“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж УИХ-ын 39 дүгээр тогтоол бодитой хэрэгжихгүй байгаа тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тус компанийн үйл ажиллагаанд улстөрчдийн оролцоо хэтэрхий их байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл боломжийг хааж байна гэсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани хэдийгээр байгуулагдсан ч өөрийн гэсэн өмчгүй, өмчгүй учраас үнэлгээгүй компани болчихоод байгааг тэрбээр хэлсэн юм. Учир нь, тус компанийн олборлолт явуулах Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Монгол” компаниас шилжиж ирээгүй өдий хүрсэн гэнэ. Харин ч уг лицензийг гартаа авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэл нууц хуйвалдаан ч хийж байхыг үгүйсгээгүй юм.
Түүнчлэн УИХ-ын 39 дүгээр тогтоолын зарим заалтыг өөрчлөх тухай хэсэг бүлэг бизнесийнхэн ярьж байгааг дуулгасан юм. Тус тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийж, гадаад, дотоодын хөрөнгийн зах дээр 30 хувийг арилжаалж, 10 хувийг ард иргэдэд, 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдах заалтад өөрчлөлт оруулах тухай сэм яригдаж эхэлсэн гэнэ. Түүнчлэн “Эрдэнэс МГЛ” компанийн нэр дээрх Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжихгүй байгаа нь уг компанийн ажилд нэлээд чөдөр тушаа болж байгаа гэж Ж.Батзандан хэлж байв. Энэ үеэр түүнээс олон улсын хэмжээнд зарласан тендерүүдийн сонгон шалгаруулалтын явц ямар байгааг тодруулахад,
-“Эрдэнэс Тавантолгой”-н ажлыг эхлүүлэхгүй байна. Оператор болон Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахыг огт хүсэхгүй байна. Эдгээр сонгон шалгаруулалтад ТУЗ-ийн гишүүд байдаггүй болохоор асуудал аль төвшинд очиж гацчихаад байгааг мэдэхгүй нь. Би байнга л асуудаг, хариуд нь маргааш, энэ сард, ирэх сард гэсэн хариулт ирдэг.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз “Эрдэнэс МГЛ” компаниас шилжиж ирэхгүй байгаа нь уг ордыг ашиглах ажлыг удаашруулж буй гол шалтгаан гэнэ. Оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт үнэлгээний хороо шийд гаргахыг огт хүсэхгүй байгаа нь ажил явахгүй байх удаах шалтгаан болж байна гэсэн юм. УИХ-ын гишүүд иргэн бүрт сар бүр тарааж буй 21 000 төгрөгийн нийт зардал болох 333 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахыг үүрэгдсэн гэнэ. Тиймээс уг компани мөнгө зээлэх тухай ярих болж. Энэ нь тухайн компанийг өрөнд оруулж буй хэрэг бөгөөд хэрвээ өр тавьж энэ мөнгийг гаргаж өгвөл компани олон улсын хөрөнгийн захаас хөрөнгө босгох боломжгүйд хүрэх гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын гишүүдэд шаардах бичиг хүргүүлснээ танилцуулав. Шаардах бичигт, төслийг хэрэгжүүлэх багийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” компаниас салгах зэрэг асуудлыг хөндсөн байна. Энэхүү шаардлагыг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хүлээж авахгүй, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол ТУЗ-ийн хараат бус гишүүнээс татгалзаж тэмцлийн хэлбэрт шилжинэ гэв.
No comments:
Post a Comment