Ихэнх компаниудын хувьцааг үнэлсэн "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн захирал Р.Зоригтын үзэж буйгаар бол монголчууд гадны хөрөнгийн биржүүдээс ямар ч хувьцааг худалдан авах боломжтой. Энэ хүрээнд өөрсдийн уул уурхайн компаниудыг өөрсдөө худалдан авах боломжтой гэнэ.
Тэрээр Санхүүгийн зохицуулах хороонд шүүмжлэлтэй хандаж, МХБ-ийг нааштай үнэлж байна.
БИД ХУВЬ ХҮН, КОМПАНИЙГ ҮНЭЛНЭ
-Танай компанийн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн шаардлагыг хангаж байна уу?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэг л аргачлалаар үнэлгээ хийж байгаа. Бид 1994-1996 онд Дэлхийн банкны Эдийн засгийн хүрээлэнгээс зохион байгуулсан сургалтад хамрагдаад, үнэлгээ хийх эрхээ авсан. Манай компанид гадаадын олон оронд суралцсан мэргэжилтнүүд бий.
-Юуг эсвэл ямар үйл ажиллагаанд үнэлгээ хийх вэ?
-Хүмүүс үнэлгээ гэхээр ямар нэгэн байшин барилга гэх мэт биет зүйлийг үнэлдэг гэж ойлгодог. Биет болон биет бус зүйлийн үнэлгээ гэж байдаг.
-Биет бус ямар зүйлийг үнэлэх вэ?
-Хувь хүн, компанийн нэр төрийг үнэлж болно. Компанийн үйл ажиллагаа, шүүхийн маргаантай асуудал гэх мэт олон зүйлийг үнэлнэ. Гэхдээ бидний гол хийдэг ажил бол хувьцааны үнэлгээ.
-Та нарын үнэлгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх үү?
-Бид олон улсын байгууллагуудад ч үнэлгээ хийж өгдөг. Хүлээн зөвшөөрдөг.
-Үл хөдлөх хөрөнгө, хувьцаанаас өөр ямар үнэлгээ хийх вэ?
-Янз бүрийн хохирлууд, даатгалын учирч болзошгүй эрсдлүүд, компаниудыг үнэлнэ. Компанийн хөрөнгөөс гадна компанийн үнэ цэнэ гэж байдаг. Компанийн бизнес үнэлгээг хийнэ.
-Төр танай үнэлгээг хүлээн зөвшөөрөх үү?
-Зөвшөөрнө. Бидний үнэлгээний ихэнх нь төрийн байгууллагын захиалга байдаг.
-Гадны орнуудад компанийн эрсдлийн үнэлгээ гэж байдаг. Танайх энэ үнэлгээг хийх үү?
-Компанийн үйл ажиллагааны үнэлгээнд эрсдлийн үнэлгээ чухалд тооцогдоно. Манайх энэ үнэлгээг хийдэг.
-Эрсдлийн үнэлгээ гэж юу вэ. Компаниуд энэ үйлчилгээг авснаар юу хожих вэ?
-Аливаа бизнес эрхлэхэд эрсдлийг тооцож байж ашиг олно. Ямар хэмжээний ашиг олох нь учирч болох эрсдлийг хэрхэн даван туулахаас шалтгаална. Ашиг их байх тусам эрсдэл төдий чинээ их байх магадлалтай. Шинээр бизнес эрхлэгчид эрсдлээ хэр зөв тооцсоноос бизнесийн ашгаа тодорхойлно. Бид үнэлгээний хүрээнд ийм хэмжээний ашиг олох юм бол энэ бизнест орж болно гэсэн зөвлөгөө өгдөг.
-Та нараар эрсдлийн үнэлгээ хийлгээд амжилтад хүрсэн компаниуд байна уу?
-Олон байгаа. Бидний давуу тал нь зөвхөн сонгосон бизнест үнэлгээ хийж, зөвлөгөө өгөөд зогсохгүй. Хэн ч хийгээгүй бизнес, боломжтой салбарын орон зайг санал болгодог.
-Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийнхэн хэр ялгаатай харагдаж байна?
-Үнэлгээчид их өөнтөгч харцтай болчихдог. Ашгийг нэмэгдүүлэх ямар боломж байгааг байнга хайдаг. Энэ нь алдаатай үйлдэл болгонд шүүмжлэлтэй ханддаг болгодог. Улсын үйлдвэрийн газрууд хэцүү л дээ. Орон тоо хэмнэх, зардал бууруулах, өндөр үр ашигтай менежмэнт нэвтрүүлэх тал дээр үнэхээр сул. Ихэнх том мөнгө төрийн мэдлийн компаниудаар урсаж байгаа. Гэтэл "Энержи ресурс" компаниар жишээ авахад тэр их мөнгөөр юу ч хийж болдог нь ойлгомжтой байгаа шүү дээ.
"АНОД"-ЫН ХУВЬЦАА ЯВЦГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАН
-Хэр олон хувьцаа үнэлсэн бэ?
-Анх ягаан, цэнхэр тасалбараар хувьчилсан компаниудын хувьцааг бүгдийг зуун төгрөгөөр үнэлж зах зээлд гаргасан. Аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг балансын үнээр нэгтгээд, түүнийгээ зуун төгрөгийн хувьцаанд шилжүүлэх хэлбэрээр компаниудыг үнэлсэн. Туршлага, мэдлэг ч бага байсан. Гэтэл хувьчлалын дараа энэ арга нь явцгүй болох нь тодорхой болсон. Хөрөнгийг өөр хэлбэрээр үнэлэх шаардлагатай болсон. Хөрөнгө болон компанийн үнэлгээний шинэ арга нэвтэрсэн. Энэ үеэс эхлээд ихэнх хувьцаат компани, төрийн өмчийн үнэлгээг манайхан хийсэн.
-"Зоос", "Анод" банкуудад хувьцаа гаргахад оролцсон уу?
-Оролцоогүй.
-Тухайн үедээ сонирхож байсан уу?
-Сонирхолгүй яахав. "Зоос" банкны хувьд бид хөрөнгийн үнэлгээг хийж байсан. Харин хувьцаа үнэлэхэд оролцоогүй. Гэхдээ хувьцааны үнийг боломжийн гэж үзэж байсан. Харин "Анод" банкны хувьцааны хувьд боломжгүй гэж мэдэж байсан.
-Анхааруулах боломж байгаагүй юу?
-Байгаагүй. "Анод"-ын хувьцаа маш хурдан яваад өнгөрсөн.
-МХБ-ээр зарагдаж байгаа дотоодын компаниудын хувьцааны үнэ бодит байж чадах уу?
-Бодит гэхэд хэцүү. Маш хямд байдаг юм.
-Яагаад?
-Хувьцаат компаниудын засаглал нь нууц, тайлангаа худлаа гаргана, захирал нь өмч захиран зарцуулах эрхээ ашиглаад арай илүү цохино, ноогдол ашиг бага хуваах гэх мэт юм их байдаг. Зөвхөн ХК биш, ХХК нь ч дээр ч бас ийм үзэгдэл их байгаа. Захирлын суудлыг авсан тал нөгөө хувь нийлүүлэгчдэдээ бага хүртээдэг жишиг бий. Тэгээд ашиг бага хүртэхээр хэн ч үнэ хүргэж хувьцаа авахгүй л дээ.
-Монголд хувьцаа ашиггүй гэсэн үг үү?
-Үгүй. Би хүмүүст зөвлөгөө өгөхдөө "Компанийн хөрөнгийг худалдаж авахдаа хувьцаагаар нь худалдаж ав. Тэгвэл тухайн компанийн хөрөнгийг тав дахин хямд худалдаж авах боломжтой" гэдэг.
-Анхны хувьцаат компаниуд яагаад иргэдэд ашгаа өгсөнгүй вэ?
-Ягаан, цэнхэр тасалбараар авсан хувьцаа нь тухайн үйлдвэрийн нэг хэсэг гэдгийг иргэд ойлгоогүй. Мөн үнэгүй авсан болохоор нэг их анхаарал тавихгүй байсаар хяналт тавих хугацаа алдсан. Манайхан саяхан ганц нэг компани өндөр ашиг хуваарилсан, "Таван толгой"-н хувьцааг иргэдэд тараах сургаар л 20 жилийн өмнө авсан хувьцаандаа анхаарал тавьж эхэлсэн.
-Компаниудыг Монголын баялгаар гадны биржүүдээс мөнгө босгож байна гэсэн шүүмжлэл их гарч байна.
-Уг нь тэр гадаадын бирж дээр зарагдаж байгаа Монгол компанийн хувьцааг авах боломж байгаа. Мэдээллийн, төлбөрийн систем боловсронгуй, хялбархан болсон өнөө цагт аль ч компанийн хувьцааг бид авах боломжтой.
-"Таван толгой"-н хувьцаа ямар үнэтэй байх бол?
-"Ухаа худаг" 400 сая тонн нүүрсний нөөцтэй гэж зарласан. Тэд нөөцийнхөө 20 хувьд хувьцаа гаргаад 700 сая ам.доллар босгосон. "Таван толгой"-н орд 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. "Ухаа худаг"-ийн нэг тонн нүүрс хөрсөн дороо байхдаа 10 ам.доллараар үнэлэгдсэн гэж тооцвол "Таван толгой" 65 тэрбум ам.долларт хүрнэ. Эхний ээлжийн хувьцаа 30 тэрбум ам.доллар болно шүү. Тэгэхээр 15 тэрбум хувьцааны нэг бүрийн үнэ хоёр ам.долларт хүрэх боломжтой
-Тэгвэл бид ноогдол ашиг аваад л "хэвтээд" байх нь ээ.
-Яг ч тийм биш. Хувьцаанаас хоёр хэлбэрээр ашиг олж болно. Ноогдол ашиг хүртэж болно. Гэхдээ компани өндөр ашигтай байж, ноогдол ашиг ахиухан хуваарилсан тохиолдолд. Зарим тохиолдолд бага, түүгээр ч зогсохгүй хуваарилахгүй байж ч болно. Өөр нэг ашиг хүртэх арга нь хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олж болно. Компани үйл ажиллагаагаа өргөжүүлээд ирээдүйд өндөр ашиг олох нь тодорхой болмогц хувьцааны үнэ өснө. Энэ үед хямдхан авсан хувьцаагаа өндөр үнээр зарах хэлбэрээр ашиг олж болно.
-Хувьцаа эзэмшигч бүр байнгын ашиг хүртэж чадах уу?
- Барууны компаниудыг хараад байхад стратегийн хөрөнгө оруулагч нар голлон ашгаа хүртээд жижиг хувьцаа эзэмшигчид үнийн зөрүүн дээр тоглоод ашиг хүртээд байгаа.
-Манай хөрөнгийн биржээр хувьцаа гаргаад, тэр нь зарагдаад, хувьцаа эзэмшигч ашиг олох боломж байна уу?
-Сүүлийн үед гарсан хувьцааны ихэнхийг манайх үнэлсэн. Гэхдээ бидний хувьцааг нь үнэлсэн нэг ч компани эрсдэлд ороогүй. Ер нь бол биржээр хувьцаа зарагдах боломжтой. Гэхдээ хууль эрх зүй, менежмэнтийн хувьд эргэж харах юм бий.
МОНГОЛЫН МӨНГӨНИЙ ИХЭНХ НЬ ТӨРД БАЙГАА
-Хуулиар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниуд арван хувиа МХБ-ээр арилжина гэдэг.
-Энэ заалт хэрэгжихгүй байгаа юм.
-Сүүлийн үед хувьцаа гарах нь багасчих шиг боллоо.
-Сүүлийн гурван жил бараг гараагүй гэж болно.
-Яагаад?
-Санхүүгийн зохицуулах хороо төслийн хөрөнгийн 80 хувийг босгочихоод хувьцаа гаргах зөвшөөрөл олгох тухай журам гаргасан.
-Тэгвэл хувьцаа гаргах ямар шаардлага байна?
-Тэгээд л хувьцаат компани гарахгүй байгаа байхгүй юу.
-Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний хэдэн хувь нь төрд, гадныханд, хувийн хэвшилд байгаа бол?
-Мэдээлэл хаалттай болохоор яс тоо хэлэх боломжгүй. Гэхдээ том мөнгөний урсгал нь төрд байгаа. Мөнгө хийх гээд өдөржин бужигнаад байгаа нийгмийн ихэнхэд нийт мөнгөний багахан хэсэг ноогдож байна.
-Монголын нийт баялгийг үнэлж үзсэн үү?
-Ер нь бол сонирхолтой сэдэв л дээ. Цаашид бодох л хэрэгтэй.
No comments:
Post a Comment