Нарийвчилсан тоогоор Монгол Улс хоёр сая 796 мянган иргэнтэй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувь нь 1.5 тэрбум ширхэг хувьцааг эзэмшинэ. Үүнийг нийт хүнд хуваахаар нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож буй.
Гэвч өнөөдрийг хүртэл нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ тодорхойгүй хэвээр байна. Нэг хэсэг олны анхаарлын төвд байсан "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа чухамдаа хэзээнээс хэрхэн тараагдах нь иргэдэд хүлээлт үүсгэсэн хэвээр байгаа юм. Тавантолгойн орд "Ухаа худаг, Цанхийн зүүн, баруун, Зүүн, Бортолгой гэсэн таван хэсгээс бүрддэг. Зүүн болон Бортолгойн хэсэгт нэмэлт хайгуул, судалгааны ажил хийх зайлшгүй шаардлагатай хэмээн ярьдаг.
Харин Ухаа худгийн хэсэгт "Энержи ресурс" ХХК үйл ажиллагаа явуулдаг. "Энержи ресурс"-ын эзэмшиж буй талбайд Тавантолгойн нийт нүүрсний нөөцийн дөрвөн хувь нь байдаг гэх боловч коксжих нүүрсний нь 20 хувь байгаа хэмээдэг. Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт орон нутгийн "Тавантолгой" ХХК хоёр талбайд лиценз эзэмшдэг бол БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Дайцеку" ХХК нэг лиценз эзэмшдэг ажээ.
Тодруулбал, Тавантолгойд дөрвөн компани үйл ажиллагаа явуулдгийн гурав нь хувийн компани юм байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүд Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэхээр болсон "Эрдэнэс Тавантолгой"-н 536 ширхэг хувьцаатай холбогдуулан жижиг Тавантолгойн орд, "Энержи ресурс", "Дайцеку" компаниудын эзэмшиж байгаа талбайгаас иргэд хувьцаа эзэмших ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Тэд "Эдгээр компаниудын эзэмшиж байгаа талбай нь үндсэндээ том Тавантолгойн нэг хэсэг. Нөөцийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, баталгаажуулсан учраас Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших ёстой. Түүнийг хэдхэн хүн хувааж "идэх" ёсгүй хэмээн үзэж байгаагаа дуулгасан.
Харин энэ асуудлын тухайд Төрийн өмчийн хорооноос судалгааг нь Засгийн газар болон Төрийн өмчийн хорооны түвшинд огт хийгээгүй. Судалж үзэж байж шийдэх асуудал гэсэн тайлбарыг өгч байсан. Уг нь Үндсэн хуулинд газрын доорх баялаг бүх ард түмний өмч хэмээн заасан байдаг. Гэвч хэрэг дээрээ газрын доорхи баялгаасаа Монголын жирийн иргэд хувь хүртэж байгаа нь юу билээ.
"Эрдэнэс Тавантолгой"-н 536 ширхэг хувьцааны сураг ажгаас өөр өгөөж хишиг гэдгээс өөр зүйл алга. Энэ хооронд эх орны баялаг гарын салаагаар урсч гадагш зөөгдсөөр л байгаа. Лавтайгаас Монгол нутгийн алт гадаад дотоодын хэдхэн компани, хэдхэн хүний хэтэвчийг зузаалаад дундрах тийшээ хандаж байгаа. Алт хөтөлбөрөөс Монгол Улс, монголчууд юу олсон, юу хожсон нь тодорхой биш. Хэдийгээр ниргэсэн хойно нь хашгирсан ч стратегийн ач холбогдол бүхий ордуудаасаа ард түмэн хувь хүртэх эхлэл тавигдаж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ хувь хишиг иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй хэвээр. Амсуулах төдий ногдол ашиг, авч болохгүй хаяж болохгүй хэдэн цоохор цаастай үлдэх юм биш биз гэсэн болгоомжлол иргэдийн сэтгэхүйд хургасаар байна.
Монголчуудын хамгийн найдвар тавьж байгаа Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг буюу олны ойлгож байгаагаар коксжих нүүрсний гол цөм хэсэг нь "Энержи ресурс" компанийн эзэмшилд байгаа юм. Энэ орд бүхэлдээ социализмын үед улсын төсөв хөрөнгөөр хайгуул судалгааны ажил хийгдсэн болохоор бэлээхэн задлахад бэлэн "гүзээтэй тос" байсан. Тэгэхээр энэ бол монголчуудын дундын үүц байх учиртай. Гэтэл энэ үүцний нэгээхэн хэсэг, гүзээний булангаа нэг хэсэг хүнд өгчихсөн хэрэг. Тэр нь Ухаа худаг. Ийм бэлээхэн шар тос хүртсэн "Энержи ресурс" ард түмэндээ бас хувь хишиг хүртээх санаачилга, асуудлаа уг нь өөрсдөө бодож олсон бол ядахнаа компанийн нийгмийн хариуцлага талаасаа ч гэсэн оноо авах боломж байсан билээ. Гэвч тэгсэнгүй.
Энэ асуудлыг нь Их Хурлын зарим гишүүд сөхөж тавьсан нь сайшаалтай. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй гэгч болсон байхыг үгүйсгэхгүй. Эрхэм гишүүдийн гаргасан дээрх саналыг "Энержи ресурс"-ийнхан бодож болгоох байх гэсэн итгэл хүн бүрт төрөх нь лавтай. Тус компанийхан саяхан канадуудын эзэмшилд байсан Баруун Нарангийн нүүрсний уурхайг худалдаж авчээ. Үүнийг үнэхээр сайн хэрэг гэхээс өөрөөр юу гэх билээ. Эх орны нэг ч гэсэн баялаг монголчуудад буцаж ирлээ. Баруун Наран бол угтаа бас л Тавантолгойн үргэлжлэл, Ухаа худгаас ердөө 30 км зайтай гэсэн. Ард түмэн илүү юм харахгүй, зөвхөн Ухаа худгаас л хувь хишиг харах байх.
Энд дурдагдаж байгаа нь "Энержи ресурс" болохоос уул уурхайн өөр олон компани бий. Тэд өөрсдийн хайгуул судалгаагаар олсон орд газраа ашигласан байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэд Үндсэн хуулиар бүх ард түмний өмч хэмээн хуульчилсан тэр баялгийг ашиглаж байгаа гэдгээ мартаагүй байх. Харин хэрхэн ямар арга хэлбэрээр ард түмэндээ хувь хүртээх вэ гэдгээ хэзээ ч бодож болгоож үзэлгүй халаасаа түнтийлгээд дайжсан. Бүр нөхөн сэргээлтдээ хүртэл гap татдаг.
Үнэхээр энэ мэтчилэн Үндсэн хуулиндаа газар доорх баялаг бүх ард түмнийх хэмээн заасан байж нэг хэсэг хүн түүнийг ашиглаж байгаа нь шударга бус явдал. Ядахнаа Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлж байгаа дээрх хувь хувьсгалын компаниудаас монголчууд ашиг хүртэж, хувь эзэмших эрхтэй.
Газрын доорх баялаг эргэн ирэхгүй, ургаж төлжихгүй. Тийм болохоор гарын салаагаар урсгаад, баруун солгойгүй цацаад байх баялаг биш. Нүүрс, алт, зэс, молибден, мөнгөний нөөцтэй ордууд Монголд олон байна. Байгалийн баялгийг ашиглаж байгаа бүх компаниас иргэд хувь хүртэж, түүнийгээ үр ашигтай зарцуулж чадвал улс орны эдийн засаг сэргэж, түүнийг дагаж хүмүүсийн амьдрал ч дээшилнэ.
Стратегийн орд газрыг ашиглахаас өмнө эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулахаа хуульчилчихвал амар юм биш үү. Ингэвэл иргэд тухайн ордын хэдэн хувийг эзэмших нь ил болно.
No comments:
Post a Comment