2011/10/17
МАН Тавантолгойн асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн турш Тавантолгойн асуудлыг авч хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Одоо ч хурал үргэлжилж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол бүлгийн гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа аж. Нэг хэсэг нь нийт иргэддээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг нэмж олгох нь зөв гэж үзэж байхад нөгөө хэсэг нь УИХ гаргасан шийдвэрээсээ няцаж болохгүй, үндэсний аж ахуйн нэгждээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг нэрлэсэн үнээр нь арилжаалах ёстой гэж үзэж буй ажээ. Тус бүлгийн хувьд Тавантолгойн асуудлыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн ч нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзэн, өнөөдөр дахин хэлэлцэхээр болсон юм. Гэвч өнөөдрийн хуралдаанаас тодорхой шийдвэр гаргасангүй, ямар ч байсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Түүнчлэн холбогдох байгууллагуудаас мэргэжлийн хүмүүсийг бүлгийн хуралдаанд оролцуулж нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэсэн байр суурийг гишүүд хуралдааны үеэр илэрхийлсэн байна.
УИХ-аас 2010 оны хавар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнд зааснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаалахаар заасан юм. Мөн “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны 30 хувийг гадаад болон дотоодын зах зээлд гаргахаар тусгасан билээ. Энэ дагуу Засгийн газраас Монгол Улсын иргэн бүртээ 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Харин үндэсний аж ахуйн нэгжид “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаалах шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа юм. Учир нь улсын хэмжээнд 57 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй ч тэдгээрийн дийлэнх хэсэг нь Х тайлан гаргадаг. Ашигтай ажилладаг гэж үзэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд цаад эзэд нь 2700 хүн болчихоод байгаа. Энэ тохиолдолд хувьцааны хуваарилалт шударга бус болох тул аж ахуйн нэгжид арилжаалахаар тусгасан 10 хувийн хувьцааг 2.7 сая иргэндээ дахин тэгш хуваарилах нь илүү оновчтой шийдвэр болно хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар үзэж, хуулийн төсөл санаачилсан юм. Эл төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шатанд байр сууриа нэгтгэж чадахгүй хоёр долоо хоног дамнуулж байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргасан бөгөөд “2.7 сая иргэндээ Тавантолгойн хувьцааг нэмж олгох нь илүү шударга хуваарилалт болно” хэмээн үзэж буй билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment