2011/12/24

Үлдэгдэл сая төгрөгийн хувьцаа хоёр дахин өсөх магадлалтай


Үлдэгдэл сая төгрөгийн хувьцаа хоёр дахин өсөх магадлалтай
Шинэ он гаруут иргэн бүр үлдэгдэл сая төгрөгөө авах боломжийг ирэх оны төсөв батлагдахад суулгаж өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа Засгийн газарт худалдаалж сая төгрөгөө авах боломжтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд хэрхэн олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Ирэх сонгуулиас өмнө буюу өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаанд иргэн бүртээ 1.5 сая төгрөгийг олгож дуусна. Эхний ээлжид иргэн бүртээ 500 мянган төгрөгийг бэлнээр олгож дуусгавар болж байна. Үлдэгдэл сая төгрөгийн тухайд хувьцаа авах уу, эсвэл бэлнээр нь авах уу гэдэг сонголт бий. Үүнд хамаарах хөрөнгийг улсын төсөвт суулгасан. Хэрэв иргэдэд бэлэн мөнгө шаардлагатай байгаа бол яаравчлан сая төгрөгөө бэлнээр авч болно. Эсвэл "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас эзэмшвэл олон улсын хөрөнгийн зах зээл дээр IРО хийснээр өнөөх үлдэгдэл нь 2-3 сая төгрөг болтлоо өсөх боломж бий. Үүнээс ч өндөр байх магадлалтай. Энэ бүхнээс дүгнэхэд сонгуулийн гол үзүүлэлтээ хэрэгжүүлсэн төсөв болсон гэж дүгнэх байна. 

-Магадгүй 2.8 сая хүн мөнгөө бэлнээр нь авна гэвэл төсөвт их үүсвэр бий гэж үү. Үүнийг ирэх оны төсөв дийлэхгүй болов уу? 

-Харин ч эсрэгээрээ. Энэ талын зохицуулалтыг ирэх оны төсөвт суулгасан. Авах боломжтой. 

-Уг нь МАН, АН хоёр болоод бэлэн мөнгө, хувьцаа хоёр ялгаатай ойлголт биз дээ? 

-Намын мөрийн хөтөлбөр хууль ёсны болохоороо Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН нам олонх, АН цөөнх болсон. Ердийн жишгээр буюу Үндсэн хуульд зааснаар олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Цөөнх нь хянаж явдаг зарчимтай. Гэтэл хамтарсан засгийн газар байгуулагдсан. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө 1.5 сая төгрөг олгоно, стратегийн ордуудад хувьцаа эзэмшүүлнэ гэсэн хоёр заалтыг тусгасан байгаа. Төсвийн тухай хуульд ирэх оны хоёрдугаар сарын 1-ны дотор нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй тэнцэх хувьцааг иргэдэд олгох шийдвэр гарлаа. 

Иргэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 30 хүртэл хувийг Монголын болон олон улсын хөрөнгийн биржид борлуулж болно. 536 ширхэг хувьцааг хамгийн багадаа нэрлэсэн үнээрээ сая төгрөгөөр зарж болно. Харин түүнийг хадгалбал, 3-4 сая төгрөгийн үнэ хүрэх боломж бий. Өнөөдөр сая төгрөгийн хувьцааны нэрлэсэн үнийн хамгийн доод баталгааг гаргаж өгч байгаа юм. Цаашдаа гурав дөрвөн сая битгий хэл 10 сая ч хүрнэ." Эрдэнэ МГЛ"-ийн давуу эрхийн хувьцаа өсөх магадлал өндөр. Үеийн үед үргэлжилнэ гэсэн үг. 

-Үүнтэй холбоотойгоор сар бүр олгож буй 21 мянган төгрөгийг он гаруут өгөхгүй гэх мэдээлэл хэр үндэслэлтэй вэ? 

-Нөгөө талаас Хүний хөгжил сангийн тухай хуульд ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл 21 мянган төгрөгөө өгдгөөрөө өгнө. Дараа нь хуулийн заалтын дагуу "Эрдэнэс МГЛ" компанид стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг нэгтгэж иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ" гэснээр иргэд насан туршдаа ногдол ашгаа авах юм. Нэг сая 500 мянга бол бэлэн мөнгө. Хувь хишиг, хувьцаа тараана гэдэг Үндсэн хуульд зааснаар ашигт малтмал бол ард түмний өмч гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг. Улсын төсвөөр хайгуул хийсэн 15 ордын төрийн мэдлийн хувийг давуу эрхийн хувьцаагаар эзэмшинэ гэсэн үг. 

-Ахмадуудад нэг сая төгрөгийг 3-4 сард насны ангиллаар олгохоор байсан. Тэгэхээр хоёрдугаар сарын 1-ний дотор бүгдийг олгоно гэсэн үг үү? 
-Тиймээ. Монгол Улсын бүх иргэнд хоёрдугаар сарын 1 гэхэд хувьцааг тараана. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөжүүлж авна гэвэл шат дараатайгаар зохицуулна. 

-536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг хамгийн багадаа нэг сая төгрөг гэж үнэллээ гэсэн. Тэгвэл 1072 ширхэг болж тоо нь өсвөл хэд болно гэж ойлгох вэ? 

-Өнөөдөр 39 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар 1-5 сая төгрөгийг бэлнээр нь тараах асуудлыг УИХ-аар батлуулсан. Хувьцааг хадгалах тусам үнэд орно. 

-Харин оюутнуудад хувьцаа олгох уу? 
-Оюутнууд 500 мянган төгрөгөө сургалтын төлбөрт авч, мөн хэмжээний мөнгийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл сар бүр 21 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн авна. Үлдсэн мөнгөө хувьцаагаар авч болно. Нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг хоёрдугаар сарын 1-ний дотор тараана. Хувьцаагаа мөнгө болгоё гэвэл ээлж дараатай өгнө гээд эрхийг нь нээгээд өгчихсөн. Оюутнууд нэг сая төгрөгөө сургалтын төлбөрт аваад байна.

-536 ширхэг хувьцаа хамгийн багаар бодоход нэг сая төгрөг гэж байгаа. Тэгвэл 1072 ширхэг хувьцаа гэж байгааг хоёр сая төгрөг гэж ойлгож болох уу? 
-39 дүгээр тогтоолд иргэдэд арван хувийг үнэгүй, үндэсний аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр арван хувийг өгөх тухай заасан. Өөрөөр хэлбэл үнэгүй хуваарилаад нэрлэсэн үнээр" заруулах бодлогыг бараг хоёр жилийн өмнө гаргасан. Эндээ мөнгөний нийлүүлэлт, инфляци зэргийг харгалзан аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр худалдаад авчихвал төрд ачаалал ирэхгүй юм гэж урьдчилж харж, 39 дүгээр тогтоол гаргасан. Гэтэл 39 дүгээр тогтоолын хэрэгжилт байдаггүй ээ. Засгийн газар 1.5 сая төгрөг бэлнээр нь тараая гэж УИХ-д оруулж ирсэн ч УИХ хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу явна гэдгийг шийдсэн. 

Ингэснээр Монголын ард түмэн газрын хэвлийн баялгаа өмчлөх эрх нь баталгаажиж байгаа юм. Эдгээр хувьцааг хадгалах тусам үнэ нь нэмэгдэнэ. Үүний цаана давхар бодлого ч бий. Хэдхэн хүмүүс, дарга нар хувь эзэмшдэг байх юм бол гадныхан энэ хүмүүстэй ярьж шийдчих боломжтой болно. Харин 2,8 сая иргэн хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авдаг бол иргэний хяналттай ил тод хариуцлагатай уул уурхай хөгжих боломж нээгдэнэ. Мөн иргэд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болох юм.

No comments:

Post a Comment