2011/06/15

Тавантолгойгоос эхтэй таван хомсдол

Тавантолгойгоос эхтэй таван хомсдол
Уржигдархан л 34 хэм хүртэл хална гэсэн сэрэмжлүүлэг тарахад хамаг нимгэн, ганган хувцсаа бэлдсэн маань өчигдөр өглөөний хүйтэн борооноор эсрэгээрээ эргэлээ. Энэ бол амьдралд тохиолддог санамсаргүй бэрхшээлүүдийн л нэг. 

Үүнтэй адил улс оронд маань тооцоолоогүй үүссэн энэ цагийн даваа бол шатахууны хомсдол. Гэв гэнэт “ах” нар үнээ нэмээд, бид эндээс зоосоо тоолоод сууна чинээ хэн ч таамаглаагүй. Төрөөс татварыг нь тэглээд ч өнөөх импортлогчид сурсан зангаа тавьсангүй. Зарим шатахуун түгээх станцад дизелийн нэг литр нь 1640 төгрөгтэй тэнцэж байна гээд бод доо. Аялал, жуулчлалын улирал эхэлж байхад бид хөл дүүжлэх унааныхаа “хоол”-оор дутаж явах гэж. 

Ийм л хүндхэн нөхцөл эдийн засгийн цаг агаарын таамаглагдаагүй оршил болж хувирлаа. Монгол Улс хар алтны хоосролд живж байхад Ерөнхийлөгч хойд хөрш рүү айлчлал хийснийг Кремлийн хэвлэлүүд “Ц.Элбэгдорж шатахууны асуудлаар Москвад хөл тавьжээ” хэмээн нийтэлж байв. Үүнээс гадна “Д.Медведев Тавантолгойн лоббийг хийхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Кремльд дуудсан” гэсэн дуулиант мэдээ хэвлэгдэж байсан билээ” хэмээн “Улс төрийн тойм” сонин тоймлон бичиж байв. 

“Монголын баялгийн шинэ нөөцийг ашиглах хамтарсан төслүүдийн хүрээнд нягт уялдаатай шийдвэрлэхийг зорьж байгаагаа хоёр талаас мэдэгдэв. Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах боломжтой арга замыг судалж үзэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгохоо Оросын тал энэ үеэр илэрхийлсэн юм” гэж www.president.mn цахим хуудаст тэмдэглэсэн нь гадаад, дотоодын хэвлэлүүдийн хэлснийг баталлаа. 

Яг энэ зуур Ерөнхий сайд цагаан хэрэмийн вант улсыг зорьж 500 сая ам.долларын зээлийн хүсэлтээ нэг мөр “араанд” нь хийх зорилготой байсан. Хэдэн жилийн өмнө яригдсан 300 саяын зээл одоо хэр нь луутай аяганы эздээс сураггүй байгааг санахад энэ удаад найдлага тавихад эрт байна. “Монголын нууц товчоо”-нд “Орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж...” гэсэн байдаг. Энэ нь одоогоор бол албан тушаалын төлөөх өрсөлдөөнтэй их төстэй. 

Тэгж “Орчилдон тэмцэлдсэний” үр дүнд яадаг байсан бэ! Нэг бол бусдад хөнөөлгүүлнэ. Нэг бол эрх мэдлийг булаан авч хан, ханлиг болцгооно. Дараа нь яг түүн шигээ дараагийн ээлжийнхэндээ араасаа хутгалуулах зэргээр зүй бусаар булаасан титмээ алдахдаа дайварт нь амь насаа хамт тушаана” гэж нийтлэлч Гангаа “Baabar.mn”-д бичсэн нийтлэлдээ дурдсан байдаг. XIII зууны өнгөрсөн үе эргэн ирсэн мэт өнөөдөр бид Тавантолгойгоороо дэнчин тавиад элдэв сандал, ширээ, шатахуун, түлш, улаан, ногоон дэвсгэртийн төлөө үхэлдэн тэмцэлдэж байна. Эцсийн дүнд нь Тавантолгойн олборлогчийн тендерийн шалгаруулалт сар сараар хойшилж, тэр гэхийн аргагүй сар бүр сунгагдаж байна. 

Хүүхдийг чихрийн цаасаар хуурдгийн адилаар өмнийн говийн баялгийг хэдэн улаан дэвсгэрт, хэдхэн тонн нефтиэр арилжих вий гэж зарим судлаач үзэж байна. Тэд “Үндэсний аюулгүй байдал” гэж хэчнээн лоозон өргөөд ч төр, засгийн мэдэлтнүүд арьсаа хамгаалсан наад захын танилцуулгаас өөрийг хийгээгүй хэвээр. Доктор С.Авирмэд “Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа алдлаа” гэсэн бол Үндэсний “Соёмбо” хөдөлг өөний тэргүүн Б.Лхагважав “Тавантолгойгоор овоглосон үнэт цаасаар луйвар хийж байна” гэсэн. 

Харин “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Б.Аюуш “Монголчуудыг Тавантолгойгоос гээлээ” гэж мэдэгдсэн. Ингэхээр бид: 

1. Үндэсний аюулгүй байдлын хомсдол

2. Үнэт цаасны шударга хуваарилалтын хомсдол 

3. Нутагтаа монголчуудаа ажиллуулах эрхийн хомсдол 

4. Шатахууны хомсдол

5. Мөнгөний хомсдол зэрэг таван зүйлээр Тавантолгойнхоо дэнчинд барьцаалагдчихлаа. Эцсийн зөв нүүдэл хэнийх вэ. Хэрэв хэн ч нүүхгүй бол бид хаана очих вэ? 

No comments:

Post a Comment