2011/06/16

Б.Энэбиш: “Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлыг энэ сард тодруулна

Б.Энэбиш: “Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлыг энэ сард тодруулна
Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах компани, Баруун цанхийн хэсэг дэх стратегийн хөрөнгө оруулагчийг энэ сард шалгаруулж дуусахаар болсон байна.

Олборлолтын үйл ажиллагаа явуулах гадаадын компанитай арав хүртэл жилийн гэрээ байгуулах аж. Энэ хугацаа дуусангуут "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө олборлолт явуулах юм уу дотоодын компанийг оруулах асуудал яригдах боломжтой болох ажээ.

Хөрс хуулалтын ажил хийгдсэн байгаа бөгөөд борлуулалтын гэрээг үзэглэх юм бол нүүрсээ ачуулахад бэлэн болсон гэж байна. Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт тэрбум гаруй тонн нүүрс байгаагийн 78 хувь нь коксжих нүүрс бол баруун хэсэгт 1.2 тэрбум тонн нүүрс байгаагаас 68 хувь нь коксжих нүүрс юм байна.

Төмөр зам, усан хангамж, боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ойрын үед тодорхой болно. Усан хангамжийн асуудал дээр ярихад 65 км газраас хоолой татна. Мөн гүний усны нэмэлт хайгуул хийнэ гэж төлөвлөжээ.

“Говьд хэрэгжиж байгаа төслүүдэд шаардлагатай усыг хоолой татаж гадаргын уснаас хангах асуудал байгаа. Ингэхдээ усны урсацыг бууруулахгүйгээр, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар хийх ёстой” гэдгийг Эрдэнэс МГЛ компанийн захирал Б.Энэбиш онцолсон.

Тавантолгойн хувьцааны тодорхой хувийг олон улсын бирж дээр арилжаалахад "Голден сакс", "Дочи" банкууд голлох үүрэгтэй оролцохоор болсон байгаа.

Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржийн алинийг нь сонгох вэ, хоёулан дээр нь гаргаж болох уу зэрэг асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байгаа юм байна. Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр арилжаалахад олон шалгуур үзүүлэлтийг тавьдаг талаар мэргэжилтнүүд манайд зөвлөж байна.

Хувьцааг ирэх сарын эхээр гаргах төлөвлөгөөтэй бөгөөд "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлын асуудлыг энэ сард багтаан шийдвэрлэх тухай Б.Энэбиш дарга хэлсэн юм.

No comments:

Post a Comment