2011/10/03

Баруун Цанхийн хэлэлцээрийн явц


Тавантолгой ордын Баруун Цанхид олборлолт явуулах Консорциумын олон улсын тендерийн хэлэлцээр хэрхэн үргэлжилж буйг дэлхий сонирхож байна. Ингэж гэнэ, тэгсэн сурагтай гэх таамгаас Блүүмбергийн мэдээ ч хэтрээгүй, Монголын сэтгүүлчдийн үзмэрдэлт ч ялгараагүй.

Долдугаар сарын 04-ний  Засгийн хуралдааны мэдээгээр 40:24:36 гэсэн хуваарилалтыг зарласны дараа гадаадын хөрөнгө оруулагчидтай Монголын Ажлын хэсэг нэг удаа уулзжээ. Энэ зуны ганц уулзалтаас элдэв үр дүн гараагүй, тун ерөнхий товч агуулгатайгаар өндөрлөжээ. Үргэлжилсэн хугацаа нь ч товч болоод тодорхой байсан аж. Баруун Цанхийн нүүрсийг ухаж, борлуулахаар зэхэж буй Хятад, Америк, төмөр замаар тээвэрлэхээр хүлээж байгаа Оросын компаниуд зуны уулзалтад төлөөлөгчдөө оролцуулсан ба ерөнхийдөө Монголын тал өөрсдийнх нь өмнөх саналд хэр нааштай хандахыг тандах төдий уулзсан гэж хэлж болно.

Хятадын “Шинхуа Энержи”, Америкийн “Пибоди Энержи” нар нь Баруун Цанхийн коксжих нүүрсийг олборлогч болохоор өөр хоорондоо хүчтэй өрсөлдөгчид. Тавантолгойн олон улсын тендерт эхлээд хамт орж ирсэн боловч төдөлгүй  хуваагдаж салсны учир нь хэн олборлох вэ гэсэн өрсөлдөөнөөс үүдэлтэй. “Пибоди” зуу гаруй жилийн баялаг туршлага, дэлхийн шилдэг технологи ба монголчуудын гурав дахь хөршийн эрмэлзэлд туйлаас найддаг. Харин “Шинхуа” арван таван жилийн уул уурхайн туршлагаа нимгэн хөнгөн гэж голдоггүй, гол нь зах зээлийн эзэн, басхүү Хятадаар нэвтрэн гурав дахь зах зээлд хүрэх төмөр замын сүлжээний босс гэсэн итгэлээ хатуу өвөртөлжээ. Нэг үгээр хятадууд 40 хувьдаа сэтгэл хангалуун байгаа. Харин Монголын Засгийн газрын Ажлын хэсэг дээрх 40:24:36 хуваарилалтыг зүгээр л урьдчилсан тоо, дахин өөрчлөгдөх боломжтой гэж зарласнаас хойш хөрөнгө оруулагчдын хэлэлцээрт хэд хэдэн төлөөлөгчтэйгээр сүртэй морилон ирдэг болсон байна.

Оросуудын хувьд олборлолтоос хол, Ванино хүртэл төмөр зам барина гэдэг одоогоор үлгэр. Хятадууд мөнгө зээлдүүлбэл зам барина гэсэн маягтай зүйл ярихад бэлэн. Хэлэлцээрийн ширээний ард В. Морозов эрхэм морилон ирдэг ба “Дэд бүтцийн хөгжил” нэртэй Монгол-Оросын хамтарсан компанийн Гүйцэтгэх захирал. “Махны Морозов” алдраараа монголчуудад танил болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг өмнөө бариад хэлэлцээрт сууж буй тул өөртөө хэт итгэлтэй. Иймэрхүү хүсэл сонирхолтой бүрэлдэхүүн Монголын талын Ажлын хэсэгтэй өнгөрсөн зуны уртад нэгэнтээ нүүр тулсан ба эрхмүүд манай удирдагчдыг байр сууриа нэгтгэх эсэхийг бас тандаж байгаа бололтой. Ажлын хэсгийг тэргүүлж буй Ч. Хүрэлбаатар даргын хувьд Монголын ашиг сонирхлыг давтан илэрхийлж, хэлэлцээрийн дүнд нааштай өөрчлөлт оруулахыг чармайж байна. Том гүрнүүдийн ихэмсэг төлөөлөгчдийн өмнөөс жижигрэхгүйг  чармайсан хэвээрээ. Гэвч Тавантолгой ордын Баруун Цанхийн хэлэлцээрт ямарваа ахиц гараагүй байна.

Одоогоор сонсогдож буй нэг хувилбар нь Консорциумуудад гологдоод, хөлд нь чирэгдээдяваа БНСУ, Японы компаниудыг Америкийн “Пибоди”-д дайх санаачлага гарсан, түүнийг нь “Пибоди” хүлээн авах бололтой. Солонгос, Японы тэргүүлэх компаниуд нь тэртэй тэргүй Хятад, Оросын хувьд өрсөлдөгчид, бизнесийн соёл нь ч таарч тохирохгүй учраас өөрсдөө мөн америкуудыг бараадах санаачлага гаргасан байж болох. “Пибоди” өмнөх хэлэлцээрүүдэд 33+33+33 гэсэн хуваарилалтад найдсан байж болзошгүй. Үлдэх 1 хувийг Алтан хувьцаа буюу саналын бүхий л эрхтэй, хаалт квотын мэдэлтэйгээр Монголын Засгийн газар эзэмших хувилбар анх сонсогдож байсан удаатай. Түүнчлэн 30+30+30 хэмээх хувиар  ОХУ, Хятад, АНУ оролцоогоо хангаж, Монголын талд10 хувь ногдох хуваарилалт байж болох тухай мэргэжилтнүүд өгүүлж асан боловч манай тал 10 хувьдаа тохирох мөнгө гаргаж чадахгүй гэсэн болгоомжлол бас гарсан юм.

Баруун Цанхийн хэлэлцээрт орж буй компаниуд ийнхүү өөр өөрийн хуваарилалтын томъёог хэлж байна. Эхний хэлэлцээрийн үед буюу энэ оны гуравдугаар сард ОХУ, Хятад, АНУ бүгд тус тусдаа “51 ба...” томъёолол зүтгүүлж, манай талд томорсон удаатай.  Бүгдээрээ 51 хувийг авна гэж анх зүтгэж байснаа бодвол одоо арай даруу байх болсон. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх зүг чигийг Орос, Хятадын удирдагчид жаахан зөөллөж өгвөл хэлэлцээр урагшлах магадлалтай. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ирэх жилийн сонгуульд В. Путин дахин нэр дэвшиж буй явдал нь хойд хөршийн байр суурь зөөллөх бус, бүр төвөгтэй болгож мэдэхийг сануулдаг. “Махны Морозов” хэлэлцээрийн ширээний ард ганцаараа тун бардам суудаг байсан бол одоо бүр том том санал хэлж мэдэх нөхцөл аажмаар бүрдсээр байна.

No comments:

Post a Comment