2011/06/12

Стандартгүй брокеруудаа яах вэ?

Стандартгүй брокеруудаа яах вэ?
Монголын хөрөнгийн бирж дэлхийн жишигт хүрэх замдаа гараад багагүй хугацааг үдлээ. Хөрөнгийн биржид шинэ технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа ид үргэлжилж байна. Гэвч бас хөрөнгийн биржийн хөгжлийг хойш татах хүчин зүйл байсаар л.

Хамгийн түрүүнд хөрөнгийн биржийн арилжааг гардан гүйцэтгэгч болох брокер дилерийн компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй болжээ. Өнөөгийн нөхцөлд брокер дилерийн компанийн стандарт хангасан компани тун ховор байна. Ялангуяа анх хөрөнгийн бирж байгуулагдах үед бий болсон брокерийн компаниуд өнөөдөр яг л "сэтэртэй морь" шиг болсон гэнэ.

Анхдагчууд нэг ёсондоо хүчээр л байгуулагдчихсан брокер нэртэй ганц xoёp хүн ажилладаг л газар. Бараг нэг хүн л бүхэл бүтэн компанийн үйл ажиллагааг хариуцна. Компанийн үйл ажиллагаа явуулах байр сав гэвэл бүр худлаа. Цүнхэндээ компанитай эдгээр нөхдүүд өнөөдөр Хөрөнгийн биржид анхдагч нэртэйгээр бараг л "хаан" аятай суудаг гэнэ.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан стандартын дагуу брокер дилерийн компанийн үйл ажиллагаа явуулах байр талбай, өрөө тасалгаа ямар байх ёстойг тодорхой зааж өгсөн байдаг. Анхдагч нэртэй компаниудад тэр стандартыг мөрдөж ажилладаг нь тун ховор. Үндсэндээ Хөрөнгийн бирж дэх арилжааны суудлаар л компанийнх нь байр хязгаарлагдана.

Гэтэл иргэдэд үйлчлэх, зөвлөгөө өгөх өрөө, хүлээн авах энэ тэр гээд бүх зүйл тодорхой стандарттай. Ядаж л хэн нэгэн нь том хөрөнгө оруулалт хийх гээд ганцаарчлан зөвлөгөө авах гэхээр нийтийн байранд үйлчлэх болдог аж. Энэ мэтээс болж иргэд хохирдог ч анхдагч компаниуд санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржийн хүрээнд "томорчихсон" учраас хэн ч яаж ч чаддаггүй юм байна.

Брокер дилер, андеррайтер гээд бүхий л үйл ажиллагаа стандарттай. Харин тэдгээр компаниудад стандарт баримтална гэх ойлголт огт байхгүй.

Монголын хөрөнгийн бирж анх байгуулагдахдаа 13 брокер дилерийн компанитайгаар байгуулагдсан. Харин одоо энэ тоо өсч, 49 болжээ. Шинээр 10 гаруй компани брокер дилерийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авчихсан байгаа гэнэ. Стандартгүйгээр үйл ажиллагаа явуулдаг энэ жишиг харин шинээр байгуулагдаж буй компаниудын хувьд тийм ч айхтар асуудал болчихоогүй байгаа юм байна. Харин эсрэгээрээ аль болох шинэ технологи нэвтрүүлж, хэрэглэгчиддээ шуурхай үйлчлэхийг зорих аж.

Гэтэл нөгөө талд нь хуучцуул гэж хаашаа ч хөдөлдөггүй хэсэг бүлэг хүмүүс байна аа. Тэд шинэчлэгдэж, өөрчлөгдөх талаар бодохыг ч хүсдэггүй гэж ойрын эх сурвалж хэлсэн. Тэгэхээр хөрөнгийн биржийнхээ үйл ажиллагааг дэлхийн төвшинд хүргэе гэж байгаа юм бол түүний гол "хөдөлгүүр" болсон брокерийн компаниудаа яах вэ.

Адилхан л шинэчлээд, өөрчлөөд, дэлхийн төвшинд хүргээд явах ёстой. Харин тэр ажил хийгдэж байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан брокерууд олон улсын сургалтад суулаа гэх мэдээ, мэдээлэл хааяа чих дэлсэх болсон билээ.

Энэ янзаар байдал үргэлжилбэл ямар хор уршигтай вэ. Яг өнөөгийн нөхцөлд манай хөрөнгийн биржийн техник, технологи 1990-ээд оны үеийнхээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, арилжаанд оролцохын тулд заавал Хөрөнгийн бирж дээр очиж, захиалгын гэрээг өөрийн биеэр үзэглэж байж хувьцаа худалдаж авна. Харин өдөр бүрийн арилжаа хийгдэх хугацаа ердөө гурван цаг. Энэ хугацаанд ажил төрлөө зохицуулаад, хөрөнгийн биржийг зориод ирлээ гэж бодъё. Гэтэл мөнөөх ганц хүнтэй компанийн хүн нь байхгүй бол яаж ч чадахгүй. Зөвлөгөө авах хэрэгтэй үйлчлүүлэгч арилжаагаа дуусгахыг нь хүлээхээс өөр аргагүй болдог аж. Тэгээд утсаар яриад хэлэхээр шуудхан л амжихгүй гэж хариулдаг гэж байгаа. Ингээд л ганц хүнтэй брокероор үйлчлүүлснээрээ тухайн иргэн хохироод л үлдэнэ.

Дараагийн удаад дахиад л цаг, заваа гаргаад ирнэ. Дахиад л ганц хүнтэй брокер ажилдаа ирээгүй байвал яах вэ. Яаж ч чадахгүй. Бүр арилжааны цаг дуусаагүй байхад шуудхан л "ажилтай болчихлоо" гээд явчихдаг тохиолдол ч байдаг гэнэ. Үүнийг нь Санхүүгийн зохицуулах хороо ч юм уу бусад хариуцсан байгууллагад хэлдэг ч ямар ч арга хэмжээ авагдахгүй.

Өнөөдөр хөрөнгийн биржээ дэлхийн төвшинд хүргэнэ гэж байгаа ч брокер дилер, андеррайтерийн
компаниуд нь харин нэг иймэрхүү л байна даа.

Уг нь брокер дилерийн үйлчилгээнд стандарт байхгүй биш байгаа шүү дээ. Бэлэн байгаа стандартыг мөрдүүлээд явж болмоор санагдах юм. Бүр боломгүй бол эрхийг нь цуцалчих хэрэгтэй шүү дээ. Тийм зориг, хууль дүрмээ дээдлэх ухаан Санхүүгийн зохицуулах хороонд байхгүй гэж үү.

Нөгөөтэйгүүр ганцхан хуучцуул компаниудыг ч хэлэх гэсэнгүй. Шинээр байгуулагдаж буй брокер, дилерийн компаниудад ч бас асуудалтай нь олон л байгаа. Тэд энд хатуухан шиг шаардлага тавиад, шаардлагыг хэрэгжүүлж чадахгуйг нь "зайлуулах" ёстой. Тэгж байж, дэлхийн төвшний хөрөнгийн биржийн үйлчилгээнд шилжинэ.

Ер нь тэгээд тооноос илүү чанарыг эрхэмлэх хэрэгтэй биз дээ. Хэрэгтэй хэрэггүй олон брокер байснаас чанартай, мундаг үйлчилгээтэй цөөн байсан нь дээр. Иргэддээ ч амар, хаана очих вэ, яах вэ гэж толгойгоо гашилгахгүй. Тэгэхээр эцсийн дүндээ стандартгүй энэ олон брокерийн компаниудыг "зайлуулаад" стандарт хангасан, бүр дэлхийн хэмжээнд ажиллачих чадвартай цөөн хэдэн брокертойгоо үлдье.

No comments:

Post a Comment