгой байгаасай гэж хүсч буй бол “Энержи ресурс”-ийн зорилго нь хэсэг бүлгийн буюу шийдвэр гаргах түвшний хэсгийнхнийх нь л эрх ашиг, мөнгөний хэрэгцээнээс урган гарсан, иймд энэ хоёр сонирхол үл огтлолцоно. Энэ нөхцөлд хэсэг бүлгийн бус нийт ард түмний эрх ашгийг урьтал болгодог төртэй байх, төртэй болох асуудал эцсийн бүлэгт хөндөгдөнө.

Ухаа худгийг алдсан нь дан ганц 35 тэрбум ногооны нүүрс алдсан төдий хэрэг биш. Мэдээж Тавантолгойн бүлэг ордын үнэ цэнэ унана.Хамгийн гол нь эрх мэдлийн шударга тогтолцоо, бизнесийн шударга өрсөлдөөн, баялгийн шударга хуваарилалт, нийгмийн шударга ёс… гээд шударга бүхнээ алдсаны тэмдэг юм.
Иймд Ухаа худгийг олж авах нь товчдоо шударга ёсны хэмжүүр болно.

2011/02/18

Цэнхэр, ягаан тасалбартай адил байж болохгүй

Д.Дамба-Очир: "Эрдэнэс тавантолгой"-н хувьцаа цэнхэр, ягаан тасалбартай адил байж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. 

-Тавантолгойн гэрээний төслийг батлах ажлын хэс­гийн ахлагчаар ажиллаж бай­сан хүний хувьд “Эр­дэнэс Тавантолгой” ком­панийн та­лаар асуух зүйл байна. “Эр­дэнэс Та­вантолгой”-н иргэн бүрт олгох хувьцааг иргэд хэ­зээнээс хэрхэн эзэмших вэ?

-УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс Та­вантолгой”-г хувь­цаат компани болгох ёстой. Хувьцаат компани болгоод 10 хувийг нь иргэддээ, 10 хувийг нь аж ахуйн нэгжид хувьцаа маягаар, үлдсэн 30 хувийг нь гадаад, дотоодын Хөрөнгийн бирж дээр арилжаалж хөрөнгө оруулалтын мөнгө босгоно. Харин 50 хувийг нь Засгийн газарт авч хоцорно гэдгээ мэ­дэгдсэн. Энэ тогтоолын төс­лийн дагуу Засгийн га­зар болон “Эрдэнэс МГЛ” ком­панийнхан ажиллаж байна. Саяхан байнгын хороонд Зас­гийн газар мэдээлэл өг­сөн. Эхний улиралд багтаж хувь­цааны асуудлыг шийднэ гэж ярьж байгаа. Энэ хавар хувь­цаа тараах тухай ярьж эхэлнэ. Гэхдээ юун түрүүнд үнэлгээ хийх ёстой. Нөөцөөрөө ч тэр, компанийнхаа үйл ажил­­ла­гаагаар ч тэр “Эр­дэ­нэс Та­вантолгой” дэлхийд дөрөв, тавдугаарт оро­хоор компани болно гэж үзэж байгаа. Тийм ч уч­раас дэлхийд толгой цо­хидог томоохон банкууд сан­хүүжилт хийхээр манайд ирсэн. Мөн олборлолтод орол­цох буюу оператор ком­­паниуд нь дэлхийн уул уур­хайн томоохон компани юм. Бид Тавантолгойн ажлыг гардан хийж байгаа хүмүүс болох Төрийн өмчийн хо­рооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүй­цэт­гэх захирал Б.Энэбиш нарт хэдэн зүйл анхааруулж хэлсэн.

-Юуг тэр вэ?

-Иргэдийн 10 хувийн хувьцаа иргэ­дэд очихоороо зарагдахгүй, бор­луулахааргүй байх ёстой. Ягаан, цэнхэр тасалбартай адилхан байж болохгүй. Ямар ч байсан тодорхой хугацаанд хувьцаагаа борлуулж болохгүй юм. Тиймээс үүнийг давуу эрхийн хувь­цаа гэж нэрлэсэн. Давуу эрхийн хувьцаа гэдэг бол нэг нь нөгөөдөө арил­жаалж, зарж болохгүй, зөвхөн ногдол ашгаа л хүртдэг. Тэгэхээр хоёр сая 700 мянга гаруй хүн амтай манай улсын иргэд 10 хувийн хувьцаанаас эзэмшинэ. Харин хоорондоо зарж борлуулахгүй байна. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүд эхлэлтийн баланс буюу хамгийн бага үнээр хувьцааг худалдаж авна. Том, жижиг нь хамаагүй бүх аж ахуйн нэгжид ижил хэмжээгээр 10 хувийг олгох юм. Жишээ нь 30 мянга ч юм уу 40 мянган хувьцаа нэг аж ахуйн нэгжид очих нь байна шүү дээ. Эдгээр аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэл нь бий болоод, бүтээгдэхүүн борлуулаад ирэх тусам хувьцааны үнэ өснө. Ин­гээд хувьцааны үнэ өсөхөөр Мон­голын аж ахуйн нэгжүүд тэр хэм­жээгээр ногдол ашгаа авдаг юм уу эсвэл хувьцаагаа илүү өндөр үнэтэй болчихоор нь борлуулж ашиг олох нь тэдний асуудал. Би сая онцгой анхаарууллаа. Учир нь эдгээр компани ямар нэг гадаа­дын компанитай хамтарсан байж болохгүй. Зөвхөн үндэсний ком­паниуд байх ёстой. Мөн хөрөнгө оруу­лагч нь гадаадын компани  байж болохгүй. Гэхдээ эдгээр компани татвар төлөн, нийгмийн өмнө ха­риуц­лага хүлээж, үйл ажиллагаа нь жигдхэн явж байсан, компани бай­гуулаад хаячихсан байвал хувьцаа эзэмшихгүй. Мөн өнгөрсөн зургадугаар сарын 30-наас хойш байгуулсан компаниуд хамаарахгүйг анхаарах хэрэгтэй. Харин хууль бат­лахаас өмнө үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хамааралтай юм. Тавьж байгаа шаардлагыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар шалгаруулалтаа зөв явуулах хэрэгтэй. Би тэдний үйл ажил­лагааг сайн ойлгож байна. Монголын аж ахуйн нэгжийг бүгдийг нь цэгцэлж, хэчнээн компаниас хэн, хэнд нь хувьцаа олгох юм гэдгийг тодорхойлж байгаа. Энэ бол их нүсэр ажил. Мөн Монголын бүх иргэнд давхардуулахгүйгээр хувьцаа олгох ажлыг зохион байгуулж байна. Засгийн газрын хамгийн сүүлд хувьцааныхаа зураг, нэгж, загварыг танилцуулсан. Энэ ажил явахгүй биш явж байгаа. Гэхдээ намрын чуулганд Хө­рөнгө оруулалтын гэрээний төслөө оруулж ирэх ёстой байсан. Гэтэл ам­жаагүй. Саяхан л тендер зарлан хөрөнгө оруулалтын 10 гаруй банк, олборлолт явуулах компаниудын хэмжээний жагсаалтыг гаргачихсан бай­гаа юм. Энэ ажлыг түргэтгэж, ирэх хавар Хөрөнгө оруулалтын гэ­рээ­ний төслийг оруулж ирэх шаардлагатай. 

-Дотоодын компаниуд Таван­толгойгоос 10 хувийн хувьцаа эзэм­шинэ. Чухам ямар компани эзэмших шалгуурыг та хэллээ. Харин дотоодын компани гэлтгүй лобби орчих вий гэсэн хардлага байна л даа?

-Гутал зардаг жижиг компани эхлэлтийнх нь хувьцааг худалдаж авах мөнгөгүй байж болно. Тэгвэл том компаниудад нь илүү өндөр үнээр өгөх хэрэгтэй. Түүнээс нь өөрс­дөө ашгаа авч үлдэх хэрэгтэй. Жишээ нь 30 мянган доллараар хувь­цааг нь худалдаж авах гэж байгаа бол томоохон компаниудад 50 мян­ган доллараар зарах нь зүйтэй юм. Жижиг компанийнханд зөв­лөхөд, компаниа зарахгүйгээр өөрс­дөө чадан ядан худалдаж авах хэрэгтэй. Ямар нэгэн лобби орох ёсгүй гэж бодож байна. Харин жижиг компаниудыг цөөхөн хэдэн төг­рөгөөр худалдаж авч байна гэж сонссон. Хэрэв энэ үнэн бол хоёр сая, таван сая төгрөгт компаниа зарах хэрэггүй гэж хэлмээр байна. Ингэж компаниа зарвал маргааш нь амаа барих вий. MCS, эсвэл гутал зардаг жижиг компани хоёулаа л адил­хан аж ахуйн нэгжүүд. Нэгийнх нь хөрөнгийн эргэлт өндөр байж болно. Хуулийнхаа хувьд адилхан л байх ёстой. Хувьцааг ч адилхан олго­но. Засгийн газар энэ талаар алдаатай ажиллах юм бол хариуцлагын асуу­дал ярина. 

-Иргэдийн хувьд хувьцааны та­лаарх мэдлэг дутмаг байна. Хувь­цаа эзэмших иргэдийн данс дав­хард­сан гэж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг хүмүүст хэрхэн ойлгомж­той­гоор зохион байгуулах хэрэгтэй вэ?

-Бүх хүнд зааварчилгаа, зөвлөгөө өгөх ёстой юм. Ийм, ийм материал бүр­дүүлнэ, иргэн бүр данстай бол, түүгээр нь дамжуулж хувьцаагаа олго­но зэрэг зааварчилгааг ажлын хэс­гийнхэн тайлбарлаж өгнө гэж бодож байна. Хамгийн гол нь хүмүүст зөв ойлголт хэрэгтэй. “Хүний хөгжил сан”-гаас мөнгө өгөхийн тулд иргэ­дийн бичиг баримтыг цэгцэлж чад­сан. Хэдий хүмүүст бухимдалтай байсан ч цэгцэлж чадсан нь чухал юм. Хөрөнгө оруулалтыг татахын тулд эхлээд хөлд нь сууж, хэлсэн бүг­дийг нь зөвшөөрч байгаад дараа нь өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. 

-Иргэн бүрт 550 ширхэг хувь­цаа олгоно гэж байгаа. Харин хувь­цааны ханшийг хэрхэн тооцох юм бэ?

-Ханш эхлээд доогуур байна. Цаа­шдаа үйл ажиллагаа нь сайжраад ирэхээр хувьцааны үнэ өсөх юм. Тэр болгонд ногдол ашиг нэмэгдэнэ. Өчигдөр байсан үнээс нэмэгдээд явна. Үүнийхээ дагуу л ногдол ашиг өсч иргэд ашгаа хүртэх юм. Харин хувьцааны ханш уначихвал иргэд ашиг хүртэхгүй гэж ойлгох хэрэгтэй. Тавантолгойгоос ашиг хүр­тэх хугацаа ойрхон байна. 

-Иргэдийн хувьд хэзээнээс ашгаа хүртэх вэ?

-Хүмүүс хувьцаагаа хавраас авч эхэл­нэ. Харин ногдол ашгаа 2013 оноос хүртэж эхэлнэ гэж бодож байна.  

-“Эрдэнэс Тавантолгой” компа­ни гүйцэтгэх захирлаа томилоогүй байна. Гүйцэтгэх захирлаар ажил­луулах хүний хүссэн цалинг өгч чадахгүй байгаагаа захирлын асуу­­дал гацаанд орлоо гэж ярьж, бичиж байна?

-Чадалтай хүн авчрах гэж байгаа бол хүссэн цалинг нь өгөх хэрэгтэй. Дэл­хийд дээгүүрт орох томоохон компани учир чадвартай боловсон хүчин ажиллуулах ёстой. Бас ашиг сонирхлын зөрчилгүй хүн байх нь зөв. Харин хэдэн жилийн дараа мон­­гол хүн захирлаар нь очино шүү дээ. Ийм чадвартай болно. Га­даа­дын чадварлаг мэргэжилтэн манайхан шиг хулгай хийх гэж “Эрдэнэс Та­вантолгой”-н захирлаар очихгүй. Түүний сонирхол нь цалиндаа л байгаа. 

-МАХН өнөөдөр /өчигдөр/ Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдлөө өглөө. МАХН хэмээх нэрийг авснаар танай намд хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?

-Монгол ардын хувьсгалт нам хэмээх задралаар нь авч чадахгүй болов уу гэж бодож байгаа. Хуулиар хаачихсан шүү дээ. Манай нам их хурлаараа шийдэж, хуучин нэрээ сэргээн Ардын нам нэртэй болсон. Хэрвээ тэд Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг авах юм бол Монгол Улсад шүүх засаглал хууль хэрэгжүүлдэггүй юм байна гэдэг нь харагдана. Өөр зүйл байхгүй. МАХН гэдэг нэрийг авчихвал ирэх сонгуулиар манай намын саналыг хувааж таарна. Энэ бол байж болохгүй асуудал. 

-Нөгөө талаар Улсын дээд шүүхэд МАХН буюу Монгол Ардын хувьсгалт нам хэмээх задаргаа бүхий нэр бүртгүүлээгүй байгаа. Тиймээс МАХН гэдэг нэрийг авах хэд, хэдэн үндэслэл ч бий хэмээн мэдэгдсэн шүү дээ?

-Өмнө нь бүртгүүлээгүй гэхэд нэр авдаг байсан юм билээ. Шинээр нам бий болбол өмнөх намын нэр болон өмч хөрөнгийг нь ашиглаж болохгүй гэсэн заалт Улс төрийн намын тухай хуульд байдаг. Ардын намын өмч хөрөнгө болчихсон зүйлийг МАХН эзэмшиж болохгүй. Монголын хүн амын 65-70 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тиймээс эдгээр залуусыг манай нам өөртөө татах хэрэгтэй. Залуусаа дэмжсэн үйл ажиллагаа явуулахын тулд ядаж “хувьсгалт” гэдэг нэрнээсээ салах ёстой юм. Энэ нэрнээс коммунист намын үнэр л үнэртээд байдаг. Хувьсгалт нам гэдэг нэртэй нам дэлхийд гурав л байна. Нэг нь манайх, мөн Ардчилсан Солонгос, Лаосын Хувьсгалт нам л бий. Бид үүнээс л татгалзая гэсэн юм. Иракийн Хувьсгалт нам өөрийнхөө нэрийг авч хаяаад Ардчилсан социалист нам болж байна. Дайнаасаа дөнгөж өндийж байгаа улс орон намынхаа нэрэнд анхаарч байхад бид яагаад болохгүй гэж. Би энэ утгаар нь бодож, ойлгож байгаа. 

-Намын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр өнөөдөр МАХН нэрийг авахаар хичээж бас зүтгэж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Манай намын үе, үеийн дарга нар нэрээ солих гэж оролдож байсан. Тэр үед нь ахмадуудын маань санаа, сэтгэлд нийцэх болов уу яах бол гэж бодож явсаар ирсэн. Харин өнөөдөр нөхцөл нь бүрдсэн юм. Манай намын зүгээс МАХН-д үлдлээ гэж хэлээд явж байгаа нөхдүүдтэй учраа ойлголцох хэрэгтэй. Учир нь намын гишүүн шүү дээ. МАХН гэдэг нэрийг өөр задаргаагаар авч болохыг үгүйсгэхгүй. Бид чинь өөрсдөө МАХН-ын нэрээр л 2008 онд сонгуульд гарч ирсэн. Тиймээс үргэлжлэл нь одоо явж л байна. Ер нь нэр солих бол асуудал биш шүү дээ. 

-Ардын намын гишүүдийг тойрогтоо бус нийслэлд жижүүрлэх маягаар ажиллах үүрэг өгсөн гэсэн. Энэ нь МАХН-тай холбоотой гэж яриад байна л даа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ийм зүйл байхгүй. Хэтэрхий их тоохоор бүгд босч ирээд байх шиг байна. Тэдний үйл ажиллагааг тоогоод байх зүйл байхгүй. Бүгд хуулийн дагуу л явна. Манай намын гишүүд тойрог руугаа явж, ажиллаж байгаа. Намын Удирдах зөвлөл, бүлгээс бидэнд чиглэл өгсөн зүйлгүй. Миний хувьд тойрог руугаа явахаасаа өмнө төлөвлөх, хийх ажил байна. Харин хэсэг нөхөд МАХН гэдэг нэрийг авчих вий гэж айж, эмээн өрөөндөө чагнаад суугаагүй.  

Тавантолгойн хувьцааг олон улсад “хэн” зуучлах вэ?


Тавантолгойн хувьцааг олон улсад “хэн” зуучлах вэ?
Тавантолгойн ордод хувьцаа гаргаж, олон улсын зах зээл дээр санал болгох ажил удахгүй эхлэх гэж байгаа. Олон улсын зах зээл дээр анхдагч хувьцаагаа санал болгох буюу IPO хийснээс Тавантолгой төсөлд хөрөнгө оруулалтыг татаж, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх учиртай. 

Засгийн газраас Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулж, нийт хувьцааных нь 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр, 10 хувийг иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдахаар болсон. Тэгвэл олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргах, хөрөнгө оруулалт татахад гадаадын нэр хүндтэй зуучлагч банк гол хөшүүрэг нь болдог. 

Олон улсын зах зээл дээр хувьцаа гаргаж, хөрөнгө татсан тэргүүн туршлагыг бид "Энержи ресурс"-аас харсан. Тус компанийнхан Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO буюу анхдагч хувьцаагаа санал болгож, амжилттай арилжаалж чадсанаар хэдхэн хоногийн дотор 650 сая ам.доллар босгосон. Харин "Энержи ресурс"-ыг хувьцаагаа гаргахад нь олон улсад нэр хүндтэй "JP morgan" групп зуучилжээ. 

Зуучлагч байгууллага нэр хүндтэй, найдвартай байсан учир "Энержи ресурс"-ын хувьцаа өндөр үнээр богино хугацаанд борлогдсон хэрэг. Тэгвэл Тавантолгойн ордод IPO хийхэд хэн зуучлах вэ. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс IPO зуучлагч банкийг шалгаруулах тендерийг олон улсад нээлттэй зарласан. Тавантолгойн хувьцааг олон улсад гаргахад дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын банкууд саналаа ирүүлжээ. 

Нийт 16 хөрөнгө оруулалтын банк буюу IPO зуучлагч байгууллага тендерт материалаа өгсөн байгаа. Үүнээс Засгийн газрын шаардлагыг хангасан 3-4 банкийг сонгох юм байна. Тендерт оролцсон Хөрөнгө оруулалтын банкуудын төлөөлөгчидтэй "ЭрдэнэсТавантолгой" компанийнхан ганцаарчилсан уулзалт хийж дууссан. Тэд санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулснаар IPO зөвлөх банк тодрох юм.

"Эрдэнэс Тавантолгой"-д IPO хийхэд 16 хөрөнгө оруулалтын банк саналаа ирүүлснийг дээр дурьдсан. Тэдгээрийн дунд олон улсад нэр хүндтэй "Goldman Sachs", "JP morgan", "Bank of America lyrch", "ING", "Morgan Stanley", "BarclaysCapital" зэрэг хөрөнгө оруулалтын банкууд өрсөлдөж байна. Үндсэндээ тендерт оролцогчид хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийд эхний 20-д багтах нэр хүнд бүхий томоохон банкууд байгаа юм. 

Тухайлбал, UBS буюу Швейцарийн банкны нэгдэл нь 2006 оноос хойш дэлхийн хэмжээнд хийсэн IPO үзүүлэлтээрээ салбартаа жил дараалан тэргүүлсэн гэх эерэг мэдээ байна. Цаашлаад Morgan Stanley, Goldman Sachs, JP Morgan, Bank of America Merrill Lynch, Gredit Suisse, Deutsche bank, CITI, China China international болон Nomura зэрэг компани IРО чиглэлээр шилдэгт тооцогддог аж. 

Өрсөлдөгчид бүгдээр энэ салбарт шилдэгт тооцогдож буй. Шилдгүүд дотроос шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах үүрэг Засгийн газарт оногдож байна. Хувьцааг олон улсад зуучлах компанийн нэр энэ зунаас өмнө тодорно хэмээн албаны эх сурвалжууд хэлж байна.

Засгийн газрын зүгээс 1-1.5 жилд багтаан Тавантолгойн IPO гарах ёстой гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Олон улсын жишгээр IPO хийхэд 2-2.5 жил шаардагддаг аж. Үүнийг хэтэрхий урт хугацаа хэмээн Засгийн газар үзэж байна. 

Тавантолгойд IPO зуучлагч банкаар ажиллах сонирхолтой хөрөнгө оруулалтын банкууд дээрх шаардлагыг биелүүлж чадна хэмээн итгэлтэйгээр хэлж байгаа гэсэн. Хэрвээ Хөрөнгө оруулалтын банкууд хэлсэндээ хүрч, Засгийн газрын шаардлагыг биелүүлбэл, Тавантолгойн хувьцаа хамгийн ихдээ 1.5 жилийн дараа олон улсын хөрөнгийн бирж дээр худалдаалагдаж эхлэх нь. Тэр үед Тавантолгойн ордын үнэлгээ, хувьцааны ханш эрс өсч, хөрөнгө оруулалт улам найдвартай болно. 

Түүнчлэн Монголын ард түмэнд Тавантолгойгоос ирэх хувь, хишгийн хэмжээ нэмэгдэх учиртай билээ. Гэхдээ эхний ээлжинд Тавантолгойн ордын хувьцааг олон улсад зуучлах үүргийг "хэн" хүлээх вэ гэдэг асуултад хариулах ёстой. Энэ асуултын хариу удахгүй тодорч, Тавантолгойн IPO аль болох богино хугацаанд амжилттай олон улсын зах зээл дээр гарна гэж найдъя.

Д.Ачит-Эрдэнэ: Хэт яарах нь Тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж мэднэ


Д.Ачит-Эрдэнэ: Хэт яарах нь Тавантолгойн хувьцааг үнэгүйдүүлж мэднэ
MICC хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнийг "Ярилцах танхим "-даа урилаа.

-Уул уурхайн салбарт өрнөж байгаа цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье гэж бодож байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн IPO-г хариуцах зорилготой дэлхийн нэр хүндтэй банкууд Засгийн газарт саналаа илэрхийллээ. Үүнтэй холбоотойгоор манайхны дунд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг яарч гаргах нь үнэгүйдүүлэж аюултай гэх санал ч гарах болж. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг гаргах гэж нэг их яарах хэрэггүй болов уу. Анхнаасаа менежментийн багийг сайн бүрдүүлж, ордыг ашиглалтад оруулсныхаа дараа хувьцаа гаргавал "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа илүү үнэд хүрч чадна. Наад зах нь, "ММС" буюу "Энержи ресурс" компанийн хувьцаа яагаад үнэд хүрч чадсан бэ гэхээр, сайн оператор компани сонгож, нөөцөө олон улсын стандартын дагуу батлуулсан. Мөн "гадны том" хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигчээр нь бүртгүүлж, үйл ажиллагаа нь жигдэрсэнд байгаа. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д их хэмжээний нөөц л байгаа. Харин менежментийн баг, операторын баг нь тодорхойгүй. Олборлолтоо ч эхлээгүй. Нэг ёсондоо хувьцаа гаргахад бэлэн болоогүй байна. Тиймээс зөвхөн нөөцөн дээр үндэслээд хувьцаа гаргах нь хувьцааны үнэлгээнд сөрөг нөлөөтэй. Харин үйл ажиллагаагаа жигдрүүлсний дараа хувьцаа гаргавал одоо гаргах хувьцаанаас хэд дахин өндрөөр үнэлж, тэр хэрээр илүү ашиг өгч болох юм.

-Операторын эрхийн төлөө Герман болон Австралийн хоёр компани өрсөлдөж байгаа. Тэгвэл IРО хийх гэж буй ордод операторын үүрэг гүйцэтгэх компанийг сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Оператор компани IPO хийхэд маш чухал нөлөөтэй. Дэлхийд данстай, нэр хүнд бүхий компанийг оператороор сонгосон тохиолдолд хөрөнгө оруулагчдад олборлох эрсдэл байхгүй юм байна гэсэн итгэл төрүүлж, эргэлзээгүй болгодог. Монголчууд энэ тал дээр туршлагагүй. Олон улсын хөрөнгийн биржид IPO хийсэн компаниудыг харахад ихэвчлэн алдартай компаниудыг оператораар сонгосон байдаг. Тиймээс хамгийн нэр хүндтэй, туршлагатай компанийг нь л сонгох хэрэгтэй болов уу.

-"Эрдэнэс Тавантолгой"-н орд дэлхийд томоохонд тооцогдох учир хөрөнгө оруулалтын нэг банк дангаар хариуцах боломжгүй гэсэн дүгнэлт бий. Энэ талаарх таны бодол?
-Том IPO хийхэд гурав, дөрвөн банк сонгох тохиолдол бий. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийж, хоёр тэрбум доллар босгосон нэгэн компани долоон хөрөнгө оруулалтын банкийг хамтад нь сонгосон байх жишээтэй. Гэхдээ олон банк сонгох тусам банкуудад менежмент хийхэд, удирдахад хэцүү байдаг сургамж байдаг. Тэгэхээр хамгийн тохиромжтой тоо бол 2-3 банк сонгох л юм.

-Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд хуваарилахаар болсон. Энэ амьдрал дээр бодитоор хэрэгжих боломжтой юу?
-Энэ тогтоолоор бол хувьцааг эзэмшиж байсан хүн нас барсан тохиолдолд өвлүүлэхгүй гэсэн байгаа. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид нас барахад хувьцааны тоо багасна гэсэн үг. Мөн шинээр төрсөн хүүхдэд хувьцаа олголоо гэхэд хувьцааны хэмжээ нэмэгдэнэ. Ингэхээр нөгөө байх ёстой 10 хувь чинь хэлбэлзэж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр 10 хувиасаа илүү гарах, дутах асуудал үүснэ биз дээ. Хуулиар хувьцаат компанийн хувьд дээрх шиг асуудал гарах ёсгүй гэж заасан байдаг. Хувьцаат компанийн хувь эзэмшигчдийн хувийн хэмжээг тодорхой заасан байх ёстой. Тэгэхээр хамгийн зөв арга бол "Хүний хөгжлийн сан"-д тэр 10 хувьтай тэнцэх эрхийг өгч, зөвхөн түүнийхээ ногдол ашгийг нь иргэддээ хувааж олгох нь зөв хувилбар юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл энэхүү хувьцааг шилжүүлж, өвлүүлж, зарж болохгүй гээд байгаа шүү дээ.

-Мөн нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилна гэж байгаа?

-Гол нь 2010 оны зургадугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Монгол Улсад татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд хувьцааг тэгш хуваарилна гэсэн байсан. Тэгээд манайд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуй нэгжээс 30 орчим мянга нь дээрх болзлыг хангах байх гэсэн тооцоо хийсэн байсан. Тэгэхээр 30 мянган компани маш их баялгийг маш хямд үнээр авах боломжтой гэсэн үг. Олон компанитай хүн л үүнээс хожих байх. Их татвар төлдөг том компаниуд болон жижиг компаниуд ижил тэгш эрхтэй байна гэдэгт том компаниудын эзэд тийм ч дуртай биш байгаа. Уг нь нөгөө 10 хувийг нь тэртэй тэргүй үнэгүй авчихсан юм чинь энэ 10 хувиа бүх хүмүүст хямд үнээр худалдаж авах боломж олгох хэрэгтэйгээр зохицуулсан бол компаниуд нь ахиухан хувьцаа авах л байсан байлгүй. Яг манайхтай төстэй байдалд байсан Ганийн Засгийн газар "Ашанти" гэдэг том ордыг хувьчлахдаа Ганийн иргэдэд 20 хувийг нь хямдралтай үнээр хувьчлан авах боломж олгосон жишиг бий. Харин үүнийхээ дараа Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж байсан юм билээ. Гэхдээ энэ бол шинэ зүйл биш л дээ.

-Нийт хувьцааны 30 хувиар хөрөнгө оруулалт босгоно гэж байгаа нь боломжтой хувилбар уу?

-Мэдээж энэ бол "Эрдэнэс Таван-толгой" ХК-д хөрөнгө оруулалт босгоход хангалттай хэмжээ гэж бодож байна. Хувьцааны 30 хувиар үйл ажиллагаагаа явуулахад хүрэлцэх хэмжээний хөрөнгө босгож чадна.

-"Эрдэнэс Тавантолгой"-гоос хальж алтны acуудал руу анхаарлаа хандуулъя. Энэ оноос эхлэн  гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тэглэгдсэн. Гэсэн ч урт нэртэй хууль гэгчээс болж алтны салбарынхан эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Ер нь алтны салбарт сэргэх боломж хэр харагдаж байна вэ?
-Монголд алтны шороон орд их ашиглаж байсан. Олон улсын туршлагаас харахад шороон ордыг ашигладаггүй. Энэ нь байгаль орчинд хортой гэж үздэг юм билээ. Тиймээс хөрөнгө оруулалт их шаарддаг ч алтны үндсэн ордыг л ашигладаг. Үндсэн ордын хайгуулын ажилд ихээхэн зардал шаарддаг учир манай улсын хувьд алтны үндсэн орд нэг их илрээгүй байгаа. Одоогоор Бороогийн алтны болон Гачууртын орд л илэрсэн байгаа юм уу даа. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой сүүлийн гурван жилд алт, зэсийн хайгуулын ажил үндсэндээ зогссон. Харин энэ хууль гарахаас өмнө жилд 100 сая ам.долларыг зөвхөн алт, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулдаг байсан тооцоо бий. Гэхдээ энэ оноос эхлэн алт, зэсийн төслүүдэд хайгуулын зориулалттай хөрөнгө оруулалт орж ирж байна. Магадгүй дахиад том орд нээгдэж. алтны эрин үе ирэх байх.

-Алт, зэсийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэх бодит жишээ байна уу?

-"Вояаж ресурс" гэдэг компани Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаад эрчимтэй хайгуул хийж байна. Манайхтай хамтарч ажилладаг "Ориго партнерс" компани, Английн хөрөнгө оруулалтын сантай хамтран алт, зэсийн төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Мөн урьд нь энэ чиглэлд  хайгуулын ажил хийж байсан "Эрдэнэ ресурс" гэдэг компани энэ жилээс алт, зэсийн хайгуулын ажлаа эхлүүлж, өрөмдлөг хийх тухайгаа зарласан. Харамсалтай нь манайд идэвхтэй хайгуул хийж байсан тав, зургаан компани Филлипин, Индонез руу эргэж ирэхээргүйгээр явсан.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын оронд өсөн нэмэгдэх роялтийн татварыг нэмсэнд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Энэ татвар бол гэнэтийн гэдэг нэрэндээ зохицсон манайхаас өөр хаана ч байхгүй татвар байсан. Өсөн нэмэгдэх роялтийн татвар бол хаа ч байдаг л татвар. Хамгийн гол нь уул уурхайн салбарынхантайгаа зөвшилцөж байж татвараа, хуулиа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Ер нь татвар тодорхой, тогтвортой байх ёстой. Ингэвэл хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг их хийнэ. Энэ нь ирээдүйд олох ашиг харж байдаг хөрөнгө оруулагчдад ч ашигтай, уул уурхайгаа түшиглэж мөнгө олох гэж байгаа манай улсад ч ашигтай. Түүнээс биш гэнэт л нэг татвар гаргаж ирээд байх юм бол уул уурхайн салбар хөгжихгүй. Тухайлбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татвараар дамжуулан "Эрдэнэт"-ээс л ашиг олсон болохоос цаашид үйл ажиллагаа нь эхэлж, төсөвт үр өгөөжөө өгөх байсан ордуудын хувь заяаг буруу тийш эргүүлсэн шүү дээ.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх хэрээр монголчууд ашиг хүртэх эрхтэй нь зүй ёсны хэрэг. Гэтэл бодит байдалд асуудал улам бүр хүндэрч байна?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголд ашиг авчраагүй биш авчирсан. Харин тэр ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр цацаж инфляци болгочихоод байна. Ашгийг нь тэгш хуваарилахад хэцүү байгаа болохоор ашиггүй мэт харагдаад байгаа юм. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт уул уурхайн салбарынханд илүү мэдрэгдэж байгаа. Гэхдээ энэ их ашигт зохицуулалт хийхээр Тогтворжуулалтын сан байгуулж байгааг зөв шийдвэр гэж бодож байгаа. Мөн бусад салбарыг түлхүү дэмжиж, халамжийг хавтгайруулахгүй, зөвхөн халамж хэрэгтэй байгаа хүмүүст нь л хүргэх хэрэгтэй. Тэгэхгүй бол инфляци ядуусын халаасыг тэмтэрч, баячуудын халаасыг дүүргэж байна шүү дээ.

-Дээрх асуудлаас үүдэлтэй "голланд өвчин" манайд тулгамдсан асуудал болж хувираад байгаа. Тиймээс Засгийн газраас бусад салбарыг дэмжих арга хэмжээ авч байгаа ч үр дунд хүрэхгүй байна. Манайд "голланд өвчнөөс" сэргийлэх боломж бий юү?
-Уул уурхайгаас бусад салбарыг дэмжихээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд дөнгөж эхлэл төдий байгаа болохоор үр дүнгээ хараахан өгөхгүй байж болох юм. 2007-2008 оны хооронд уул уурхайн салбараас олсон их хөрөнгийг "цацсан" нь үнэн. Харин одооны хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг чухал асуудал болоод байна. Мэдээж, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл бий болгоход зарцуулах хэрэгтэй. Үүний тулд ч зарим нэг ажлуудыг эхлүүлээд байна. Гэхдээ манайхыг "голланд өвчин"-д нэрвэгдсэн гэж хэлж болохгүй.

-Монгол Улс "Хан ресурс"-ын уран олборлох лицензийг цуцалснаар арбитрын шүүхэд дуудагдаад байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг гаргасан. Үүнд ураныг стратегийн чухал ач холбогдолтой гэдэг утгаар нь бусад ашигт малтмалаас тусад нь авч үзнэ гэсэн байдаг л даа. Хуулийн дагуу зөвхөн төрийн өмчийн оролцоотой компаниуд л ураны салбарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болчихсон байгаа юм. Тэгэхээр гадны компаниуд Монголын ураны салбарт нэг их халдаж чадахгүй байдалд хүрсэн. Тиймээс ОХУ, Францын төрийн өмчит компаниуд энэ салбарт хамтрахаар болсон. Харин "Хан ресурс"-ын хувьд тоогүй юм болсон л доо. Учир нь тухайн компанийг "Хөрөнгө оруул, оруул" гэж хөрөнгө оруулуулсан. Тухайн үед "Хан ресурс" компани нэг бүр нь таван ам.долларын үнэтэй хувьцаа гаргаж, маш их хөрөнгө босгож чадсан байдаг. Харин манайхыг Цөмийн энергийн тухай хууль гаргасны дараа лиценз нь цуцлагдахад хүрэхэд тухайн компанийн нэг ширхэг хувьцааны үнэ 25 цент болтлоо буурсан. Тиймээс алдагдлаа нөхөхийн тулд Монгол Улсаас 300 сая ам.доллар нэхэмжлэн арбитрын шүүхэд дуудсан. Гэхдээ Монгол Улс тусгаар тогтносон улс учир бие даасан хууль гаргаж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй.

-Монголын томоохон компаниудын дунд судалгаа хийсэн гэж байсан. Монголын хөрөнгийн биржид хийсэн судалгаагаар ямар дүгнэлт гарч байна?
-Монголын хөрөнгийн бирж бол дэлхийн хамгийн жижиг биржуүдийн нэг. Гэхдээ сүүлийн үед хувьцаанууд нь өсөлттэй гарч байгаа. Ер нь бол компаниудын хувьцаа төвлөрчихсөн, өдрийн арилжаа нь бага гэсэн үзүүлэлттэй гарсан байгаа. Мөн есдүгээр сараас дөрөвдүгээр cap хүртэл бүртгэлтэй хувьцаанууд нь бууралттай гардаг цикл ажиглагдсаныг судалгаагаар тогтоосон. Энэ нь дөрөвдүгээр сараас бүх ажил эхэлдэгтэй холбоотой болов уу. Хүмүүс ажил эхлэх үед мөнгөө татаж, хэрэглээд, зогссон үед нь хувьцаа худалдаж авах замаар өсгөдөг тогтлын л дагуу.

-Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн менежментийг хариуцахаар болсон. Харилцан ашигтай хамтран ажиллахын тулд юуг анхаарах ёстой вэ?
-Хөрөнгийн бирж хууль дүрмээ л өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал хэдэн жилийн өмнө "Айвенхо майнз" компанийн хувьцааг Канад, Монголын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргахаар ажилласан боловч хууль, эрх зүйн зөрчилдөөнөөс болж чадаагүй. Тиймээс энэ тал дээр хам-гийн түрүүнд зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэж чадвал Монголын хөрөнгийн бирж хөгжиж чадна.

-Хамгийн сүүлчийн асуулт маань дахиад л "Эрдэнэс Таван-толгой"-той холбоотой болчихлоо. "Эрдэнэс МГЛ" компанийнхан "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг хэрхэн олгох тал дээр танайхаас зөвлөгөө авсан гэж сонссон. Тэдэнд дээрх зөвлөгөөг өгсөн үү?
-Энэ бол манай харилцагч компанийн нууц учир мэдээлэх боломжгүй.