2011/06/25

Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шүү

Монгол Улсын хэрэгжүүлж буй Тавантолгой төсөл гараанаас гарах тун ойртсоор. Одоо зөвхөн хэлэлцээрийн ширээнд сууж буй ажлын хэсгийнхний “марш” гэсэн команд өгөх л дутуу байна. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор байгалийн баялгаа иргэдэд ижил тэгш хэмжээгээр хувь хүртээхээ  Засгийн газар аль эртнээс амалсан. Энэхүү амлалтын эхний шанг татаж,  энэ 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас 536 хувьцааг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дараа үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг адил тэгш тоогоор хувааж, нэрлэсэн үнээр нь зарахаар төлөвлөж байсан юм. Энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн үндсэн гол тулгуур зарчмуудтай зөрчилдсөн гэсэн шүүмж сонсч, Засгийн газар үүнийгээ эргэн харахад хүрчээ. Эргэн харахгүй бол иргэдийгээ ялгаварлан гадуурхсан хэрэгт унана. Үндсэн хууль зөрчинө гэдэг үнэн хэрэгтээ гэмт хэрэг үйлдэж байгаагаас ялгаа юун. 

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдахаар шийдвэрлэсэн нь ард түмнийг алаг үзсэн хуваарилалт байсан юм. 

Газрын хэвлий доорх байгалийн баялаг  бол  ард түмний өмч гээд тодоос тод Үндсэн хуулиандаа ч тусгачихсан хэрнээ өнөөдөр нэгийг нь сэтэртэй, нөгөөг нь сэтэргүй хэмээн ялгаварлах нь утгагүй юм. Ард түмний өмчийг ард түмэн адил тэгш эрхтэйгээр хүртээхгүй л юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, иргэдийг талцуулах хэрэг байна уу. Аж ахуйн нэгжийн дарга Дорж, аж ахуйн нэгжийн цэрэг Дорж хоёр адилхан Монгол Улсын иргэн. Монгол Улсын иргэн учраас Үндсэн хуульд заасан ижил тэгш эрхээ эдлэх ёстой. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг  аж ахуйн нэгжид олгох нь иргэддээ хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт гэж УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр, Я.Батсуурь, Х.Жекей, Д.Хаянхярваа нар үзсэн байна. Иймээс компанийн нийт хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах хувийг хүчингүй болгож, иргэдэд эзэмшүүлэх хувьцаан дээр нэмж олгох нь зүйтэй хэмээн УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Сайн байна, гишүүд ээ. Та нарын санаачлага тамга барьсан цөөнхөнд таалагдахгүй байж болно. Харин тамгагүй олонх иргэдэд олзуурхан хүлээн авч байна. 

  Тэр тамгатай цөөнх нь нэг бус нэжгээд компанийн эзэд байгаа. Ажлын байр бий болгож, ажилтан цалинжуулж, баялаг бүтээж, татвар төлж байгаа аж ахуйн нэгжээ дэмжих Засгийн газрын бодлого зөв. 

Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үндэсний компаниудад өвөртлүүлж, үүнийнгээ хөрөнгө оруулалтад тооцож болохгүй. Энэ чинь иргэдийг үндэс угсаа,баян хоосноор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн үйлдэл болно. Үндэсний компанийн эзэнд нэрлэсэн үнээр нь зарах нэг ширхэг хувьцааг ч ажилтнууд нь авахгүй, ажилтнууддаа өгөхгүй нь тодорхой.  Аж ахуйн нэгжийн эзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас адилхан 536 ширхэг хувьцааг үнэгүй авна тодорхой. Үнэгүй 536 ширхэг хувьцаан дээрээ үнэтэй гэгдэх /нэрлэсэн үнээр нь авах/ 30 мянган ширхэг хувьцааг өөрийн болгоно. Нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны нэг ширхэг  нь ч аж ахуйн нэгжийн ажилтан Доржид оногдохгүй. Асуудал үүнд байгаа юм. Мэдээж, алга дарамхан газар алт ухаж буй хоёр нөхрийн нэгд шанагадах боломж олгоод нөгөөд нь халбагадах зөвшөөрөл өгвөл ямар асуудал гарах нь тодорхой. 

Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэддээ эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй хуваарилах нь “эцэг” хүний үүрэг бус уу.  

Үндэсний компаниудаа дэмжиж, урамшуулья гэвэл өөр өчнөөн арга, боломж байгаа. Адаглаад л аж ахуйн нэгжүүдэээс авдаг татвартаа хөнгөлөлт үзүүлж, төрөөс гаргаж байгаа түмэн янзын бонддоо хамруулж болно шүү дээ. Аж ахуйн нэгжийн эзэнд ая тал засмаар байгаа бол аргаа өөрчлөх хэрэгтэй болох нь.  Тэгэхгүйгээр аж ахуйн даргад нь шанагаар уух боломжийг олгосон атлаа аж ахуйн нэгжийн ажилтанг халбагаар уу гэж  хавчиж болохгүй биз. 536+536 гэх энэ хувилбарт тамгатай, тамгагүй бүгд адилхан  хамрагдахаас хойш аж ахуйн нэгжүүд, ард түмнийг алалцуулсан шийдвэрээ больчихвол яасан юм УИХ-ынхаан.  Ард түмэндээ адилхан эрхийг нь олгохгүй бол ардах асуудал чинь хурцдаж магадгүй шүү. Ирэх жилийн сонгуулиар алагчилж үзсэний хариу болгож иргэд та нарт эвгүйхэн хандвал яана.

No comments:

Post a Comment