Хятадын хөнгөн цагааны магнат, төрийн өмчит “Чайналко” компани ирэх гурван жилийн хугацаанд Монголын Тавантолгой уурхайгаас жилд 15 сая тонн буюу нийтдээ 45 сая тонн нүүрс авна гэж өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ.
“Эрдэнэс МГЛ” компани нь Хятадын “Чайналко” компанитай өнгөрсөн долдугаар сарын 26-нд таван жилийн хугацаатай борлуулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний хүрээнд Монголын тал “Чайналко”-гоос урьдчилгаа төлбөр болгон 250 сая ам.доллар авсан бөгөөд уг төлбөрийг төлж дуустал нүүрсээ урагш нь тонн тутмыг нь 70 ам.доллараар тооцон гаргахаар болоод буй юм.
Ийнхүү Зүүн Цанхиас наймдугаар сарын 4-ний өдрөөс коксжих нүүрс урагш нь экспортолж эхэлсэн билээ.
Мөн “Чайналко” худалдаж авсан нүүрснийхээ 30 хувийг нь Японы “Иточу”, “Мицүи” болон Солонгосын “Корес” компанид худалдах үүрэг хүлээсэн юм.
Монголын Засгийн газар Тавантолгойн Зүүн Цанхийн хэсгийн олборлолтыг гэрээт олборлогч “Макмахон”, “ББМ Оперта” зэрэг компаниар гүйцэтгүүлэхээр болж, олборлолтыг ирэх арванхоёрдугаар сард эхлүүлэх гэж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-ийг ирэх оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх төлөвтэй байна. Зарим санхүүгийн шинжээч Тавантолгой ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой" компанийн зах зээлийн нийт үнэлгээ 6-10 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна.
No comments:
Post a Comment