2011/10/25

Зарах уу, бэлэглэх үү?

Монголчууд алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна. Коксжих нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлж буй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслийг эхлүүлсэн нь гадаад, дотоодод багагүй “дажин” дэгдээгээд байгаа юм. УИХ-ын  39 дүгээр тогтоолоор Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэгийг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн ‘’Таван толгойн нүүрсний орд’’-ыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийг ард иргэддээ үнэ төлбөргүй тараах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжсэн нь  олон нийтийг талцуулаад байгаа юм. Тиймээс дээрх асуудлаар УИХ-ын гишүүд болон, аж ахуйн нэгжүүд, иргэд ямар бодолтой байгааг сонирхсон юм.



Д.ХАЯНХЯРВАА: ЭДИЙН ЗАСГИЙГ УУЛ УУРХАЙГААС ХЭТ ХАМААРАЛТАЙ БОЛГОНО 

-Нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдахаар шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан иргэд болон бусад иргэнд хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт гэж үзсэн хэрэг. Хамгийн гол нь, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран бүх аж ахуйн нэгжид хавтгайруулан уул уурхайн компанийн хувьцааг худалдах нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байхыг улам нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй шүү дээ. 




Я.БАТСУУРЬ: АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШУДАРГА ХУВААХ БОЛОМЖ БАЙХГҮЙ 
-Бидний санаачилсан энэ хуулийн төсөл нь хувьчлалыг шударга явуулах, байгалийнхаа баялгийг иргэддээ шударга хуваарилах зорилготой. Бусад орны жишгийг харж байхад байгалийн баялгаасаа иргэддээ л хувь хишиг хүртээж байдгаас биш аж ахуйн нэгжүүддээ хувь өгсөн тохиолдол байхгүй юм билээ. Ер нь аж ахуйн нэгжүүдэд шударга хуваах боломж байхгүй л дээ. Харин компанид хуваарилах замаар Тавантолгойгоос ахиу хувьцаа эзэмших гэсэн хэсэг бүлэг хүн л үүнийг хүчтэй эсэргүүцээд байгаа юм. 



Д.ОДБАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ МАГАДГҮЙ

-Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас нэрлэсэн үнээр худалдахад хүндрэлтэй зүйл багагүй гарахаар байсан. Судлаад үзэхээр Үндсэн хууль зөрчигдөх юм ч харагдаж байна лээ. Манай улсын хүн амын тоо тодорхой. Өнөөдөр Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо тодорхойгүй. Гэтэл нэг биш нэлээд хэдэн компанид хөрөнгө оруулсан хүн цөөнгүй байна. Тавантолгойн сургаар нэг иргэн 35 компанид хөрөнгө оруулаад амжчихсан байх жишээтэй. 1482 иргэн гурван аж ахуйн нэгжид, нэг компани 53 аж ахуйн нэгжид, 54 компани тус бүр гурван аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан байна. Гэрчилгээтэй боловч үйл ажиллагаа эрхлээгүй, татвар төлдөггүй аж ахуйн нэгжүүд иргэдийг бодвол их хэмжээний хувьцаа давхар эзэмших боломж харагдлаа. Монголын нийт компаниудын 59 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй болон алдагдалтай ажилладаг гэдгийг ч бодолцох хэрэгтэй. 



СОНГУУЛИЙН ШОУ БОЛООД БАЙНА

Монгол Улсын ерөнхий сайд асан, “МАК” компанийн зөвлөх Д.Содном


-УИХ-аас нэгэнтээ баталсан тогтоолоо өөрчилнө гэдэг үнэндээ өөрсдийнх нь нэр хүндэд халтай юм шүү дээ. Монголын парламентийн гаргасан шийдвэртэй галзуу хүн шиг ханддаг гэж гадныхан шоолбол яана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарахыг би зөв гэж бодож байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид маш их мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг нь аж ахуйн нэгжүүдийнхээ халааснаас гаргах боломж байхад гадныхнаас царай алдаад л байх юм. Тогтоолоо хэрэгжүүл гэж би шаардмаар байна.  Үнэндээ манай улстөрчид ард түмэндээ нэг их хайртай хүний хувьд аж ахуйн нэгжүүдийн 10 хувийг булааж тараах гээд байгаа юм биш. Ердөө л сонгуулийн шоу.  Үнэгүй юм үнэгүй л байдаг.  Хүн зүгээр өгсөн юмыг юу ч болголгүй үрэн таран хийчихдэг биз дээ. Ингээд нийгмийн халамжийг хавтгайруулаад байх юм бол ажил хийх хүн олдох юм уу даа.



АРВАН ХУВИЙГ ҮНЭГҮЙ ТАРААЖ БАЙХААР АЖЛЫН БАЙРЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
“Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ын ажлын албаны дарга Б.Аюуш


-Иргэдэд хувьцааг үнэгүй тараана гэдэг иргэдэд бэлэн мөнгө тараахтай л адилхан.  “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаадын хөрөнгийн зах зээлд гаргахад өнөөдөр мөнгө хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдээс  300 сая ам.доллар босгох боломж байхад буруу хараад зүтгээд байх юм.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй тараах юм бол улстөрчдийн шахаагаа хийдэг компани болно. Тэнд хэн юу зарж, хэн юу идэж байгаа нь хаалттай байх юм. Харин аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарвал өөр. Хувьцаат компанийнхаа хувьд  үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх юм. Ард түмэнд зүгээр мөнгө өгсөн нь дээр үү, ажлын байрыг нь бэлтгэж өгсөн нь дээр үү. Яг үнэндээ загас барьж өгөх үү, загас барих аргыг нь заах уу гэдэг л болоод байна.



АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ӨӨР АРГААР ДЭМЖИЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран


-Миний хувьд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах хэрэггүй гэж бодож байна. Аж ахуйн нэгжүүд, ард түмнийг адил төвшинд аваачих хэрэггүй. Ард иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны 20 хувийг  үнэ төлбөргүй тараахыг би хувьд зөв л үйлдэл гэж дүгнэж суугаа. Аж ахуйн нэгжүүд нь ард иргэдээсээ хувьцааг нь худалдаж авах хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ нэг ордын хувьцаа эзэмшигч болох гээд хэрүүл хийгээд, тэмцэл өрнүүлээд алаагүй баавгайн арьсан дээр зодолдох хэрэг байна уу. Аж ахуйн нэгжийн захирал ч бас л үнэ төлбөргүйгээр 1072 ширхэг хувьцаатай болно. Зах зээлийн зарчим гэж ярих дуртай хэрнээ аж ахуйн нэгжүүд өөрсдөө үлгэрлэмээр байна. Тэгвэл иргэдэд ч бас нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдаж авах эрхийг нь нээлттэй үлдээх хэрэгтэй. Аж  ахуйн нэгжийн захирал гэхээр давуу эрх эдэлдэг Архангайн нэг малчин өвгөн болохоор ард нь үлддэг байж болохгүй. Газрын хэвлий доорх байгалийн баялгаа ижил тэгш хэмжээгээр хуваарилна гэж л байгаа юм бол 10+10 гээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд өгөх ёстой. Аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих өчнөөн боломж байна. Татварын бодлогоор  дэмжиж болно.  Гадаад түншүүдтэй холбож өгч болно. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь дотоодын зах зээлд борлуулахад нь тусалж болно. Түүнээс байгалийн баялгаа хоёр өөр хэлбэлээ, хоёр өөр хэмжээгээр хуваарилж болохгүй. 


ХЭН ШАНАГАДААД, ХЭН НЬ ХАЛБАГАДАХ ГЭЖ

Монголын үндэсний жижиг, дунд  үйлдвэр эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал П.Алтан-эрдэнэ

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах асуудлыг дэмжиж байгаа. Үнэндээ үндэснай аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг хэдхэн тооны олигархиудыг л тэтгээд өнгөрнө гэсэн үг. Ашгийн хуваарилалт биш, газрын хэвлийн доорх баялгаа ард түмэндээ ижил тэгш хэмжээгээр олгож байгаа асуудал. Иргэд яагаад баян байж болдоггүй юм. Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг нэг үгээр хэлбэл иргэдээ компанитай, компанигүйгээр нь алагчилж, ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр гэж бодож байна.  Хэсэг бүлэг хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас илүү их хүртэхээр байгаа.  Зарим хүмүүс гадуур янз бүрийн яриа гаргаад байна лээ. Ялангуяа тэр “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн.  Хувьцаа үнэ цэнэгүй болно ч гэх шиг. Тийм юм байхгүй. Тэртээ тэргүй гадаадын хөрөнгийн биржүүд дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гараад эхлэнгүүт л  Монгол Улсын иргэн бүрт тараасан өнөөх хувьцаа үнэд орно. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг байж боломгүй зүйл. Аж ахуйн нэгжгүй хүмүүсийн хохь нь гэх үү. Аж ахуйн нэгж ашгийн төлөө байгууллага. Ашгийн төлөө байгууллагыг ард түмнээсээ илүү үзэж, хэсэг бүлэг нөхдүүдэд Тавантолгойн ордоос шанагадах боломжийг олгох гэж үү. Гэтэл ихэнх иргэн нь халбагадах төдийл өнгөрөх нь байна шүү дээ. Хэнд нь шанагадах боломж өгөөд хэнийг нь халбагад гэх билээ

No comments:

Post a Comment