2011/10/10

“Эрдэнэс Тавантолгой”-н данс яаравчлан нээлгэх шаардлагагүй

“Эрдэнэс Тавантолгой”-н данс яаравчлан нээлгэх шаардлагагүй
Монголын хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой зөвлөмжийг өөрийн веб сайтдаа нийтэлжээ.

“Тавантолгойн хувьцааны дансаа 5000 төгрөгөөр нээлгээрэй” гэсэн утгатай сурталчилгаа хэвлэл мэдээллээр цацагдаж байгаатай холбогдуулан хариу тайлбар өгөв.

Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 536 гаруй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Хөрөнгийн биржээс “Тус компани нь одоогоор олборлолт, экспортын үйл ажиллагаа дөнгөж эхлэх шатандаа явж байгаа бөгөөд томоохон бүтээн байгуулалт хийгдэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна.

Мөн эл компанийн дүрмийн сан болон ордын үйл ажиллагаа албан ёсоор батлагдаж хувьцааны нэрс нь тодорхойгүй байгаа тул үнэт цаасны арилжаа явагдаж эхлээгүй”-г мэдэгдлээ. Иргэд Монголын хөрөнгийн биржийн диллерт хандан данс нээлгэх шаардлагатай бөгөөд уг дансаар аль ч компанийн үнэт цаасыг худалдах, худалдан авах боломжтой гэв.

Иймд заавал “Эрдэнэс Тавантолгойн данс” гэсэн тусгай данс байхгүйг хэллээ. Эл компанийн хувьцаа нь гадаад, дотоодын хөрөнгийн биржүүд дээр арилжигдаж эхлэн, ордын олборлолт үйл ажиллагаа нь жигдрэн, ард иргэдийн хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэгийг дээшлүүлэх ажлыг шат дараатай хийсний дараа хувьцаа арилжах эрх нээгдэх аж.

No comments:

Post a Comment