2011/12/15
”Улс төрийн шийдвэрүүд Тавантолгойн IPO-д нөлөөлнө”
Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэдэг уул уурхай, эдийн засгийн “Хөгжил” хөтөлбөр энэ удаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-гийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, MICC Хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ нар оролцлоо.
Бидний урилгыг хүлээн авч Mongolian Mining Journal сэтгүүлийн редакц, “Хөгжил” студид хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Эхний асуултаа “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишид тавья. “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын биржүүд дээр IPO хийх бэлтгэл ажил ямар явцтай байна вэ? Сүүлийн үеийн мэдээллээс хүргээч?
Б.Энэбиш: Уурхайн олборлолттой холбоотой ажил ид жигдрээд явж байна. Нүүрсээ экспортод гаргаж эхэллээ. Нүүрсний борлуулалтаасаа 250 сая долларын урьдчилгаа төлбөр авч, Хүний хөгжил санд төвлөрүүлсэн. Гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах бэлтгэл үйл явц идэвхтэй явж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд “Голдмэн Сакс”, “Дойче Банк”, “Би Эн Пи Парибас”, “Макуэри” гээд 4 банк болон татвар, аудит, хуулийн гээд нэлээд олон зөвлөхтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газраас аль бирж дээр гарах болон хувьцаа арилжаалах компанийн бүтэц ямар байх талаар шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10-20 хувийг манай хуулийн дагуу Монголын Хөрөнгийн бирж дээр, үлдэж байгаа 80-90 хувийг багцлаад Англид бүртгэлтэй компани байгуулан Лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг арилжаалах нь зүйтэй гэсэн ерөнхий удирдамж өгсөн. Энэ чиглэлээр компанийн нягтлан бодох бүртгэл, санхүү, хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдад танилцуулах үндсэн бичиг баримтууд гээд маш их зүйл бэлдээд зав муутай байна. Ид бэлтгэлийн үедээ явж байна. Энэ ондоо багтаад Хонконг, Лондонгийн биржид хүсэлтээ гаргана. Хонконгийн хөрөнгийн бирж рүү зарим баримт бичгээ явуулсан. Ирэх оны дөрөвдүгээр сард багтаагаад хувьцааныхаа арилжааг эхлүүлэхээр ажиллаж байна.
Ирэх хоёрдугаар сарын нэгнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10, магадгүй 20 хувийг нэрлэсэн үнээр нь нийт нэг сая төгрөгийн үнийн дүнд хүргэж, Засгийн газар өөрөө мөнгөжүүлнэ гэж байна. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гарч байгаа хэрэг гэж ойлгож болох уу? Мөн нэрлэсэн үнээр гэдгийг тайлбарлаач?
Б.Болд: Эхлээд жаахан залруулга, тодруулга хийж, одоо яригдаж байгаа зүйл дээр нэмэлт өөрчлөлт засвар оруулах магадлал өндөр байна. Нягтлан бодогч, татварын байцаагч нар нэрлэсэн үнэ, зах зээлийн үнэ хоёрын ялгааны талаар тодорхой ойлголттой байгаа. Асуудал юү гэж үүсч байна вэ гэхээр нэрлэсэн үнэ нэг төгрөг, нэг цент ч байж магадгүй. Үүнийг нягтлан бодох бүртгэгч нар л тогтоодог. “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation тухайн үедээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч байхдаа 70-аад сая ам.долларын нийт хөрөнгөтэй байсан шиг санагдаж байна. Нягтлан бодох бүртгэлийн хувьд нийт үнэлгээ нь шүү дээ. Харин нийт хувьцааных нь зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам.доллар, босгосон мөнгө нь 650 сая доллар болсон. Тэгэхээр хувьцааныхаа нэрлэсэн үнээр ингэнэ тэгнэ гэж ярихаас өмнө Засгийн газар, Сангийн яамнаас мэргэжилтнүүд тодорхой өөрчлөлтийн саналууд оруулж ирэх байх. Тэгж байж энэ процесс явна. Түүнээс биш өнөөдрийн яригдаж байгаа томьёолол дээр нэмэлт боловсруулалт шаардлагатай нь харагдаж байна. Үүн дээр ойлголтын зөрүү байгаа юм. Харин үүнийг Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийж байна гэж ойлгож болохгүй. Яагаад гэхээр бидний ойлголтоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн Англид бүртгэлтэй компани Лондон, Хонконгийн бирж дээр хувцьаагаа гаргасны дараа монголчуудын гар дээр байгаа хувьцааны арилжаа явагдана. Яагаад гэхээр олон улсын зах зээл дээр анх удаа манай стратегийн орд дэлхийн зах зээлийн үнэлгээнд хүрэх гэж байна. Тиймээс энэ нь тэгж яаран шийдвэрлэх асуудал биш.
“Эрдэнэс Тавантолгой” IPO хийнэ гэж бараг жил гаруй яригдлаа. Олон нийтийн дунд нэгж хувьцааны үнэ хэд байх бол гэсэн хүлээлт бий. УИХ дээр 10-20 хувийн хувьцаа нэг сая төгрөг гэж яригдаж байгаа нь нэгж хувьцааны үнийг бараг тогтоочихож байгаа юм биш үү? Нөгөө хөрөнгө оруулалтын банкууд, зөвлөхүүдийн ажлыг УИХ, Засгийн газар хийчихэж байна гэж харагдаад байна?
Б.Болд:
Мэдээж манай ардчилсан нийгэмд хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь зөв. Гэхдээ үзэл бодол, мэргэжлийн зөвлөгөө хоёр тэс өөр зүйл шүү дээ. УИХ-ын 76 гишүүн маань Тавантолгойн 76 зөвлөх болчихоод хувьцааны үнэлгээ гаргаад сууж байгаа бол буруу ажил хийж байна. Тэр үнэлгээ хийдэг газар нь банкууд, зөвлөхүүд. Үнэлгээ ямар байх нь тухайн үеийн зах зээлийн эрсдэлээс хамаарна. Ерөнхий тэдээс тэдийн хооронд байх болов уу гэсэн багцаа гарна л даа. Гэтэл өнөөдөр дэлхийн эдийн засаг ямар байдалтай байна? Төмрийн үнэ Хятадад унаж байна. Төмрийн үнэ унаж байна гэдэг коксжих нүүрсний үнэ унана гэсэн үг. Хятадын жилд үйлдвэрлэдэг 600 сая тонн төмөр ойролцоогоор 900 сая тонн төмрийн хүдэр, магадгүй 700 сая тонн коксжих нүүрс хэрэглэж байгаа байх. Төмрийн үнэ унана гэдэг түүнд хэрэглэж байгаа түүхий эдийн үнэ унахыг харуулж байгаа хэрэг. Тийм болохоор тухайн үеийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн байдал, Европын хувьцаануудын зах зээлийн уналт гэх мэтчилэн олон хүчин зүйл гарч ирэх учир өнөөдөр хувьцааны үнэ яг тэдэн төгрөг байна гэж үнэлэх нь боломжгүй зүйл. Яахав багцаа тооцоо бол байгаа.
Бас нэг зүйл хэлэхэд бирж дээр хувьцаагаа гаргахад олон улсын үнэт цаасны зах зээлийн хууль норматив гэж байдаг. Тэрэнд урьдчилсан байдлаар үнэт цаасны үнийн хөөрөгдлийн хүлээлт үүсгэж болохгүй гээд нарийн заачихсан байдаг. Тийм болохоор хувьцааны үнийн талаар банкууд ямар ч үг хэлэх боломж байхгүй. Хэлчих л юм бол тэр үнэ нь хүлээлт үүсгэчихдэг. Магадгүй доогуур, эсвэл дээгүүр үнэ хэлчихвэл асуудал үүснэ. Өнөөдөр хувьцааны үнэлгээний талаар ярих жаахан эрт байна. Жаахан тэвчээртэй хүлээхэд Лондонгийн бирж дээр байгаа олон улсын хөрөнгө оруулагчид нь тодорхойлоод өгчихнө шүү дээ.
Д.Ачит-Эрдэнэ: Ер нь бол хоёр үнэ яригдаад байх шиг байна. Нэг нь нэрлэсэн үнэ. Үүнийг нягтлан бодогч нар гаргаж ирнэ. Энэ нь хамгийн бага үнэ байдаг. Нэг цент, нэг төгрөг ч байж болно. Дараа нь тухайн хувьцааны зах зээлийн үнэ тогтдог. Нэг талаас худалдагч тал, нөгөө талаас худалдан авагч нар буюу хөрөнгө оруулагчид энэ үнийг тогтоодог. Энэ процесст үнэлгээний модел хийх, хөрөнгө оруулагч нарт сурталчлах зэргээр хөрөнгө оруулалтын банкууд тусалдаг. Дээр нь томоохон хөрөнгө оруулагчидтай тодорхой хэмжээний хэлэлцээр явагдсаны дараа эцсийн үнэ гарч ирнэ.
Одоо нэг сая төгрөгийн хувьцааг 2,7 сая хүнд тараахад бараг нэг үнэ тогтчихож байгаа юм. Яг нарийн тооцоо байхгүй байгаа болохоор би бас нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 2,7 сая хүний нэг хүнд нь нэг сая төгрөгийн хэмжээтэй нийт компанийн 10 хувийн хувьцааг тараана гэж үзэх юм бол энэ нь ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хувьцааг тарааж байгаа тооцоо харагдаж байгаа. Ингээд бодвол компанийн нийт үнэлгээ нь 10-20 тэрбум орчим ам.доллар гэж тогтоогдох гээд байх шиг байна. Зах зээл дээр гараад энэ үнэдээ хүрэх үү, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Энэ үнэдээ хүрэхгүй бол болохгүй болохоор энэ байдал IPO-гийнхоо процесст нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна л даа.
Б.Энэбиш: Миний бодлоор нэрлэсэн үнэ гэдэг байдлаар үнэлээд иргэдэд өгвөл учир дутагдалтай байж магадгүй. Зүгээр 20 хувийг иргэдэд тэдэн төгрөгөөр өгье гээд томьёологдоод гарвал нэгэнт Засгийн газар компанийн эзэн болохоор байж болох байх. Яг нэрлэсэн үнээр өгч байна гэх юм бол Б.Болд захирал, Д.Ачит-Эрдэнэ захирлын хэлсэн шиг олон улсын улсын хөрөнгийн биржүүдийн зохицуулалтын шаардлагууд, үнэлгээ ямар байх, ирээдүйд ямар байх гэдэгтэй нэлээд уялдуулахгүй бол болохгүй байж магадгүй. Үг үсгийг нь сайн харах хэрэгтэй. Яг нэрлэсэн үнэ тэд байна гэж шууд хэлэх нь бас л болгоомжлох асуудал.
УИХ дээр яригдаж байгаа энэ асуудал “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д яаж нөлөөлөх вэ?
Б.Энэбиш: Нэрлэсэн үнэ гэхгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-н тэдэн хувийг иргэддээ өгч байна, хувьцаагаа мөнгөжүүлж байна гэдэг байдлаар хандах юм бол нөлөөлөл нь харьцангуй гайгүй байх. Харин нэрлэсэн үнийг нь тэдээр тогтоож, тэдэн төгрөгөөр өгч байна гэж хатуу тогтоовол маш хэцүү болж магадгүй. Дээр нь Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжаална гэж өргөдлөө өгөхөөс 4 долоо хоногийн өмнө хувьцаа арилжаалах компани болон түүний шууд харьяалах охин компанийн хувьцаатай холбоотой асуудал бүрэн шийдэгдсэн байх ёстой байдаг юм билээ. Тэр шаардлагатай хэр нийцэж байна гэдгийг бид авч үзэх л ёстой болж байна. IPO хийх хугацааг хойш нь татах хүчин зүйл болчих вий гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө өгч байгаа банкууд санаа зовоод байгаа тал бий.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment