2011/05/31

Тавантолгойн тендерт оролцож буй “Суэк” компанийн тухай

Тавантолгойн тендерт оролцож буй “Суэк” компанийн тухай
“Оросын төмөр замуудын нэгдэл”-тэй хамтран Тавантолгойн орд газрын олон улсын тендерт “Суэк” нээлттэй хувьцаат нийгэмлэг оролцож байна. Орчуулбал “Сибирийн эрчим хүч, нүүрсний компани” хэмээн нэрлэж болно. Нийт 46.000 ажилтантай. 2001 онд анх байгуулагдсан бол өдгөө уудам Орос орны өнцөг булан бүрт нүүрс олборлож, үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт итгэлтэй орсон компани.

Ойрын арван жилд дэлхийн нүүрс олборлолт төдийгүй боловсруулах үйлдвэрлэлд тэргүүлэх байрыг эзэлнэ гэсэн бизнесийн уриатай. “Суэк” нь Киприйн аралд бүртгэлтэй. Компанийн хувьцааны 99.84 хувийг Киприйн  Donalink Ltd эзэмшдэг гэх албан ёсны бүртгэл байх боловч үнэт цаас нь бүтнээрээ оросуудын гарт бий. Үлдэх 0.16 хувийн үнэт цаас “Красноярскийн уурхай” компанийн нэр дээр байдаг.
Ийм нэг шинэхэн компани Тавантолгой ордын тендерт “Оросын төмөр замуудын нэгдэл”-ийн галт тэргэнд VIP суудал захиалан орж иржээ.

Энэхүү консорциумын бусад оролцогчдыг монголчууд сайн мэднэ. БНСУ-ын баян долоон компани, Японы өндөр технологитой дөрвөн компани уг нэгдэлд нэр хавчуулагдсан юм. “Суэк”-ийн хувьд сонирхол татах олон төсөл өдгөө хэрэгжүүлж байгаа. Юуны түрүүнд Ванино боомтод жилдээ 12 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай терминал ашиглалтад оруулна. Тодруулбал, Ваниногийн Мучке өртөөнд ийм бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн л Хабаровск мужид тус компани Нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Угааж боловсруулсан нүүрс экспортод гаргавал илүү үнэд хүрэхийг тооцоолсон төсөл юм.

“Суэк” нь Буриад, Кемеров муж, Красноярск, Приморийн хязгаар, Хакасид олон тооны уурхайтай ба Европын улсууд, Японд нүүрс экспортолдог. Тавантолгой ордын олон улсын тендерт оролцож буй “битүү морьдын” нэг “Суэк”-ийн товч танилцуулга ийм. Эдний богинохон намтарт шигтэгсэн сонирхолтой түүхээс дурдвал, Газпром компанитай 2007 онд гэрлэх шахсан гэдэг. Нүүрс, нефть, хийн аварга консорциум байгуулах төлөвлөгөөг нь Холбооны Монополийн эсрэг алба ба Оросын Эрчим хүчний нэгдсэн сүлжээний босс Анатолий Чубайс эсэргүүцэж байж зогсоожээ.

Оросын компаниуд нэгдэж аварга биетийг дундаасаа төрүүлэх дуртай боловч цагаа тулахаар хэлэлцэж тохиролцох нь үгүй, хууль зөрчимхий гэдгийг Кремлийн эрхмүүд эрхбиш тооцоо биз, хэлэлцээр үр дүнд хүрээгүй юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Төмөр замын 49 оны хэлэлцээр төдийгүй, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх дэд бүтцийн асуудал зайлшгүй хөндөгдөнө. Оросууд гэрийн даалгавраа “Оросын төмөр замуудын нэгдэл”-ийн тэргүүн В. Якунинаар хийлгэсэн. Мань Якунин ч “Суэк”-ийн сайн талуудыг Монголын төлөөлөгчдөд ухуулан сэнхрүүлэх үүргээ сайн биелүүлж таарна.

Монголд өгөх транзит тээврийн таатай нөхцөл гэгчээ илүү тодруулж, тоогоор, хугацаагаар баталгаажуулах нь лавтай. Ерөнхийлөгч ямар байр суурьтай ирэхээс Тавантолгой ордын эцсийн шалгаруулалт ихээхэн хамаарах билээ. АНУ-ын “Peabody Energy” компанийн гол өрсөлдөгч оросууд гэрийн даалгавраа хичээнгүйлэн танилцуулж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн зангиаг бензиний хомсдолоор улам боож чангалахаа ч оросууд мартаагүй

No comments:

Post a Comment