2011/06/08

"Эрдэнэс Тавантолгой" бонд гаргах уу

"Эрдэнэс Тавантолгой" компанид бонд гаргах тухай асуудал чих дэлсэж байна. Тус компани хөрс хуулалтын ажил явуулж, нүүрс ачуулахад бэлэн болсон. Мөн Хүний хөгжил санд тодорхой хэмжээний мөнгө оруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус компанид үйл ажиллагааны зардлаас гадна Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хөрөнгө шаардлагатай байгаа юм.

Хэрэв үүргээ биелүүлэхгүй бол хүн бүрт олгож буй 21 мянга, оюутны 500 мянган төгрөгийн хишиг тасрана гэсэн үг. Уг нь 400 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх асуудлыг Тавантолгойн гэрээг байгуулж, хөрөнгө оруулагч нараас гаргуулах байдлаар төлөвлөсөн. Гэвч стратегийн ач холбогдол бүхий уг гэрээг тийм ч амар байгуулчихаж дөнгөхгүй нь бололтой.

Үүнтэй холбогдуулж Дэлхийн банкнаас "Хэрэв Тавантолгойн гэрээгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж чадахгүй бол ялангуяа гадаадад бонд гаргах орчин таагүй байгаа нөхцөлд алдагдлын санхүүжилтийг бүхэлд нь дотоод зах зээлээс гаргах хэрэгтэй болно. Ингэснээр эдийн засгийн энэхүү өсөлтийн үед зээл шаардлагатай хувийн салбарынхныг шахан гаргахад хүргэнэ" хэмээн анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн гэрээг байгуулж, хөрөнгө оруулагч нараас мөнгө салгаж чадаагүй тохиолдолд "Эрдэнэс Тавантолгой" зайлшгүй бонд гаргах замаар санхүүжилт хийх шаардлагатай тулгарах болно. Ингэснээр олон бэрхшээлийг дагуулах эхлэлийг тавина шүү хэмээн анхааруулсан нь энэ.

"Эрдэнэс Тавантолгой" бонд гаргах асуудлаар Сангийн сайдаас тодруулахад "Үүнийг тус компаниас асуу. Ер нь Хүний хөгжил сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үүргээ биелүүлэх ёстой" гэсэн хариулт өглөө. Гэхдээ бонд гаргах асуудал огт байхгүй хэмээн үгүйсгээгүй юм. Харин "Эрдэнэс МГЛ"-ийн гүйцэтгэх захирал Д.Энэбиш бонд гаргах асуудлыг үгүйсгэж байна.

No comments:

Post a Comment