2011/10/07

Тавантолгойн төслийг ҮАБЗ-д танилцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийсний дараа гишүүд өөр өөрсдийн чиглэлээр асуулт тавьж, хариулт авч байна. Оюутолгой, Тавантолгойн орд тойрсон асуудлын зэрэгцээ өвлийн бэлтгэл, хадлан тэжээл, хуш модны самар гээд ер нь юм юм л асууж, сэтгүүлчдийн богцыг “цоохор мэдээгээр” жинхэнэ дүүргэж өгөв.  Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд, намын бүлгүүдийн дарга нарыг цуглуулан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа 20.00 цаг дөхөж байхад Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Рио Тинто” команиуд хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр нэлээд шазруухан асуултыг Ерөнхий сайдад тавилаа.

Тэрбээр ”Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компанийн хамтарсан мэдэгдэл өчигдөр гарсан. Ерөнхий сайд хүнийхээ хувьд ганцаараа шийдэж гаргасан уу, эсвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан уу. Хоёр дахь асуулт, та хэллээ. Тавантолгойгоос иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа өгсөн гэлээ. Нэг ширхэг нь хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ. Нийт иргэдийн хэдэн хувь нь гар дээрээ хувьцаагаа авчихаад байна вэ.  Амьдаараа хэзээ хүмүүсийн гар дээрээ очих вэ” гэсэн асуултыг Ерөнхий сайдад тавилаа.

Ерөнхий сайд С.Батболд: “Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг бий. Засгийн газрын гишүүд оролцсон ажлын хэсэг байдаг. Ажлын хэсгийнхний хувьд  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолд дурдсаны дагуу Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар яриа хэлэлцээр хийх байр сууриа илэрхийлэх ажлын хэсэг байгуулж байна. Бүрэлдэхүүний хувьд мөн өргөн. Өргөтгөсөн төрийн институциудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон байгаа. Ажлын хэсгүүд эцэслэн ярилцсаны үр дүнд Ерөнхий сайд дээр ажлын үр дүн танилцагдаж хэвлэлийн мэдэгдэл гарсан. Хэвлэлийн мэдэгдэл буюу Засгийн газрыг төлөөлж мэдэгдэл хийх байр суурь эрх Засгийн газарт тэр дундаа Ерөнхий сайд ажлын хэсэгтэй зөвшилцөж, ажлын хэсгийн саналын дагуу гаргах эрх байдаг юм.

Тавантолгойн 536 ширхэг хувьцааг яаж  ажил хэрэг болгох вэ гэдэг нь бид бүгдээс  хамааралтай,  шуурхай хийх хэрэгтэй байна. Энэ ажлыг эрчимжүүлэх нь нэн тэргүүнд Монгол Улсын Засгийн газрын эрчимтэй үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Мөн түрүүн би ярилаа. Гадаадын түншүүдтэйгээр ярьж энэ том төслийг хэрэгжүүлэх ёстой.  Яагаад гэвэл Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглах талаар УИХ-ын тогтоолд бас заасан. УИХ-аас баталсан 2010 оны 39 дүгээр тогтоолд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж нэгдсэн консерциумтай хэлэлцээр хийж, дамжин өнгөрөх тээвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл,  урьдчилгаа төлбөр зэрэг асуудлуудыг тохиролцох үүрэг өгсөн. Энэ асуудлуудаар Цанхийн баруун хэсгийн талбайд гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээр хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад бид тодорхой санал зөвлөмжүүдийг авсан байгаа. Яриа хэлэлцээрийг ид идэвхитэй үргэлжлүүлж байна. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд эцэслээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө, УИХ-даа өргөн бариад ойрын хугацаанд шийдэх ёстой. Зүүн Цанхийн ажил эхлээд явж байгаа. Баруун Цанхийн үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдсэн нөхцөлд Монгол Улсын иргэд бүрэн хэмжээгээр нь 536 ширхэг хувьцааныхаа үнэ цэнийг олж авна. Одоо бол нэг дугуй нь хөдлөөгүй байна. Тийм учраас бүрэн хэмжээгээр үнэ цэнийг нь олгоод яг одоо олон улсын жишгийн дагуу бүрэн хэмжээгээр нь үнэ цэнэтэй хувьцаа болгож үнэлгээг нь эцэслэх ажлыг бид хамтдаа шуурхайлж хийх ёстой. Энэ ажил одоо ид хийгдэж байна” гэлээ.

No comments:

Post a Comment