2011/10/13

Тавантолгойн хэлэлцээ сонгууль хүртэл үргэлжилнэ


Оюутолгойн Хөрөнгө оруу­лал­тын гэрээний эргэн той­ронд дуулиан дэгдэж байх зуур Тавантолгойн тааварт маргаан бас үргэлжилсээр. Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлөөс голж буцаасан төслийг засч сайжруулаад энэ долоо хоногт танилцуулна гэсэн мэдээлэл гарсан ч таг чиг. Сураг сонсох нь ээ, энэ чуулганы хугацаанд амжуулж УИХ-д өргөн баривал их юм гэсэн яриа гарч байна. Гэтэл энэ зуур бас Тавантолгойн бүхий л ажилд мөрдлөгө болгон ажиллах ёстой УИХ-ын 39 дүгээр тогтоолыг ч бас өөрчилж магадгүй гэх хандлага дэгдэх. Ийн Тавантолгой ажил таавар болж байх зуур гадны хэвлэлүүд бас таамаг дэвшүүлсэн хэвээр байна. Энэ удаад  “Wall Street Journal”-д гарсан мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн эдийн засаг санхүүгийн томоохон мэдээлэгч болох “Wall Street Journal” сэтгүүлд Монгол Улс Тавантолгойн нүүрсний орд газрын олборлолтын төсөлд оролцож болох гадаадын компаниудтай хэлэлцээ хийх ажлаа энэ сард багтаан сэргээн үргэлжлүүлэхээр болж байгаа  тухай мэдээлжээ.

Тэдгээр компанийн до­тор өнгөрөгч долдугаар сард бол­сон тендерт шалгарагсдын “тоонд” багтаж чадаагүй /Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд гур­ван ялагч тодорсон гэсэн мэ­дээлэл танилцуулагдсан боловч үүнийг бас эцсийн шийд гэж үзэх аргагүй гэж холбогдох ал­ба­ныхан тайлбарлаж бай­гаа. Эндээс үүдээд Япон, Өмнөд Солон­госын тал өөрсдийг нь учир битүүлгээр жагсаалтаас хассан гэсэн маргаан дэгдээж, харин монголчуудын хувьд техникийн алдаа гарсан гэсэн тайлбар тавьсан билээ. ред/ Японы бо­лон Өмнөд Солонгосын зарим компаниудтай ч мөн хэлэлцээ хийх юм байна.

Харин шинээр хийх эд­гээр хэлэлцээ олон са­рын хугацаатай үргэлжлэх болол­той гэж  “Wall Street Journal” сэтгүүлд дурдсан ажээ. Мөн Монголын нэгэн албан  ту­шаалтны хэлснээр бол эдгээр хэ­лэлцээг Монголын пар­ламентын сонгууль явагдах ирэх оны зургадугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ.

Нийт нөөцийн 40 хувь нь өндөр илчлэг бүхий 6.5 тэрбум тонн чулуун нүүрсний орд болох Тавантолгойн баруун хэсэгт олборлолт явуулах эрхийг дээрх хэлэлцээнд оролцогч гадаадын компаниуд авах боломжтой гэж энэ өгүүлэлд дурджээ. Мөн энэхүү “Wall Street Journal” сэтгүүлийн өгүүллийг сайтдаа орчуулж тавьсан Оросын эх сурвалжууд Тавантолгойн тен­дерийн шалгуур нь оролцогч гадаадын компаниас зөвхөн ол­бор­лолт явуулахыг шаардаад зогсохгүй Тавантолгойгоос Сайн­шанд хүртэл 400 км урт, 1520 мм өргөнтэй буюу орос стандартын төмөр замыг барьж одоогийн УБТЗ-ийн сүлжээнд нэгтгэхийг болзол болгож байгаа гэсэн байна.

Оросын РЖД нэгдлээр удир­дуулсан олон улсын консорциум (үүнд БНСУ-ын “Korean resources Corporation” болон Японы “Itochu”, “Sumitomo” группууд оролцож байгаа аж.) энэхүү төмөр замын шинэ шугамыг барьж өгөхөөс гадна Монголын УБТЗ-ын техникийн боломжийг шинэчлэн, олборлосон нүүрсийг хил давуулах боломжийг олгох төмөр замын шинэ технологийг нэвтрүүлэх саналуудыг Мон­голын талд тавьсан байна. Үүнээс гадна Оросын Алс Дорнод дахь усан боомтын хүчин чадлыг ашиглуулах саналыг ч мөн тавьсан гэж Оросын сайтуудад бичжээ.

No comments:

Post a Comment