АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны газрын Худалдаа дэмжих асуудал хариуцсан Дэд сайд Сүреш Кумар Монголд айлчлах гэж байна. Тэрбээр манай улсад Америкийн уул уурхайн томоохон компаниудын төлөөлөгчдийн багтай ирж Монголын уул уурхайн салбар, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцаж, холбоо тогтоох зорилготой аж. Америкийн Дэд сайдын айлчлалын бизнесийн бүрэлдэхүүнд Appalachian Regional Commission, ConveyWeigh LLC, General Electric, Geonano Technology Corporation, Kanawha Scales and Systems Inc. , Kress Corporation, Peabody Energy, Phillips Machine Service Inc., Rio Tinto компаниудын төлөөлөгчид багтжээ.
Реabody Energy нь Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтад оролцож байгаа бол General Electric нь Улаанбаатарт салбараа нээгээд удаагүй. Дэлхий дахинаа GE нэрээрээ танил болсон тус компанийнхан Монгол улсад төрөл бүрийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Дэд сайд Монгол улсад аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд ажиллана. Ерөнхийлөгч Обамагийн багийн нэг гишүүн тэрбээр олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн, дэлхийн цөөнгүй улсад ажилласан арвин туршлагатай.
АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны газрын Худалдаа дэмжих асуудал хариуцсан Дэд сайд, АНУ болон Олон улс дахь худалдааны Төлөөлөгчийн газрын Ерөнхий захирал Сүреш Кумарыг Ерөнхийлөгч Обама нэр дэвшүүлж, Сенатаас санал нэгтэйгээр энэхүү албан тушаалд томилсон. Уг албан тушаалынхаа хүрээнд тэрбээр АНУ -ын олон улс дахь Худалдааны төлөөлөгчийн газруудыг ахалдаг. Олон улсын Худалдааны төлөөлөгчийн газрын сүлжээ нь өдгөө өргөжин тэлж АНУ-д 109, дэлхийн 77 оронд 127 оффис ажиллуулдаг. Тус газар нь АНУ-ын Засгийн газрын худалдааг хөхиүлэн дэмжих бодлогын гол тулгуур бөгөөд Америкийн бизнесүүдэд олон улсын зах зээлд өрсөлдөж тэргүүлэх боломж бий болгох зорилгоор тухайн компанид нийцсэн шийдэл, дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.
Обамагийн Засгийн газарт алба хашихаасаа өмнө Сүреш Кумар гуч гаруй жил олон улсын бизнес, зөвлөгөө өгөх ажлууд болон менежментийн боловсролын профессор, сургагч багш зэрэг ажлыг хийж иржээ. Ноён Кумар Америкийн томоохон корпорациудын гадаад орон дахь салбаруудыг удирдаж ирсэн ба дэлхийн бүх тивд бизнесийн үйл ажиллагаа хариуцан ажилласан. 1999-2003 онд “Жонсон ба Жонсон” компанийн Олон улсын өргөн хэрэглээний эмийн бизнесийн хэсгийг толгойлж, тус корпорацийн Үйл ажиллагааны зөвлөлийн гишүүн байсан.
Тэрбээр хөгжиж буй зах зээлийн бизнесийн талаар өргөн мэдлэгтэй, хамтын ажиллагаа тогтоох, бизнест оролцогч талуудын итгэлийг бэхжүүлэх чиглэлээр шинэчлэлт өөрчлөлт хийсэн нь Засгийн газартаа өндрөөр үнэлэгддэг.
Билл ба Мелинда Гейтсийн Сан, Африкийн Хөгжлийн банк болон Африк дахь Ногоон хувьсгалын холбоо зэрэг байгууллага, корпорациудад Зөвлөхөөр ажиллажээ. 2006-2007 онд тэрбээр Клинтоны санд Тусгай зөвлөхийн алба хашсан ба Африкийн Сахарын орнуудын Засгийн газартай хамтран ажиллаж, тус бүс нутагт эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд фермер болон зах зээлд ээлтэй хөтөлбөр, бизнесийн моделийг бий болгох зорилгоор компанийн захирлуудтай хамтран ажилласан туршлагатай.
No comments:
Post a Comment