-Тавантолгойн гэрээний төслийн талаар ТУЗ ойрын үед хуралдсан уу. Гэрээний төсөлд баруун Цанхид хууль зөрчсөн асуудал байна гэж мэдэгдэж байсан. Энэ тухайгаа тодруулна уу?
-Ойрд хуралдаагүй. Баруун Цанхид хууль зөрчсөн хэд хэдэн асуудал гарсан. Үндсэн хуульд нийцэхгүй байна. Үүнийгээ буцаагаач, ҮАБЗ-өөр авч хэлэлцэх талаар саналаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт бичгээр өгсөн. Дахин шинээр хэлэлцэж байгаа байх. УИХ-д оруулж ТУЗ-д танилцуулж ҮАБЗ-д оруулж хэлэлцүүлэх ёстой хүлээгээд сууж байна.
-Тавантолгойн гэрээний шинэ төсөл ямар хэлбэрээр хийгдвэл Монголын ард түмэнд ашигтай гэж та бодож байна вэ?
-Нэг улсын оролцоо хэт давамгай байх нь манай улсын аюулгүй байдалд хортой. Өмнөх төсөлд нэг улсын оролцоо хэт давамгай байсан. Энэ бол маш аюултай. Манай ашигт малтмалын зах зээл нэг улсаас хараат байх хандлага руу ялангуяа нүүрсний зах зээл рүү хэлбийж байна. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол Монголын тал 51 хувийг эзэмшинэ гэсэн хуультай.
Энэ талаар тухайн үед нь хэвлэлийн бага хуралд 5-6 үндэслэлээр тайлбарлаж мэдэгдэж байсан. Монголын ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Баруун Цанхийн аравхан хувийг "Эрдэнэс Тавантолгой"-д хуваарилахаар төсөлд тусгагдаж байсан. Миний хувьд 51 хувиас дээш гэсэн саналыг хараат бус гишүүний хувьд тавьж байв. Мөн хуваахгүй байх талаар саналаа өгч байсан. Гэтэл хуваасан шинжтэй болж, иргэдэд очих хувь багассан. Одоо энэ бүгд засагдах байх.
-Стратегийн орд төрийн хамгаалалтад байх ёстой. Яаж хамгаалах юм бэ?
-Стратегийн ач холбогдолтой орд бол төрийн мэдлийн байна гэж үндсэн хуульд тусгасан. Энэ бол өрөөсгөл юм. Цаашдаа ард түмний мэдлийн Монголын эзэмшилд байвал зүгээр. Ганцхан төр эзэмшинэ гэж болохгүй. Ер нь төр бүх юм руу хутгалдах сайн зүйл биш. Төрийн болон хувийн компаниудын тэр дундаа Монголын талд давуу мэдэл нь байгаасай гэж би боддог. Хяналтын багц сайн байгаасай гэж хүсдэг. Манай хууль эрх зүйн орчин бүрхэг, тодорхойгүй олон заалттай. Үүн дээр нь гадны хөрөнгө оруулагч нар тоглодог. Цөөн хэдэн хүмүүст давуу байдал үүсгэдэг хуулийн цоорхой, хийдүүлэлт их байгаа. Хууль эрх зүйн орчноо өөрчилье. Яагаад 51 хувьд хүрэхгүй байгаа юм гэхээр хуулийн цоорхойд л асуудал байна.
-Тухайлбал, ямар цоорхой байгаа юм бэ?
-Оюутолгойд гэхэд 51 хүртэлх хувь гээд байгаа. 34 хувиас доошгүй хувь гээд иймэрхүү тодорхойгүй заалт байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар 34 хувийг 44 болгож болох. Яаж ч өөрчилж болохоор заалт. 51 хувийг зааж өгөх, хамгийн багадаа 51 гэдэг ч юм уу тодорхой болгох хэрэгтэй. Австрали, Чили улсын уул уурхайн бодлого маш чанга. Тухайн орд газрын 51-ээс дээш хувь нь ард түмнийх нь мэдэлд байдаг зарчимтай.
Оюутолгойгоос дөнгөж хоёрхон хувь нь ард түмэнд ирэхээр байсан. Бид шаардаж байж 34 хувь болгож байлаа. Одоо үүнийг улам баталгаажуулах асуудал яригдаж байна. Энэ 34 хувь бас эргэлзээтэй. Хувьцаат компанийн 34 хувь биш, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34 хувь. Компанийн үнэлгээ тодорхой биш байхад бодит баялаг биш. Өөрөөр хэлбэл, "Айвенхоу майнз" компанийн 34 хувийг эзэмшиж байсан бол Монголчууд ямар баян байх байв. Илүү их бодит баялагтай байна гэсэн үг.
-Ер нь хоёр толгой Монголчуудыг бүрэн тэжээгээд аваад явчихна гэсэн ойлголт их түгээмэл боллоо. Хоёр намын сонгуулийн амлалтыг уул уурхайгаас олсон орлогоос хувь хишиг тараана гэсэн шүү дээ?
-Тавантолгой, Оюутолгойгүйгээр улс орон хөгжиж болохгүй гэсэн ойлголт хаана ч байхгүй. Газрын баялаггүй атал өндөр хөгжсөн орнууд олон бий. Уул уурхайн халууралд хэтэрхий автах хэрэггүй. Хөгжлийн гарааны мөнгөө олж авах нь зайлшгүй. Гэхдээ бизнесийн бусад салбараа орхигдуулж болохгүй.
Улс төрчдийн сонгуультай холбоотой амлалтаас бий болсон бэлэн мөнгө тараахаас татгалзах хэрэгтэй. Ард түмэн ашигт малтмалын үр шимээ зөв хэлбэрээр хүртэх ёстой. Нийгмийн халамж руу өгөхөөс илүүтэй боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хийх ёстой.
Энэ чиглэл рүү биш Хүний хөгжил сан руу мөнгө хийнэ гэдэг улс орон дампуурлын ирмэг рүү явж байна гэсэн үг. Үнэгүй юм гэдэг үнэ цэнэгүй болгодог. Үнэ цэнэтэй амьдармаар байна. Хүний хөгжлийн сан гэдэг хүнийг хөгжилгүй болгодог сан юм. Уул уурхайгаас орж ирсэн мөнгийг буруу хуваарилснаас уул уурхайн халуурал бий болж байна.
No comments:
Post a Comment