Харин сүүлийн үед Монголын төр засаг, эрх мэдэлтнүүд хөлөө жийж, гараа хумхихгүй байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногийн турш хэд хэдэн улсын төлөөлөгчид ТӨХ-ны даргын өрөөг сахин, бичиг цаас барьж гүйлдсэн нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцсэн байж магадгүй гэх битүүхэн горьдлого төрүүлэв. Үүний мөрөөр тандвал энэ сарын 18-21-ний хооронд Тавантолгойн талаар үнэхээр яриа хэлэлцээр болсон аж.
БНХАУ, ОХУ-ын хамтарсан нэгдэл, АНУ, Япон, Өмнөд Солонгосын нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХХК гэсэн талууд тус тус 33 хувь эзэмших санал гарсныг хэвлэлүүд бичээд эхэлжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Б.Энэбиш “Би энэ талаар мэдэхгүй. Одоог хүртэл хэлэлцэж байна” гэсэн хариу өгсөн юм.
Харин ТӨХ-ны Л.Сугарын хэлснээр, хэдэн хувийг, хэрхэн хуваарилах шийдвэр удахгүй гарах магадлалтай байна. Тавантолгойн Зүүн Цанхид гэрээт олборлогчоор ажиллах “Macmahon”, “BBM Operta” гэсэн талуудтай 500 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулсан. Албаныхны мэдэгдсэнээр эхний жилдээ нэг сая тонн нүүрс олборлож, үйл ажиллагаа жигдрээд эхэлбэл жилдээ 15 саяыг олборлох гэнэ.
Харин тэдний олборлосон нүүрсийг Хятадын төрийн өмчит “Чайнолко” компани экспортлох гэрээ байгуулчихсан. “Эрдэнэс Тавантолгой” ХХК 250 сая ам.долларын зээл авч, түүнийгээ төлж дуустал коксжих нүүрсээ тонн тутмыг 70 ам.доллараар нийлүүлэх үүрэг хүлээв. Ийнхүү Зүүн Цанхи дахь олборлолтын болон экспортын ажил ирэх онд эхэлж, 3.57 сая тонн коксжих нүүрсээ бэлэглэх шахам хямд үнээр Хятадад өгөх болсон билээ.
Түүнчлэн Тавантолгойн баялгаас хүртэж чадахгүй нь хэмээн халаглаж байсан Япон, БНСУ ч хоосон үлдсэнгүй. “Чайнолко” компани олборлосон нүүрснийхээ 30 хувийг Японы “Мицүй”, “Иточү” болон БНСУ-ын “Корес” компанид худалдах үүрэг хүлээсэн. “Эрдэнэс Тавантолгойн” ХХК, ТӨХ-ны албаныхан ажлаа явуулаад л байна.
Харин УИХ-аас гарсан бодлого, шийдвэрт асуудал үүсч мэдэхээр байна. Тавантолгой ордыг ашиглахтай холбоотой УИХ-ын 39 дүгээр тогтоол 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдсан. Энэхүү тогтоолын 2.а-д зааснаар Монгол Улсын иргэдэд Тавантолгойн хувьцаанаас 10 хувийг буюу иргэн бүрт 536 ширхэг хувьцаа үнэгүй олгох болсон.
Мөн тогтоолын 2.б-д зааснаар хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр Монголын үндэсний аж ахуй нэгжүүдэд тэгш хуваарилан эзэмшүүлнэ гэжээ. Монголын ард түмэн Тавантолгойгоос хувь хишиг хүртэх нь гээд хөөрцөглөж, үндэсний аж ахуйн нэгжүүд ч гадныхнаас дутахгүй нь гээд томорч байлаа. Гэтэл ийнхүү нэг жил хөөрцөглөж, хөөрөлдсөний дараа УИХ-ын гишүүд тогтоолоо эргэж харъя хэмээцгээв.
Эхний хэсэг нь ард иргэд, үндэсний аж ахуй нэгжид тус тус 10 хувийг биш, ард иргэдэд нийт 20 хувийг өгчихье гэж өгөөмөр загналаа. Тэдний үзэж буйгаар “Үндэсний аж ахуйн нэгж гэсэн тодорхойлолт байхгүй. Монголд 53 мянган аж ахуйн нэгж байдгийн 23 мянга нь татвар төлдөг. Тэдгээрийн ард ердөө 2700 гаруй эзэн байгаа гэнэ. Тэгэхээр 2700 хүнд 10 хувийг өгснөөс 2.7 сая иргэндээ 20 хувийг тараая” хэмээв.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад ийм шийдвэр гаргасан. Нөгөө хэсэг нь үндэсний аж ахуй нэгжээ дэмжиж, хуваарилах 10 хувийг хэвээр байлгая гэжээ. Тэдний үзэж буйгаар ард иргэддээ хувьцаа тараах нь бэлэн хоол өгч байгаатай адил бөгөөд эдийн засагт ч муугаар нөлөөлж байгаа аж. 10 хувийг аж ахуйн нэгжид олгох нь гадаад, дотоодыг алагчлалгүй үзэж, иргэдэд бэлэн хоол өгөх бус ажлын байрыг дэмжиж байгаа хэрэг гэнэ.
Тэд “Татвар төлдөг эсэхийг нягтлан тогтоогоод, зарим нэмэлт зүйлийг тусгаад өгвөл аж ахуйн нэгжид 10 хувийг өгч болно” хэмээн үзэж байгаа аж. Моодонд орж, Монголчуудын анхаарлыг татаад байгаа “Монгол 999” үндэсний нэгдэл өөрсдийн дуу хоолойг хэдэнтээ илэрхийлээд амжсан. Тэд өөрсдийнхөө боломжийг үнэлж үзээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санал гаргасан.
Уг саналаа хоёронтаа тавьсан ч ямар ч хариу өгөлгүй өдийг хүрчээ. “Монгол 999“ үндэсний нэгдэл аргаа барсандаа Тавантолгойгоо орхиод нөгөө “толгой” уруу зүтгэж эхэллээ. Тэд Оюутолгойн хувьцаанаас 16 хувийг нь 416 сая ам.доллараар худалдан авах саналыг “Оюутолгой” ХХК-д дэвшүүлсэн. Тавантолгойн асуудалд хошуугаа нэмэх бас нэгэн төлөөлөл гарч ирсэн нь “Шинэ өөрчлөлт холбоо” ТББ юм.
Дэлхий даяараа хүлээн зөвшөөрч, ашгаас хүртэх гээд тэмцэлдэж буй Тавантолгойн ордын ашгийн тооцоог тэд хялбархан аргаар тооцож, бидэнд хүргэн тус боллоо. Хэдэн тэрбумаар яригдах нөөцтэй, дэлхий лидерүүдийг шууруулсан Тавантолгой маань хэдхэн төгрөг ч хүрэхгүй хэмээн тус холбооны ерөнхийлөгч Д.Даваадорж хэлсэн.
Нэгж хувьцааны ногдол ашиг жилд хоёр төгрөг 93 мөнгө. Үүнийгээ 536 ширхэгээр үржүүлэн тооцвол монгол иргэн жилд 1570 төгрөг авна гэсэн тооцоог гаргасан юм. Үүгээр зогсохгүй тэд “Монгол 999” үндэсний нэгдлийг дагаж, “Тавантолгойн хувьцаанаас татгалзаж, оронд нь Оюутолгойн хувьцааг эзэмшье” хэмээн дүүлж эхэллээ.
No comments:
Post a Comment