2011/06/12

Брокерийн пүүсүүдийн тоонд бус чанарт анхаармаар байна

Брокерийн пүүсүүдийн тоонд бус чанарт анхаармаар байна
Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулснаар зах зээлийн багтаамж томрох нь тодорхой боллоо. Гэхдээ энэ нь брокерийн пүүсүүд олшрох ёстой гэсэн үг биш. Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны эрхээ авч брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлж буй компанийн тоо өнөөдөр 70 хүрчээ. Энэ тоо хоёр cap гаруйн өмнө 47 байсан юм. Одоо дахиад хэчнээн компани ийм эрх авахаар дугаарлан зогсож буйг мэдэх аргагүй ч хөрөнгийн зах зээл рүү хошуурах үзэгдэл газар авч буй нь тодорхой.

Үнэндээ брокерийн үйлчилгээ үзүүлэгчид гэнэт ингэж олширсон нь хөрөнгийн захын арилжаанд оролцдог хэдхэн зуун хүнд зориулагдаагүй. "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг иргэдэд өмчлүүлэх болсонтой холбоотой. Энэ маягаар 71 мянган га талбайд буй 6.4 тэрбум тонн нүүрсийг ухаж эхлээгүй байхад санхүүгийн зах зээлд хавтгайрах үзэгдэл гарч эхэллээ.

Мэдээж ийм эрх нэмж олгох нь буруу гэж хэлэх аргагүй. Гэхдээ брокер, дилерийн компанийн эрх олгох шалгуурыг өндөрсгөж болно. Ядаж л дүрмийн санг нь нэмж тогтоовол тоог нэмэх бус чанарт анхаарч эхэлнэ. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа брокерийн пүүсүүд иргэдийн хөрөнгийг зарах, захиалах л эрхтэй болохоос хүний мөнгийг шууд авчихаж чадахааргүй байдаг. Энэ нь тухайн брокерийн компани дампуурсан ч иргэдийн хувьцааг үрэн таран хийхгүй гэсэн үг.

Одоо Хөрөнгийн биржийн дэд бүтцийг сайжруулснаар энэ байдал бүр ч баталгаажна. Өмнөх цэнхэр, ягаан тасалбартай холбоотой зарсан, үрсэн асуудал бол өөр зүйл. Хэрвээ өнөөх 70 компани нь түрүүчээсээ дампуурч эхэлвэл яах вэ. Зах зээлийн нэр хүнд унаж, иргэд дахиад л өөр компанид харилцагч болно. Энэ зуур ямар их ажил, чирэгдэл болох билээ. Тийм үед иргэдийн данс нээлгэсэн таван мянган төгрөг юу ч биш. Тиймдээ л энэ салбарт анхаарах, гэнэтхэн ийм олноор нь брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх эрхийг олгох асуудлыг шүүмжлээд байгаа юм.

Хэдхэн жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоо олноороо байгуулагдаж, шил дараалан дампуурсны дараа ийм асуудлыг дахин гаргахгүйн тулд Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан. Гэхдээ энэ хорооныхон эдүгээ дараалсан дампуурлын сургамжин дээр бий болсноо мартсан бололтой.

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын орлогч дарга Х.Тулгаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Брокерийн пүүсийн тоо 70 хүрчээ. Ингэж олшроход сөрөг тал бий юм биш үү?

-.Мэдээж оны өмнөхөн 40 байсан брокерийн пүүс яахаараа 70 болчихов гэж гайхах хүмүүс гарч ирнэ. Гэхдээ энэ бол энгийн л зүйл. Зах зээлд олуулаа оролцох нь муу биш шүү дээ. Харин ч энэ дунд шударга өрсөлдөөн явагдана.

-Танайхаас энэ тал дээр ямар шалгуур тавьдаг вэ?

-Үнэт цаасны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу эрх олгож байна. "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааны сургаар өмнө нь иргэдэд тараагаад байсан цэнхэр, ягаан тасалбартай холбоотой хэрэг олноороо сөхөгдөж байна. Үүнээс болж "Эрдэнэс инвест", "Санар" зэрэг компаниудын эрхийг цуцалсан. Дүрмийн сангаас нь давсан их мөнгөний өрөнд орохоор дампуурахаас цаашхи зүйл яригдана. Гэхдээ дампуурснаар юуг ч шийдэхгүй шүү дээ.

Иргэд энэ салбарын талаар ойлголтгүй ч гэртээ ойрхон ч юм уу, байгуулагдсан оныг нь харж байгаад брокерийн пүүсээ сонгохгүй нь тодорхой. Дампуурсан компаниудын олонхи нь их хувьчлалаар байгуулагдсан байсан. Тэгэхээр брокерийн пүүсийн байгуулагдсан он нь чухал гэж ухуулах нь зохисгүй. Долоо хоногийн өмнө байгуулагдсан компани ч сайн үйлчилгээ үзүүлж болно шүү дээ.
Дээр дурьдснаар иргэд энэ зах зээлийн талаар ойлголт муутай байгаа.

Харин өнгөрсөн бүх зүйлээ хаяад зах зээлээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Монголын хөрөнгийн биржид хийж буй технологийн шинэчлэлийг ирэх оны эхээр бүрэн хийж дуусна. Дээр нь дэлхийн зах зээл дээрээс хувьцаа авах боломжийг бидэнд олгож, олон улсын брокерийн үйл ажиллагаа явуулдаг компани ч Монголд салбараа нээгээд байна.

Брокер, дилерийн үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх боломж байгааг сонирхож хэд хэдэн брокерийн пүүсээр орлоо. Тэдний хэлж буйгаар брокерийн пүүсүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагт салбараа нээх, хотын захад амьдардаг иргэдэд хүртээмжтэй ажиллах хэрэгтэй аж. Орон нутагт амьдардаг иргэд энэ зах зээлийн талаар мэдээлэлгүйн улмаас хаа холоос хувьцааныхаа ногдол ашгийг авахаар ирж, замын зардалдаа шатаад буцсан тохиолдол олон бий. Санхүүгийн зохицуулах хорооноос үүнийг шийдэхийн тулд банкуудын хөрөнгийн зах руу татан оролцуулахаар болсон. Учир нь Монгол орны өнцөг булан бүрт хүрч чадсан санхүүгийн үйлчилгээ бол зөвхөн банк хэмээн үзсэнтэй холбоотой.

Эхнээсээ "TDB" нэртэй брокерийн пүүс байгуулагдаад ажиллаж байна. Ямар ч байсан "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцаа, Засгийн газрын энэ их бонд байгаагүй бол брокерийн үйлчилгээ ингэж өргөжихгүй байлаа. Тиймээс брокерийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөж, тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй болов уу.

No comments:

Post a Comment