2011/06/21

Таван зуун саяын зээл, Тавантолгой, шатахуун

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 12-ноос БНХАУ-д айлчлах гэж байна. Мөнхийн хоёр хөршийндөө төр, засгийн тэргүүний өндөр дээд хэмжээний айлчлалыг ойрхон давтамжтай хийдэг болсны нэг нь энэ юм. Айлчлалтай холбогдуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун өчигдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзжээ. Айлчлах үеийн нарийн ширийн асуудал хөндсөн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. 

Ямар боловч энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалаар өнгөрсөн жил  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үед яригдсан  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх нь тодорхой боллоо. Уг асуудлыг өчигдөр орой УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “бусад асуудал” гэсэн хэсэгт багтаан хэлэлцсэн юм. Гишүүд уг асуудал гэнэт орж ирсэн гэж байснаас харвал айлчлалын төлөвлөгөөний чухал нэг хэсэг энэ бололтой. Уг хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 1-нд ноён Вень Зябаогийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар харилцан тохиролцсон юм. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал­даанаар хэлэлцсэнэс үзвэл. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн га­зарт олгох 500 сая ам.долларын хөн­гө­лөлттэй зээлийн 200 саяыг хөдөө аж ахуйд, 300 саяыг дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж төслийг санхүүжүүлэхээр болжээ. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй, жилийн хоёр хувийн хүүтэй, хүүг өдөр бүрээр тооцно гэдгийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулж байв. 

Харин өнөөдөр уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хэлэлцүүлгээс харвал дэд бүтцийн салбарт зарцуулах хэсгээс заримыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах зорилгоор ашиглах ажээ. Хөрөнгийг төмөр замын гарам дээгүүр тавих гүүрэн гарц барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Гүүрэн гарц барихгүйгээр нийслэлийн авто замын түгжрэлийг багасгаж чадахгүй хэмээн үзжээ. Хөдөө аж ахуйн салбарт зарцуулах 200 сая ам.долларыг Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар болжээ. Ингээд байнгын хороод БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн га­зарт олгох 500 сая ам.долларын хөн­гө­лөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банкны хооронд бай­гуулах ерөнхий хэлэлцээрийн төс­лийг зарчмын хувьд дэмжив. Энэ удаад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын амласан энэ хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах нь чухал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа аж. 

БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн 2003 онд амласан 300 сая ам,долларын хөнгөлөлттэй зээлийг одоо болтол аваагүй байгаа шиг байдлыг давтахгүйг энэ удаа хичээж буй аж. Урт настай 300 сая ам.долларыг баруун бүсийн авто зам, орон сууцны хороолол барих, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээ шинэчлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр уг асуудлыг УИХ нэгэнтээ сөхөж хэлэлцсэн ч дахиад л чимээгүй болсон. Хэрэгжүүлэх чиглэл ч хэдэнтээ өөрчлөгдсөн. 

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар мэдээж Тавантолгойн ордын ашиглалтын асуудал сөхөгдөнө. Хоёр хөрш орны байнгын сонирхол үүн дээр огтлолцоод байгаа. Мэдээжээр Ерөнхий сайд хомсдолд ороод буй шатахууны сэдвээ хөндөж таарна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт саяхан урд хөршид айлчлаад ирсэн. Тэгэхдээ эхний ээлжинд 3000 тонн түлшний гэрээ хийсэн.  Ачигдаж байгаа талаар мэдээлэл өгөөд байгаа.  Дээр нь нэмж 7000 тоннын гэрээ хийхээр компаниудтай ярьсан байна. Цаашдаа сар тутам 10 мянган тонн шатахуун авахаар үндсэндээ тохирсон талаар сайд ярьж байв. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал дахин сөхөгдөх нь ойлгомжтой. Ийнхүү таван зуун сая ам.долларын зээл, Тавантолгой, шатахууны асуудлыг хөндсөн айлчлал удахгүй эхлэх гэж байна. Өөр бусад халуун с эдэв ч айлчлалаар хөндөгдөх нь гарцаагүй.

No comments:

Post a Comment