Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах компани, Баруун цанхийн хэсэг дэх стратегийн хөрөнгө оруулагчийг энэ сард шалгаруулж дуусна хэмээн "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэлэв.
Олборлолтын үйл ажиллагаа явуулах гадаадын компанитай 5-10 жилийн гэрээ байгуулах аж. Уг хугацаа дууссаны дараа "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө олборлолт явуулах эсвэл дотоодын
компанийг оруулах асуудал яригдах юм байна. Ерөнхийдөө хөрс хуулалтын ажил хийгдсэн. Хэрэв борлуулалтын гэрээг үзэглэх юм бол нүүрсээ ачуулахад бэлэн болсон аж.
Бид Тавантолгой ордыг зургаан тэрбум тонны нүүрсний нөөцтэй хэмээн үздэг. Тэгвэл Австралийн жорк (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нөөцийг хамгийн нарийвчлан тогтоох ангилал) ангилалаар 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон байна.
Үүнээс Цанхийн зүүн хэсэгт тэрбум гаруй тонн нүүрс байгаагаас 78 хувь нь коксжих нүүрс гэнэ. Харин баруун хэсэгт 1.2 тэрбум тонн нүүрс байгаагаас 68 хувь нь коксжих юм байна. Б.Энэбиш дарга цаашид Тавантолгойд шийдвэрлэх шаардлагатай олон ажил байгааг хэлсэн. Тухайлбал, төмөр зам, усан хангамж, боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ойрын үед тодорхой болох аж. Усан хангамжийн хувьд 65 км газраас хоолой татахаас гадна гүний усны нэмэлт хайгуул хийх юм байна. Гэхдээ Орхон голоос ус татаж уул уурхайд ашиглах нь байгаль орчинд ноцтой нөлөөлнө хэмээн олон хүн үзэж байгаа. Энэ талаар тэрбээр "Говьд хэрэгжиж байгаа төслүүдэд шаардлагатай усыг хоолой татаж гадаргын уснаас хангах асуудал яригдаж байгаа. Ингэхдээ усны урсацыг бууруулахгүйгээр, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар хийх ёстой хэмээн ойлгож байна" гэв.
Түүнчлэн, Тавантолгойн хувьцааны тодорхой хувийг олон улсын бирж дээр арилжаалах асуудал ид яригдаж байгаа аж. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд "Голден сакс", "Дочи" банкууд голлох үүрэгтэй оролцох юм.
Одоогийн байдлаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган явж байна. Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржийн алин дээр нь гаргах уу, эсвэл хоёулан дээр нь гаргах уу зэрэг асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байгаа юм байна. Олон улсын судлаачид Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр арилжаалахад компанийн засаглал, хараат бус байдал зэрэг олон шалгуурыг чухалчлан авч үзэх хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа аж. Ерөнхийдөө хувьцааг ирэх сарын эхээр гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Үүнээс гадна "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх удирдлагатай холбоотой асуудлыг энэ сард багтаан шийдвэрлэх тухай хэлсэн. Одоогийн байдлаар тус компанид 180 орчим хүн ажиллаж байгаа. Цаашид зарим албан тушаалд гадны өндөр туршлагатай мэргэжилтэн тавих шаардлагууд бий болжээ.
No comments:
Post a Comment