2011/06/25

Я.Батсуурь: Хуулийн төслөө ирэх долоо хоногт өргөн барина

Я.Батсуурь: Хуулийн төслөө ирэх долоо хоногт өргөн барина
УИХ-ын нэр бүхий гишүүд Тавантолгойгоос иргэн бүрт 536 бус 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх хуулийн төсөл санаачилсан. Төсөл санаачлагчид үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцаа хуваарилах шаардлагагүй гэж үзсэн юм.

Үүнтэй холбоотойгоор үндэсний компанийн эзэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Хуулийн төсөл санаачлагчдын нэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсууриас энэ талаар тодрууллаа.

-Хуулийн төслийг дэмжихгүй байгаа хэсэг бүлэг байна. Та ямар тайлбар өгөх вэ. Үндэсний гэх тодоттолтой аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа олгохгүй байх ямар шалтгаан байна вэ?
-УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэлэлцэх шатанд улсын хэмжээнд 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан. Гэтэл одоо энэ тоо 53 мянгад хүрсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжийн тал нь ашиггүй ажилласан гэдэг тайлантай. Энэ мэтчилэн үндэсний аж ахуй нэгжүүдийг бүртгэж, тооцоог нь гаргахад хүндрэлтэй боллоо. Үлдсэн 50 хувь нь бас л асуудалтай. Нэг хүний нэр дээр 20-30 компани бүртгэлтэй байна. 

Мөн 27 мянган аж ахуйн нэгжийн тал нь 10 сая төгрөг хүрэхгүй эргэлтийн хөрөнгөтэй. "Эрдэнэс тавантолгой" компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт 100 мянга гаруй хувьцаа төвлөрөх болно. Ингэснээр компанийн эзэн 100 мянга гаруй хувьцаа эзэмшдэг, компанийн ажилтан 536 ширхэг хувьцаа эзэмших шударга бус хуваарилалт хийгдэх болоод байгаа юм. Тэгэхээр 2700 хүний эрх ашиг чухал уу, 2.7 сая гаруй хүний эрх ашиг чухал уу. Нөгөө талаас аж ахуйн нэгжийн хөрөнгийг Тавантолгойн хувьцаагаар уул уурхайд татан төвлөрүүлэх нь буруу.

-Яагаад?

-Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болж мэдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хамаарлыг улам нэмэгдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас Монгол Улсын хөрсөн доорх баялаг ард түмний өмч. Тиймээс газрын баялгийг нийт иргэддээ шударга хуваарилах гэдэг агуулгаар нь авч үзвэл иргэн бүртээ дээрх хувьцааг ижил хэмжээгээр хуваарилах нь илүү шударга алхам болно.

-Засгийн газраас санал ирсэн үү?
-Ирээгүй. Засгийн газраас саналаа өгөхгүй бол ирэх долоо хоногоос хуулийн төслөө УИХ-д өргөн барина.

-Үндэсний компаниуд хувьцаанаас хүртэхгүй гэхэд өөр ямар боломж байна вэ?
- "Монгол 999" нэгдэл шиг үндэсний аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойгоос тодорхой хэмжээний газар олгох нь зөв. Хэрэв хувьцаа өгвөл шударга хуваарилалт болж чадахгүй.

No comments:

Post a Comment